Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэннадмидын Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0042/з |
Дугаар | 423 |
Огноо | 2020-06-17 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 423
2020 оны 06 сарын 17 өдөр Дугаар 128/ШШ2020/0423 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.О
Хариуцагч: Ү И Б Н З Б Х
Нэхэмжлэлийн шаардлага: Ү И Б Н З Б Х-ны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 08 дугаар тогтоолын Э.О-д холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, гуравдагч этгээд Н.Б-ийн өмгөөлөгч Ч.Г, гуравдагч этгээд Н.М-ийн өмгөөлөгч К.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд барилдсан 512 бөхөөс 9 даван түрүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын аварга цолыг хүртсэн билээ.
Гэтэл 2019 оны 08 дугаар сарын сүүл үеэс эхлэн олон нийтийн мэдээллийн хэрэгсэлүүд, цахим орчин, мэдээллийн сайтуудаар намайг Улсын баяр наадамд барилдахдаа хориотой бодисын жагсаалтад орсон эм, бэлдмэл, бодис /допинг/ хэрэглэж, шударга бусаар баяр наадамд түрүүлж, аварга цол авсан гэсэн агуулгатай мэдээллийг олон нийтэд тарааж, миний нэр төр, алдар хүндэд халдаж эхэлсэн.
Миний бие монгол түмний уламжлалт соёлын нэг, Үндэсний бөхийн спортоор бага наснаасаа эхлэн хичээллэж, өөрийн бүхий л хүчин чармайлт бэлтгэл сургуулилт, хичээл зүтгэлээр монгол бөхийн эрхэм дээд цолыг хүртсэн. Улмаар 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо болон Үндэсний бөхийн салбар хороо намайг допинг хэрэглэсэн гэх мэдээллийг тараасан.
Уг асуудлаар миний бие урьд өмнө нь тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байсан боловч шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах /маргаан бүхий захиргааны актыг шүүхэд ирүүлэх/ гэсэн үндэслэлээр хугацаа тогтоож, уг захиргааны акт нэхэмжлэгч талд олдоогүй учраас шүүхийн тогтоосон хугацаа өнгөрч, шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Гэтэл 2019 оны 10 сарын үед Баяр наадмыг зохион байгуулах хорооны зүгээс намайг допинг хэрэглэсэн гэх үндэслэлээр миний Улсын аварга цолыг хураалгах санал /шийдвэр/-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлж байгаагаа олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан.
Ү И Б Н З Б Х надад тухайн захиргааны актыг танилцуулах болон хуулбарлаж өгөх ажиллагааг хийгээгүй байгаа.
Харин Монголын Үндэсний бөхийн холбоо надад уг захиргааны актыг албан бичгээр танилцуулж, хуулбарлаж өгөөд байгаа бөгөөд уг актыг уншиж үзэхэд урьд өмнө олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр огт яригдаагүй буюу миний давсан даваа бүрийг хүчингүйд тооцсон, барилдах эрхийг 2 жилээр хассан гэх мэт огт сонсоогүй зүйлүүд байгааг олж мэдлээ.
Иймд шинжилгээ өөрөө үнэн, зөв эргэлзээгүй баталгаатай болох нь нотлогдоогүй гэж үзэж байгаа бөгөөд хууль бус шинжилгээний хариуг үндэслэж гарсан Ү И Б Н З Б Х ны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоол нь хууль бус болох нь тодорхой юм гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндэсний бөхийн дүрмийн 9.3 дугаар зүйлд дор дурдсан тохиолдолд Салбар хороо дараах шийдвэрийг гаргаж тухайн бөхөд хариуцлага хүлээлгэнэ гэж заасан дүрмийн 9.3 дугаар зүйлийн 5-д Сэргээш хэрэглэсэн нь олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон бол тухайн
бөхийн наадамд давсан давааг хүчингүй болгож, шинээр олгосон цолыг хураах, цол, чимэг авах даваанд уг бөхөд унасан бөхчүүдийг тухайн даваанд давснаар тооцож, зохих цол, чимгийг олгуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх гэж заасан. Цол, чимгийг хураах асуудал нь Салбар хорооны эрх мэдлийн асуудал байна. Салбар хороо уг асуудлыг шийдвэрлэх ёстой байтал эрх хэмжээнд байхгүй асуудлыг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 12.4 дүгээр зүйлд Зохион байгуулах хороо нь баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж, 12.4 дүгээр зүйлийн 1-д Улсын баяр наадамд үзүүлсэн амжилтыг үндэслэн бөх, уяач, харваачид үндэсний спортын төрлөөр улсын цол олгох, хасах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэх гэж тус тус заасан. Энэ дээр цол хасах саналыг зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. Давааг хүчингүй болгох эрх нь дүрэмд заасны дагуу Салбар хороонд байгаа. Давааг хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэх хуульд заасан эрх хэмжээ байхгүй байхад Зохион байгуулах хороо шийдвэрлэсэн нь буруу юм. Даваа нь хүчинтэй байхад цолыг хасах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн байна. Маргаан бүхий актад Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтсугай гэсэн байдаг. Өргөн мэдүүлэх асуудал нь шийдвэрлэгдээгүй.
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаартай албан бичгээс үзэхэд 4377990 дугаартай В сорьцын дүгнэлтийг ирүүлсэн байна. Шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөөгүй учраас В сорьцын шинжилгээг өгөөгүй гэж ярих боломжгүй. Энэ дугааруудыг Э.О-ын дугаар гэж батлах баримт өнөөдөр хэрэгт байхгүй байна. Лацдаж, гарын үсэг зурж дээж нь авдаг гэсэн бөгөөд тэр талаар шүүх үзлэг хийх ёстой байсан уу. Эсвэл хариуцагч өөрөө татгалзлаа нотлохын тулд нотлох баримт өгөх ёстой байсан уу. Нэр бичигдэхгүй, дугаараар явж байгаа тохиолдолд яг энэ дугаар нь Э.О-ын дугаар мөн гэснийг баталсан баримтыг хэрэгт өгч байж, энэ хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагаа явагдах ёстой. Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд холбогдох баримтуудыг авч тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэсэн нь дээр байх. Энэ нөхцөл байдалд хэргийг шийдвэрлэх боломжгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.О-ын нэхэмжлэлтэй Ү И Б Н З Б Хг хариуцагчаар татсан захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын Хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд нийт 512 бөх барилдсанаас, Улсын даян аварга 1, Улсын аварга 1, Улсын арслан 8, Улсын гарьд 6, Улсын заан 9, Улсын харцага 16, Улсын начин 40 аймаг цэрэг, сумын цолтой 409 бөхчүүд тус тус барилдсан.
Үндэсний Их Баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 12 дугаар зүйлийн 12.4.5 дахь хэсгийг тус тус үндэслэн Ү И Б Н З Б Хны 2018 оны 04 дүгээр тогтоолоор баталсан Үндэсний их баяр наадмын бөх, харваачид сэргээшийн шинжилгээ хийх журам-д заасны дагуу Үндэсний бөхийн барилдаанд тав буюу түүнээс дээш давсан нэр бүхий 16 бөхөөс сэргээшийн шинжилгээний сорьцыг авч, дэлхийн итгэмжлэгдсэн 32 шинжилгээний төвийн нэг, Монголын үндэсний олимпын хороотой хамтын ажиллагааны гэрээтэй Бүгд Найрамдах Солонгос Улсын шинжилгээний төвд илгээсэн.
Уг шинжилгээний лабораториос 2019 оны 08 дугаар сарын 21-ны өдөр Монголын допингийн эсрэг үндэсний төвд ирүүлсэн шинжилгээний ******* дугаартай дээжээс /Э.О/ Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан Хориглосон жагсаалт 2019-д орсон /S1.1.A бүлгийн Станозол, S4 бүлгийн Мелониум, S5 бүлгийн Гидрохлортиайзид, Хлортиазид/ бодис илэрсэн тухай дүгнэлтийг ирүүлсэн.
2019 оны 08 дугаар сарын 09,11-ний өдөр А шинжилгээний хариугаар сэргээшийн төрлийн эм, бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдсон тухай танилцуулсан.
Дээрх нөхцөл байдлыг тус тус харгалзан 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хурлаар хэлэлцээд Үндэсний Их баяр наадмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг үндэслэн Монгол Улсын аварга Э.О-ын шинээр авсан цолыг хурааж, барилдах эрхийг 2 жилээр хасах тухай саналыг гаргаж, Ү И Б Н З Б Хны хурлаар хэлэлцүүлэн, барилдах эрхийг 2 жилээр хасах шийдвэрийг гаргаж, шинээр олгосон аварга цолыг хураалгах тухай саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн.
Хуульд зааснаар Ү И Б Н З Б Х 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар тогтоолыг гаргасан бөгөөд тогтоолыг Ү И Б Н З Б Хны дарга Монгол Улсын Ерөнхийлөгчид явуулдаг. Ү И Б Н З Б Хны дарга 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08 тогтоолыг хавсралтаар хүргүүл гэсэн байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн тохиолдолд бөхийн цолыг хасах эсэх нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал юм. Сэргээш хэрэглэсэн Э.О-д унасан бөхчүүдэд давааг нөхөж олгох хуультай. Нөхөж олгох эрх нь Ү И Б Н З Б Хнд байгаа.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Д.А шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын харцага Доржийн Анар миний бие Э.О-ын нэхэмжлэлтэй, Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороонд холбогдуулан гаргасан захиргааны хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна.
Д.А миний бие Э.О-ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Үндэсний их баяр наадамд барилдаж, шөвгийн 16-т үлдсэн бөхөөс допингийн шинжилгээг эмчийн болон зохион байгуулагчийн маш хатуу хяналтад авч сорьцыг Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон Улсын итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлдэг. Ийнхүү шинжилгээний хариугаар Э.О-оос маш хүчтэй төрлийн 4 хориотой бодис илэрсэн нь тогтоогдсон. Энэхүү бодис хүний оюун ухааны сэтгэн бодох чадамж, биеийн хүчийг эрс нэмэгдүүлдэг хууль бус бодис бөгөөд үндэсний бөхийн болон бүх спортод хатуу хориглодог .
Миний бие үүнд харамсаж байгаа бөгөөд Э.О-ын допин хэрэглэснээс болж түүнтэй барилдаж унасан бөхчүүдийн олон жилийн хүч хөдөлмөрийг үгүй хийсэн зүй бус үйлдэл болсон гэж үздэг. Миний бие допингийн эсрэг хатуу байр суурьтай байдаг бөгөөд үндэсний бөхийн дэвжээ шударга өрсөлдөөнийг эрхэмлэж, цэвэр ариун байдал, өв соёлоо өнө мөнхөд хадгалж үлдээсэй гэж боддог. Би Э.О-той долоогийн даваанд таарч барилдаж унасан бөгөөд энэхүү асуудал үүсээгүй бол цаашид даваагаа ахиулах ч боломж байсан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үндэслэлүүд тогтоогдохгүй байгаа бөгөөд Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан зарим арга хэмжээ авах тухай 08 дугаартай тогтоол нь хууль зүйн хувьд ч, зүй ёсны хувьд ч бүрэн үндэслэлтэй нэхэмжлэгч Э.О-ын хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй, зөрчөөгүй гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэгч Э.О-ын Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан зарим арга хэмжээний тухай 08 дугаартай тогтоолын холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Ц.С шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Ц.С миний бие Тулгар төрийн 2228, Их Монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд долоо давж чимэг нэмсэн ба наймын даваанд Э.О-од өвдөг шороодсоноор энэ жилийн наадам дууссан.
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, Монгол Улсын аварга цолны болзол хангасан Э.О-ын сэргээшийн шинжилгээний дүн эерэг гарч, сэргээшийн төрлийн хориотой бодис илэрсэн нь Монголын ард түмний төдийгүй үндэсний бөх хэмээх эртний түүхт, эцэг өвгөдийн үеэс өвлүүлэн ирсэн үнэт зүйл, өв соёлыг тээж шударга үнэнчээр хөдөлмөрлөж яваа мянга мянган бөхчүүдийн эрх ашгийг уландаа гишгэсэн байж боломгүй увайгүй үйлдэл болсон билээ.
Ү И Б Н З Б Хны зүгээс Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний талаар 2019 оны 10 сарын 24-ний 08 дугаартай тогтоол гаргасан бөгөөд уг тогтоолын 4-т наадмын тав, зургаа, долоо, найм, есийн даваанд Э.О-од өвдөг шороодсон нэр бүхий бөхчүүд, түүний дотор 7 давсан ******* ******* надад зохих чимэг олгуулах Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтсон байдаг. Гэвч сэргээшийн шинжилгээний үр дүнтэй холбоотой маргааны улмаас уг тогтоолын хэрэгжилт удааширч, нэр бүхий бөхчүүдийн цол чимэгний асуудал нэг мөр шийдэгдээгүй хэвээр байгаа нь энэ жилийн Үндэсний их баяр наадамд зодоглох нэр бүхий бөхчүүдийн амжилт, үр дүнд тодорхой хэмжээгээр нөлөөлж, маргаан дагуулж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа бөгөөд уг асуудлаас болж дахин олон бөх хохирохгүй гэхээс бөх хүнийхээ хувьд санаа зовж байна.
Сэргээшийн шинжилгээний үр дүнг мэдэгдсэнээс хойш 14 хоногийн дотор Б сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ гаргах боломжтой байдаг. Нэхэмжлэгч Э.О-ын хувьд сэргээшийн шинжилгээний үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй, хууль бус гэж үзэж байгаа бол холбогдох харьяаллын байгууллагад нь өргөдөл гомдлоо гарган шийдвэрлүүлэх нь зохистой боловч нэгэнт батлагдсан шинжилгээний үр дүнг үндэслэн гаргасан Ү И Б Н З Б Х-ны тогтоолыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь энэхүү асуудлыг эцсийн байдлаар нэг мөр шийдэх арга зам биш гэж үзэж байна.
Иймд Ү И Б Н З Б Х-ны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай тогтоолыг нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэл байхгүй гэж үзэж байна гэжээ.
Гуравдагч этгээд Б.Ц шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: "Б.Ц миний бие Тулгар төрийн 2228, Монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давж шинээр Улсын начин цол хүртсэн ба зургаагийн даваанд Э.О-д өвдөг шороодсоноор энэ жилийн наадмын амжилт начин цолоор өндөрлөсөн.
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, Монгол Улсын аварга цолны болзол хангасан Э.О-ын сэргээшийн шинжилгээний дүн эерэг гарч, сэргээшийн төрлийн хориотой бодис илэрсэн нь наадамчин олны төдийгүй үндэсний бөх хэмээх энэхүү агуу их өв соёлыг тээж шударгаар хөдөлмөрлөж яваа бөхчүүдийн хувьд маш харамсалтай үйл явдал тохиосон билээ.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах ерөнхий хорооны зүгээс Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний талаар 2019 оны 10 сарын 24-ний өдөр 08 дугаартай тогтоол гаргасан бөгөөд уг тогтоолын 4-т Э.О-д өвдөг шороодсон нэр бүхий бөхчүүд, түүний дотор шинээр Улсын начин цол хүртээд байсан Б.Ц надад Улсын харцага олгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтсон байдаг. Гэвч сэргээшийн шинжилгээний үр дүнтэй холбоотой маргааны улмаас уг тогтоолын хэрэгжилт удааширч, нэр бүхий бөхчүүдийн цол чимэгний асуудал нэг мөр шийдэгдээгүй хэвээр байгаа нь ирэх жилийн Үндэсний их баяр наадамд зодоглох нэр бүхий бөхчүүдийн амжилт, үр дүнд тодорхой хэмжээгээр нөлөөлж, маргаан дагуулж болзошгүй байгаад бөх хүний хувьд сэтгэл зовниж байна.
Сэргээшийн шинжилгээний үр дүнг мэдэгдсэнээс хойш 14 хоногийн дотор сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ гаргах боломжтой байдаг. Нэхэмжлэгч Э.О-ын хувьд сэргээшийн шинжилгээний үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй,
хууль бус гэж үзэж байгаа бол холбогдох харьяаллын байгууллагад нь өргөдөл гомдлоо гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй боловч нэгэнт батлагдсан шинжилгээний үр дүнг үндэслэн гаргасан Ү И Б Н З Б Хны тогтоолыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь энэхүү асуудлыг эцсийн байдлаар нэг мөр шийдэх арга зам биш гэж үзэж байна.
Иймд Ү И Б Н З Б Хны 2019 оны 10 сарын 24-ний өдрийн 08 дугаартай тогтоолыг нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэл байхгүй гэж үзэж байна гэжээ.
Гуравдагч этгээд Н.Б өмгөөлөгч Б.Б шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Э.О нь Ү И Б Н З Б Хны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын Э.О-д холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргахдаа Би сэргээшийн төрлийн хориотой бодис огт хэрэглээгүй байхад шинжилгээгээр илэрсэн гэж байгаад гайхаж байна. Намайг наадамд түрүүлж болохгүй, буух өгөх хэрэгтэй, эс тэгвээс сэргээшийн шинжилгээгээр унагаана гэж сүрдүүлж байсан тохиолдол ч байгаа. Тэгэхээр надаас авсан шинжилгээний хариу өөрөө маш их эргэлзээтэй байгаа бөгөөд шинжилгээнд А сорьц авахаас эхлээд шинжилгээний хариу гарах хүртэл хугацаанд ямар нэгэн байдлаар хууль бус үйл ажиллагаа явагдсан байж болзошгүй байна хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон боловч үүнийгээ нотолсон баримт хавсаргаагүй, хэрхэн нотлож байгаа нь тодорхойгүй байна.
Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 164 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм ийн 8.2-т Улсын баяр наадмын бөхийн барилдаанд тав болон түүнээс дээш давж шөвгөрсөн бөхчүүд сэргээшийн шинжилгээнд заавал орно, Ү И Б Н З Б Хны 2007 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Үндэсний их баяр наадмын бөх, харваач, моринд сэргээшийн шинжилгээ хийх
журам-ын 3.1-д Биеийн тамир, спортын улсын хороо болон Монголын үндэсний олимпын хорооны хамтарсан шийдвэрээр томилогдсон Сэргээшийн шинжилгээний сорьц авах ажлын хэсэг сорьц авах ажлыг гүйцэтгэнэ гэж заасны дагуу байгуулагдсан ажлын хэсэг нь сэргээшийн шинжилгээ авах ажлыг гүйцэтгэсэн байх ба нэхэмжлэгч Э.О нь дээрх хууль, журмын дагуу сэргээшийн шинжилгээнд хамрагджээ.
Үндэсний их баяр наадамд барилдаж, шөвгийн 16-д үлдсэн бөхөөс допингийн шинжилгээ авч, сорьцыг БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн институтийн допингийн хяналтын лабораторид шинжлүүлэхэд ******* дугаартай Э.О-ын дээжээс Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан Хориглосон жагсаалт 2019- орсон /S1.1A бүлгийн Станозол, S4 бүлгийн Мелдониум, S5 бүлгийн Гидрохлортиайзид, Хлортиазид / бодис илэрсэн тухай дүгнэлтийг ирүүлсэн. А шинжилгээний хариугаар сэргээшийн төрлийн эм, бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдсон тухай 2019 оны 08 дугаар сарын 09,11-ний өдөр Э.О болон Д.Ц нарт танилцуулж, сэргээшийн төрлийн хориотой бодис илэрсэн болохыг тайлбарлаж өгсөн боловч Э.О нь В сорьцоо өгөх хүсэлтээ өгөөгүй болох нь Салбар хорооны 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр тогтоогджээ.
Ү И Б Н З Б Х нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.5-д бөх, харваачийг энэ хуулийн 10.2-т заасан сэргээшийн шинжилгээнд оруулах ажлыг зохион байгуулах гэж заасны дагуу Тулгар төрийн 2228, Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн 16-д үлдсэн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээнд оруулж, Улсын аварга цолны болзол хангасан Э.О-с сэргээшийн төрлийн хориотой бодис илэрсэн гэсэн үндэслэлээр түүний уг барилдаанд барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцож, улмаар барилдах эрхийг хоёр жилийн хугацаагаар хассанаас гадна Э.О-д даваа тус бүрд унасан бөхчүүдэд цол болон чимгийг тус тус шинээр олгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д Энэ хуулийн 7.1, 7.2-т заасан барилдааны шөвгийн 16-д үлдсэн бөх, 9.2-т заасан үндэсний сур харвааны эхний 3 байр эзэлсэн харваачийг сэргээшийн шинжилгээнд заавал оруулна, 12 дугаар зүйлийн 12.4.1-д улсын баяр наадамд үзүүлсэн амжилтыг үндэслэн бөх, уяач, харваачид үндэсний спортын төрлөөр улсын цол олгох, хасах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэх 14.3-д Энэ хуулийн 10.2-т заасан шинжилгээгээр бөх, харваач сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол тухай баяр наадамд олгосон цол, байрыг хасна гэж заасны дагуу мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 178 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм-ийн 9 дүгээр зүйлийн 9.3.5-д Сэргээш хэрэглэсэн нь олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон бол тухайн бөхийн наадамд давсан давааг хүчингүй болгож, шинээр олгосон цолыг хураах, цол, чимэг авах даваанд уг бөхөд унасан бөхчүүдийг тухайн даваанд давснаар тооцож, зохих цол, чимгийг олгуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх, 9.3.6-д олон улсын эрх бүхий байгууллагаас гаргасан сэргээшийн жагсаалтад орсон хориотой эм, бэлдмэл, бодис хэрэглэсэн нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон тохиолдолд салбар хорооны шийдвэрээр Үндэсний их баяр наадмын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмын дагуу хариуцлага ногдуулах гэж заасантай нийцсэн, бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан, хууль ёсны шийдвэр байна.
Хавтас хэргийн 66 дахь хуудаст дэлхийн допингийн эсрэг агентлагаас жил болгон шинэчлэн баталдаг хориотой эм, сэргээшийн шинжилгээнд хамрагдах бодисын жагсаалтын талаар Монголын допингийн эсрэг үндэсний төв болон Салбар хорооны гишүүд хамтран Тэрэлж, Төр хурах, Бугын сангийн аж ахуй, Сүүж, Харзтай, Цэцэгт нуга, Таван толгойн наадмын бэлтгэлд гарсан 26 галын бөх, багш дасгалжуулагч нарт танилцуулга уулзалт зохион байгуулан гарын авлага тарааж, хориотой эм бэлдмэл хэрэглэхгүй байх, хор уршгийн талаар танилцуулсан тухай Үндэсний бөхийн салбар хорооны тайланд тусгажээ.
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн албан бичгийн 3 дахь заалтад Дэлхийн допингийн эсрэг агентлагаас допинг хэрэглэсэн эсэхийг тогтоох магадлан итгэмжлэгдсэн 31 лаборатори дэлхийн 31 оронд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд допинг хэрэглэсэн эсэхийг тогтоох магадлан итгэмжлэгдсэн лаборатори Монгол Улсад байдаггүй болно гэсэн байна. Гэвч нэхэмжлэгч би сэргээшийн төрлийн хориотой бодис огт хэрэглээгүй байхад шинжилгээгээр илэрсэн гэж байгаад гайхаж байна гэсэн нь Монгол Улсад сэргээшийн шинжилгээ хийж дүгнэлт гаргасан эсвэл Бүгд Найрамдах Солонгос Улсын Шинжлэх ухаан технологийн институтийн допингийн хяналтын лабораториос хориотой бодис илрээгүй гэсэн дүгнэлт ирснийг Ү И Б Н З Б Х өөрчлөн илэрсэн мэт болгож нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн мэтээр нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч дээрх лабораториос гаргасан дүгнэлтийн хариуг хүлээн зөвшөөрөхгүй байвал дүрэмд заасны дагуу В дээжийг Бүгд Найрамдах Солонгос Улсын лабораторид шинжлүүлэхээр явуулах бүрэн боломжтой байсан ч В дээжийг явуулаагүй нь А дээжийн хариуг хүлээн зөвшөөрсөн болохыг илэрхийлж байна.
Хавтаст хэргийн 9 дахь хуудаст Сэргээш хэрэглээгүй тухай батламж-д Э. О-д миний бие ...хэрэв миний сорьцын лабораторийн шинжилгээний жагсаалтад орсон бодис хэрэглэсэн тухай хариу гарвал Үндэсний их баяр наадмын тухай хууль болон бусад холбогдох дүрэм, журамд заасан шийтгэл хүлээхэд гомдолгүй болохоо илэрхийлж байна гэж, мөн хавтас хэргийн 10 дахь хуудаст Тамирчны зөвшөөрлийн хуудас-ын 4-т Дэлхийн допингийн эсрэг дүрмийн дагуу гаргасан шийдвэрээс үүссэн аливаа маргааныг Дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрмийн 13 дугаар зүйл заасны дагуу спортын арбитрын шүүхэд давж заалдах болно. Дээр дурдсан Спортын арбитрын шүүхийн давж заалдах шатны шийдвэр нь эцсийнх байх бөгөөд өөр бусад аливаа шүүхэд нэхэмжлэл гаргахгүй гэдгийг би хүлээн зөвшөөрч байна гээд нэхэмжлэгч Э.О нь 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр уг албан бичгүүдэд гарын үсгээ зурж баталгаажуулжээ. Үүнээс харахад сэргээшийн шинжилгээний дүнтэй холбоотой маргааныг Спортын арбитрын шүүхэд давж заалдах, өөр бусад аливаа шүүхэд нэхэмжлэл гаргахгүй гэсэн байна.
Иймд Ү И Б Н З Б Хны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай тогтоол нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 12 дугаар зүйлийн 12.4.1, 12.4.5, 14 дүгээр зүйлийн 14.3, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.3.5, 9.3.6 дахь хэсэгт тус тус заасантай нийцсэн, бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан, хууль ёсны захиргааны акт тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох гэж заасны дагуу нэхэмжлэгч Э.О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Н.Б өмгөөлөгч Ч.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хуулийн үндэслэл байхгүй байна. Нэгдүгээрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад ямар нэгэн хууль зүйн үндэслэлийг дурдаагүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Бөхийн салбар хороо эрх мэдэлтэй гэж хэлж байна. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 1-д Улсын баяр наадамд үзүүлсэн амжилтыг үндэслэн бөх, уяач, харваачид үндэсний спортын төрлөөр улсын цол олгох, хасах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэх гэж заасан. мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 3-т Энэ хуулийн 10.2-т заасан шинжилгээгээр бөх, харваач сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, байрыг хасна гэж заасан. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 178 дугаар тогтоолын хавсралтын 9.3 дугаар зүйлийн 9.3.5, 9.3.6-т тус тус эрх үүргийг зааж өгсөн бөгөөд хуулийн үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа сэргээшийн төрлийн хориотой бодис хэрэглээгүй, сүрдүүлж байсан, хууль бус үйл ажиллагаа явагдсан талаар дурдсан байдаг. Үүнийг нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй.
Маргаан бүхий захиргааны акт хууль зөрчсөн талаар ямар нэгэн хуулийн зүйл, заалтыг нэхэмжлэгч талаас гаргаагүй. Ү И Б Н З Б Хны тогтоол нь холбогдох хууль, тогтоомжид нийцэж гарсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн үндэслэлийг нотолсон нотлох баримт байхгүй. Харин допинг хэрэглэсэн талаар баримт байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Н.Мустафа шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 164 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм- ийн 8.2-д Улсын их баяр наадмын бөхийн барилдаанд тав болон түүнээс дээш давж шөвгөрсөн бөхчүүд сэргээшийн шинжилгээнд заавал орно, Ү И Б Н З Б Хны 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Үндэсний их баяр наадмын бөх, харваач, моринд сэргээшийн шинжилгээ хийх журам-ын 3.1-д Биеийн тамир, спортын улсын хороо болон Монголын үндэсний олимпийн хорооны хамтарсан шийдвэрээр томилогдсон Сэргээшийн шинжилгээний сорьц авах ажлын хэсэг сорьц авах ажлыг гүйцэтгэнэ гэж заасны дагуу байгуулагдсан ажлын хэсэг нь сэргээшийн шинжилгээ авах ажлыг гүйцэтгэсэн байх ба нэхэмжлэгч Э.О нь дээрх хууль, журамд заасны дагуу сэргээшийн шинжилгээнд 2019 оны 07 сарын 12-ны өдөр хамрагджээ.
Үндэсний их баяр наадамд барилдаж, шөвгийн 16-т үлдсэн бөхөөс допингийн шинжилгээ авч, сорьцыг Бүгд Найрамдах Солонгос Улсын Шинжлэх Ухаан Технологийн институтийн /KIST/ допингийн хяналтын лабораторид шинжлүүлэхэд ******* дугаартай Э.О-ын сорьцод Станозол, Мелдониум, Гидрохлортиайзид, Хлортиазид хэмээх допингийн төрлийн 4 бодис илэрсэн болох нь А сорьцын шинжилгээний хариу зэрэг нотлох баримтуудаар тогтооогдсон байна. Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 164 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм-ийн 2.1-д Улсын наадмын үндэсний бөхийн барилдааныг Бөхийн салбар хариуцсан хороо хариуцан зохион байгуулна, 8.3-т Сэргээшийн шинжилгээнд сорьц авах, хадгалах, шинжлүүлэх ажлыг Хорооноос баталсан журмын дагуу салбар хороо, Монголын үндэсний олимпийн хороо хамтран зохион байгуулна, 8.4-д Бөхийн барилдаантай холбогдон гарсан маргааныг салбар хороо шийдвэрлэнэ гэж заасны дагуу Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн салбар хорооны зүгээс Э.О, Д.Ц нарт 2019 оны 08 дугаар сарын 09,11-ний өдрүүдэд шинжилгээний сорьцын хариуг танилцуулсан боловч Э.О нь Б сорьцоо өгөх хүсэлтээ гаргаагүй болох нь Салбар хорооны 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр тогтоогджээ.
Ү И Б Н З Б Х нь дээрх шийдвэрийг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан зарим арга хэмжээний тухай 08 дугаартай тогтоолоор Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, Монгол Улсын аварга цолны болзол хангасан Э.О-с сэргээшийн төрлийн хориотой бодис илэрсэн гэсэн үндэслэлээр түүний уг барилдаанд барилдаж давсан даваа тус бүрийг хүчингүйд тооцож, улмаар барилдах эрхийг хоёр жилийн хугацаагаар хассанаас гадна Э.О-д тавын даваанд унасан надад начин, зургаагийн даваанд унасан Д.Ц-д Улсын харцага, долоогийн даваанд унасан Д.А-т Улсын заан, есийн даваанд унасан Н.Б-ийг түрүүлсэнд тооцож Даян аварга цол, наймийн даваанд унасан Ц.С-д Үлэмж бадрах чимгийг тус тус шинээр олгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 12 дугаар зүйлийн 12.4.1, 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалт болон Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 9.3.5-д Сэргээш хэрэглэсэн нь олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон бол тухайн бөхийн наадамд давсан давааг хүчингүй болгож, шинээр олгосон цолыг хураах, цол, чимэг авах даваанд уг бөхөд унасан бөхчүүдийг тухайн даваанд давснаар тооцож, зохих цол, чимгийг олгуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх, 9.3.6-д Олон улсын эрх бүхий байгууллагаас гаргасан сэргээшийн жагсаалтад орсон хориотой эм, бэлдмэл, бодис хэрэглэсэн нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон тохиолдолд Салбар хорооны шийдвэрээр Үндэсний их баяр наадмын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмын дагуу хариуцлага ногдуулах гэж заасантай нийцсэн, бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан, хууль ёсны захиргааны акт байна.
Нэхэмжлэгч Э.О-ын зүгээс шээсний шинжилгээг сольсон гэж маргаж байгаа боловч энэ нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Допингийн шинжилгээ авах явц, олон улсын стандартын дагуу явагддаг учраас шинжилгээний хариу солигддог, авсан хариуг нь дардаг, дарсныгаа өөрчилдөг асуудал огт байхгүй гэж ойлгож байгаа. Тийм хууль бус зүйл хийх нөхцөл, үндэслэл ч байхгүй. Учир нь шинжилгээг олон улсын сургалтад сууж, тодорхой эрх авсан мэргэжлийн хүмүүс авдаг. Тухайлбал шинжилгээг авч байгаа үйл явцыг 3-4 хүний гарын үсгээр баталгаажуулдаг. Шинжилгээ өгсөн бөх өөрийнх нь шээс нь үнэн гэж гарын үсэг зурсны дараагаар уг шинжилгээг авч буй допингийн хяналтын ажилтан, давхар хяналт тавьсан ажилтан гарын үсэг зурах ба шаардлагатай гэж үзвэл тухайн бөхийн дасгалжуулагч давхар гарын үсэг зурдаг. Эдгээр ажиллагаа Э.О-ын нэхэмжлэлд дурдсан шиг холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй бөгөөд маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.
Гуравдагч этгээд Н.М-гийн өмгөөлөгч К.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ү И Б Н З Б Хны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар тогтоолын Э.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахын тулд нэгдүгээрт хууль зөрчсөн байх ёстой. Маргаан бүхий тогтоол гарснаараа нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашгийг зөрчсөн үйл баримт байхгүй байна. Учир нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр сэргээш хэрэглэсэн тогтоогдсон. Сэргээшийн шинжилгээтэй холбоотойгоор гомдол гаргаагүй. Гомдол гаргах боломжтой байсан бөгөөд энэ эрхээ Э.О эдлээгүй бөгөөд энэ эрхээ эдлээгүй байдлаас харах юм бол Э.О өмнө нь сэргээш хэрэглэж байсан талаарх баримт тогтоогдож байна.
Хоёрдугаарт Биеийн тамир спортын тухай хуулийн 21 дүгээр зүйлд Допингийн эсрэг үйл ажиллагааг зохицуулсан. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д Тамирчин нь Олон улсын Допингийн эсрэг Агентлагаас баталсан допингийн хориглосон жагсаалтад багтсан бодис, аргыг хэрэглэхийг хориглоно гэж заасан. Ү И Б Н З Б Х хуульд заасан эрхийнхээ дагуу тогтоол гаргаж, Э.О-д олгосон цол, чимгийг хурааж, барилдах
эрхийг 2 жилээр хассан нь хууль зүйн үндэслэлтэй. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 12.4.-т Зохион байгуулах хороо нь баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заасан. Мөн хуулийн 12.4 дүгээр зүйлийн 1-д Улсын баяр наадамд үзүүлсэн амжилтыг үндэслэн бөх, уяач, харваачид үндэсний спортын төрлөөр улсын цол олгох, хасах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэх гэж заасан.
Бөхийн салбар хороо шийдвэрлэнэ гэдэг нь үүгээр үгүйсгэгдэж байна. Мөн хуулийн 14.3-т Энэ хуулийн 10.2-т заасан шинжилгээгээр бөх, харваач сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, байрыг хасна гэж заасан. Үүнээс үзэхэд Э.О-ын барилдах эрхийг хасаж, цолыг хурааж байгаа нь үндэслэлтэй байна. Маргаан бүхий захиргааны акт нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй гарсан. Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон учраас унасан бөхчүүдийн давснаар тооцож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй. Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 9.3 дугаар зүйлийн 5-д Сэргээш хэрэглэсэн нь олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон бол тухайн бөхийн наадамд давсан давааг хүчингүй болгож, шинээр олгосон цолыг хураах, цол, чимэг авах даваанд уг бөхөд унасан бөхчүүдийг тухайн даваанд давснаар тооцож, зохих цол, чимгийг олгуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх гэж заасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3 дугаар зүйлийн 106.3.1-д.Захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох гэж заасан. Маргаан бүхий захиргааны акт нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Мэтгэлцээний явцад Ү И Б Н З Б Хны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад маргаж байна гэж ойлголоо. Хоёр жилийн хугацаагаар барилдах эрхийг хасах, цол хураах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн саналтай маргахгүй байна гэж үзэж байна. Манай үйлчлүүлэгчид цол олгох шийдвэр дээр маргахгүй байна гэж ойлгосон. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 178 дугаартай тогтоолоор батлагдсан дүрмийн 9.3 дугаар зүйлийн 9.3.5-д Сэргээш хэрэглэсэн нь олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон бол тухайн бөхийн наадамд давсан давааг хүчингүй болгож, шинээр олгосон цолыг хураах, цол, чимэг авах даваанд уг бөхөд унасан бөхчүүдийг тухайн даваанд давснаар тооцож, зохих цол, чимгийг олгуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх гэж заасан. Шинжилгээний хариу Э.О-ын хариу мөн эсэх дээр эргэлзээтэй байгаа талаар нэхэмжлэгч тал ярьж байна. Шүүхээс Э.О-той холбоотой баримтыг дурдаж, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас баримтуудыг авсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс няцаалт өгсөн зүйл байхгүй. Хэрвээ хуурамч нотлох баримт гэж үзэх юм бол тусдаа эрүүгийн хэрэг. Ү И Б Н З Б Хны тогтоол нь Э.О-ын эрх, ашгийг хөндөөгүй. Цол хураах болон 2 жилийн хугацаагаар барилдах эрх хасах санал дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч маргаж байгаа зүйл байхгүй нь мэтгэлцээний явцад харагдаж байна. Ү И Б Н З Б Хны тогтоол нь Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн асуудал юм. Шинжилгээний хариуны талаар зохих байгууллагад гомдол гаргаагүй нөхцөл байдлаас үзэх юм бол шинжилгээний хариу хүчин төгөлдөр байна. Захиргааны акт хууль ёсны дагуу гарсан бөгөөд энэ нь хэргийг хэлэлцэж явцад тогтоогдсон. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, манай үйлчлүүлэгчийн цол авах эрхээр нь хангаж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Э.О нь Ү И Б Н З Б Хнд холбогдуулан Ү И Б Н З Б Хны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 08 дугаар тогтоолын Э.О-д холбогдох хэсгүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан, шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх шатанд нэхэмжлэлийн шаардлагаа Ү И Б Н З Б Хны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 08 дугаар тогтоолын Э.О-д холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон.
Маргааны үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч Э.О нь Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ёс даван түрүүлсэн байх ба Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 137 дугаар зарлигаар Э.О-д Монгол Улсын аварга цолыг олгожээ.
Маргаан бүхий Ү И Б Н З Б Хны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 08 дугаар тогтоолоор Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.3, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 178 дугаар тогтоолоор баталсан Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм-ийн 9.3.5 дахь заалт, Монголын допингийн эсрэг үндэсний төвөөс ирүүлсэн БНСУ-ын лабораторийн ******* дугаартай сэргээшийн шинжилгээний дүгнэлт, Ү И Б Н З Б Хны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн 1 дэх заалтаар Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, Монгол Улсын аварга цолны болзол хангасан Э.О, мөн барилдаанд тав давж, өсөх идэр чимэг хүртсэн Д.Цэрэнтогтох нараас сэргээшийн төрлийн бодис илэрсэн тул уг барилдаанд барилдаж давсан даваа тус бүрийг хүчингүйд тооцож, 2 дахь заалтаар Э.О-ын барилдах эрхийг 2021 оны 07 дугаар сарын 12-ныг дуустал 2 жилийн хугацаагаар хасахаар, 3 дахь заалтаар мөн наадмын наймын даваанд Э.О-д өвдөг шороодсон Улсын арслан Ц.*******ийг найм давсанд тооцож, Үлэмж бадрах чимгийг олгохоор, 4 дэх заалтаар наадмын тав, зургаа, долоо, ёсын даваанд Э.О-д өвдөг шороодсон Аймгийн арслан Н.М-д Улсын начин цол шинээр, Улсын начин цол хүртсэн Б.Ц-д Улсын харцага цол, шинээр Улсын харцага цол хүртсэн Д.А-т Улсын заан цол, Монгол Улсын аварга Н.Б-г наадамд түрүүлсэнд тооцож, Монгол Улсын Даян аварга цол тус тус олгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нь дээрх тогтоолыг хүчингүй болгуулахаар маргаж байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Би сэргээшийн төрлийн бодис огт хэрэглээгүй..., надаас авсан шинжилгээний хариу ...маш их эргэлзээтэй..., шинжилгээнд А сорьц авахаас эхлээд шинжилгээний хариу гарах хүртэл ямар нэгэн байдлаар хууль бус үйл ажиллагаа явагдсан байж болзошгүй. ...Шинжилгээ өөрөө үнэн, зөв, баталгаатай болох нь нотлогдоогүй..., хууль бус шинжилгээний хариуг үндэслэж гарсан Ү И Б Н З Б Хны 2019 оны 08 дугаар тогтоол нь өөрөө хууль бус... гэж, хариуцагч нь Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав буюу түүнээс дээш даваа давсан нэр бүхий 16 бөхөөс сэргээшийн шинжилгээний сорьцыг авч, дэлхийн итгэмжлэгдсэн 32 шинжилгээний төвийн нэг ...БНСУ-ын шинжилгээний төвд илгээсэн. Уг төвөөс ирүүлсэн шинжилгээний ******* дугаартай дээжээс ...S1.1A бүлгийн Станозол, S4 бүлгийн Мелдониум, S5 бүлгийн Гидрохлортиазид, Хлортиазид бодис илэрсэн дүгнэлтийг ирүүлсэн. Э.О-д шинжилгээний дүгнэлтийг танилцуулсан бөгөөд В сорьцын шинжилгээ өгөх боломжтой эсэхийг асуухад өөрөө үгүй гэж хариулсан. ... Ү И Б Н З Б Х хуульд заасны дагуу хуралдаж, Монгол Улсын аварга Э.О-ын барилдаж давсан даваа тус бүрийг хүчингүйд тооцож, барилдах эрхийг 2 жилээр хасч, Э.О-д олгосон Монгол Улсын аварга цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтоосон нь Үндэсний их баяр наадмын тухай хуульд нийцсэн, ... Ү И Б Н З Б Х нь ... эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрээ гаргасан. ... гэж тодорхойлон маргажээ. Харин хэргийн оролцогч нар сэргээшийн шинжилгээний сорьц цуглуулах, тээвэрлэх, хадгалах, илгээх, шинжилгээний хариуг мэдэгдсэн зэрэг үйл баримттай маргаагүй байна.
Биеийн тамир, спортын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Тамирчин нь Олон улсын допингийн эсрэг агентлагаас баталсан долингийн хориглосон жагсаалтад багтсан бодис, аргыг хэрэглэхийг хориглоно гэж, Дэлхийн допингийн тухай хуулийн 2.2.1-д Тамирчин бүр өөрийн биед ямар нэгэн хориотой бодис ороогүй бөгөөд ямар нэгэн хориотой аргыг хэргэлээгүй гэдгийг баталгаажуулах үүрэгтэй. ...хориотой бодис хэрэглэх буюу хориотой арга ашиглах талаар допингийн эсрэг хууль зөрчсөн, алдаатай, санаандгүй, эсвэл зориудын үйлдэл байх ёсгүй гэж тус тус заажээ.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагаас 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдааны шөвгийн 16-д үлдсэн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авсан , тэдгээр бөхчүүдийн дотор Э.О нь сэргээшийн шинжилгээ өгсөн байх бөгөөд улмаар бөхчүүдийн дээрх шээсний дээжийг БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн институтын Сэргээшийн хяналтын төв лабораторт шинжлүүлсэн, улмаар БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн институтын Сэргээшийн хяналтын төв лабораторийн шинжилгээний тайлан, дүгнэлтээр[1] нэхэмжлэгч Э.О-н шээсний А дээжинд сэргээшийн шинжилгээний эм зүйн ангилалд хамрагдах хориотой 4 төрлийн бодис /S1.1A бүлгийн Станозолол, S4 бүлгийн Мелдониум, S5 бүлгийн Гидрохлортиайзид, Хлортиазид/ илэрсэн, уг шинжилгээний хариуг нэхэмжлэгчид мэдэгдсэн, нэхэмжлэгч Э.О нь В дээжийн шинжилгээ /В сорьц/ өгөөгүй болох нь хэрэгт авагдсан тамирчны зөвшөөрлийн хуудас, Сэргээш хэрэглээгүй тухай батламж, БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн институтын Сэргээшийн хяналтын төв лабораторын шинжилгээний тайлан, дүгнэлт, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаар албан бичиг, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн салбар хорооны 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 05 дугаар албан бичиг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.
Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн салбар хороо 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа Э.О-ын шинжилгээнд сэргээшийн төрлийн бодис илэрсэн талаарх асуудлыг хэлэлцэж, улмаар Үндэсний бөхийн салбар хорооны 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 08 дугаар албан бичгээр Э.О-ын Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар барилдаж давсан бүх давааг хүчингүйд тооцож, Монгол Улсын аварга цолыг хураах, барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, баяр наадмын тавын даваанаас ёсын даваанд нэхэмжлэгчтэй учраа таарч өвдөг шороодсон бөхчүүдийг тухайн даваанд давсанд тооцож, холбогдох цол чимгийг олгуулах саналыг Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлсэн, Ү И Б Н З Б Х 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар уг асуудлыг авч хэлэлцэн, Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай 08 дугаар тогтоол гаргаж, Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж Монгол Улсын аварга цолны болзол хангасан Э.О-ын уг барилдаанд барилдаж давсан даваа тус бүрийг хүчингүйд тооцож, Э.О-ын барилдах эрхийг 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал 2 жилийн хугацаагаар хасахаар, мөн наадмын наймын даваанд Э.О-д өвдөг шороодсон Улсын арслан Ц.С-г найм давсанд тооцож, Үлэмж бадрах чимгийг олгохоор, наадмын тав, зургаа, долоо, ёсын даваанд Э.О-д өвдөг шороодсон Аймгийн арслан Н.М-д Улсын начин цол шинээр, Улсын начин цол хүртсэн Б.Ц-д Улсын харцага цол, шинээр Улсын харцага цол хүртсэн Д.А-т Улсын заан цол, Монгол Улсын аварга Н.Б-г наадамд түрүүлсэнд тооцож, Монгол Улсын Даян аварга цол тус тус олгуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэснийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Учир нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар Ү И Б Н З Б Х нь баяр наадмыг уламжлалт ёс заншилд тулгуурлан улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг хариуцах бөгөөд мөн хуулийн 12.4-д зааснаар тус хороо нь улсын баяр наадамд үзүүлсэн амжилтыг үндэслэн бөх, уяач, харваачид үндэсний спортын төрлөөр улсын цол олгох, хасах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж шийдвэрлүүлэх бүрэн эрхтэй байна.
Түүнчлэн мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3, 12.4-д зааснаар Зохион байгуулах хороо нь энэ хуульд заасан үүргийг зөрчсөн бөх, уяач, харваачид баяр наадамд оролцох эрхийг 2 жил хүртэл хугацаагаар хасах шийтгэлийг ногдуулах, 14.3-т зааснаар шинжилгээгээр бөх, харваач сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, байрыг хасах эрхтэй байна.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 178 дугаар тогтоолоор баталсан Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм-ийн 9.3.5-д Үндэсний бөхийн салбар хороо нь сэргээш хэрэглэсэн нь олон улсын итгэмжлэгдсэн лабораторын шинжилгээгээр тогтоогдсон бол тухайн бөхийн наадамд давсан давааг хүчингүй болгож, шинээр олгосон цолыг хураах, цол, чимэг авах даваанд уг бөхөд унасан бөхчүүдийг тухайн даваанд давснаар тооцож, зохих цол, чимгийг олгуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх-ээр заасан, түүнчлэн Ү И Б Н З Б Хны 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор баталсан Үндэсний их баяр наадмын бөх, харваачид сэргээшийн шинжилгээ хийх журам-ын 7.1-д Бөх, харваач сэргээш хэрэглэсэн тухай дүгнэлт нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан шийтгэл ногдуулах үндэслэл болох-оор, 7.3-д Зохион байгуулах хороо нь ... сэргээш хэрэглэсэн эсэх тухай Салбар хороо болон Монголын допингийн эсрэг төвийн дүгнэлтийг хэлэлцэж шийдвэр гаргах-аар, мөн журмын 6.4.3-д тухайн бөх А сорьцны шинжилгээний хариуг зөвшөөрөөгүй тохиолдолд хариуг авснаас хойш ажлын 10 хоногт багтаан Монголын допингийн эсрэг төвд В сорьц хийлгэх тухай хүсэлтээ бичгээр гаргаж болох-оор тус тус журамласан, нэхэмжлэгч нь ийнхүү В сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ гаргаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул хариуцагч Ү И Б Н З Б Х нь сэргээшийн шинжилгээний тайлан, дүгнэлт, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн салбар хорооны 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 08 дугаар албан бичгийг үндэслэн дээрх захиргааны актыг гаргасан нь Үндэсний баяр наадмын тухай хуулийн 12 дугаар зүлйийн 12.4, 12.4.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.3, 14.3 дахь заалт болон холбогдох дүрэм, журам, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимтай нийцсэн байна.
Тодруулбал БНСУ-ын төв лабораторийн шинжилгээний дүгнэлтээр Э.О-ын өгсөн А сорьцонд допингийн төрлийн бодис илэрсэн, энэхүү дүгнэлтийг хариуцагч нь маргаан бүхий тогтоолыг гаргахдаа гол үндэслэлээ болгосон, нэхэмжлэгч нь А сорьцын шинжилгээний хариуг авснаас хойш В сорьц хийлгэх хүсэлтээ Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад гаргаагүй, тэрхүү шинжилгээний дүгнэлт хүчинтэй байхад маргаан бүхий тогтоолыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгох үндэслэлгүй юм.
Иймд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн ...сэргээшийн төрлийн бодис огт хэрэглээгүй ..., цол, чимгийг хураах, давааг хүчингүй болгох асуудал нь Салбар хорооны эрх хэмжээний асуудал..., Зохион байгуулах хороо шийдвэрлэсэн нь буруу ... гэсэн тайлбарыг хүлээн авах хууль зүйн боломжгүй байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд ...Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас Э.О-ыг В сорьцын шинжилгээ өгсөн талаар албан бичиг ирүүлсэн байна гэж тайлбарлан маргаж байх боловч энэ нь тухайн албан бичгийн бичилтийн алдаа байх бөгөөд энэхүү үйл баримт нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... В сорьцыг өгөөгүй гэсэн тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.
Нэхэмжлэгч нь ... надаас авсан шинжилгээний хариу ... маш их эргэлзээтэй. Шинжилгээ өөрөө үнэн, зөв, баталгаатай болох нь нотлогдоогүй... гэж тайлбарлан маргаж байх боловч энэхүү тайлбар, үндэслэл нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Дээрх маргааны үйл баримт, хэргийн нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл Ү И Б Н З Б Хны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 08 дугаар тогтоол нь Үндэсний их баяр наадмын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн заалтыг зөрчөөгүй, дээрх маргаан бүхий тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Харин сэргээшийн шинжилгээний хариуг хууль бусаар өөрчилсөн, шүүхийн шийдвэр гарах үндэслэл болсон нотлох баримт хуурамч болох нь шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас энэхүү шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь
1. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.4.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.3, 14.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.О-ын Ү И Б Н З Б Хнд холбогдуулан гаргасан Ү И Б Н З Б Х-ны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 08 дугаар тогтоолын Э.О-д холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Э.О-с улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн
114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 61, 180-182 дугаар хуудсанд