Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 1565

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Уянга  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ж.О нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ДБХС-ийн МХарт холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Алтай, хариуцагчийн төлөөлөгч Д.Батболд, нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Би анх олон нийтийн сүлжээгээр гарсан ажилд авах тухай зарын дагуу холбогдох материалаа бүрдүүлэн, шалгаруулах болзол, шалгалтын шаардлагыг хангаж 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатарт төвтэй ДБХС-гийн МХрын “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийн орон нутгийн зохицуулагчийн ажилд орсон.

Гурван сарын туршилтын хугацаанд ажлын гологдол дутагдал, зөрчил гаргаагүй идэвх, зүтгэл, санаачилгатай ажилласан тул тус хөтөлбөрийн газрын удирдлага үнэлж, намайг 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн дээрх төслийн орон нутгийн зохицуулагчийн ажилд жинхэнэ ажилтнаар томилж, ажил гүйцэтгэлийн гэрээ байгуулсан. Би ажил гүйцэтгэх гэрээ хийх ба оны эцсээр 2018 оны 12 дугаар сард хагас жилийн тайлан тавих, шинээр хийх ажлын талаар тус хөтөлбөрийн Газрын удирдлагатай уулзаж ажил дүгнүүлэхэд “...ажил гүйцэтгэлийн гэрээг жил жилээр сунгах зарчмаар ажиллуулна” гэсэн чиглэл өгсөн.

Удирдлагаас гэрээний хугацааг тайлбарлахдаа: “....шинэ санхүүгийн жилийн тухайн оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс хойш орж ирсэн төслийн ажлын чиглэл, төлөвлөгөө төсвийн дагуу дахин хийх ажлын төлөвлөгөөг баталж, энэ талаар ажлын гүйцэтгэлийн гэрээнд тусгаж ажиллах зарчимтай юм. Энэ гэрээг Баян-Өлгий, Говь-Алтай, Увс аймгийн төслийн орон нутгийн зохицуулагч нар нэгэн адил мөрдөж байгаа билээ. Энэхүү туршилтын хугацааг амжилттай дуусгаж жинхэлсэн ажилтнууд та нарыг төслийн үйл ажиллагааны 5 жилийн хугацаанд үндсэн ажилтан мөн гэж тооцно. Харин ажил гүйцэтгэлийн гэрээнд тусгасан үүргийг та нөхдөөс шаардах” болно гэсэн юм.

Tyc Баян-Өлгий аймаг дахь төслийн орон нутгийн зохицуулагч Ж.О би уг төслийн ажилд орсон үеэс хойш Дэлхийн байгаль хамгаалах сангийн МХрын “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийн ажилд ажил гүйцэтгэх гэрээний дагуу хүлээсэн үүргээ нэр төртэй ямар ч зөрчил дутагдалгүй, үлгэр жишээч хийж гүйцэтгэж ирсэн. Төслийн ажлын явцад удирдлагаас ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас хөдөлмөрийн сахилгын шийтгэл, хариуцлага хүлээлгэж байгаагүй.

Гэтэл миний и-мэйл: [email protected] хаягаар хөтөлбөрийн газраас 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр дараах тушаалыг явуулжээ. Уг тушаалд ДБХС-гийн МХрын захирал Д.Батболд гуайн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 1/51 дугаар тушаалаар намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай бичигдсэн байв. Уг тушаалд: “Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл заалт, 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний 2.2 зүйл заалтыг тус тус үндэслэн тушаах нь” гэж Ж.О намайг сахилгын ноцтой зөрчил гаргасан тул 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс үүрэг ажлаас чөлөөлж, гэрээг цуцалсугай гэсэн байсан. Тушаалын эх хувийг өгөөгүй болно

Би ямар ноцтой зөрчил гаргаснаа, ноцтой гэж дурдсан тэр зөрчлөөр тус хөтөлбөрийн газарт, өөрийн ажиллаж буй орон нутгийн нэгжийн ажилд болон эрх бүхий албан тушаалтан, ажил олгогч, мөн ажилтан, төслийн үйл ажиллагаанд ямар хохирол учруулснаа мэдэхгүй байна.

Би малын эмч хүн учраас өргөсөн тангаргийн дагуу 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр таньдаг хүний гуйлтаар чанарын шаардлага хангахгүй малын маханд гарал үүслийн гэрчилгээ олгосон үйлдэл гаргасан. Үүндээ харамсаж байгаа, энэ үйлдэлд одоо эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа нь үнэн боловч миний эрхэлсэн ажил үүргийн зөрчилд тооцогдохгүй энэ асуудал нь байгууллагын нэр хүндийг унагаахгүй, байгууллагад ямар ч эрсдэл учруулахгүй юм. Олон нийтийн мэдэж байгаагаар малын эмч Ж.О л гэж яригдаж байгаа болохоос төслийн зохицуулагч гэж нэг ч удаа дурдагдаагүй юм.

Би гаргасан үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулиар зохих хариуцлагаа хүлээгээд явах бөгөөд энэ байдлыг маань намайг ажлаас чөлөөлөх үндэслэл болгож байгааг зөвшөөрөх боломжгүй байна. Хөдөлмөрийн гэрээнд ч энэ тухай заалт байхгүй бөгөөд би буруугаа ойлгож, намайг тохирох ажилд, ажлын байртай үлдээж өгөхийг хариуцагчаас хүсэж байсан боловч Хөтөлбөрийн газрын удирдлага хариу ирүүлээгүй тул аргагүй эрхэнд шүүхэд хандаж байна.

Иймд ДБХС-ийн МХрын “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийн Баян-Өлгий аймаг дахь орон нутгийн зохицуулагчийн ажилд эгүүлэн томилуулахыг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Дэлхийн байгаль хамгаалах сан бол байгаль хамгаалах чиглэлийн үйл ажиллагаа хэрэгжүүлдэг, ашгийн бус, олон улсын төрийн бус байгууллага юм. Үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх санхүүжилтийг байгаль хамгаалах үйл ажиллагааг дэмждэг олон сая хүмүүсийн итгэж илгээсэн дэмжлэг хандивт тулгуурлан босгодог бөгөөд энэ утгаараа тэдгээр хүмүүсийн өмнө тухайн илгээсэн хандивыг хэрхэн хэрэгжүүлэх асуудлаар онцгой хариуцлагатай ёс зүйн үүрэг хүлээдэг юм. ДБХС (WWF) манай оронд 1992 оноос үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд байгаль орчны талаарх хууль дүрэм, журам, бодлогын баримт бичиг боловсруулах, хуулийн хэрэгжилтийг хангахад төрийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэх, байгаль орчны талаар иргэдийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх чиглэлээр сурталчилгаа, сургалтын ажлыг зохион байгуулах, мөн байгаль орчны судалгаа шинжилгээ, нөхөн сэргээлтийн ажлуудыг хийж ирлээ. Манай анхаарлын төвд Монгол оронд төдийгүй дэлхийд нэн ховордсон цоохор ирвэс, монгол бөхөн, байгаль экологийн онц ач холбогдол бүхий үзэгдэл болох туруутан амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөн, мөн Монгол орны цэнгэг ус ба ойн нөөцийн асуудал байдаг. ДБХС (WWF) болон түүний харьяа байгууллага, нэгж салбарууд дэлхийн 100 орчим улс оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 5 сая гаруй хүн дэмжигч, 5000 гаруй ажиллагсадтай, хандивлагч байгууллага, хувь хүмүүсийн итгэлд суурилж ажилладаг учраас байгууллагын хувьд ёс зүйн бөгөөд ашиг сонирхол, залилангийн шинжтэй өчүүхэн төдий үйлдлийг ноцтой зөрчилд тооцдог.

ДБХС (WWF)-гийн МХраас Баян-Өлгий, Говь-Алтай, Увс аймгийн тодорхой нутаг дэвсгэрт хэрэгжүүлж байгаа “Ирвэстэй нутгийн ирээдүй” (ИНИ) төслийн орон нутгийн зохицуулагч сонгон шалгаруулах зарын дагуу сонгон шалгаруулалт хийж иргэн Ж.Оыг төслийн Баян-Өлгий аймгийн орон нутгийн зохицуулагч (ОНЗ)-аар ДБХС (WWF)-гийн МХрын захирлын 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 1/39 тоот тушаалаар төслийн Баян-Өлгий аймаг дахь зохицуулагчийн орон тоон дээр 3 сарын туршилтын хугацаагаар авч ажиллуулсан. Тухайн үед орон нутгийн удирдлагын зүгээс тэтгэвэрт гарсан, хамтран ажиллах боломжгүй ноцтой үндэслэл шалтгаантай гэх зэргээр Ж.Оыг ажилд авахыг эсэргүүцэж, мэдэгдэл, албан бичиг ирүүлж байсан.

Туршилтын хугацаанд цаашид ажиллуулах боломжтой гэж үзсэн бөгөөд ДБХС (WWF)-гийн МХрын ИНИ төслийн зүгээс ОНЗ Ж.Оын ажиллах бүхий л таатай нөхцөл боломжуудаар хангасны зэрэгцээ ажлын байранд баримтлах ёс зүйн дүрмийг танилцуулж, хоёр талаас гэрээг зурж баталгаажуулахад Ж.О өөрийн биеэр байлцсан төдийгүй ДБХС (WWF)-гийн МХрын захирал эрх ашгийн зөрчил байх ёсгүй болохыг дахин сануулсан юм.

Хэдийгээр иргэн Ж.О төслийн үйл ажиллагааг орон нутагт хэвийн зохион байгуулж ажилласан ч өөрийн амласан үүргээ умартаж байгууллагаас хүлээлгэсэн итгэлийг алдаж ДБХС (WWF)-ийн МХарт орон нутгийн итгэл, хүндэтгэлийг алдагдуулж өөрийн гэрээгээр хүлээсэн ажлын байрны хажуугаар давхар ажил хийж байсан нь мал эмнэлгийн хуудсан дээр өөрийнх нь дарсан тэмдэг, зурсан гарын үсэгнээс ил тодорхой болсон нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээнд байршуулсан баримтууд болон Ж.Оын “нэгдүгээрт: байцаагчийн хугацаа өнгөрсөн тамга нь минийх байсан, хоёрдугаарт: Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/51 тушаалаар хүчингүй болсон гэрчилгээ хэрэглэсэн, гуравдугаарт хуучин гэрчилгээг замын шалгах постод үзүүлэх төдий  хэрэглэж байгаа баримт бичиг дөрөвдүгээрт, тэртээ тэргүй хүчингүй бичиг гэж хандсан” гэсэн өөрийнх нь тайлбараас ил байна.

Энэ нь хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байх зарчмыг алдагдуулж, үл тоосон залилан хийсэн байх нөхцөлийг үүсгэж, хариуцсан ажилдаа хайнга хандсан байдал нь байгууллагын нэр хүндэд сөрөг нөлөөлсөн гэж үзэж байна. Иргэн Ж.О Олон улсын нэр хүндтэй байгууллагад ажилладаг боловч Иргэний хуулийн 350.1.3-ийн “б”-д заасан үүргээ биелүүлээгүй. Энэ нь олон улсын итгэлцэлд суурилсан, хандивлагчдын мөнгөөр байгаль хамгааллын үйл ажиллагааг эрхлэн явуулахдаа зорилтот нутгийн удирдлага, ард иргэдтэй хамтран ажиллах үүргээ биелүүлж, улс орон, тухайн бүс нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байдаг ДБХС (WWF/-ийн нэр хүндэд халдсан, уршиг дагуулсан нөхцөл байдал үүсгэж, ёс зүй алдаа гаргаж, ашиг сонирхлын зөрчлийг нь сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж “Ажил гүйцэтгэлийн гэрээ”-ний 2.2-н дагуу “Хөдөлмөрийн тухай” хуулийн 40.1.4 болон Иргэний хуулийн 226.1.3-ийг үндэслэн Ж.Оыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, гэрээг цуцлах шийдвэрийг захирлын 1/51 тоот тушаалаар гаргасан. Ж.Оын бий болгосон энэ нөхцөл байдал нийгмийн сүлжээ болон телевизийн сувгуудаар цацагдаж нийтийн дургүйцэл, зэвүүцэл, ундуйцлийг хүргэсний зэрэгцээ иргэд хоорондын маргалдааны шалтгаан болсон нь эв нэгдэл, хамтын ажиллагаа, ёс зүйг эрхэмлэн дээдэлдэг ДБХС (WWF)-ийн үйл ажиллагаа, нэр хүнд болон нутгийн ард иргэдэд ч хохирол учруулсан явдал болсон гэж үзсэн болно. Түүнээс гадна иргэн Ж.О нь дээрх асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж байгааг үүгээр мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

Алслагдсан орон нутагт ажиллаж буй нөхцөлөөс шалтгаалан Ж.Отай холбоотой тушаалыг төслийн зохицуулагчаар дамжуулан цахим хувийг 4 дүгээр сарын 24-ны өдөр илгээсэн бөгөөд тушаалын эх хувийг төслийн албан ёсны ажилтнаараа дамжуулан түргэн хугацаанд хүргэхээр төлөвлөсөн боловч байгалийн голомтот өвчин гарсан онцгой байдлаас шалтгаалж нислэг цуцлагдсан шалтгаанаар хойшилсноор 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ажил хүлээлцэх явцад Баян-Өлгий аймгийн БОАЖГ дээр албан ёсоор гардуулан өгсөн болно. Цахимаар илгээсэн тушаалын хувилсан цахим хувь бол тэрхүү эх хувийг бүрэн төлөөлөхүйц баримт мөн болно гэж үзсэн.

Хандивлагчдын өгсөн хандив дэмжлэгээр үйл ажиллагаа эрхэлж буй орон нутгийн зохицуулагч Ж.О гэрээгээр 100% үүрэг хүлээж, хариуцлагатай ажиллах ёстой тэрхүү нэр хүндтэй ажлын хажуугаар хүнсэнд үл тохирох маханд баталгаа гаргах замаар давхар ажил эрхэлсэн байх нөхцөлийг үүсгэж, хүчин төгөлдөр бус тамга дарж, хууль бус үйлдэл нь гаргасан нь олон нийтийн дургүйцлийг илтэд хүргэсэн нь тодорхой. Энэ байдал бидэнд итгэсэн хандивлагчдын итгэлийг алдагдуулж иргэдийн төсөлд итгэх хандлагыг бууруулж үйл ажиллагааг доголдуулснаар малчин өрхүүдийн төслөөс хүртэх үр шим, байгалиа хамгаалах, устах аюултай амьтдыг авран хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх, энэ талаар соён гэгээрүүлэх, сургах, нийгмийн хөгжил дэвшилд оруулах тэрхүү өргөн боломжуудыг үгүй болгож, бууруулах бодит хохирол учруулах эрсдэлийг бий болгосноо “хөтөлбөрийн газар, өөрийн ажиллаж буй орон нутгийн нэгж, эрх бүхий албан тушаалтан, ажил олгогч, мөн ажилтан, төслийн үйл ажиллагаанд ямар хохирол учруулснаа мэдэхгүй” байна гэж тайлбарласан нь өөрийн үүргээ бүрэн ухамсарлаагүй, ойлгоогүй байгааг харуулж байна гэж үзлээ.

Иргэн Ж.О өөрийн хүсэлтдээ “Энэ асуудлаас болж би эрүүгийн ямар ч хариуцлага хүлээх үндэслэл гарахгүй бөгөөд Зөрчлийн хуулийн дагуу том торгууль ч хүлээхгүй гэдгийг батлан тангараглая” мөн “Эрүүгийн тухай хуулийн 23.2 заасны дагуу хариуцлага тооцох гэж үзэх байх” хэмээн хэд хэдэн заалтыг нэрлээд “гэмт хэрэгтэн болохгүй” гээд “Хүнсний тухай хуулийн хүрээнд торгууль авах болов уу. Малын мах хүнсний бүтээгдэхүүн биш, хүнсний түүхий эд, боловсруулж хэрэглэдэг. Иймээс бүхэлдээ эрүүгийн хэрэг биш зөрчил болж таарна” гэсэн нь хууль бус зүйл хийсэн нь манай байгууллагад хохиролгүй бол ажлаа үргэлжлүүлэн хийж болох мэтээр тайлбарласан нь ёс зүйн хувьд байж боломгүй үйлдэл гэж үзэж байна. Хэрэв тэр мах, түүний хэлснээр бүтээгдэхүүн хоол болоод олон хүнийг эрүүл мэндээр хордуулж, нийгэм эдийн засгийн ихээхэн хохирол учруулсан бол түүний дараа хохирол гэж үзэх байсан уу? гэх дараагийн асуулт гарч ирнэ.

Иргэн Ж.Оын Ажил гүйцэтгэлийн гэрээг цуцалж үндэслэл нь үүрэгт ажлаас чөлөөлөх тухай ДБХС /WWF/-гийн МХрын захирлын 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 1/51 тоот тушаал дээр тодорхой дурдагдсан учраас хариу тайлбар өгөх үндэслэл, шалтгаан байгаагүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хангахгүй орхиж үзнэ үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.О нь хариуцагч Дэлхийн байгаль хамгаалах сангийн МХарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ж.О нь “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийн Баян-Өлгий аймаг дахь зохицуулагчаар ажиллаж байгаад ДБХС-ийн МХрын захирлын 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 1/51 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн “ажил гүйцэтгэх гэрээ”-ний 2.2-т заасныг баримтлан “сахилгын ноцтой зөрчил гаргасан” үндэслэлээр мөн өдрөөс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

 

Нэхэмжлэгч нь ажлаас буруу халсан тухай гомдлоо тус шүүхэд 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор гаргасан байх тул шүүх гомдлын үндэслэлийг хянан хэлэлцсэн болно.

 

Ж.О нь малын эмчийн тэмдгээ ашиглан таньдаг хүний гуйлтаар 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр чанарын шаардлага хангахгүй 20 гаруй тонн үхрийн махыг “хүнсэнд тэнцэнэ” гэсэн дүгнэлт бүхий Мал эмнэлгийн ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээг олгож, төслийн зохицуулагчийн ажил үүрэгт хамаарахгүй үйлдэл хийсэн болох нь талуудын маргаагүй тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна. /хуулбар баримтын үнэн зөвд талууд маргаагүй тул маргаагүй үйл баримт нотлох шаардлагагүйн үүднээс үнэн зөв гэж үнэлэв./

 

Түүний энэ үйлдлийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хэрэг нээж, одоо хянан шалгагдаж байгаа байдалд талууд маргаагүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн энэ үйлдлийг өөрийн байгууллагын нэр хүндэд халдсан, хандивлагч, донор байгууллагуудын тус байгууллагад итгэх итгэлийг буруулсан сахилгын ноцтой зөрчил гэж үзсэн байх тул шүүх талуудын хооронд үүссэн маргааныг Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлд хамаатай гэж дүгнэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цууд цуцалж болох үндэслэл буюу урт хугацааны гэрээнээс ажил олгогч татгалзаж болох хүндэтгэн үзэх үндэслэлүүдийг тодорхой зааж өгсний дотор ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх тохиолдолд хамаардаг.

 

 Хөдөлмөрийн гэрээний талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд чухам ямар зөрчлүүдийг хамааруулах, ямар тохиолдлыг, ямар үйлдлийг ноцтой зөрчилд тооцохыг харилцан тохиролцож, энэ тухай хөдөлмөрийн гэрээндээ тодорхой заасан байх шаардлагатай бөгөөд ийнхүү хөдөлмөрийн гэрээгээр талуудын тохиролцож, тодорхойлсон нөхцөлүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилд тооцогдох учиртай.

 

Иймд шүүх Ж.Оын гаргасан үйлдэл нь хариуцагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд хамаарч байгаа эсэхийг шалгах нь тухайн маргааныг шийдвэрлэх гол үндэс байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан “ажил гүйцэтгэх гэрээ” нэртэй хөдөлмөрийн гэрээний 2.2-т “ажил гүйцэтгэгч сахилгын ноцтой зөрчил гаргасан тохиолдолд гэрээг шууд цуцална” гэж заасан байх боловч чухам ямар үйлдлийг зөрчилд тооцох талаар тодорхой заагаагүй байна.

 

Ажилтныг ажлаас чөлөөлж байгаа тушаал, шийдвэр нь хууль зүйн факт болохын хувьд эрх зүйн үр дагавар үүсгэдэг тул шийдвэрийг бичгээр гаргах, түүнд хууль зүйн үндэслэлийг тодорхой тусгасан байхыг шаарддаг.

 

Манай тохиолдолд хариуцагч нь хууль зүйн үндэслэл тодорхойгүй, хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заагаагүй тохиолдлыг ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцалсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийн зохицуулалтад нийцээгүй гэж үзлээ. 

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас буруу халсан гэж үзэх үндэслэлтэй тул түүний урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг гаргасан, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг хянан шийдвэрлэх үүрэгтэй тул ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах болон мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийх үүргийг хариуцагчид хариуцуулах үндэслэлгүйг энд тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан Ж.Оыг “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийн Баян-Өлгийн аймаг дахь зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Ө.УЯНГА