| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2019/0179/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/189 |
| Огноо | 2019-11-25 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2019/ШЦТ/189
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням
Хохирогч М.Б,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч М.Б,
Иргэний нэхэмжлэгч Г.Б,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Д.Халзан,
Иргэний хариуцагч Ц.Г, Ш
инжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Анхбаяр,
Шинжээч цагдаагийн ахлах дэслэгч О.Ө,
Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун, Ю.Нямсүрэн
Шүүгдэгч Ш.О, Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.О, Д.Э нарт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2019 оны 11-р сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Ш.О, Д.Э
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ш.О нь 2019 оны 05 дугаар сарын 15-ны шөнө Алтанширээ сумын Зараа багийн нутаг дэвсгэрт А0102 дугаартай босоо тэнхлэгийн авто зам дээр Улаанбаатараас Замын-Үүдийн чиглэлд “Мицубиши Делика” маркийн 17-19 УНҮ, шүүгдэгч Д.Э нь “Бэйбен” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Мицубиши Делика” маркийн ...улсын дугаартай автомашиныг жолоодож явсан шүүгдэгч Ш.О нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэг/ тээврийн хэрэгслийн хурд/-ийн 12.2-т заасан “Харанхуй үед болон /үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг, мөн бүлгийн 12.3- т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг, “ Бэйбен “ маркийн ...улсын дугаартай автомашиныг жолоодож явсан шүүгдэгч Д.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэг бүлэг /тээврийн хэрэгслийн хурд/-ийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас шүүгдэгч Ш.О нь “Мицубиши Делика” маркийн ...улсын дугаартай автомашинаар урд талдаа зогссон ... улсын дугаартай тоёота приүс-30 маркийн автомашиныг араас нь мөргөж, шүүгдэгч Ш.Огийн жолоодож явсан “Мицубиши Делика” маркийн ...улсын дугаартай автомашины араас, “Бэйбен” маркийн ...улсын дугаартай автомашинаар шүүгдэгч Д.Э нь мөргөж шүүгдэгч Ш.О, Д.Э нарын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлүүдийн улмаас зам тээврийн осол гарч ослын улмаас насанд хүрээгүй хохирогч О.А, хохирогч М.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ш.Огийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн үед бид нар Улаанбаатараас гараад Чойр дээр хоол идээд 22 цаг өнгөрч байхад гарсан. Энэ үед Б машин барьж явсан. Зүүрмэглээд байхаар нь би бариад явъя гэж хэлсэн. Түүнээс хойш 40-өөд миниутын дараа бидний урд явж байсан приус машины урдуур олон тооны адуу гүйсэн. Тухайн үед приус маркийн машин огцом тоормозлоход манай машин ард нь ойрхон явж байсан учраас тормослоод мөргөөд зогссон. Төд удалгүй түс гэх чимээ хүчтэй гарсан, ухаан ороод харахад замын хажуу руу машин гарсан байсан” гэсэн мэдүүлэг
Шүүгдэгч Д.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 14 цаг өнгөрөөгөөд Улаанбаатар хотоос гарсан. Орой 22 цагийн үед осол гарсан. Приусын урдуур олон тооны адуу орж ирсэн гэж хажууд суусан хүүхэд хэлсэн. Хажуугаар орж ирсэн машин урд машиныг мөргөөд би зогсоох үйлдэл хийсэн боловч зогсож амжаагүй ” гэсэн мэдүүлэг Хохирогч М.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2019 оны 05 дугаар сарын 16- ны өдөр ахынхаа машинтай явж байгаад осолд орсон. Тухайн үед О машин барьж явсан. Ахын маань найз байгаа юм. Араас хүчтэй чимээ гарч замаас нэлээн зайтай шидэгдсэн. Тэр хооронд ухаан алдсан. Сэрээд харахад ахын суудал нь хойшоо шидэгдээд цонхонд толгойгоо хагалаад цус гарч, ухаангүй болсон байсан. Ахыгаа хүнд гэмтчихлээ гээд их айсан. Ах маань Он хүүхдийг тэвэрч явсан болохоор хүүхэд нь гайгүй байсан. Араас нэлээн хүчтэй мөргүүлсэн. Түргэн тусламж иртэл машинаас биднийг гаргах боломж байгаагүй учраас нэлээн удсан. Хэрвээ дэлбэрэлт үүссэн бол яах байсан талаар бодохоос айдас хүрдэг. Биеийн байдал маань эргэж хэвэндээ орохгүй байх, эгэм, хавирганы гэмтэл одоог хүртэл эдгэрээгүй, би зураач хүн, гар маань хугарсан. Тухайн үед шөрмөсний гэмтэл гайгүй учраас хөдөлгөөнтэй байгаа, гэхдээ 2-3 кг зүйл өргөж чадахгүй, хөдөлмөрийн чадвар эрс буурсан. 05 дугаар сараас хойш шүүгдэгч тал болох Этай холбогдоод эмнэлгийн төлбөрийг боломжоороо өгнө үү, нөхөр маань намайг хараад байгаа гэхэд 1000 000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь мөн дахин мөнгө шилжүүлсэн. Дараа нь мөнгө хэрэгтэй байна гэхэд шүүх хурал болтол өгөөд хэрэггүй гэж өмгөөлөгч хэлсэн гэж байсан. Гомдолтой байна. хохирогч талын өмгөөлөгч талаас бидний араас яаж байна гэж асууж туслалцаа үзүүлэх талаас нь ажиллаагүй. Эмчилгээний зардал 5322 355 төгрөг болсон, мөн миний хийх байсан олон ажил хойшлогдсон. Тиймээс цалин гэж 12000 000 төгрөг нэхэмжилнэ, өмгөөлөл гээд 1000 000 төгрөг нэхэмжилнэ. Нийт 18 322 000 төгрөг нэхэмжилнэ. Энэ төлбөрийг хурдан барагдуулж өгнө үү гэж хэлмээр байна. Гарын хугаралд ялтас тавиулсан. Нэг жилийн дараа дахин ялтсыг авахуулах ёстой учраас дахин зардал гарна. Ахын маань найз О эмнэлэгт хэвтэж байхад 250 000 төгрөг өгсөн, тэрнээс хойш чимээ тасарсан. Э мөн туслалцаа үзүүлээгүй, чимээ тасарсан. Би урьд нь давхар олон төрлийн ажил хийдэг байсан. Миний хөдөлмөрийн чадвар алдагдсан. Эргэж хуучин байдалдаа орох боломжгүй болсон. Тиймээс нэхэмжилсэн мөнгийг маань гаргаж өгнө үү гэсэн мэдүүлэг
Иргэний нэхэмжлэгч М.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2019 оны 05 дугаар сарын 15-нд 16 цагийн үед Улаанбаатар хотоос дөрвүүлээ гарч би Говьсүмбэр аймаг хүртэл жолоо барьж явж байгаад дүү болох Бд жолоогоо шилжүүлсэн. Зүүрмэглэх зуур дүү маань Од машинаа шилжүүлсэн байсан. Би мөн л зүүрмэглээд явж байтал О урд машиныг мөргөсөн, маш богино хугацаанд арын машин мөргөсөн. Он хүүхдийг би тэвэрчихсэн явж байсан. Арын машин мөргөхөд суудал маань нугларч унаад дунд талын шилийг мөргөж ухаан алдсан байсан. Намайг сэргэхэд замаас нэлээн хол шидэгдсэн байсан. О хүүгээ надаас салгаж авсан. Тухайн үед зөрж явсан машины жолооч нар хөдөлгөж болохгүй гэж хэлсэн гэсэн. Дорноговь аймгийн эмнэлэгт хэвтсэн. Толгой хагараад хоёр хавирганы мах нь салаад зүрх дарсан байна гэж хэлсэн. Гуяны хоёр талын маханд цус хурсан. Дүү маань хүнд бэртсэн болохоор өөрийгөө орхисон. Машинаа би 26 000 000 төгрөгөөр аваад 4 жил болсон байсан. би машинаа зах зээлийн үнэлгээгээр нэхэмжилж байна. Өөрөөр хэлбэл тэр машиныг засаж болохгүй гэж үзэж байна. Эмнэлгийн зардал болон наашаа ирж очсон зардал, мөн өмгөөлөгчид 1000 000 төгрөг өгсөн учраас нийт 2585 118 төгрөг болсон, харин машинаа зах зээлийн үнэлгээгээр 18000 000 төгрөг нэхэмжилж байна. Өнөөдөр ирсэн зардлын мөнгийг мөн нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг
Иргэний нэхэмжлэгч Г.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2019 оны 05 дугаар сарын 15-нд 15 цагийн үед бид хотоос гарсан. Тухайн үед манай хүүхэд машин барьж явсан, Чойр өнгөрөөгөөд надад машинаа өгсөн. Би барьж явж байгаад 33 дугаар зөрлөгийн тэнд зогсож бие зассан. Хажуугаар том тэрэг өнгөрсөн. Би хойноос нь хөдлөөд урд нь ороод явсан. 2 машин зөрөх болоход хэдэн адуу харагдахаар нь би тормосоо хүчтэй гишгээгүй тулаад ирэхээр нь хүчтэй гишгээд арай зогсож амжаагүй байхад араас машин мөргөсөн. Манай машин урагшаа шидэгдээд унтарсан. Тухайн үед хүүхэд маань эмчилгээ хийлгээд буцаж явсан. Хүүхэд маань тархиндаа 5 см уйланхайтай, гэхдээ энэ талаар би яриагүй, эмчилгээний зардал ч нэхэмжлээгүй. Би машинаа 1 5000 000 төгрөгөөр авсан. Аваад жил ч болоогүй байсан, янзлах боломжгүй учраас 1 5000 000 төгрөг нэхэмжилсэн гэсэн мэдүүлэг
Хохирогч М.Бгийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн талаар тогтоосон Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:”...М.Бгийн биед баруун шуу, зүүн 2, 3, 4 дүгээр хавирганы хугарал, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, эд доторх цусан хураа, зүүн эгэмний мултрал гэмтэл тогтоогдлоо...Учирсан баруун шуу, зүүн 2, 3, 4 дүгээр хавирганы хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт. / 1-р хх-ийн 211-212-р тал /
Хууль ёсны төлөөлөгч О.Жгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн :”...Манай хүү одоо 3 настай жаахан хүүхэд...ослын дараа зүүн гарны мөрний доод хэсгийн яс дундуураа бүтэн хугарсан, толгой тархи доргиж гэмтсэн...манай нөхөр О жолоодож яваад уг осол болсон байсан...” гэсэн мэдүүлэг. / 1-р хх-ийн 27-28-р тал /
Насанд хүрээгүй хохирогч О.Агийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн талаар тогтоосон Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:”...О.Агийн биед зүүн бугалга ясны зөрүүтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо...Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...гэсэн дүгнэлт. / 1-р хх-ийн 204-р тал /
Иргэний хариуцагч М.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн :”Би Отай 3 жил гаран найзалж нөхөрлөж байна., ...2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн үед өөрийнхөө эзэмшлийн Мицүбиши Делика маркийн тээврийн хэрэгсэлтэй төрсөн дүү Б болон миний найз О түүний 3 настай хүүхэд нарын хамт 4-лээ Замын-Үүд сум болон Эрээн хот орох зорилгоор явцгаасан. Улаанбаатар хотоос Чойр ортол би машинаа жолоодож явсан. Чойроос цааш манай дүү Б жолоодсон. Тэр үед О би жолоодъё гээд байхаар нь Од өгөлгүйгээр дүү Бдаа жолоодуулсан. Тэгтэл хэсэг явж байгаад О дахиад би жолоодьё гээд байсан болохоор Б замын хажууруу шахаж зогсоод Од жолоог шилжүүлсэн.....О жолоодож яваад осол болсон....” гэсэн мэдүүлэг. / 1-р хх-ийн 33- 34-р тал /
... дугаартай зам тээврийн ослын талаар тогтоосон шинжээчийн дүгнэлтэнд:”...3ам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөл нь Мицубиши Делика маркийн ...улсын дугаартай атвомашиныг жолоодож явсан Ш.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэг / Тээврийн хэрэгслийн хурд/-ийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг, мөн бүлгийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг, мөн Бэйбен маркийн ...улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Д.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэг /Тээврийн хэрэгслийн хурд /-ийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гарсан гэж үзэхээр байна...” гэсэн дүгнэлт. / 1-р хх-ийн 82- 83-р тал /
Иргэний хариуцагч Ц.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн :”...Д.Э миний багийн найз байгаа юм......улсын дугаартай, Бэйбен маркийн чирэгч толгой, 29-15 АЧ улсын дугаартай, ягаан өнгийн чиргүүл...2-ыг нийтэд нь 70 000 000 төгрөгөөр авч байсан...Эд бариулаад өөрөө тодорхой хэмжээний хувь авахаар тохиролцоод цагаан сарын дараагаас эхлүүлээд унуулж ашиглуулсан...”, гэсэн мэдүүлэг./ 2-р хх-137-р тал / Гэрч Б.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн :” Би аав Бгийн хамт Улаанбаатар хотоос 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ...Сайншанд сумруу гэрлүүгээ явах зорилготой явсан ба би Улаанбаатараас гарахдаа жолоо бариад Чойр нэлээд өнгөрөөд явж байхад толгой өвдөөд байсан болохоор нь аавдаа жолоогоо шилжүүлсэн. Тэгээд би жолоочийн хажуу талын урд суудал дээр түшлэгээ хойш нь налуулж хэвтээд хэсэг унтаж явсан. Тэгтэл хэдэн цагийн үед гэдгийг нь санахгүй байна. Ямар ч байсан машин гэнэтхэн зогсох гээд тормос гишгэхээр нь би сэргээд урагшаа хартал урдуур баахан адуу явж байсан.Тэгсэн л удалгүй түс, тас гээд аймаар чанга чимээ гараад машин огцом урагшлах шиг болсон Тэгэхээр нь би адуу мөргөчихлөө гэж бодтол харин араас машин мөргөчихсөн байсан. Тэгсэн машин ямар ч тоггүй болоод замын хөвөө хэсэгрүү шайрагдаж яваад зогссон. Тэгээд би машин дотроо хальтхан манаралтын байдалтай сууж байгаад аавыг зүгээр эсэх талаар асуухад “Аав нь зүгээрээ” гэж хэлсэн. Тэгээд бид 2 машинаасаа буухад Шалаанз маркийн чиргүүлтэй автомашин замын хойдруу гарч явсан. Харин Делика маркийн машин нөгөө талруу гараад зогсчихсон байсан.. Тэгэхээр нь тэр “Делика” руу аав бид 2 гүйж очоод хартал жолоочийн суудалд нэг эрэгтэй, туранхай хүн “Юу болоод байнаа ахын дүү” гээд ухаан санаа нь самуурчихсан байдалтай байсан, харин эсрэг талд нь бас нэг эрэгтэй, махлаг хүн ухаан алдчихсан, нүүр нь цус болчихсон байсан, тэр 2-ын гол хэсэгт жоохон хүүхэд уйлаад байж байсан. Мөн арын суудал дээр нэг эмэгтэй хэвтчихсэн байдалтай ёолоод хэвтэж байсан...Делика манай араас мөргөөд араас нь Шалаанз мөргөсөн гэж бодоод байгаа юм. Учир нь осол болсны дараа би буугаад харахад Делика манай машинтай их ойрхон зайнд замаас гарчихсан байсан. Харин Шалаанз замаас гараад явж байсан...” гэсэн мэдүүлэг. / 1-р хх-ийн 40-41-р тал /
Гэрч Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн :”...урд явсан приүс 30 маркийн тээврийн хэрэгслийн урдуур адуу гарах шиг болоод зогссон. Тэгсэн тэрний араас явж байсан Делика маркийн тээврийн хэрэгслийн арын тормосны гэрэл асалгүйгээр чигээрээ явж очоод приүс 30-н араас мөргөсөн ба ах маань тормос гишгээд гишгээд зогсож чадалгүй Делика маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөсөн...” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 52-53-р тал /
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-ийн 3-9-р тал/
Тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /1- р хх-ийн 10-18-р тал /
Шүүгдэгч Ш.Он жолоодож явсан М.Бийн эзэмшлийн ...улсын дугаартай “Мицубиши Делика” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар. / 2- р хх-ийн 20-р тал /
Ашид билгүүн ХХК-ний газраас ...“Мицубиши Делика” маркийн тээврийн хэрэгслийн техникийн үнэлгээний тайлан, эвдрэл хохирлын үнэлгээ гэрэл зургийн үзүүлэлт. / 1-р хх-ийн 71-74-р тал /
...“Мицубиши Делика” маркийн тээврийн хэрэгслийн техникийн шинжээчийн дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 109-111-р тал /
Шүүгдэгч Д.Эгийн жолоодож явсан Ц.Гийн эзэмшлийн ...“Бейбэн” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар. / 2-р хх-ийн 93-р тал/ Ашид билгүүн ХХК-ний газраас ...“Бейбэн” маркийн тээврийн хэрэгслийн техникийн үнэлгээний тайлан, эвдрэл хохирлын үнэлгээ гэрэл зургийн үзүүлэлт. / 1-р хх-ийн 64-65-р тал
...“Бейбэн” маркийн тээврийн хэрэгслийн техникийн шинжээчийн дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлт, / 1-р хх-ийн 99-101-р тал /,
шүүгдэгч Д.Эгийн жолоочийн үнэмлэхний хуулбар. / 2-р хх-ийн 1-р тал /
Голомт банкны эзэмшлийн 24-83 ДГА Тоёота приүс-30 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар. / 2-р хх-ийн 99-р тал
/ Ашид билгүүн ХХК-ний газраас Г.Бгийн эзэмшлийн 24-83 ДГА оёота приүс-30 маркийн тээврийн хэрэгслийн техникийн үнэлгээний тайлан, 1вдрэл шууд зардлын дүн 4 803 000 төгрөг, шууд бус зардал 1 110 000 төгрөг нийт ;үнэ 5 913 000 төгрөг гэж үнэлэгдсэн хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт. / 1-р хх-ийн 55-58-р тал /
24-83 ДГА тоёота приүс-30 маркийн тээврийн хэрэгслийн техникийн шинжээчийн дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 118-120-р тал /
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 189-190 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ш.О нь 2019 оны 05 дугаар сарын 15-ны шөнө Алтанширээ сумын Зараа багийн нутаг дэвсгэрт А0102 дугаартай босоо тэнхлэгийн авто зам дээр Улаанбаатараас Замын-Үүдийн чиглэлд “Мицубиши Делика” маркийн ...дугаартай тээврийн хэрэгслийг , шүүгдэгч Д.Э нь “Бэйбен” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан үйл баримт болсон байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий дээрхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр Мицубиши Делика” маркийн ...улсын дугаартай автомашиныг жолоодож явсан шүүгдэгч Ш.О нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.2-т заасан “Харанхуй үед болон /үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн. Мөн бүлгийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг, “ Бэйбен “ маркийн ...улсын дугаартай автомашиныг жолоодож явсан шүүгдэгч Д.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас шүүгдэгч Ш.О нь “Мицубиши Делика” маркийн ...улсын дугаартай автомашинаар урд талдаа зогссон ... улсын дугаартай Тоёота приүс-30 маркийн автомашины араас нь мөргөж, шүүгдэгч Ш.Огийн жолоодож явсан “Мицубиши Делика” маркийн ...улсын дугаартай автомашины араас, “Бэйбен” маркийн ...улсын дугаартай автомашинаар шүүгдэгч Д.Э нь мөргөж шүүгдэгч Ш.О, Д.Э нарын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлүүдийн улмаас зам тээврийн осол гарч ослын улмаас насанд хүрээгүй хохирогч О.А, хохирогч М.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь нотлогдож байна гэж үзлээ. Шүүгдэгч Ш.Огийн “би огт Шалаанз гүйцэт түрүүлээгүй,урд явж байсан приүс ч гэсэн огт машин гүйцэт түрүүлээгүй. Бид хоёр ар араасаа явж байсан” гэж маргаж байгаа нь дараах нотлох баримтаар үгүйсгэгдэж байна гэж шүүх үзлээ. Энэ нь гэрч Г.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... би 33 дугаар зөрлөг өнгөрч явж байгаад том оврын автомашиныг гүйцэд түрүүлсэн. Харин саарал өнгийн тэргийг анзаараагүй” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 36/, гэрч Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай машиныг эхлээд саарал өнгийн приүс 30 маркийн машин гүйцэт түрүүлсэн ба араас нь удалгүй Делика маркийн тээврийн хэрэгсэл дохио ч өгөлгүй ихэд шахаж гүйцэт түрүүлээд манай машины урд орсон. Дөнгөж урд ороод удаачгүй байтал урд явсан приүс 30 маркийн тээврийн хэрэгслийн урдуур адуу гарах шиг болоод зогссон...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 52/, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Д.Эгийн “...33 дугаар зөрлөг өнгөрөөд явж байхад приус 30 маркийн машин гүйцэж түрүүлсэн...” гэсэн мэдүүлэг,иргэний нэхэмжлэгч Г.Бгийн Тухайн үед манай хүүхэд машин барьж явсан, Чойр өнгөрөөгөөд надад машинаа өгсөн. Би барьж явж байгаад 33 дугаар зөрлөгийн тэнд зогсож бие зассан. Хажуугаар том тэрэг өнгөрсөн. Би хойноос нь хөдлөөд урд нь ороод явсан...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Ш.О нь Мицубиши делика маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцох үедээ урдаа явж байсан Бейбен маркийн ...дугаартай тээврийн хэрэгслийг гүйцэт түрүүлэх үйлдэл хийсэн болох нь тогтоогдож байна гэж үзлээ. Харин шүүгдэгч Ш.Огийн гүйцэт түрүүлэх үйлдэл нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчөөгүй болох нь 2019 оны 10 сарын 11-ний өдрийн 13 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шинжээч О.Өын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “.... Мицубиши Делика маркийн машин гүйцэд түрүүлэх үйлдэл хийсэн гэж үзсэн... Зорчиж байгаа эгнээндээ гүйцэд түрүүлээд эгнээндээ орж амжаагүй байж байгаад мөргөлдсөн бол Мицубиши Делика маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд талын булангаас эвдрэл үүссэн байх магадлалтай. Мөн урд нь саад тулгараад хөдөлгөөнөө сааруулсан приус-30 маркийн тээврийн хэрэгслийг эгнээндээ орж амжаагүй Мицубиши Делика маркийн тээврийн хэрэгсэл мөргөсөн бол приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд хүргэхээргүй эвдрэл буюу баруун хойд булангаас нь мөргөх, онхолдох боломжтой байсан. Гэтэл эдгээр машинууд ар араасаа мөргөлдсөн эврэлтэй байсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Хохирол төлбөрийн талаар Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Б, насанд хүрээгүй хохирогч О.А нарын эрүүл мэндэд хүндэвтэр,иргэний нэхэмжлэгч М.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирч хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь дараах гэм хорын хохирлыг нэхэмжилсэн байна. Эрүүл мэнд болон бусад учирсан хохиролд хохирогч Г.Б 18322355 төгрөг,иргэний нэхэмжлэгч О.Ж 2566910 төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Б 2585118 төгрөг нэхэмжилжээ. Хохирогч М.Бгийн 2-р хавтаст хэргийн 21-72 дугаар талд авагдсан 2864139 төгрөг, 2 дугаар хавтаст хэргийн 143-160 дугаар талд авагдсан 416330 төгрөг,3 дугаар хавтаст хэргийн 52-107 дугаар талд авагдсан 13348508 төгрөг нийт 16628977 төгрөгнөөс хх-ийн 21 дүгээр талд авагдсан ламд ном уншуулсан 670000 төгрөг, 40 дүгээр талд гэмтэл согог судлалын үндэсний төвд хагалгаанд төлсөн /2019.06.03-нд төлсөн/ 507960 төгрөгний эрүүл мэндийн даатгалаас төлсөн гэх 431766 төгрөг, Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст эрүүл мэндийн даатгалд төлсөн 124800 /60-61 дүгээр тал/ төгрөг, 3 дугаар хавтаст хэргийн 52 дугаар тал цалин 12000000 төгрөг,73 дугаар талд авагдсан нийгмийн даатгалд төлсөн 172800 төгрөг нийт 13399366 төгрөгийг хасч үлдэх 3229611 төгрөгийг гаргуулан олгох нь зүйтэй гэж үзлээ. Хохирогч М.Бд олгох 3229611 төгрөгнөөс шүүгдэгч Ш.Огийн өгсөн 250000 төгрөг, Д.Эгийн өгсөн 2000000 төгрөгийг хасч тооцон 979611 төгрөгийг олгохоор хохирогч О.Агийн хууль ёсны төлөөлөгч О.Жгийн 1 дүгээхавтаст хэргийн 244-250 дугаар талд авагдсан 864650 төгрөг,2 дугаар хавтаст хэргийн 1-16 дугаар талд авагдсан 1158260 төгрөг, шүүхэд ирүүлсэн баримт 544000 төгрөг нийт 2566910 төгрөгнөөс 244-250 дугаар талд давхацсан баримт, чихэр бохьны үнэ 400350 төгрөг,1-16 талд давхацсан баримтаар 995000 төгрөгийг хасч 1171560 төгрөгийг олгохоор иргэний нэхэмжлэгч М.Бийн 2 дугаар хавтаст хэргийн 78-87 дугаарт авагдсан 2369020 төгрөг, 3 дугаар хавтаст хэргийн 111-131 дүгээр талд авагдсан 678639 төгрөг нийт 3047659 төгрөгнөөс давхардсан баримтыг хасч тооцоод 1585118 төгрөгийг олгохоор Эд хөрөнгөнд учирсан хохирол Иргэний нэхэмжлэгч Б нь ... улсын дугаартай Тоёота приүс-30 маркийн автомашинд учирсан хохиролд 15000000 төгрөг, М.Б нь ...улсын дугаартай Мицубиши Делика маркийн автомашинд учирсан хохиролд 18000000 төгрөг тус тус нэхэмжилснээс мэргэшсэн үнэлгээний байгууллага болох Ашид билгүүн ХХК-наас үнэлсэн үнэлгээгээр тогтоогдсон Тоёото приүс-30 маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл,шууд болон шууд бус зардал 5913000 төгрөгийг /үнэлгээ хийлгэсний төлбөр 250000 төгрөг/ нийт 6153000 төгрөг, Мицубиши Делика маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл,шууд болон шууд бус зардал 9505000 төгрөгийг гаргуулан олгох нь зүйтэй гэж үзлээ. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдийг тодорхой заажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний хариуцагчаар татагдсан М.Б нь ...улсын дугаартай Мицубиши Делика маркийн , С.Г нь Бейбен маркийн ...дугаартай тээврийн хэрэгслийн жинхэнэ эзэмшигч мөн бөгөөд зам тээврийн осол болохоос өмнө өөрөө зөвшөөрч тээврийн хэрэгслийн жолоогоо шилжүүлсэн нь тогтоогдсон тул гэм хорыг хариуцан төлөх үүргээс бүрэн чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлгүй юм. Шүүхээс иргэний хариуцагчаар төлүүлэх төлбөрийн хэмжээг тогтоохдоо тээврийн хэрэгслийг шүүгдэгчийн эзэмшилд шилжүүлэх болсон шалтгаан, зам тээврийн осол нь шүүгдэгч нарын Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг биелүүлээгүй үйлдэлтэй холбоотой,хохирогч нарт учирсан хохирлын хэмжээ зэргийг харгалзан хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүгдэгч нараар, эд хөрөнгөнд учирсан хохирлыг шүүгдэгч нараас 70 хувиар, иргэний хариуцагч нараас 30 хувиар тогтоон гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч Ш.Огаас хохирогч М.Бд 979611 төгрөгийг, хохирогч О.Агийн хууль ёсны төлөөлөгч О.Жд 585780 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч М.Бөд 792559 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Г.Бд 4307100 төгрөгийг, шүүгдэгч Д.Эгаас хууль ёсны төлөөлөгч О.Жд 585780 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч М.Бөд эрүүл мэндэд учирсан хохирол 792559 төгрөг, эд хөрөнгөнд учирсан хохирол 6653500 төгрөгийг иргэний хариуцагч М.Бөөс иргэний нэхэмжлэгч Г.Бд 1845900 төгрөгийг иргэний хариуцагч Ц.Гээс иргэний нэхэмжлэгч М.Баярмөхөд 2851500 төгрөгийг тус тус гаргуулан олгохоор шийдвэрлэв. Шүүгдэгч Д.Э нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Жд хохирол төлсөн гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Хохирогч М.Б, иргэний нэхэмжлэгч М.Б нар нь хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгчтэй харилцан тохирч тус бүр 1 сая төгрөгийн хөлс төлсөн нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол биш бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул гаргуулан олгох үндэслэлгүй юм.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч Ш.О, Д.Э нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч нарыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ш.О, Д.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Д.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд нотлох баримтаар тогтоогдсон хохирлын заримыг төлсөн,шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Хавтаст хэргийн 30 дугаар талд /1/ М.Бийг 2019 оны 06 сарын 11-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэний нэхэмжлэгчээр тогтоосон ба 31 дүгээр талд /1/ мөрдөгч мэдүүлэг авахдаа хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл хөтөлжээ. М.Б нь шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгчээр оролцох үндэслэлтэй юм. Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Ш.О, Д.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ш.О, Д.Э нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 189-190/ тогтоогдож байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш.О, Д.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О, Д.Э нарт тус бүр 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О, Д.Э нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О, Д.Э нарт оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ш.О, Д.Э нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Иргэний хуулийн 497 дугаао зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1,510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Огаас хохирогч М.Бд 979611 төгрөгийг, хохирогч О.Агийн хууль ёсны төлөөлөгч О.Жд 585780 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч М.Бөд 792559 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Г.Бд 4307100 төгрөгийг, шүүгдэгч Д.Эгаас иргэний нэхэмжлэгч О.Жд 585780 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч М.Бөд эрүүл мэндэд учирсан хохирол 792559 төгрөг, эд хөрөнгөнд учирсан хохирол 6653500 төгрөгийг иргэний хариуцагч М.Бөөс иргэний нэхэмжлэгч Г.Бд 1845900 төгрөгийг иргэний хариуцагч Ц.Гээс иргэний нэхэмжлэгч М.Баярмөхөд 2851500 төгрөгийг тус тус гаргуулан олгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлд зааснаар хохирогч М.Бгийн нэхэмжлэлээс 5342744 төгрөгийг, хууль ёсны төлөөлөгч О.Жгийн нэхэмжлэлээс 1395350 төгрөгийг,иргэний нэхэмжлэгч М.Бийн эрүүл мэндэд учирсан нэхэмжлэлээс 1462541 төгрөгийг,эд хөрөнгөнд учирсан нэхэмжлэлээс 8495000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Г.Бгийн эд хөрөнгөнд учирсан нэхэмжлэлээс 9087000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч М.Б нь 12000000 төгрөгийн нэхэмжлэлээ болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8.Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй,шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.О, Д.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нар нь шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН