Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2020/00744

 

“Ш” ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/01404 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1253 дугаар магадлалтай,

“Ш” ХХК-ний нэхэмжлэлтэй

“Т З”ХХК-д холбогдох

10 800 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 4 018 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов.

Нэхэмжлэгч “Ш” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Пүрэвжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш” ХХК нь “Т З”ХХК-д 2018 оны 12 дугаар сард 80 000 000 төгрөгийн бараа, бүтээгдэхүүн нийлүүлсэн. Бараа, бүтээгдэхүүний төлбөрт 70 000 000 төгрөгийг хүлээн авсан. Хэдийгээр талууд 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гэрээ байгуулсан боловч гэрээнд заасан тоног төхөөрөмжийг 2017 оны 12 дугаар сард хүлээлгэн өгсөн байсан. Учир нь, хариуцагч тал үлдэгдэл төлбөрийг удаа дараа шаардахад өгөхгүй байсан тул 2018 оны 9 дүгээр сард цагдаад энэ талаар гомдол гаргасан ба үүний дараа бичгээр гэрээ байгуулсан. Бид, анх тухайн тоног төхөөрөмжүүдийг худалдах, худалдан авах тухай гэрээний саналыг бичгээр хариуцагчид хүргүүлсэн хэдий ч огт хариу өгөөгүй. Өөрөөр хэлбэл, талууд бараа хүлээлцсэн баримт, гэрээг нөхөж хийсэн бөгөөд эвдрэлгүй бүтээгдэхүүн хүлээлгэж өгсөн гэдгээ баримтаар нотолсон. Хариуцагч тал Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан хугацаанд гомдол гаргаагүй. 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр, мөн 03 дугаар сарын 08-ны өдөр төлөх ёстой төлбөрийг төлөөгүй. Иймд, хариуцагчаас үндсэн төлбөрийн үлдэгдэл 10 000 000 төгрөг, алдангид 800 000 төгрөг нийт 10 800 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Т З”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анар шүүхэд гаргасан тайлбартаа: “Т З”ХХК нь 2017 оны 12 дугаар сард нэхэмжлэгч “Ш” ХХК-иас нэхэмжлэлд дурдсан техник хэрэгслийг харилцан тохиролцож зээлээр худалдаж авсан. Гэвч эдгээр төхөөрөмжийг хүлээлгэж өгөхөд аль, аль талаас мэргэжлийн бус хүмүүс байлцаж, зөвхөн тоо, ширхгийн байдлаар хүлээж авсан. Ингээд дараа нь үзэж шалгахад хагархай, зарим гэрэл ажилладаггүй гэх зэргээр доголдолтой байсан бөгөөд бид энэ талаар нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн захирал н.Өлзийдэмбэрэлд мэдэгдэж солиулах, засуулах хүсэлтийг удаа дараа тавьсан. Гэтэл нэхэмжлэгч тал эдгээр тоног төхөөрөмжийг засварлах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй, манай компаниас лед гэрлийг засварт 1 518 000 төгрөг, хагархай корпус солиулахад 500 000 төгрөг, дэлгэц засварлахад 2 000 000 төгрөгийн зардал гаргасан. Мөн өнгөрсөн хугацаанд заримдаа нэхэмжлэгчид тоног төхөөрөмж хэрэг болоход авч явдаг байсан бөгөөд буцаан авч ирэхдээ гэмтээчихсэн байдаг байсан. Бид, ийм өндөр үнэтэй техник худалдаж аваад асуудалгүй бүтэн 1 жил ч хэрэглэж ашиглаж чадаагүйдээ гомдолтой байна. Асуудалтай техникүүдийг бүрэн ажиллагаатай болгоод албан ёсоор актын дагуу хүлээлгэж өгсөн тохиолдолд энэ хугацаанд засвар үйлчилгээнд зарцуулсан төлбөрүүдийг хасч үлдэгдэл төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Өнгөрсөн хугацаанд тоног төхөөрөмжийг хэвийн ажиллуулахад дээр дурдсан доголдлоос гадна цахилгааны масс их гарч, хөгжмийн дуугаралт маш муу, лэд дэлгэцийн гэрэл шатсан, амархан шатдаг гэх зэрэг олон асуудал гарсан. Энэ бүгдийг өөрсдийн зардлаар засварласан бөгөөд нийт 4 018 000 төгрөгийг төлсөн. Иймд, гэрээний зүйлийг засварлаад актаар хүлээлгэн өгсөн тохиолдолд үлдэх төлбөрийг төлж болох хэдий ч сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох засварын зардал 4 018 000 төгрөгийг хасуулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Пүрэвжав сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлд дурдагдсан биет байдлын доголдолтой нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар нэхэмжлэгч тал худалдсан эд хөрөнгийнхөө үнийг шаардах эрхтэй бөгөөд алдангийг тооцоход 800,000.00 төгрөг болсон. Хариуцагч тал хуульд зааснаар 6 сарын хугацаанд доголдлын талаар ямар нэгэн гомдол гаргаагүй ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлохгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/01404 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 угаа зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн “Т З”ХХК-иас 10 800 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ш” ХХК-д олгож, хариуцагч “Т З”ХХК-ийн гаргасан нэхэмжлэгч “Ш” ХХК-д холбогдох 4 018 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187 750 төгрөг, хариуцагчийн төлсөн 100 100 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 187 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1253 дугаар р магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/01404 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчйин улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 238 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анар хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Нэг. Нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн тухай: Нэхэмжлэгч ““Ш”” ХХК шүүхэд хандан “Баянгол дүүргийн прокурорын газрын архиваас хэрэг бүртгэлтийн 180504539 дугаартай хэргээс ... Ж.Энхбаярын гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүхийн журмаар гаргуулж хэрэгт хавсаргах” хүсэлтийг бичгээр гаргаж, хувь хүний нууцтай холбоотой баримт тул нотлох баримтын шаардлага хангуулан хуулбар үнэн тэмдэгтэйгээр шүүхэд өөрсдөө гаргаж өгөх боломжгүй байгаагаа илэрхийлж, сөрөг нэхэмжлэлийн татгалзлаа нотлох зорилгоор уг баримтыг гаргуулах хүсэлтээ шүүх хуралдаан дээр дэмжсэн байх боловч шүүхээс уг хүсэлтийг хангахгүйгээр, хэлэлцэхгүй орхиж (тухайн хүсэлтийг шийдвэрлэсэн эсэх тухай ямар нэгэн захирамж бие даасан хэлбэрээр бичгээр гараагүй) “хариуцагчийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй” гэх өөр үндэслэлийг удирдлага болгон хурлыг үргэлжлүүлсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлийн 2-р талд тэмдэглэгдсэн байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67.1.3,  38.6-д ...заасантай нийцэх байгаа тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч мэтгэлцэх, хэргийн бодит үнэнийг тогтоох тусгай зарчим тус тус хангагдсан гэж үзэх боломжгүй юм. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч байгаа гэсэн үндэслэлээр зохигч талаас шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй, хэлэлцэхгүй орхисон нь мөн хуулийн 38.9 дэх хэсэгт “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах”- аар зохицуулсантай нийцээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журамд нийцээгүй хэлбэрээр хэрэгт хамааралтай үйл баримтыг бүрэн гүйцэт тодруулж, тал бүрээс нь харьцуулах шинжлэх бололцоог хааж, зохигч мэтгэлцэх, өөрийн шаардлага, татгалзлаа нотлох эрхийг нь тодорхой үндэслэлгүйгээр хязгаарлаж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэхээргүй байна. /энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.7 дахь хэсэгт “энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн” гэж үзэх, улмаар давж заалдах шатны шүүхэд хэргийг бүхэлд нь хянах явцад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэл болж болно./ Хоёр. Зохигч тал мэтгэлцэх боломжийг бүрэн дүүрэн олгоогүй тухай: Хуралдааны тэмдэглэлээс үзэхэд, нэхэмжлэгч ““Ш”” ХХК-тай 2019 оны 05 сарын 14 өдөр буюу шүүх хуралдаан хийгдсэн өдөр /09.30 минут/ Хууль зүйн туслалцааны гэрээний үндсэн дээр хэрэгт оролцох болсон өмгөөлөгч Б.Зулбаяр хавтаст хэрэгтэй танилцаагүй байгаа тухайгаа шүүхэд илэрхийлж, шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах хүсэлтээ дэмжсэн боловч шүүхээс, өмгөөлөгч аваад хэргийн материалтай танилцуулсан байхыг сануулж хэлсэн гэж үзэн хуралдааны өмнө танилцуулаад, “хариуцагчийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй” гэх өөр үндэслэлийг удирдлага болгон хуралдааныг явуулсан гэж ойлгогдохоор байна. Түүнчлэн нэхэмжлэгч талаас хариуцагчийн эзгүйд хуралдааныг хийх талаар ямар нэгэн хүсэлтийг огт гаргаагүй байхад, шүүх хуулийн 100.4-т заасныг удирдлага болгон хариуцагчийн эзгүйд хуралдааныг шийдвэрлэхдээ хуульд зааснаар чухам ямар нөхцөл байдлыг харгалзан үзсэн тухай, яагаад тухайн үед цугларсан нотлох баримтыг нэхэмжлэгч өөрөө хангалтгүй гэж үзэн нэмэлт баримт шаардлагатайг илэрхийлж хүсэлт гаргасаар байтал хангалттай гэж үзэж шийдвэрлэсэн болох нь тодорхойгүй байна. Эдгээр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч тал мэтгэлцэх бололцоогоор бүрэн дүүрэн хангагдсан эсэх, нэхэмжлэгч өөрөө шаардлагын хүрээ, нотолгоогоо тодорхойлж бүрдүүлэн шүүх тухайн хүрээнд нь хэргийг хянан хэлэлцэх тухай диспозитив зарчим хангагдсан эсэхэд эргэлзээ төрүүлнэ. Гурав. Сөрөг нэхэмжлэлд дурдагдсан үйл баримтыг хуралдаанаар хэлэлцээгүй орхисон тухай: Хариуцагч талаас шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахдаа, ““Ш” ХХК нь тоног төхөөрөмж нийлүүлсэн худалдагчийн хувьд хүлээж буй үүргийнх нь дагуу нийлүүлсэн бараа нь эвдрэл, гэмтэлтэй болохыг тухай бүр мэдэгдэж шаардлага тавьсаар байтал засварлах, сольж өгөхгүй байсан төдийгүй, гэрээгээр бичгээр тусгайлан тохиролцож тогтоосон Баталгаат хугацааны дотор өөрсдөө манай эзэмшлээс авч явж гадуур ашиглан нэмж гэмтээж байсан зэрэг нь гэрээний үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл болж байгаа” болохыг тодорхой дурьдсан боловч уг асуудлыг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцээгүй орхисон нь 1. хэргийн бодит үнэнийг тогтоох тусгай зарчим хэрэгжээгүй, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шинжийг хангаагүй, 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.4 дэхь хэсэгт “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгч өөрсдийн эзэмшилдээ авч яван эвдрэл үүсгэж байснаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас гэрчээр иргэн Ж. Энхбаярыг дуудаж, гэрчийн мэдүүлэг авахуулсан, мөн эвдрэлийг бодитоор засуулсан баримтуудыг эх хувиар гаргаж өгөн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нотолсоор байтал, шүүх захирамжийнхаа үндэслэх нь хэсэгт “Иймд, хариуцагч “Т З”ХХК-иас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлоогүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дөрөв. Талууд бичгээр тусгайлан тохиролцсон “Баталгаат хугацаа”-ны тухай заалтыг давж заалдах шатны шүүх бүхэлд нь үнэлэхгүй орхигдуулсан тухай: Шүүх зохигч талуудын хооронд Худалдах, худалдан авах “гэрээ байгуулагдсанд тооцно” гэж зөв зүйтэй үнэлсэн атлаа, тухайн гэрээнд заасан хоёр талын харилцан хүлээх үүргийн зөвхөн хариуцагч талын хүлээвэл зохих үүргийг үнэлж, харин нэхэмжлэгч талын буюу худалдагч талын тусгайлан хүлээсэн үүрэг болох “Баталгаат хугацаа”-ны талаар: Анхан шатны шүүхээс үнэлэхдээ, “талууд гэрээний зүйл болох тоног төхөөрөмжид баталгаат хугацаа тогтоогоогүй учраас” гэж буруу үнэлснийг /тодруулбал, хуулиар 6 сарын хугацаатай байхаар ерөнхийлөн зохицуулсан “гомдлын шаардлага гаргах хугацаа” болон талууд бичгээр тусгайлан тохиролцож тогтоож болдог “баталгаат хугацаа” нь харилцан адилгүй иргэний эрх зүйн ойлголтууд байтал анхан шатны шүүхээс эдгээрийг адилтган авч үзэж “гомдлын шаардлага гаргах хугацаа” болох 6 сарыг өнгөрсөн гэж үзээд, талууд бичгээр үйлдэж баталгаажуулсан акт, мөн актаар хүлээлгэж өгснөөс хойш 6 сарын хугацаатай үйлчлэх “баталгаат хугацаа”-ны гэрээний үүргийг үнэлэхгүй орхисон/ Давж заалдах шатны шүүхээс үүнээс ялгаатайгаар, “худалдан авагч нь Иргэний хуулийн 248.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хүлээн авсан тул мөн хуулийн 255.1.1-д зааснаар хариуцагч нь мэдэх боломжтой доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэх үндэслэлтэй” гэж дахин өөрөөр буруу /хавтаст хэрэгт авагдсан баримт, Пүрэвжав төлөөлөгчийн шүүхэд өгсөн тайлбар зэргээс нь зөрүүтэй/ үнэлсэн байгаа юм. Бодит байдал дээр, зохигч талууд тухайн тоног төхөөрөмжид эвдрэл байсныг илрүүлж, худалдагч тал хүлээн зөвшөөрч 2 удаа засварлаж өгсөн /анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн төлөөлөгч Пүрэвжавын өөрийн өгсөн тайлбарт тусгагдсан/ бөгөөд 2018 оны 12 сарын 08 өдөр ажиллагааг тохируулан актаар хүлээлгэж өгснөөс хойш гэрээний 2.1-т “Баталгаат хугацаа: Актын дагуу ажил хүлээлцсэнээс хойш 6 сар” гэж тусгайлан бичгээр тохиролцож үүрэг хүлээсэн байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүх уг үйл баримтыг буруугаар үнэлж, өөр өөр харилцан зөрүүтэй үнэлэлтийг өгсөн нь уг хэргийн бодит байдал шүүхийн журмаар бүрэн гүйцэт тогтоогдсон гэж үзэх боломжгүй байдалд хүргэдэг. Тав. Улсын тэмдэгтийн хураамж илүү төлснийг буцаан олгоогүй үлдээсэн тухай: Давж заалдах шатны шүүх хуралдаанд улсын тэмдэгтийн хураамж илүү төлснийг буцаан олгож өгөх талаар тодорхой тайлбарласан боловч уг асуудлыг үнэлээгүй орхисон байна. Эдгээр нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.1-д “шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй” гэж заасны дагуу тус хуульд заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно. Иймд магадлалыг тогтоох хэсгийн 1 дүгээрт давж заалдах гомдлыг хангахгүй орхисныг өөрчилж, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Ш” ХХК нь хариуцагч “Т З”ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 10 800 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, эд хөрөнгийн доголдлыг арилгахад гаргасан зардал 4 018 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Талууд амаар харилцан тохирч, “Ш” ХХК нь лед дэлгэц, лед гэрэл, карказ,  хөгжим гэх тоног төхөөрөмжийг нийлүүлэх, “Т З”ХХК тоног төхөөрөмжийн үнэд 80 000 000 төгрөг төлөхөөр тохирсон үүргийн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. Талууд хожим нь 2019 оны 1 сарын 18-ны өдөр гэрээг бичгээр нөхөн байгуулсан байна.

Хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулж болох ба талууд гэрээг байгуулсан талаар маргаагүй, гэрээ хүчин төгөлдөр тул хэн аль нь үүргээ биелүүлэх, гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг ба “Ш” ХХК нь тоног төхөөрөмжийг 2018 оны 12 сард хүлээлгэн өгсөн, худалдан авагч “Т З”ХХК 70 000 000 төгрөг төлж, 10 000 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй үйл баримт тогтоогджээ.

Хариуцагч нь 10 000 000 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 08-ны дотор төлөх  үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул үндсэн үүрэг 10 000 000 төгрөг, гэрээний 7.2-т зааснаар алданги 800 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт нийцсэн байна.

Худалдах-худалдан авах гэрээний зүйл биет байдлын доголдолтой байсан гэх үндэслэлээр худалдан авагч “Т З”ХХК нь доголдлыг арилгахад гаргасан зардлыг сөрөг нэхэмжлэл гаргаж нэхэмжилсэн боловч шаардлагаа нотолж чадаагүй тул шүүх хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй юм.

Хариуцагч нь 2018 оны 12 сард тоног төхөөрөмжийг хүлээн авснаас хойш худалдан авагч талд доголдлын талаар шаардлага гаргасан байдал тогтоогдоогүй, эд хөрөнгийн доголдлыг хэзээ илрүүлсэн, биет байдлын доголдол эд хөрөнгийг хүлээж авах үед хамаарах эсэх ач холбогдол бүхий байдлыг нотлоогүй тул шүүх сөрөг нэхэмжлэлийг хангах боломжгүй бөгөөд энэ үндэслэлээр гаргасан хариуцагчийн хяналтын гомдлыг хангахгүй орхив.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/01404 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1253 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 238 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                              П.ЗОЛЗАЯА