Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2417

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2017/02417

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: ... дүүргийн ...дугаар хороо, .... байранд байрлах “В”ХХК /РД: 5833388/-ийн нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: ... дүүргийн  дугаар хороо, .... байрны ... тоотод байрлах “МЗ”ХХК -д холбогдох

        худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 42.716.720 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Э Т.Тс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ   нь:

 

          Нэхэмжлэгч “В” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: “В”ХХК нь “ВГ”ХХК-ийн борлуулалтыг хариуцан ажилладаг бөгөөд Монгол Улсын бүхий л нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж зах, бөөний төвүүд, дэлгүүр, ресторан, зоогийн газарт захиалгын дагуу ундаа, шүүс, цэвэр ус, сүү, тараг зэрэг өөрийн нэрийн бүтээгдэхүүнүүдийг нийлүүлэн үйл ажиллагаа явуулдаг. Борлуулалтын үйл ажиллагаа зах, супермаркет, бөөн, хорека, орон нутаг, жижиглэнгийн сувгуудаар дамжуулан хийдэг юм. “МЗК”ХХК нь олон жилийн турш харилцаж ирсэн манай байнгын харилцагч бөгөөд 2015 оны 02 дугаар сар хүртэл хэвийн үйл ажиллагаатай явж байгаад 2015 оны 3 дугаар сараас эхлэн төлбөрөө хугацаандаа төлөхгүй үлдэгдэлтэй болж эхэлсэн. 2015 оны 3 дугаар сарын тооцоо нийлэлтээр тус компаниас 44.516.720 төгрөгийн авлагатай байсан. 2016 оны 6 дугаар сард 500.000 төгрөгөөр 2 удаа, 7 дугаар сард 500000 төгрөгийн төлөлт хийсэн байдаг. Үлдэгдэл төлбөр 42.716.720 төгрөгийг төлөлгүй өнөөдрийг хүрлээ. 2016 оны 9 дүгээр сард дахин тооцоо нийлсэн. Тус компани нь төлбөрийг төлөх талаар маргадаггүй, төлнө л гэдэг. Бид өнгөрсөн 2 жил орчмын хугацаанд  төлөх боломж олгон харсан боловч төлбөрийг бүрэн барагдуулж дуусгасангүй. Бид эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч хариуцагч нь дуудахад ирдэггүй учраас ажиллагаа дуусгавар болсон тул тус шүүхэд хандсан болно. Хариуцагч “МЗК”ХХК-ийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж, цаг хугацаа авах зорилготой байгаа. Манай компанийн зүгээс “МЗК”ХХК-тай маш олон удаа уулзалт хийж, бартераар “МЗК”ХХК-ийн эд хөрөнгийг авъя гэхээр  зах зээлийн үнээс өндөр үнээр бараагаа үнэлдэг тул бид тухайн бүтээгдэхүүнийг уг үнээр авах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах харилцаа үүссэн. Уг гэрээний дагуу “В”ХХК нь”МЗК”ХХК-нд барааг бүтээгдэхүүнийг шилжүүлсэн. Гэтэл “МЗК”ХХК нь гэрээнд заасны дагуу уг барааны үнийг төлөөгүй. Иймд Иймд “МЗК”ХХК-иас барааны үллдэгдэл төлбөр 42.716.720 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

       Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Тус шүүх хуралдааны товыг хариуцагч “МЗК”ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ц-д мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

      Нэхэмжлэгч “В”ХХК нь хариуцагч “МЗК”ХХК-нд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 42.716.720 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй үзлээ.

            Учир нь зохигчдын хооронд 2012 онд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, хариуцагч “МЗ”ХХК нь нэхэмжлэгч “В”ХХК-иас ундаа, ус, сүү зэрэг бараа, бүтээгдэхүүнийг худалдан авч, төлбөрийг бараа, бүтээгдэхүүн борлуулагдсаны дараа шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.

            Энэхүү гэрээгээр талууд бараа, бүтээгдэхүүнийг зээлээр буюу борлуулалт хийгдсэний дараа төлөх нөхцөлтэйгээр байгуулсан нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс  өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны  дараа хэсэгчлэн буюу  бүрэн төлнө гэсэн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн шинжийг агуулж байгаа боловч талууд бичгийн хэлбэрээр гэрээ байгуулаагүй байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

          Нэхэмжлэгч “В”ХХК нь “МЗ”ХХК-нд дээрх худалдах, худалдан авах гэрээний дагуу 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар 48.478.040 төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлсэн байх ба уг бараа, бүтээгдэхүүний төлбөрөөс хариуцагч 5.761.320 төгрөгийг төлж, үлдэгдэл 42.716.720 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон зарлагын падаанууд, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ зэргээр нотлогдож байна.            /хх-5-62, 64-69/

            Мөн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгч “В”ХХК, хариуцагч “МЗК”ХХК нарын хооронд  тооцоо нийлж, нийт 2014  оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд өгч авалцсан бараа, материалаа нягтлан бодох бүртгэлийн  баримтаар нэг бүрчлэн нийлж үзэхэд хариуцагч “МЗК”ХХК нь нийт 42.716.720 төгрөг төлөх үлдэгдэлтэй гарсныг харилцан баталж, хариуцагч “МЗК”ХХК-ийн нягтлан бодогч М гарын үсгээ зурж, санхүүгийн тэмдгээ дарсан  тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт үйлдсэн нь хариуцагч “МЗК”ХХК-иас дээрх үүргийг гүйцэтгэхээ хүлээн зөвшөөрсөн нотолгоо болно гэж шүүх үзлээ. /хх-63/

          Нөгөөтэйгүүр хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтаа ирүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэстэй.     

             Иймд худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 42.716.720 төгрөгийг нэхэмжлэгч байгууллага Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.     

 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118  дугаар зүйлүүдийг удирдлага болгон                        

ТОГТООХ нь:

 

      1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “МЗ”ХХК-иас 42.716.720 /дөчин хоёр сая долоон зуун арван зургаан мянга долоон зуун хорь/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “В”ХХК-д олгосугай.

 

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 371.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “МЗ”ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 371.600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “В”ХХК-нд олгосугай.

 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

                   

 

 

                   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХБАЯР