Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2143

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2017/02143

Улаанбаатар хот

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ... дүүргийн ... хороо, ... байрны ...тоотод оршин суух Б.Бын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: ... дүүргийн ... хороо, ...байранд байрлах “Б” ТӨААТҮГ-т холбогдох,

            ажилгүй байсан хугацааны олговор 21.869.162  төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

ан

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б , хариуцагчийн төлөөлөгч Л.Б , хариуцагчийн өмгөөлөгч Б.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч Б.Б  шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Б  би 2010 оны 12 дугаар сарын 10-нд зарлагдсан Б  ТӨААТҮГ-ын захирлыг сонгох нээлттэй сонгон шалгаруулалтанд иргэний хувиар оролцож  хамгийн өндөр оноог авч этргүүн байрт шалгарч улмаар 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Төрийн өмчийн хорооны 303 дугаар тогтоолоор Б  ТӨААТҮГ-ын захирлаар томилогдон ажилласан болно. Б.Б  би Б  ТӨААТҮГ-ын захирлын үүрэгт ажлыг хуулийн хүрээнд хийж байтал 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Төрийн өмчийн хорооны 684 дүгээр тогтоолоор гэнэт хууль бусаар ажлаас халсан юм. Миний бие иргэнийхээ хувьд Төрийн өмчийн хорооны  хууль бус үйлдлийг таслан зогсоож, эрхээ хамгаалуулахаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд ажлаас үндэслэлгүй  халсан Төрийн өмчийн хорооны 684 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, эрхэлж  байсан Б  ТӨААТҮГ-ын захирлын ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийг гаргасан юм. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхээс 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Төрийн өмчийн хороо нь Б.Б ыг ажлаас үндэслэлгүй, хууль бусаар халсан болохыг тогтоож, Төрийн өмчийн хорооны 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Б ын  захирлын сонгон шалгаруулалт зардах тухай” 81 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, эрхэлж байсан Б  ТӨААТҮГ-ын захирлын ажилд эгүүлэн томилсон, ажилгүй байх хугацааны цалин  хөлсийг Б  ТӨААТҮГ-аас гаргуулах 4139 дугаартай шүүхийн шийдвэрийг гаргасан юм. Улмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 167 дугаартай тогтоол гарч энэхүү анхан шатны 4139 тоот шийдвэр шүүхийн 3 шат дараалан баталгаажсан юм. Иргэн Б.Б  намайг 3 шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж эрхэлж байсан  Б  ТӨААТҮГ-ын захирлын ажилд эгүүлэн тавиагүй шүүхийн шийдвэрийг уландаа гишгэж, зохих хуулиудыг зөрчиж иргэн хүнийх нь  хувьд хохироосоор байгаа юм. Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх албанаас эрхэлж байсан ажилд маань эгүүлэн томилох ажлыг хуулийн хүрээнд хийж байгаа болно. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д цалин хөлс нь  үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан. Ийм учраас Б.Б  би энэхүү нэхэмжлэлээр 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинг Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжилж байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх цалингийн нөхөн олговор олгох 183/ШШ2016/00864 дугаартай шийдвэр гарсан. Уг шийдвэрийг Б  ТӨААТҮГ давж заалдсан юм. Улмаар анхан шатны шүүхийн шийдвэрийг баталгаажуулж Улсын Дээд шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 001/2017/00344 дугаартай тогтоол гарсан болно. Иргэн Б.Б од цалингийн нөхөн олговор олгох Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2016/00864 дугаартай шийдвэр гарсан 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацааны 150 хоног ажилгүй байна. Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу тооцоход сүүлийн 3 сарын цалин  12 дугаар сард 1.410.000 төгрөг, 11 дүгээр сард 2.546.768 төгрөг, 10 дугаар сард 1.287.000 төгрөг, бүгд 5.243.748 төгрөг байна. Үүнийг гуравт хуваавал 1 сарын дундаж  цалин 1.747.916 төгрөг байна. Үүнийг ажлын 21.5 өдөртөө хуваавал 1 өдрийн цалинд 81.298 төгрөг оногдож байна. Үүнийг ажилгүй байсан 150 хоногрр үржүүлбэл 12.194.762 төгрөг нэхэмжилж байна. Иймд Б  ТӨААТҮГ-аас  ажилгүй байсан хугацааны цалин 12.194.762 төгрөг гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар миний болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг  нийгмийн даатгалын тухай хуульд заасан  хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн дааталын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Б  ТӨААТҮГ-т даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Б  шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие Б  ТӨААТҮГ-ын захирлын ажлаас 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр халагдсан. Ингээд шүүхэд гомдол гаргасны дагуу Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 4139 дүгээр шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 167 дугаар тогтоолоор тус тус миний биеийг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг  тогтоож,  эрхэлж байсан Б  ТӨААТҮГ-ын захирлын ажилд эгүүлэн  томилж, ажилгүй байсан хугацааны  цалин хөлсийг гаргуулан шийдвэрлэсэн. Гэвч хариуцагч Б  ТӨААТҮГ нь ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул миний бие ажилгүй байсан хугацааны олговроо нэхэмжлэхэд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2016/00864 дугаар шийдвэрээр  миний дундаж цалин хөлсийг 1.747.916 төгрөгөөр тогтоож 41.632.324 төгрөгийг олгож шийдвэрлэсэн. Нийслэлийн  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 165 дугаар магадлалаар дээрх шийдвэрт өөрчлөлт оруулсан боловч Улсын Дээд шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 344 тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзэж, магадлалыг хүчингүй болгож, нийгмийн даатгалын дэвтэрт бичигдэн нэхэмжилж буй цалинг  эцсийн байдлаар зөв гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу надад олгохоор шийдвэрлэсэн 41.632.324 төгрөгийг миний бие Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан хүлээн авсан болно. Гэтэл шүүхийн шийдвэр гарсанаас хойш намайг ажилд эгүүлэн томилохгүй байгаа тул миний бие өмнөх ажилгүй байсан хугацааны  цалин нөхөн олговрыг гаргуулах шүүхийн шийдвэр гарсанаас хойш буюу 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс хойш 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 269 хоног ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж байна. Энэ удаагийн нэхэмжлэлээр энэхүү ажилгүй байсан 269 хоногийн цалин 21.869.162 төгрөгийг Б  ТӨААТҮГ-аас нэхэмжилж байгаа болно. Цалин хөлс тооцох журмын дагуу миний сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг тооцоход  сүүлийн 3 сарын цалин нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэнээр 12 дугаар сард 1.410.000 төгрөг, 11 дүгээр сард 2.546.748 төгрөг, 10 дугаар сарл 1.287.000 төгрөг, нийт 5.243.748 төгрөгийг гуравт хуваах юм бол нэг сарын дундаж цалин 1.747.916 төгрөг болно. Үүнийг ажлын 21.5 өдөрт хуваахад  нэг өдрийн цалин 81.298 төгрөг болсныг ажилгүй байсан 269 хоногоор тооцоход 21.869.162 төгрөг болж байгаа. Иймд хариуцагч Б  ТӨААТҮГ-иас 21.869.162 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б  ТӨААТҮГ-ын төлөөлөгч Л.Б  шүүхэд урьд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг  манай байгууллага буюу хариуцагч тал огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Б.Б  нь 2011-2013 онд  Б  ТӨААТҮГ-ын захирлаах ажилласан нь үнэн боловч тэрээр үүрэгт ажлаа хариуцлагагүй гүйцэтгэж байсан учраас харьялах дээд шатны байгууллагаа буюу хуучнаар Төрийн өмчийн хороо нь  2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 684 дугаартай тогтоол гаргаж, түүнийг ажлаас чөлөөлсөн юм. Харамсалтай нь Төрийн өмчийн хороо нь ялимгүй алдаа гаргаж Б.Б од  тухайн тогтоолын хуулбарыг хуульд заасан хугацаанд нь  өгөөгүй учраас шүүх уг тогтоолыг хүчингүй болгосон билээ. Хуучнаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх нь 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр  шүүхийн шийдвэр гаргасан бөгөөд уг шийдвэрээр Б.Б ыг Б  ТӨААТҮГ-ын захирлаар  эргүүлэн томилж, түүнд ажилгүй байсан хугацааны  цалин хөлсийг нь гаргуулан  олгохоор шийдвэрлэсэн. Ингэхдээ Б.Б ын ажилгүй байсан хугацааны цалингийн хэмжээг нэг сарын 990.000 төгрөгөөр албан ёсоор тогтоосон бөгөөд үүнийг давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүхүүд тус тус хянаад хэвээр баталсан юм. ...Ийнхүү гурван шатны шүүх нь тухайн үед дээрх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Б.Б ын сарын цалингийн хэмжээг 990.000 төгрөгөөр тогтоосон атал  саяхан болсон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны  шүүх хуралдаанаар Б.Б ын сарын цалингийн хэмжээг 1.747.916 төгрөг байсан мэтээр шинэчлэн тогтоосон үйл явдалд  манай байгууллага болон тус байгууллагын өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Б.Цолмон гэдэг хүн үнэхээр гайхсан. Өмгөөлөгч Б.Цолмон “ийм зүйл байж болохгүй ээ, би 20 гаруй жил хуулийн байгууллагад ажиллахдаа ийм үйл явдлыг огт үзэж хараагүй. Улсын Дээд шүүх нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргасанд маш их гайхаж, маш их харамсаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон  үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж хуулчилсан байдаг. Гэтэл Улсын Дээд шүүх нь урьд өмнө тухайн асуудлыг буюу нэхэмжлэгч Б.Б ын салын цалингийн хэмжээг хянан шийдвэрлэхдээ сарын 990.000 төгрөг хэмээн тогтоосон атлаа  хэдэн жилийн дараа өөрийн гаргасан энэхүү  тогтоол шийдвэрээ өөрчилж  Б.Б ын сарын цалинг 1.747.916 төгрөг байсан байна хэмээн шал өөр байдлаар шийдвэрлэж байгаа нь үнэхээр гайхмаар байна. Тиймээс би өмгөөлөгчийн  хувьд энэ асуудлыг Улсын Дээд шүүхэд тавих болно” хэмээн бидэнд тайлбарласан билээ. Тиймэс нэхэмжлэгч Б.Б ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хариуцагч талын зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Л.Б  шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Нэхэмжлэгч Б.Б  нь анх ажилгүй байсан хугацааны цалин 12.194.762 төгрөг нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа нэмэгдүүлж нийт 21.869.162 төгрөг нэхэмжилсэнээс хариуцагч Б  ТӨААТҮГ нь  4.950.000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. 2013 онд Б.Б  нь ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж  Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд нэхэмжлэл гаргасныг гурван шатны шүүх хангаж шийдвэрлэсэн. Шүүх ингэж шийдвэрлэхдээ Б.Б ын тухайн үед гаргаж өгсөн баримтуудыг үндэслэн  нэг сарын дундаж цалинг 990.000 төгрөгөөр тогтоосон. Гэтэл Б.Б  нь 2016 оны 8 дугаар сард ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шийдвэрлэсэн. Ингэхдээ Б.Б ын ажилгүй байсан хугацааны  цалинг 1.774.916 төгрөгөөр тооцож, нийт 41.632.324 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг буруу байна гэж Б  ТӨААТҮГ-аас үзээд давж заалдах гомдол гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүх хэлэлцээд 2017 оны 01 дүгээр сарынг 11-ний өдөр 65 дугаар магадлал гаргаж, анхан шатны шүүх Б.Б ыг  тухайн үед ажиллаж байсан нэг сарын цалинг шинэчлэн тогтоосон нь буруу, өмнөх 3 шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор Б.Б ын цалинг 990000 төгрөгөөр  тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоох ёстой гэж үзэж ажилгүй байсан хугацааны цалинд 23.580.000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн. Гэтэл Улсын Дээд шүүх хэргийг хэлэлцээд 2015 оны 4 дүгээр сард тогтоол гаргахдаа анхан шатны шүүхийн шийдвэрээр Б.Б ын нэг сарын цалинг 1.774.916 төгрөгөөр тогтоосон нь зөв зүйтэй гэж үзээд 41.632.324 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 41.632.324 төгрөгийг бүхэлд нь “Б”ТӨААТҮГ-ын данснаас татаж Б.Б од олгосон. Мөн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 29-нийөдрийн 4169 дүгээр шийдвэрийн дагуу 8.910.000 төгрөгийг Б.Б од ажилгүй байсан хугацааны цалин гэж олгосон. Нэхэмжлэгч Б.Б  нь “Б”ТӨААТҮГ-аас нийт 50 гаруй сая төгрөгийг авчихсан байна. Энэхүү хэрэг маргаанд Улсын Дээд шүүх хоёр өөр тогтоол гаргасан байдаг. Хариуцагч талаас Улсын Дээд шүүх Б.Б ын гаргасан гомдлыг  хянан хэлэлцээд шийдвэр гаргасны дараа нэхэмжлэл гаргасан 2017 оны 05 дугаар сарын 01-ний  өдрөөс тооцох  ёстой гэж үзэж байна. Мөн Улсын Дээд шүүх өмнө нь энэ хэргийг шийдвэрлэхдээ Б.Б ын цалинг 990000 төгрөг байна гэж тогтоосон мөртлөө 2 жилийн дараа дахиад энэ хэргийг шийдвэрлэхдээ 990000 төгрөг биш 1.747.916 төгрөг байна гэж хоёр өөр байдлаар шийдвэрлэсэн. Миний хувьд Б.Б ын цалинг 990000 төгрөгөөр тогтоосон Улсын Дээд шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 169 дүгээр тогтоолыг  хууль зүйн хувьд үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд Б.Б ын дундаж цалинг 990000 төгрөгөөр тогтоож өгнө үү. Улсын Дээд шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн тогтоол гарсны дараа 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл 110 хоногоос ажлын өдрийг 22 хоногоор тооцож, Б.Б ын нэг сарын цалин 990000 төгрөгийг  ажлын 22 хоногт хувааж, нэг өдрийн цалин 45000 төгрөг болсон. Нэг өдрийн  45000 төгрөгийг 110 хоногоор үржүүлж, Б.Б   ажилгүй байсан хугацааны цалинд 4.950.000 төгрөг авах ёстой гэж үзэж байна гэв.

       Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

      Нэхэмжлэгч Б.Б  нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч “Б”ТӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор  12.194.762 төгрөг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 5 удаа нэмэгдүүлж, нийт 21.869.162 төгрөг шаардаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүсчээ.

     Шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагаас 20.260.005 төгрөгийн шаардлагыг хангаж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн ба үлдсэн  1.609.157 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 4139 дүгээр шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 167 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Б.Б ыг “Б”ТӨААТҮГ-ын захирлын ажлаас халсан нь хууль зөрчсөн гэж үзээд түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажил байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор  8.910.000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Дээрх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон атал хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг үл биелүүлж нэхэмжлэгчийг ажилд эргүүлэн аваагүй тул нэхэмжлэгч Б.Б  нь дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шаардсаны дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2016/00864 дүгээр шийдвэр, Улсын Дээд шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 001/ХТ2017/00344 дүгээр тогтоолоор хариуцагч “Б”ТӨААТҮГ-аас 41.632.324 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллага нь дээрх шүүхийн шийдвэрүүдийн дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндсэн дээр олгосон боловч нэхэмжлэгчийг өдий хүртэл урьд эрхэлж байсан ажилд нь эргүүлэн томилоогүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй байна.           

      Нэхэмжлэгч нь дундаж цалин хөлсийг буруу тооцсон байх тул шүүх зөвтгөж тооцсон ба Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7а-д зааснаар нэхэмжлэгч Б.Б ын 2013 оны 10, 11, 12 дугаар сард авсан цалин 5.243.748 төгрөгийг ажлын 66 хоногт хувааж  нэг өдрийн цалинг 79.451 төгрөгөөр тогтоов.

      Дээрх нэг өдрийн дундаж цалин болох 79.451 төгрөгийг ажилгүй байсан 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх ажлын 255  хоногоор тооцоход 20.260.005 төгрөгийг нэхэмжлэгчид олгох үндэстэй ба үлдсэн 1.609.157 төгрөгийн шаардлагыг хуульд заасан үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгов.

      Нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгож байгаатай холбогдуулан нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих хувиар төлж, дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах нь зүйтэй юм.

      Хариуцагчийн өмгөөлөгчөөс ажилгүй байсан хугацааг нэхэмжлэл гаргасан 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс тооцох ёстой гэж мэтгэлцсэн боловч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2016/00864 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчид 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны  олговрыг тооцон олгосон, түүнээс хойш ажилд нь эргүүлэн аваагүй тул ажилгүй байсан хугацааны цалинг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс хойш тооцон нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

        Мөн нэхэмжлэгчийн сарын дундаж цалинг 990.000 төгрөг болон 1.747.916 төгрөгөөр ялгаатай тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд гарсанаас 990.000 төгрөгөөр тогтоосон шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй учир  нэхэмжлэгчийн сарын дундаж цалинг 990.000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж хариуцагчийн өмгөөлөгчөөс тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө авч байсан сүүлийн 3 сарын цалингийн дунджийг нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн хэмжээгээр тооцох нь Хөдөлмөрийн дундаж цалин хөлс тодорхойлох журамд нийцэх тул хариуцагчийн өмгөөлөгчийн татгалзал үндэслэлгүй юм.

         Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч байгуулагаас ажилгүй байсан хугацааны олговор 20.260.005 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 429.545 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн илүү төлсөн 162.249 төгрөгийг улсын орлогоос, нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байгаа хэмжээнд ноогдох тэмдэгтийн хураамж 259.250 төгрөгийг хариуцагч байгууллагаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн  тухай  хуулийн  69  дүгээр  зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б”ТӨААТҮГ-аас 20.260.005 /хорин сая хоёр зуун жаран мянга тав/ төгрөг гаргуулж  нэхэмжлэгч Б.Б од олгон, үлдсэн 1.609.157 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Б ын ажилгүй байсан хугацаанд төлөгдвөл зохих нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай.

 

          3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 429.545 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 162.249 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжинд 259.250 төгрөг тус тус гаргуулж  нэхэмжлэгчид  олгосугай.

 

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

        5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МӨНХБАЯР