Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 60

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/02143 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Б” ТӨААТҮГ-т холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны олговорт 21 869 162 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Бат-Ололт

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Б” ТӨААТҮГ-ын захирлын ажлаас 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр халагдсан. Шүүхэд гомдол гаргасны дагуу Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 4139 дүгээр шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 167 дугаар тогтоолоор намайг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан “Б” ТӨААТҮГ-ын захирлын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан шийдвэрлэсэн.

Гэвч хариуцагч “Б” ТӨААТҮГ нь ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул миний бие ажилгүй байсан хугацааны олговроо нэхэмжлэхэд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2016/00864 дугаар шийдвэрээр миний дундаж цалин хөлсийг 1 747 916 төгрөгөөр тогтоож 41 632 324 төгрөгийг олгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 165 дугаар магадлалаар дээрх шийдвэрт өөрчлөлт оруулсан боловч Улсын Дээд шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 344 тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзэж, магадлалыг хүчингүй болгож, нийгмийн даатгалын дэвтэрт бичигдэн нэхэмжилж буй цалинг эцсийн байдлаар зөв гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу надад олгохоор шийдвэрлэсэн 41 632 324 төгрөгийг миний бие Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан хүлээн авсан болно.

Гэтэл шүүхийн шийдвэр гарсанаас хойш намайг ажилд эгүүлэн томилохгүй байгаа тул миний бие өмнөх ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговрыг гаргуулах шүүхийн шийдвэр гарсанаас хойш буюу 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс хойш 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 269 хоног ажилгүй байсан хугацааны цалинг нэг өдрийн 81 298 төгрөгөөр тооцон 21 869 162 төгрөгийн олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь 2011-2013 онд “Б” ТӨААТҮГ-ын захирлаах ажилласан нь үнэн боловч тэрээр үүрэгт ажлаа хариуцлагагүй гүйцэтгэж байсан учраас харьялах дээд шатны байгууллагаа буюу хуучнаар Төрийн өмчийн хороо нь 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 684 дугаартай тогтоол гаргаж, түүнийг ажлаас чөлөөлсөн юм.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх нь 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн шүүхийн шийдвэрээр Б.Быг “Б” ТӨААТҮГ-ын захирлаар эргүүлэн томилж, түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нь гаргуулан олгохоор шийдвэрлэсэн. Ингэхдээ Б.Бын ажилгүй байсан хугацааны цалингийн хэмжээг нэг сарын 990 000 төгрөгөөр албан ёсоор тогтоосон бөгөөд үүнийг давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүхүүд тус тус хянаад хэвээр баталсан юм.

Ийнхүү гурван шатны шүүх нь тухайн үед дээрх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Б.Бын сарын цалингийн хэмжээг 990 000 төгрөгөөр тогтоосон атал Улсын Дээд шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 344 тогтоолоор Б.Бын сарын цалингийн хэмжээг 1 747 916 төгрөг байсан мэтээр шинэчлэн тогтоосон. Улсын Дээд шүүх нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргасанд харамсаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж хуулчилсан байдаг. Гэтэл Улсын Дээд шүүх нь урьд өмнө тухайн асуудлыг буюу нэхэмжлэгч Б.Бын сарын цалингийн хэмжээг хянан шийдвэрлэхдээ сарын 990 000 төгрөг хэмээн тогтоосон атлаа хэдэн жилийн дараа өөрийн гаргасан энэхүү тогтоол шийдвэрээ өөрчилж Б.Бын сарын цалинг 1 747 916 төгрөг байсан байна хэмээн шал өөр байдлаар шийдвэрлэж байгаа нь үнэхээр гайхмаар байна.

Нэхэмжлэгч Б.Б нь анх ажилгүй байсан хугацааны цалин 12 194 762 төгрөг нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа нэмэгдүүлж нийт 21 869 162 төгрөг нэхэмжилсэнээс хариуцагч “Б” ТӨААТҮГ нь 4 950 000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа.

Б.Бын цалинг 990 000 төгрөгөөр тогтоосон Улсын Дээд шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 169 дүгээр тогтоолыг  хууль зүйн хувьд үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд Б.Бын дундаж цалинг 990 000 төгрөгөөр тогтоож, Улсын Дээд шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн тогтоол гарсны дараа 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл 110 хоногоос ажлын өдрийг 22 хоногоор тооцож, Б.Бын нэг сарын цалин 990 000 төгрөгийг ажлын 22 хоногт хувааж, нэг өдрийн цалин 45 000 төгрөг болсон. Нэг өдрийн 45 000 төгрөгийг 110 хоногоор үржүүлж, Б.Б ажилгүй байсан хугацааны цалинд 4 950 000 төгрөг авах ёстой гэж үзэж байна гэв.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Био комбинат” ТӨААТҮГ-аас 20 260 005  төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бод олгон, үлдсэн 1 609 157 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Бын ажилгүй байсан хугацаанд төлөгдвөл зохих нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 429 545 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 162 249 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжинд 259 250 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Б.Бын цалинг 990 000 төгрөгөөр тогтоосон Улсын Дээд шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 169 дүгээр тогтоолыг хууль зүйн хувьд үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна

2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш шүүх хурал хариуцагч талын хүсэлтээр удаа дараа хойшилсон. Шүүх хурлын тов зарласан 2017 оны 09 дугаар сарын 26-ны өдөр хүртэл иргэн Баттогтох би 269 хоног ажилгүй байна..." гэсэн зүйл бичжээ.

Түүний бичсэн зүйлийн хариуцагч байгууллага ойлгохгүй байгаа бөгөөд нэхэмжлэл гаргасан 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш шүүх хурлын тов зарласан 2017 оны 09 дүгээр сарын 26-ны хүртэл хугацааг тоолоход 5 cap, 10 хоног буюу нийт 105 хоногийн ажил амралтын өдөр байна. Гэтэл энэ 105 хоногоос зөвхөн ажлын хоногийг түүж авбал нэг сард ажлын 22 өдөр байх бөгөөд үүнийг таван сараар тооцвол 5Ч22=110 хоног байна.

Мөн хариуцагч талын зүгээс Б.Бын ажилгүй байсан хугацааны цалинг түүний шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр буюу шүүх хурлын тов зарлагдсан өдөр хүртэл хугацаанд түүний ажилгүй байсан хугацааны цалинг бодох ёстой. Тэгэхээр энэ хугацаа нь 110 хоног болж байх бөгөөд үүнээс ажлын өдөр нь 22 хоног болж байна. Нэг сарын цалин 990 000 төгрөг учраас үүнийг ажлын 22 өдөрт хуваабал нэг өдрийн цалин 45 000 төгрөг гэж гарна. Үүнийг дээрх таван сарын ажлын өдрөөр үржүүлэн тооцвол 4 950 000 төгрөг болж байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 15 310 005 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч “Био комбинат” ТӨААТҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалингийн олговорт 21 869 162 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 4139 дүгээр шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 169 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Б.Быг ажилд нь эгүүлэн тогтоосон боловч хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна.

 

Хэрэгт Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2016/00864 дүгээр шийдвэр, Улсын Дээд шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 001/ХТ2017/00344 дүгээр тогтоолоор түүний ажилгүй байсан хугацааны цалингийн олговорт 41 632 324 төгрөгийг хариуцагч “Био комбинат” ТӨААТҮГ-аас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх 27-29, 37-41/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй, уг үүргийг биелүүлээгүйгээс шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсан боловч ажил олгогч нь нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилоогүй эрхийн зөрчил үргэлжилсээр байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв болжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилох үүрэгтэй, уг үүргээ биелүүлээгүй бол түүнээс үүсэх эрх зүйн үр дагавар болох олговрыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн сарын дундаж цалинг 990 000 төгрөгөөр тооцно гэж маргаж байгаа хэдий ч өмнө нь Улсын Дээд шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр тогтоосноор Б.Бын урьд авч байсан дундаж цалин хөлсийн дундажийг 1 747 916 төгрөгөөр тооцсон тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг үндэслэн уг үйл баримтыг дахин тогтоохгүй зарчмыг баримтлан нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлсийг дээрх үнийн дүнгээр тодорхойлсон нь зөв болжээ.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан "Ажилтны дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын дагуу тооцож хариуцагч “Био комбинат” ТӨААТҮГ-аас 20 260 005 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бод олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 1 609 157 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/02143 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                               

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                           А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                     Э.ЗОЛЗАЯА