Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 067

 

      

 

 

 

 

 

                            

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж, 

нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

улсын яллагч О.Багшбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Наранцэцэг /ҮД:0160/,

хохирогч Б.Мижиддорж,

шүүгдэгч А.Доржпүрэв нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Алтанчимэгийн Доржпүрэвт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2501 1696 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Боржигон овогт Алтанчимэгийн Доржпүрэв, 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бүжгийн багш мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн Соёлын ордонд бүжгийн багш ажилтай, ам бүл 3, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Сармисны хонхор 2 дугаар гудамжны 23 тоотод оршин суух, регистрийн СЮ92110113 дугаартай.

Шүүгдэгч А.Доржпүрэв нь 2016 оны 04 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 22 дугаар гудамжинд хохирогч Б.Мижиддоржтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газар нь чулуугаар цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч А.Доржпүрэвийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр найз Буянтогтохтой Баттөмөрийн гэрт архи уусан. Тэр үед Буянтогтох Мижиддоржтой утсаар яриад тэр хоёр гаднаас хамт орж ирсэн. Тэгээд бид нар архи ууж байсан. Гэтэл Мижиддорж надад хандаж “чамайг танихгүй юм байна” гэж маргаан үүссэн. Гараад явж байхад Мижиддорж намайг барьж аваад 2-3 удаа газар боож унагаасан. Би тэсэлгүй газраас чулуу аваад Мижиддоржийн баруун хацар руу нь цохиж хохирол учруулсан. Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Мижиддорж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр манай найз Буянтогтох над руу утсаар яриад манайд хүрээд ирээч гэсэн. Тэгээд хамт архи уусан. Тухайн үед Доржпүрэвийг сайн таньдаггүй байсан. Өмнө нь ямар нэгэн байдлаар харилцаж үзээгүй байсан. Түүнээсээ болоод жижиг маргаан гарч байсан. Тэгээд эвлэрээд гарсан. Буцаад гэр гэртээ ирээд хамт явж байсан хүмүүсээ гэрт нь хүргэж өгөөд өөрийнхөө гудамж руу орсон. Буянтогтох манай эсрэг талын гудамж. Тэгээд Буянтогтох надтай ярих юм байна гээд намайг дагуулаад гэр рүү орох гээд байсан. Тэгэхлээр нь би “гудамжиндаа орсон байна. Өөрөө гэртээ ороод амарчихна” гэж хэлсэн. Гэтэл Доржпүрэв сонсгол муутай болохоор, Буянтогтох бид хоёрыг хоорондоо муудалцаж байна гэж буруугаар ойлгоод Буянтогтохын талаас намайг барьж аваад байсан. Тэгэхэд нь би “чи битгий надад хүрээд бай” гэж хэлж байсан. Тэгээд Буянтогтох болиулж салгаад намайг барьж байсан. Гэтэл хажуугаас Доржпүрэв миний нүүрлүү хатуу зүйлээр цохиж би айгаад гэр рүүгээ гүйгээд орсон. Энэ хэргийн улмаас миний баруун нүдний доор буюу хацар цөмөрч цаанаа цус хуралттай байна гэсэн. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт үзүүлээд 7 хоногийн дараа хагалгаанд орж цөмөрсөн хацарт төмөр титан суулгуулсан. Энэ төмрийг 1-2 жилийн дараа буюу яс нь төлжиж эдгэрэх үед авахуулах боломжтой гэж хэлсэн. Би өөрийн бодит хохирлын үлдэгдэл төлбөр 286.050 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардлаас 200.000 төгрөг тус тус хүлээн авсан тул гомдол саналгүй.” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад А.Доржпүрэвийн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн: “2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр найз Отгоноогийн Жанжинд байдаг гэрийг шинээр бууж байгаа хашаа руу нь нүүлгэж өгөөд дууссаны дараа Буянтогтох, Отгоноо, Бөмбөө нарын хамтаар Отгоноогийн хуучин гэрт очсон. Отгоноо гэр нүүлгэж өгсөнд баярлалаа гээд нэг шил 750 граммын архи авч өгөөд бид нар уугаад байж байхад Буянтогтохтой Мижиддорж яриад нэг шил архитай ирсэн. Тэгээд тэрийг нь уучихаад Цайз орж бааранд суугаад бүжиглээд нэг нэг шил пиво авч уугаад удалгүй нэг цаг орчмын дараа баарнаас гараад такси бариад Жанжин клуб дээр ирж буусан. Эхлээд Отгоо, Бөмбөө хоёр хамт хононо гэсэн болохоор хүргэж өгөөд цаашаа Буянтогтох, Мижиддорж нартай хамт явж байхад Мижиддорж чамайг Жанжинд мэдэхгүй юм байна гээд барилцаж аваад ноцолдоод намайг газар хоёр гурван удаа унагаасан. Тэгээд дахиад барих гээд байх шиг болохоор нь доошоо суугаад гарт баригдсан атганд багтах хэмжээний дундаж чулуугаар нүүр лүү нь цохисон чинь Мижиддорж хойшоо унаад босож ирээд зугтаасан. Би араас нь хөөгөөгүй Буянтогтохтой буцаад академийн буудал руу алхаад тамхи авахаар яваад буцаад ирэх үед Мижиддоржийн эгч нь ирээд хэн зодсон гэж асуугаад Буянтогтох бид хоёрыг машиндаа суулгаад гэрийнхээ үүдэнд аваачих үед цагдаа ирсэн байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 66-67 дугаар тал/

 

Хохирогч Б.Мижиддоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “Буянтогтох бид хоёр өөрсдийнхөө гудамж руу ороод алхаж байхад араас Доржоо гэх залуу нь дагаад алхаад байсан. Би гэрлүүгээ орох гэж байхад Буянтогтох намайг тэвэрч аваад найз нь чамайг оруулаад өгье, ярих юм байна гээд зууралдаад байхаар нь чи зүгээр харь, би одоо өөрөө орчихно гэж хэлсэн чинь зууралдаад байхаар нь би чи намайг тавиад гэр лүүгээ ороо гээд хэлсэн. Тэгсэн чинь Доржоо гээд залуу хажуугаар орж ирээд чи Буянааг яагаад байгаад юм бэ гээд намайг барьж аваад байхаар нь чи бас яах гээд байгаа юм бэ, надад битгий хүрээд бай гэж хэлээд байж байхад дахиад зуураад авахаар нь гарнаас нь барьж аваад татсан чинь газарт унасан. Тэр үед Буянаа яах гэсэн юм бэ? одоо больчих гээд миний хоёр гарнаас бариад зогсож байхад Доржоо гартаа нэг том хэмжээний тоосго юмуу, чулуу шиг зүйл барьсан далайж харагдсан. Тэгээд хоёр гар бариулсан байсан болохоор бултаж чадалгүй зогсож байхад нүүрний баруун талд нэг удаа их хүчтэй цохиулаад газарт унасан. Газарт унасан байхад нүүр амнаас цус гарч байгаа нь мэдрэгдсэн. Тэгээд Доржоог харах үед гарт нэг тоосгоны хэмжээтэй чулуу шиг зүйл сүүдэрлэж харагдаад дахиад дайраад байхаар нь би босоод шууд гэр рүүгээ зугтаасан. Замдаа гүйж чадахгүй ухаан балартаад байхаар нь хоёр гурван удаа газар сууж амраад гэр рүүгээ ороод цагдаа, түргэн дуудаарай, хүнд чулуугаар цохиулчихлаа, одоо манай гудамжинд Буянаатай хамт нэг залуу байгаа байх, тэр залуу цохисон гэж хэлээд орон дээрээ хэвтээд түргэн ирэхийг хүлээсэн. Удалгүй түргэн, цагдаа хоёр ирээд манай аав, эгч хоёр цагдаад Доржоо гэдэг залууг барьж өгсөн байсан. Энэ гэмтлийн улмаас БХХСАХ-дын Нэгдсэн Эмнэлгийн эрүү, нүүрний мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж хагалгаанд орж нүүрний яс бэхлэх титан тор байрлуулсан. Эхний ээлжинд томографикт авхуулсан мөнгийг чинь өгье гэж хэлээд 100.000 төгрөг өгсөн. Бас намайг хэвтэж байхад ор хоногийн 70.000 гаран төгрөг тушаасан байсан. ...тархины томографикийн зураг 150.000 төгрөг, хагалгааны нийт зардал 700.000 төгрөг, шинжилгээ 80.000 төгрөг болсон.” гэх мэдүүлэг,

  • ийн 15 дугаар тал/

 Гэрч Э.Буянтогтохын мөрдөн байцаалтад өгсөн: Доржпүрэв, Мижиддорж бид гурав урагшаа гэр лүүгээ явсан. Бид нар Мижиддоржийг хүргэж өгөх гээд анхныхаа гудамж руу ороод явж байхад Мижиддорж, Доржпүрэв хоёр дахиж бие биенийгээ танихгүй гээд маргалдаад байж байгаад хоорондоо ноцолдоод байх шиг байхаар нь би салгасан чинь жаахан байж байгаад дахиж маргаад ноцолдоод байхаар нь би голоор нь орж салгаад одоо болио гээд хэлээд байж байхад Доржпүрэв нэг тонгойх шиг болоод юм аваад Мижиддоржийн нүүрэн тус газар нэг удаа цохисон чинь Мижиддорж газар унаад босож ирэнгүүтээ гэр лүүгээ гүйгээд явчихсан. Би Доржпүрэвтэй Жанжин клубын үүдэнд зогсож байхад цагдаа нар ирээд цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Тэр хоёр хоорондоо маргалдаад ноцолдож байгаад танина, танихгүй гэж хэрэлдэж байгаад Доржпүрэв, Мижиддоржийн нүүр лүү газраас нэг юм аваад цохиж гэмтэл учруулсан. Би яг юугаар цохисныг бол хараагүй” гэх мэдүүлэг,

  • ийн 18 дугаар тал/

 

Гэрч Ч.Хүдэрчулууны мөрдөн байцаалтад өгсөн: Би 2016 оны 04 дүгээр сарын 30-нд төлөвлөгөөний дагуу ерөнхий унтуулган дор баруун талын хоншоор ясны хугарлыг эвэнд оруулж хадах хагалгаа хийсэн. Уг хагалгааг давхар гаймрон хагалгаатай хавсарч хийгдсэн. Хагалгаа ямар нэг хүндрэлгүй амжилттай болсон. Мижиддоржийг анх ирэхэд үзлэг оношилгоо хийхэд биеийн байдал дунд, ухаантай, гадаад орчинтой харьцаатай, зовиур нь толгой өвддөг, баруун талын нүд чилж өвддөг, баруун талын хоншоор болон шанаа, хамрын ясаар янгинаж өвддөг, баруун нүдний ухархайн зайнд хаван хавдартай, чинэрч өвдөх зовиуртай, юм хазаж, зажилж чадахгүй байсан. Үзэхэд нүүрний тэгш хэм алдагдсан, баруун талын хацар ухархайн доод зай, хавдаж хавагнасан баруун нүдний дээд доод зовхи хавдаж хөхөрсөн, ам ангайлт хязгаарлагдмал, амны хөндийд 12, 15 дугаар шүднүүд мэдээгүй, нүдэнд цус хурж улайсан байсан. 2016 оны 04 дүгээр сарын 29-нд Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн мэс заслын 1 дүгээр тасагт баруун талын хоншоор ясны цөмөрсөн зөрөөтэй хугарал оноштой хэвтсэн. Цаашид хүндрэл гарахгүй байх. 6 сарын хугацаанд боолт явагдах учир энэ хугацаанд биед хэт ачаалал өгөх, даарч хөрөх, нүүрэнд дахин гэмтэл авахаас сэргийлэх хэрэгтэй. Ямар нэг байдлаар хүндрэл гарвал гайморын хөндийн үрэвсэл болж болох байх. Гэхдээ тийм зүйл болохгүй байхаа. Хугарсан ясыг нөхөн сэргээх зорилгоор титанаар хийсэн сеткен паластинк хийсэн бөгөөд үүний төлбөр нь 600.000 төгрөг, ор хоногийн мөнгө 76.400 төгрөг, хагалгааны дараах эмийн болон физик эмчилгээнд 150.000 төгрөг болсон.” гэх мэдүүлэг,

  • ийн 27 дугаар тал/

 

Гэрч Б.Бадамхандын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 04 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад манай дүү Мижиддорж бусдад зодуулсан байдалтай орж ирэхээр нь түргэн дуудсан. Түргэн 20 орчим минутын дараа ирж үзээд яасан юм бэ? гэхээр нь хүнд зодуулсан юмаа гэсэн чинь Жанжин клуб дээр хоёр нөхөр зогсож байна лээ гэж хэлэхээр нь би аавыгаа дагуулаад Жанжин клуб орсон чинь  Буяка гээд манайхаар орж гардаг Мижиддоржийн найз нь нэг танихгүй залуугийн хамт зогсож байхаар нь чи Мижиддоржийг зодсон юмуу гэж асуусан чинь би зодоогүй гэж хэлээд суухгүй зугтаах гээд байхаар нь ямар нэг учиртай болоод суухгүй байна гэж бодоод хүчээр суулгаад машинд суулгасны дараа хэн зодсон юм гэж асуухад Буяка Дүнжингаравт байдаг залуучууд зодсон гэж хэлсэн. Тэр үед хамт байсан залуу нь “би ингээд явах юмуу, чи намайг хамгаалахгүй юмуу” гээд согтуу яриад байсан. Тэгээд дагуулаад Дүнжингарав руу яваад хэдэн гудамж тойроод хүмүүс хайгаад явсан чинь ямар ч хүмүүс тааралдахгүй явж байтал Буяка Дүнжингаравын хүмүүс байгаагүй юмаа гэж хэлэхээр нь буцаад Жанжин клуб дээр ирэхэд түргэнтэй хамт дуудсан цагдаа нар ирээд хүлээж байсан болохоор цагдаа нарт өгч явуулаад Баянзүрхийн гуравдугаар хэлтэс ороод өргөдөл өгөөд тайлбар өгөөд танихгүй гэзэгтэй залуутай уулзаад “эр хүмүүс зодолдохыг алийг тэр гэхэв, гэхдээ чи нүүр амруу нь ингэж тоосгоор цохидог чинь буруу” гээд тулгаад асуухад “цохисон нь миний буруу, би танай дүү шиг чинь алиалдаг эр хүн биш” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,

  • ийн 29 дүгээр тал/

 

Гэрч Д.Баянжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 04 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө миний санаж байгаагаар бол 03-аас 04 цагийн үе байсан байх, цаг бол хараагүй унтаж байсан. Манай эхнэр Нямсүрэн сэрээгээд хүү чинь хүнд зодуулсан байна, босоорой гэхээр нь босоод харахад хүү Мижиддорж нүүрнээсээ гарсан цусаа угаагаад угаалтуурын хажууд зогсож байсан. Тэгээд шууд цагдаа, түргэн зэрэг дуудаад хүлээж байхад түргэний машин ойрхон явж байсан бололтой удалгүй ороод ирсэн. Түргэний эмч Мижиддоржийг үзэж байхдаа болсон хэргийг асуухад гудамжны үзүүрт хүнд цохиулчихлаа гэж хэлэхэд нь түргэний эмч танай гудамжны үзүүрт 2 залуу зогсож байсан, тэд нар мөн байхаа гэж хэлэхээр нь би охиныгоо дагуулаад машинтайгаа хамт гараад гудамжний үзүүрт зогсож байсан хоёр залуу дээр очих үед манай гэрт орж гардаг Буяка гэх Мижиддоржийн найз, өөр танихгүй нэг залуугийн хамт зогсож байхаар нь уулзаад Мижиддоржийг хэн цохисон бэ гэж асуухад Буяка Дүнжингаравын энэ хавьд байдаг архи уудаг хэдэн хүмүүс цохичихлоо, би танина гэж хэлэхээр нь хоёуланг нь машиндаа суулгаж аваад Дүнжингаравын ойр орчмоор хэсэг хайж байгаад буцаад Жанжин дээр ирэх үед цагдаагийнхан ирсэн байсан. Тэгээд тэр хоёрыг цагдаад хүлээлгэж өгөөд гэртээ харьсан. Харин манай охин Мижиддоржийг суулгаж аваад цагдаагийн хэлтэс рүү хамт явсан. Маргааш нь охиноосоо болсон асуудлыг сонсоход тухайн үед Буякатай хамт явж байсан залуу нь Мижиддоржийг чулуугаар цохисон юм шиг байсан.” гэх мэдүүлэг,

  • ийн 32 дугаар тал/

 

Гэрч П.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 04 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө би цаг хараагүй баримжаагаар 00 цаг л болж байсан байх. Зурагт үзээд хэвтэж байхад хаалга дуугараад чимээ гарахгүй байсан. Уг нь бол манай хүүхдүүд орж ирээд би ирлээ гэж хэлдэг. Тухайн үед чимээ гарахгүй болохоор нь би босоод очсон чинь манай хүү Мижиддорж үүдэнд байдаг угаалтуур түшээд зогсож байхаар нь яасан бэ? миний хүү гээд очсон чинь хамраас нь бөөн бөөн том нөжирсөн цус гараад байсан. Тэгэхээр нь хүйтэн ус хутгаж өгөөд юу болсон талаар асуухад гудамжны өнцөг дээр цохиулчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь нүүрийг нь угаасан чинь баруун хацрын орчим язарсан байхаар нь би түргэн, цагдаа хоёр дуудаад миний хүү хэвтэж байгаарай гэж хэлээд гэрт байсан аав, эгч хоёрыг нь хүүхэд болохоо байчихлаа гэж хэлээд сэрээгээд байж байтал түргэн удалгүй орж ирээд үзэхэд нүүр нь хавдаад овоогоод эхэлсэн. Эмч үзчихээд гэмтэл явж үзэх шаардлагатай юм байна, юу болсон юм бэ? гэхээр нь гудамжинд хүнд цохиулсан байна гэж хэлсэн чинь тийм үү сая гудамжинд хоёр нөхөр байна лээ, тэр хоёр биш байгаа даа гэж хэлэхээр нь охиныгоо Мижиддоржтой яв гэж хэлээд гаргаж байхад цагдаа нар ирээд хамтдаа гараад явсан.” гэх мэдүүлэг,

  • ийн 34 дүгээр тал/

 

Гэрч Т.Баярсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “Би тухайн өдөр хувиарын дагуу ахлагч Насанбаттай Гачуурт-115 чиглэлд машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад гудамжинд чулуугаар цохиулчихлаа гэсэн дуудлага өгсний дагуу очиж шалгахад нэг эмэгтэй, хоёр залуугийн хамт байсан бөгөөд нэг гэзэгтэй залууг буюу миний илтгэх хуудсанд нэрийг нь дурдсан Доржпүрэв гэдэг залууг нь заагаад Пэнэ залуу манай дүүг цохиж гэмтээсэн байнаП гэж хэлсэн учир тухайн залууг хамт байсан залуугийн хамтаар жижүүрийн шуурхай албанд хүргэж хүлээлгэж өгсөн. Болсон хэргийн талаар бол сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг,

  • хх-ийн 37 дугаар тал/

 

Шинжээч эмч М.Золжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “Дээрх гэмтлүүд нь эрүүний орчим учирсан гэмтэл болон бусад учирсан гэмтэл хоёр тусдаа үүссэн байж болох учир хоёр ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байх магадлалтай. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байсан. Чулуу болон хатуу мохоо зүйлээр үүссэн байх магадлалтай. Гайморын хөндийн арын хананы хугарал нь дангаараа хүндэвтэр зэргийн гэмтэлд тооцогдож байгаа. Бусад учирсан гэмтэл хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах гэмтлүүд үүссэн байна.” гэх мэдүүлэг,

  • ийн 43 дугаар тал/

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 5225 дүгээр:

  1.  Б.Мижиддоржийн биед баруун гайморын хөндийн ар хана, баруун нүдний ухархайн гадна, доод ханын хугарал, эрүүнд шарх, баруун нүдний алим, дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхи, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

/хх-ийн 45 дугаар тал/

 

Гэмх хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл

/хх-ийн 2 дугаар тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

  • ийн 60 дугаар тал/

 

СУИС-ийн дипломын хуулбар,

/хх-ийн 52-54 дүгээр тал/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

  • хх-ийн 61 дүгээр тал/

 

Хохирлын баримт /хх-ийн 63-79 дүгээр тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч А.Доржпүрэв нь 2016 оны 04 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 22 дугаар гудамжинд хохирогч Б.Мижиддоржтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газар нь чулуугаар цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

  • үүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн үйлдсэн хэргээ хүлээж өгсөн шүүгдэгч А.Доржпүрэвийн өгсөн “...Гараад явж байхад Мижиддорж намайг барьж аваад 2-3 удаа газар боож унагаасан. Би тэсэлгүй газраас чулуу аваад Мижиддоржийн баруун хацар руу нь цохиж хохирол учруулсан. Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг, мөн хохирогч Б.Мижиддоржийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэтэл Доржпүрэв сонсгол муутай болохоор, Буянтогтох бид хоёрыг хоорондоо муудалцаж байна гэж буруугаар ойлгоод Буянтогтохын талаас намайг барьж аваад байсан. Тэгэхэд нь би “чи битгий надад хүрээд бай” гэж хэлж байсан. Тэгээд Буянтогтох болиулж салгаад намайг барьж байсан. Гэтэл хажуугаас Доржпүрэв миний нүүрлүү хатуу зүйлээр цохиж би айгаад гэр рүүгээ гүйгээд орсон.” гэх мэдүүлэг,

мөн мөрдөн байцаалтад А.Доржпүрэвийн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн “...цаашаа Буянтогтох, Мижиддорж нартай хамт явж байхад Мижиддорж чамайг Жанжинд мэдэхгүй юм байна гээд барилцаж аваад ноцолдоод намайг газар хоёр гурван удаа унагаасан. Тэгээд дахиад барих гээд байх шиг болохоор нь доошоо суугаад гарт баригдсан атганд багтах хэмжээний дундаж чулуугаар нүүр рүү нь цохисон чинь Мижиддорж хойшоо унаад босож ирээд зугтаасан.гэх,

хохирогч Б.Мижиддоржийн өгсөн “...Доржоо гартаа нэг том хэмжээний тоосго юмуу, чулуу шиг зүйл барьсан далайж харагдсан. Тэгээд хоёр гар бариулсан байсан болохоор бултаж чадалгүй зогсож байхад нүүрний баруун талд нэг удаа хүчтэй цохиулаад газарт унасан. Газарт унасан байхад нүүр амнаас цус гарч байгаа нь мэдрэгдсэн. Тэгээд Доржоог харах үед гарт нэг тоосгоны хэмжээтэй чулуу шиг зүйл сүүдэрлэж харагдаад дахиад дайраад байхаар нь би босоод гэр рүүгээ зугтсаасан.” гэх, гэрч Э.Буянтогтохын өгсөн “...Доржпүрэв тонгойх шиг болоод юм аваад Мижиддоржийн нүүрэн тус газар нэг удаа цохисон чинь Мижиддорж газар унаад босож ирэнгүүтээ гэр рүүгээ гүйгээд явчихсан. ...Тэр хоёр хоорондоо танина, танихгүй гэж хэрэлдэж байгаад Доржпүрэв, Мижиддоржийн нүүр рүү газраас нэг юм аваад цохиж гэмтэл учруулсан. Би яг юугаар цохисныг бол хараагүй.” гэх, шинжээч эмч М.Золжаргалын өгсөнДээрх гэмтлүүд нь эрүүний орчим учирсан гэмтэл болон бусад учирсан гэмтэл хоёр тусдаа үүссэн байж болох учир хоёр ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байх магадлалтай. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байсан. Чулуу болон хатуу мохоо зүйлээр үүссэн байх магадлалтай. Гайморын хөндийн арын хананы хугарал нь дангаараа хүндэвтэр зэргийн гэмтэлд тооцогдож байгаа. Бусад учирсан гэмтэл хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах гэмтлүүд үүссэн байна.” гэх мэдүүлгүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 5225 дүгээр дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа нь шүүгдэгчийг яллах үндэслэл болж байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Доржпүрэвт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч А.Дорпүрэвт ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Хохирогч Б.Мижиддорж нь шүүхийн хэлэлцүүлэгт “Би өөрийн бодит хохирлын үлдэгдэл төлбөр 286.050 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардлаас 200.000 төгрөг тус тус хүлээн авсан тул гомдол саналгүй” гэж мэдүүлсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар хохирогч Б.Мижиддоржийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 1.120.440 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдсон, уг гэм хорын хохиролд шүүгдэгч А.Доржпүрэв нийт 1.214.050 /728.000+486.050/ төгрөгийг хохирогчид төлсөн, одоо төлөх төлбөргүй, хохирогч Б.Мижиддорж нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.Доржпүрэв нь урьд цагдан хоригдсон хоноггүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1, 298.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Алтанчимэгийн Доржпүрэвийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар А.Доржпүрэвт 300 цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар А.Доржпүрэв нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын 8 цагийн ажлыг 1 хоног баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.Доржпүрэв нь урьд цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

5. А.Доржпүрэв нь гэм хорын хохиролд хохирогч Б.Мижиддоржид нийт 1.214.050 төгрөг төлсөн, төлөх төлбөргүй, хохирогч Б.Мижиддорж нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Доржпүрэвт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

              

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.ОДОНТУУЛ