Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2020/00496

 

Ж.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/01565 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1605 дугаар магадлалтай,

 Ж.О-ын нэхэмжлэлтэй,

Д Б Х С М д Х газарт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.О-, өмгөөлөгч С.Алтай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б- нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.О-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатарт төвтэй Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Ирвэстэй нутгийн ирээдүй төслийн орон нутгийн зохицуулагчийн ажилд орсон. Гурван сарын туршилтын хугацаанд ажлын гологдол дутагдал, зөрчил гаргаагүй идэвх, зүтгэл, санаачилгатай ажилласан тул тус хөтөлбөрийн газрын удирдлага үнэлж, намайг 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн дээрх төслийн орон нутгийн зохицуулагчийн ажилд жинхэнэ ажилтнаар томилж, ажил гүйцэтгэлийн гэрээ байгуулсан. Оны эцсээр буюу 2018 оны 12 дугаар сард хагас жилийн тайлан тавих, шинээр хийх ажлын талаар тус хөтөлбөрийн газрын удирдлагатай уулзаж ажлаа дүгнүүлэхэд ... ажил гүйцэтгэлийн гэрээг жил жилээр сунгах зарчмаар ажиллуулна гэсэн чиглэл өгсөн. Удирдлагаас гэрээний хугацааг тайлбарлахдаа шинэ санхүүгийн жилийн тухайн оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс хойш орж ирсэн төслийн ажлын чиглэл, төлөвлөгөө төсвийн дагуу дахин хийх ажлын төлөвлөгөөг баталж, энэ талаар ажлын гүйцэтгэлийн гэрээнд тусгаж ажиллах зарчимтай байдаг. Энэ гэрээг Баян-Өлгий, Говь-Алтай, Увс аймгийн төслийн орон нутгийн зохицуулагч нар нэгэн адил мөрдөж байгаа. Энэхүү туршилтын хугацааг амжилттай дуусгаж жинхэлсэн ажилтнуудыг төслийн үйл ажиллагааны 5 жилийн хугацаанд үндсэн ажилтан мөн гэж тооцно. Харин ажил гүйцэтгэлийн гэрээнд тусгасан үүргийг шаардах болно гэсэн. Tyc Баян-Өлгий аймаг дахь төслийн орон нутгийн зохицуулагч Ж.О- би уг төслийн ажилд орсон үеэс хойш Д Б Х С М д Х газрын Ирвэстэй нутгийн ирээдүй төслийн ажилд ажил гүйцэтгэх гэрээний дагуу хүлээсэн үүргээ нэр төртэй ямар ч зөрчил дутагдалгүй, үлгэр жишээч хийж гүйцэтгэж ирсэн. Гэтэл миний [email protected] и-мэйл хаягт хөтөлбөрийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын захирал Д.Б- гуайн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 1/51 дугаар тушаалаар намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай и-мэйл ирсэн. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 2.2 дахь заалтыг тус тус үндэслэн Ж.О- намайг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс үүрэг ажлаас чөлөөлж, гэрээг цуцласан гэсэн байсан. Тушаалын эх хувийг өгөөгүй. Би ямар ноцтой зөрчил гаргасан, ноцтой гэж дурдсан уг зөрчлөөр тус хөтөлбөрийн газарт, өөрийн ажиллаж буй орон нутгийн нэгжийн ажилд болон эрх бүхий албан тушаалтан, ажил олгогч мөн ажилтан, төслийн үйл ажиллагаанд ямар хохирол учруулснаа мэдэхгүй байна. Иймд Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Ирвэстэй нутгийн ирээдүй төслийн Баян-Өлгий аймаг дахь орон нутгийн зохицуулагчийн ажилд эгүүлэн томилуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Дэлхийн байгаль хамгаалах сан бол байгаль хамгаалах чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг, ашгийн бус, олон улсын төрийн бус байгууллага юм. Үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх санхүүжилтийг байгаль хамгаалах үйл ажиллагааг дэмждэг олон сая хүмүүсийн итгэж илгээсэн дэмжлэг хандивт тулгуурлан босгодог бөгөөд энэ утгаараа тэдгээр хүмүүсийн өмнө тухайн илгээсэн хандивыг хэрхэн хэрэгжүүлэх асуудлаар онцгой хариуцлагатай ёс зүйн үүрэг хүлээдэг. ДБХС (WWF) болон түүний харьяа байгууллага, нэгж салбарууд дэлхийн 100 орчим улс оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 5.0 сая гаруй дэмжигч, 5000 гаруй ажиллагсадтай, хандивлагч байгууллага, хувь хүмүүсийн итгэлд суурилж ажилладаг учраас байгууллагын хувьд ёс зүйн бөгөөд ашиг сонирхол, залилангийн шинжтэй өчүүхэн төдий үйлдлийг ноцтой зөрчилд тооцдог. ДБХС (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас Баян-Өлгий, Говь-Алтай, Увс аймгийн тодорхой нутаг дэвсгэрт хэрэгжүүлж байгаа Ирвэстэй нутгийн ирээдүй төслийн орон нутгийн зохицуулагч сонгон шалгаруулах зарын дагуу сонгон шалгаруулалт хийж иргэн Ж.О-ыг төслийн Баян-Өлгий аймгийн орон нутгийн зохицуулагчаар ДБХС (WWF)-гийн Монгол дахь Хөтөлбөрийн газрын захирлын 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 1/39 тоот тушаалаар 3 сарын туршилтын хугацаагаар авч ажиллуулсан. Тухайн үед орон нутгийн удирдлагын зүгээс тэтгэвэрт гарсан, хамтран ажиллах боломжгүй ноцтой үндэслэл шалтгаантай гэх зэргээр Ж.О-ыг ажилд авахыг эсэргүүцэж, мэдэгдэл, албан бичиг ирүүлж байсан. Туршилтын хугацаанд цаашид ажиллуулах боломжтой гэж үзсэн бөгөөд ДБХС (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Ирвэстэй нутгийн ирээдүй төслийн зүгээс орон нутгийн зохицуулагч Ж.О-ын ажиллах бүхий л таатай нөхцөл боломжуудаар хангасны зэрэгцээ ажлын байранд баримтлах ёс зүйн дүрмийг танилцуулж, хоёр талаас гэрээг зурж баталгаажуулахад Ж.О- өөрийн биеэр байлцаж ДБХС (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын захирал эрх ашгийн зөрчил байх ёсгүй гэдгийг дахин сануулсан. Хэдийгээр иргэн Ж.О- төслийн үйл ажиллагааг орон нутагт хэвийн зохион байгуулж ажилласан ч өөрийн амласан үүргээ умартаж байгууллагаас хүлээлгэсэн итгэлийг алдаж ДБХС (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газарт орон нутгийн итгэл, хүндэтгэлийг алдагдуулж өөрийн гэрээгээр хүлээсэн ажлын байрны хажуугаар давхар ажил хийж байсан нь мал эмнэлгийн хуудсан дээр өөрийнх нь дарсан тэмдэг, зурсан гарын үсгээр тодорхой болсон нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээнд байршуулсан баримтууд болон Ж.О-ын байцаагчийн хугацаа өнгөрсөн тамга нь минийх байсан, мал эмнэлгийн Ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/51 тушаалаар хүчингүй болсон гэрчилгээ хэрэглэсэн, хуучин гэрчилгээг замын шалгах постод үзүүлэх төдий хэрэглэж байгаа баримт бичиг, тэртээ тэргүй хүчингүй бичиг гэх өөрийнх нь тайлбараас тодорхой байна. Энэ нь ДБХС (WWF/-ийн нэр хүндэд халдсан, уршиг дагуулсан нөхцөл байдал үүсгэж, ёс зүйн болон ашиг сонирхлын зөрчлийг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажил гүйцэтгэлийн гэрээний 2.2-т заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр 40.1.4 болон Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.3-ийг үндэслэн Ж.О-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, гэрээг цуцлах шийдвэрийг гаргасан. Алслагдсан орон нутагт ажиллаж буй нөхцлөөс шалтгаалан Ж.О-тай холбоотой тушаалыг төслийн зохицуулагчаар дамжуулан, цахим хувийг 4 дүгээр сарын 24-ний өдөр илгээсэн бөгөөд тушаалын эх хувийг төслийн албан ёсны ажилтнаараа дамжуулан түргэн хугацаанд хүргэхээр төлөвлөсөн боловч байгалийн голомтот өвчин гарсан онцгой байдлаас шалтгаалж нислэг цуцлагдсан шалтгаанаар хойшилсноор 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ажил хүлээлцэх явцад Баян-Өлгий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар дээр албан ёсоор гардуулан өгсөн болно. Цахимаар илгээсэн тушаалын хувилсан цахим хувь бол тэрхүү эх хувийг бүрэн төлөөлөхүйц баримт мөн гэж үзсэн. Хандивлагчдын өгсөн хандив дэмжлэгээр үйл ажиллагаа эрхэлж буй орон нутгийн зохицуулагч Ж.О- гэрээгээр 100 хувь үүрэг хүлээж, хариуцлагатай ажиллах ёстой, нэр хүндтэй ажлын хажуугаар хүнсэнд үл тохирох маханд баталгаа гаргах замаар давхар ажил эрхэлсэн байх нөхцөлийг үүсгэж, хүчин төгөлдөр бус тамга дарж, хууль бус үйлдэл гаргасан нь олон нийтийн дургүйцлийг илтэд хүргэсэн нь тодорхой. Энэ байдал бидэнд итгэсэн хандивлагчдын итгэлийг алдагдуулж иргэдийн төсөлд итгэх хандлагыг бууруулж үйл ажиллагааг доголдуулснаар малчин өрхүүдийн төслөөс хүртэх үр шим, байгалиа хамгаалах, устах аюултай амьтдыг авран хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх, энэ талаар соён гэгээрүүлэх, сургах, нийгмийн хөгжил дэвшилд оруулах өргөн боломжуудыг үгүй болгож, бодит хохирол учруулах эрсдэлийг бий болгосноор хөтөлбөрийн газар, өөрийн ажиллаж буй орон нутгийн нэгж, эрх бүхий албан тушаалтан, ажил олгогч, мөн ажилтан, төслийн үйл ажиллагаанд ямар хохирол учруулснаа мэдэхгүй байна гэж тайлбарласан нь өөрийн үүргээ бүрэн ухамсарлаагүй, ойлгоогүй байгааг харуулж байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/01565 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан Ж.О-ыг Ирвэстэй нутгийн ирээдүй төслийн Баян-Өлгий аймаг дахь зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1605 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/01565 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.О-ын ажилд эгүүлэн тогтоох тухай Д Б Х С М д Х газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Ж.О-, түүний өмгөөлөгч С.Алтай нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүх нь магадлалаа дүүргэх гэж нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбарыг бүтэн хуулбарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бодитой үнэлэлгүй хууль бус олон тайлбар бичиж бусдыг итгүүлэхийг оролдсон нь харагдаж байна.  Хариуцагчийн давж заалдахад гаргасан гомдлыг болон хэргийг хянасан шүүх нь “нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, 2019.09.16-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 2.2 дахь хэсэгт заасныг үндэслэн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж тэмдэглэж сахилгын ямар зөрчил гаргасан нь тодорхой тусгагдаагүй боловч” гэжээ. Мөн манай байгууллагын үндсэн зорилгод харш нэр хүндэд сөргөөр нөлөөлнө гэж хариуцагчийн хэлсэнийг шууд өмөөрөн бичиж, “энэ үйлдэл нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болно гэж үзэв” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг бүхэлд нь түүн дотор 40.1.4-д заасныг хуульч хүний зарчимд нийцдэггүй ноцтой байдлаар буруу тайлбарлаж хариуцагчийн талд илтэд ашигтай байдлаар шийдвэрлэсэн байгааг эрхэм шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Тодруулан зүйрлэвэл давж заалдах шатны шүүх нь Дэлхийн байгаль хамгаалах сан, болон түүний Монгол дахь хөтөлбөрийн газрын, үйл ажиллагаанд огт хамаагүй, энэ сан, хөтөлбөрийн дотоод, гадаад журам дүрэмд болон хөдөлмөрийн гэрээнд ерөөсөө тусгагдаагүй, ажилтанд огт хамаагүй зүйлийг шалтаглаж ажлаас чөлөөлсөн, Монгол Улсын хуулийг илт зөрчиж, хүчин төгөлдөр бус эрхийн акт гаргасан Монгол дахь Хөтөлбөрийн газрын захирал Д.Б-ын 1/51 дугаар тушаалыг хамгаалсан нь хуулийг ноцтой зөрчсөн явдал болсон гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх “Шүүх хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчлийг гэрээнд заагаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ” гэнэ. Тэгвэл үндэслэл муутай гэдэг хуулийн заалт Монгол улсад байхгүй. Юу нь муу болсон талаар шүүх тайлбарлаж ч чадахгүй мөртлөө хуулийн биш хэллэгээр магадлалыг бичиж шүүхийн болон шүүгчийн ёс зүй, хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн гэж гэж үзэж байна. Мөн магадлалд “Зохигчид хэдийгээр хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчлийг гэрээнд нэрлэн заагаагүй ч гэсэн” гэж зөв тайлбарлан бичсэн байна. Мөн шүүх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан үүргийг дурджээ. Тэгвэл Ж.О- нь Дэлхийн Байгаль хамгаалах сангийн Баян-Өлгий аймаг дахь “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийн зохицуулагчаар ажиллаж байхдаа дээрхи Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан байдлаар энэ албан байгууллагын албан ажилдаа “үнэнчээр хөдөлмөрлөсөн, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, ажиллагаа зэргийг зөрчөөгүй ягштал биелүүлж байжээ.” Энэ тухай ажил үүргээ хангалттай биелүүлж, байсан гэж дүгнэсэн ажил олгогчийн дүгнэлт, хүснэгт хэрэгт авагдсан байгаа. Ж.О- нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан болон гэрээнд заасан эрх үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлж байсан. Харин Ирвэс нь муудсан мах идсэнээс болж, энэ махыг Ж.О- нь хээрээс олж хөдөө ууланд ирвэсэд өгч цацсанаас ирвэс үхсэн, ирвэсийн өсөлтөд, нутагших, ган зуд зэрэгт нөлөөлсөн онц ноцтой явдал болсон нь огт тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл Ж.О-ын бусдад махны асуудлаар тэмдэг дарж өгсөн нь ажил олгогч, түүний байгууллагад хохирол учраагүй болон тэдний эрх зарчигдөөгүй, байгууллагад огт хамаагүй зүйл байсан гэдгийг давж заалдах шатны шүүх сайн мэдсээр байж анхан шатны шүүхийн шийдвэрийг зориуд мушгин гуйвуулж хүчингүйд тооцсон, хуулийг ноцтой зөрчиж, буруугаар тайлбарласан гэж үзэж байна. Тус шүүх нь “Ж.О-ын 20тн махны үйлдэл нь байгууллагын үндсэн зорилтод харш, нэр хүндэд сөргөөр нөлөөлнө” гэдэг хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэжээ. Яаж харшилж, сөргөөр нөлөөлсөн, нөлөөлөх байсан зэрэг нь тогтоогдоогүй байхад “логик”-оор мөн эрүүл бус байдлаар хуулийн үндэслэлгүй дүгнэлт бичсэн байна. Нэхэмжлэгчийн тэмдэг дарсан гэх үйлдэл нь олон улсын хөрөнгө оруулалтанд саад болоогүй, тэмдэг дарсан, дараагүй Дэлхийн сан Ирвэсээ хамгаалах л болно гэдгийг шүүх мэдсээр байж нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг зориуд мушгин байж дордуулсан, анхан шатны шүүхийн үндэслэл бүхий бодит гарсан шийдвэрийг гуйвуулан хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна. Тэгээд ч Ж.О- нь махны хэрэгт торгуулийн арга хэмжээ авагдсан болохоор нэг зөрчилд хоёр арга хэмжээ авахыг хуулиар хориглосон байдаг. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/01565 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ж.О- Д Б Х С М д Х газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх, зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн, “...гэрээний 2.2-т ямар үйлдлийг ноцтойд тооцохыг тодорхой тусгаагүй, нэхэмжлэгч Ж.О-ын гаргасан үйлдэл нь гэрээний дагуу гүйцэтгэх чиг үүрэгтэй хамааралгүй” гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх, зохигчийн хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан талаархи анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгээгүй боловч нэхэмжлэгч Ж.О- ажиллаж буй байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн ноцтой үйлдэл гаргасан гээд Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1, 369.3, 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

Дээрх байдлаар хоёр шатны шүүх өөр, өөр дүгнэлтийг хийжээ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул гомдлыг хангахгүй орхив.

Харин давж заалдах шатны шүүхийн магадлалд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Ж.О-, Д Б Х С М д Х газарт Ирвэстэй нутгийн ирээдүй төслийн Баян-Өлгий аймаг дахь зохицуулагчаар ажилд томилогдож, анх 3 сарын хугацаатай гэрээ, дараа нь гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан баримт хэрэгт авагджээ. Тус газрын захирлын 2019.04.22-ний өдрийн 1/51 тоот тушаалаар Ж.О-ыг “ноцтой зөрчил гаргасан” үндэслэлээр ажлаас халсан бөгөөд уг зөрчил нь өмнө өөр байгууллагад ажиллаж байсан малын эмчийн тэмдэгээ ашиглан хүний гуйлтаар 2019.04.08-ны өдөр чанарын шаардлага хангахгүй 20 гаруй тонн үхрийн махыг “хүнсэнд тэнцэнэ” гэсэн дүгнэлт бүхий Мал эмнэлэгийн ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээ олгосон, энэ талаар мэдээллийн хэрэгслээр цацагдсан үйлдэлтэй холбоотой болохыг зохигч маргаагүй байна.

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй, тэдний хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн талаархи дүгнэлт алдаатай байна.

Зохигч гэрээг “ажил гүйцэтгэх” гэж нэрлэн, гэрээний эрх зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 343-358 дугаар зүйл гэж заасан боловч энэхүү гэрээнд заасан нэхэмжлэгч Ж.О-ын гүйцэтгэх үүрэг нь ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох биежсэн бодит ажлын үр дүн биш байх тул талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ.

Зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцаа нь хөдөлмөрийн гэрээний дагуу байнгын ажлын байранд гүйцэтгэх ажил үүрэг гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдоогүй байна. Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 5, 6-р зүйлүүдэд ажил олгогчийн болон ажилтны эрх, үүргийн талаар зохицуулсан бөгөөд зохигчийн хооронд байгуулагдсан гэрээнд заасан ажил, албан тушаал, гүйцэтгэх чиг үүргээс хөдөлмөрийн гэрээ гэж үзэх боломжгүй, гэрээнд хөдөлмөрийн нөхцөл, түүнчлэн хөдөлмөрийн харилцааны бусад ажил олгогчийн болон ажилтны эрх, үүргийг тодорхойлсон зохицуулалт тусгагдаагүй байна.

Хөдөлмөрийн гэрээ иргэний эрх зүйн гэрээний нэг төрөлд хамаарах боловч хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл, журмыг хуулиар тогтооно гэж Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.2-т заасан тул уг гэрээнээс үүсэх аливаа үр дагавар тусгайлан Хөдөлмөрийн хуулиар зохицуулна. Иймээс давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1, 369.2, 13 дугаар зүйлд заасныг зохигчийн маргаанд хэрэглэсэн нь оновчтой болоогүй байна.

Харин зохигчийн хооронд үүссэн харилцаа нь тодорхой хугацаанд хэрэгжүүлэх төслийн хүрээнд, тохиролцсон ажлыг хугацаатайгаар гүйцэтгэн хөлс авах, ажлын гүйцэтгэлээс шалтгаалж гэрээ сунгах эсэхээ шийдвэрлэхээр заасан Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний шинжтэй байна.

Иргэний хуулийн 367 дугаар зүйлд хөлсөөр ажиллах гэрээг цуцлах хүндэтгэн үзэх нөхцлийн талаар заажээ. Мөн зүйлийн 367.2-т ажиллагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу гэрээнд харш үйл ажиллагаа явуулсны улмаас гэрээ цуцалсан бол ажиллагч ажлын хөлс шаардан авах эрхээ алдана гэж заасан бөгөөд энэхүү хуулийн зохицуулалтаас үзвэл хөлсөөр ажиллах гэрээнд ажиллагч нь үндсэн үүрэгтэй нь холбоогүй боловч тухайн гэрээний зорилгоос гадуур, ажиллуулагчийн ашиг сонирхолд нийцэхгүй, харш үйл ажиллагаа явуулсан нь гэрээг цуцлах үндэслэл болдог байна.

Хариуцагч байгууллага, гэрээг цуцалсан үндэслэлээ, нэхэмжлэгч Ж.О- дэлхийн байгаль орчин, экологийг хамгаалах, байгаль орчныг хамгаалахад хөрөнгө олох, цуглуулах, түүнийг зохицуулж тараах, дэлхий даяар удаан хугацаагаар байгаль хамгаалах шаардлагыг хянаж үзэх, судлах эдгээр шаардлагыг хангах арга боловсруулах, ...дэлхий даяар байгалийг хамгаалах үзэл бодлыг дэлгэрүүлэх, байгаль хамгаалахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх... зорилго, чиг үүрэг бүхий байгууллагатай гэрээ байгуулсны хувьд ёс зүйн зөрчил гаргасныг байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлөхөөр харш үйлдэл гаргасан гэж үзэн гэрээг цуцалсан гэж тайлбарласан бөгөөд үүнийг буруутгах боломжгүй байх тул ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

Дээрх үндэслэлээр магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1605 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “хүчингүй болгож,” гэсний дараа “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.2-т зааснаар” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.О-, түүний өмгөөлөгч С.Алтай нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ