| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 187/2018/0517/Э |
| Дугаар | 95 |
| Огноо | 2019-01-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Үүрийнтуяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 95
М.Цд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Мягмаржав, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор М.Үүрийнтуяа,
яллагдагч М.Ц,
нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2018/ШЗ/3124 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Үүрийнтуяагийн бичсэн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 107 дугаар улсын яллагчийн эсэргүүцлээр яллагдагч М.Цд холбогдох эрүүгийн 1806 0903 52031 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Багш овгийн Мөнхбаатарын Ц, 1988 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 16-636 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ЙЮ88010977/;
М.Ц нь 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 31 тоотод хамтран амьдрагч З.Мтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч М.Цд холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй дараах ажиллагааг хийлгэх үндэслэл тогтоогдов.
Гэр бүлийн харилцан хамаарал бүхий этгээд гэж “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүнийг” хамруулан ойлгохоор Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар зохицуулсан байна.
Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хохирогч З.М болон яллагдагч М.Ц нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, дундаасаа хүүхэд төрүүлж эцэг, эхийн эрх эдэлж, үүргийг хүлээдэг, хэдийгээр гэр бүл болсон талаараа бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, хууль ёсны гэр бүл болоогүй ч гэр бүлийн харилцаатай байж хамтран амьдардаг болох нь тэдний мэдүүлгээс тогтоогдож байна.
Яллагдагч нь хамтран амьдрагч, хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тэдний мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас яллагдагчид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан улмаар яллах дүгнэлт үйлдэж шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэгдсэн байж болох ба тухайн гэмт хэргийн хүндрүүлэн үзэх нөхцөл байдлыг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хуульчилж өгсөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх нь хууль ёсны зарчимд нийцэх юм.
Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг 2 түүнээс дээш удаа үйлдсэн тохиолдолд уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хамаатуулах нь зүйтэй.
Хавтаст хэргийн материалаас үзэхэд М.Ц нь хамтран амьдрагч, эхнэр З.Мгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь эхний удаа байх ба өмнө нь маргалдах, түүний улмаас түлхэлцэх зүйл байсныг үгүйсгэхгүй ч гэмт хэрэгт хамаатуулахгүй юм. Шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болох нь шүүх хуралдаанаар тогтоогдож байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар яллагдагч М.Цд холбогдох эрүүгийн 1806 0903 52031 дугаартай хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор М.Үүрийнтуяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх хэргийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд шүүгчийн 2018/ШЗ/3124 дугаартай захирамжаар М.Ц нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч З.Мг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байх тул хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх шаардлагатай гэснийг доорх үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд: М.Цд холбогдох хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж хүндрүүлэх үндэслэлгүй байна.
Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн гэмт хэргийг хуульчилж ердийн болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхой заасан ба ингэхдээ “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” нь энэ гэмт хэргийн үндсэн шинж байхаар тогтоожээ. Иймээс М.Цын гэмт үйлдэл нь “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн шинжтэй байх, хамтран амьдрагчаа байнга зоддог боловч гэмтлийн зэрэг тогтоогдохоор гэмтэл учраагүй бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, энэ үйлдлээс хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бол мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, хүндэвтэр хохирол учирсан бол 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, хүнд хохирол учирсан бол 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус хүндрүүлэн зүйлчилнэ гэж ойлгогдохоор байна.
Гэтэл М.Ц нь хамтран амьдрагч З.Мг байнга зоддог гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогч З.М нь М.Цыг архи ууснаас болж маргалдан улмаар М.Ц нь З.Мгийн нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байдаг.
Иймээс гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд халдан улмаар биед нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл тус бүрийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэж хүндрүүлэх нь гэмт этгээдийн эрх зүйн байдлыг доордуулж байна гэж дүгнэхээр байна. Дээрх зүйлд заасан гэмт хэргүүд нь халдлагад өртсөн хохирогчоороо биш гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үйлдлийн шинжээрээ хүндэрч байгаа тул “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн”-ий эсрэг үйлдсэн гэж хүндрүүлэн үздэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйл гэх мэт хэргүүдээс ялгаатай юм.
Тиймдээ ч хууль тогтоогч “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх”, “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн”-ий эсрэг гэмт хэрэг үйлдэх гэсэн шинжүүдийг Эрүүгийн хуульд ялгамжтайгаар хүндрүүлэх нөхцөл байдал болгон заасан гэж үзэхээр байна.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2018/ШЗ/Э124 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү ...” гэв.
Яллагдагч М.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би эхнэртэйгээ хэрүүл, маргаангүй амьдардаг. Тухайн өдөр намайг архи ууснаас болж маргалдсан ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, цаашид шалгах зүйлгүй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Учир нь М.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас нэг удаагийн үйлдлээр хамтран амьдрагч З.Мтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж биед хөнгөн гэмтэл учруулсныг “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Анхан шатны шүүх хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэмжээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт хийж хянан шийдвэрлэх боломжтой байх тул “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, М.Цд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2018/ШЗ/3124 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, М.Цд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл М.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ М.АЛДАР