Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 1404

 

 

 

 

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2019/01404

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ш ХХК-ийн гаргасан,

 

Хариуцагч: Т ХХК-нд холбогдох,

 

10,800,000.00 төгрөг гаргуулах үндсэн болон 4,018,000.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П, өмгөөлөгч З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

            “Манай компани хариуцагч Т ХХК-нд 2018 оны 12 дугаар сард 80,000,000.00 төгрөгийн бараа, бүтээгдэхүүн нийлүүлсэн. Бараа, бүтээгдэхүүний төлбөрт 70,000,000.00 төгрөгийг хүлээн авсан. Хэдийгээр талууд 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гэрээ байгуулсан боловч гэрээнд заасан тоног төхөөрөмжийг 2017 оны 12 дугаар сард хүлээлгэн өгсөн байсан.

 

Учир нь, хариуцагч тал үлдэгдэл төлбөрийг удаа дараа шаардахад өгөхгүй байсан тул 2018 оны 09 дүгээр сард цагдаад энэ талаар гомдол гаргасан ба үүний дараа бичгээр гэрээ байгуулсан. Бид, анх тухайн тоног төхөөрөмжүүдийг худалдах, худалдан авах тухай гэрээний саналыг бичгээр хариуцагчид хүргүүлсэн хэдий ч огт хариу өгөөгүй.

 

Өөрөөр хэлбэл, талууд бараа хүлээлцсэн баримт, гэрээг нөхөж хийсэн бөгөөд эвдрэлгүй бүтээгдэхүүн хүлээлгэж өгсөн гэдгээ баримтаар нотолсон. Хариуцагч тал Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6.-д заасан хугацаанд гомдол гаргаагүй. 2019 оны 02 дугаар сарыны 05-ны өдөр, мөн 03 дугаар сарын 08-ны өдөр төлөх ёстой төлбөрийг төлөөгүй.

Сөрөг нэхэмжлэлд дурдагдсан биет байдлын доголдолтой нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар нэхэмжлэгч тал худалдсан эд хөрөнгийнхөө үнийг шаардах эрхтэй бөгөөд алдангийг тооцоход 800,000.00 төгрөг болсон. Хариуцагч тал хуульд зааснаар 6 сарын хугацаанд доголдлын талаар ямар нэгэн гомдол гаргаагүй ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлохгүй байна.

 

Иймд, хариуцагчаас үндсэн төлбөрийн үлдэгдэл 10,000,000.00 төгрөг, алдангид 800,000.00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон сөрөг нэхэмжлэлдээ:

 

“Манай компани нь 2017 оны 12 дугаар сард нэхэмжлэгч Ш ХХК-иас нэхэмжлэлд дурдсан техник хэрэгслийг харилцан тохиролцож зээлээр худалдаж авсан. Гэвч эдгээр төхөөрөмжийг хүлээлгэж өгөхөд аль, аль талаас мэргэжлийн бус хүмүүс байлцаж, зөвхөн тоо, ширхэгийн байдлаар хүлээж авсан. Ингээд дараа нь үзэж шалгахад хагархай, зарим гэрэл ажилладаггүй гэх зэргээр доголдолтой байнса бөгөөд бид энэ талаар нэхэмжлэгч Ш ХХК-ийн захирал Ө-д мэдэгдэж солиулах, засуулах хүсэлтийг удаа дараа тавьсан.

 

Гэтэл нэхэмжлэгч тал эдгээр тоног төхөөрөмжийг засварлах талаар ямар нэгэ арга хэмжээ аваагүй, манай компаниас лед гэрлийг засварт 1,518,000.00 төгрөг, хагархай корпус солиулахад 500,000.00 төгрөг, дэлгэц засварлахад 2,000,000.00 төгрөгийн зардал гаргасан.

 

Мөн өнгөрсөн хугацаанд заримдаа нэхэмжлэгчид тоног төхөөрөмж хэрэг болоход авч явдаг байсан бөгөөд буцаан авчирэхдээ гэмтээчихсэн байдаг байсан. Бид, ийм өндөр үнэтэй техник худалдаж аваад асуудалгүй бүтэн 1 жил ч хэрэглэж ашиглаж чадаагүйдээ гомдолтой байна. Асуудалтай техникүүдийг бүрэн ажиллагаатай болгоод албан ёсоор актын дагуу хүлээлгэж өгсөн тохиолдолд энэ хугацаанд засвар үйлчилгээнд зарцуулсан төлбөрүүдийг хасч үлдэгдэл төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй.

 

Өнгөрсөн хугацаанд тоног төхөөрөмжийг хэвийн ажиллуулахад дээр дурдсан доголдлоос гадна цахилгааны масс их гарч, хөгжмийн дуугаралт маш муу, лэд дэлгэцийн гэрэл шатсан, амархан шатдаг гэх зэрэг олон асуудал гарсан. Энэ бүгдийг өөрсдийн зардлаар засварласан бөгөөд нийт 4,018,000.00 төгрөгийг төлсөн.

 

Иймд, гэрээний зүйлийг засварлаад актаар хүлээлгэн өгсөн тохиолдолд үлдэх төлбөрийг төлж болох хэдий ч сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох засварын зардал 4,018,000.00 төгрөгийг хасуулах хүсэлтэй байна” гэжээ

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                        ҮНДЭСЛЭХ нь:

           

            Нэхэмжлэгч Ш ХХК-иас хариуцагч Т ХХК-нд холбогдуулан 10,800,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан доголдолтой эд хөрөнгөд засвар хийхэд гарсан зардалд 4,018,000.00 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Зохигчдын шүүхэд гаргасан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн үндсэн нэхэмжлэлийг бүрэн хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Ш ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч Т ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нийт 80,000,000.00 төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмжийг худалдахаар тохирчээ /х.х-ийн 4, 5 хуудас/.

 

Тодруулбал, зохигчид тус гэрээний дагуу 35,000,000.00 төгрөгийн үнэтэй лед дэлгэц, 20,000,000.00 төгрөг болон 11,000,000.00 төгрөгийн үнэтэй гэрэл, 8,500,000.00 төгрөгийн үнэтэй карказ, 5,500,000.00 төгрөгийн үнэтэй хөгжмийг худалдахаар тохирч, үүнээс 70,000,000.00 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төлж, 5,000,000.00 төгрөгийг 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр, 5,000,000.00 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн дотор төлөх тохирсон байна /х.х-ийн 6 хуудас/.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, худалдагч нь гэрээний зүйлийг эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч нь үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх юм.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар талууд 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэрээний зүйлийг хүлээлцсэн акт үйлдсэн ба актад тусгагдсанаар эдгээр тоног төхөөрөмжийг суурилуулсны дараа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар ямар нэгэн доголдолгүй ажиллаж байсан ажээ.

 

Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШЗ2019/06393 тоот захирамжийн дагуу гэрчээр оролцсон Э-ын мэдүүлэгт дурдсанаар зохигчид гэрээний зүйлийг 2017 оны 12 дугаар сард хүлээлцсэн бөгөөд энэ тухай болон 70,000,000.00 төгрөгийг хүлээн авсан үйл баримтын талаар тус тус маргаагүй.

 

Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2.-т “Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хариуцагч Т ХХК нь гэрээний зүйл болох тоног төхөөрөмжийг 2017 оны 12 дугаар сард хүлээн авсан тухай зохигчид баримт үйлдэж, аль нэг тал уг үйл баримтыг үгүйсгээгүй болно.

 

Иймд, тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсч, нэхэмжлэгч тал эд хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдагч буюу нэхэмжлэгчийн хүлээх үүрэгт гэрээний зүйлийг шилжүүлэн өгөхөөс гадна биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг хүлээлгэн өгөх үүрэгтэй. Энэ талаар тус хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1.-д “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ” гэж, мөн 252 дугаар зүйлийн 252.1.-д “Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ” гэж тус тус заажээ.

 

Хэдийгээр талууд тухайн тоног төхөөрөмжийг эрхийн зөрчилтэй гэж маргаагүй боловч хариуцагч буюу худалдан авагч Т ХХК-ийн зүгээс биет байдлын доголдолтой байсны улмаас засвар үйлчилгээнд нийт 4,018,000.00 төгрөгийг бусдад төлсөн гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1.-д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж, мөн 254.2.-т “Худалдан авагч нь баталгаат болон гомдлын шаардлага гаргах хугацаанд энэ хуулийн 254.1-д заасан шаардлагыг гаргаагүй бол тэрээр доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардаж болно. Энэ тохиолдолд үнэлгээг гэрээ байгуулах үеийн үнээр тодорхойлно” гэж түүнчлэн 254.6.-д “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1.-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, худалдан авагч буюу хариуцагч гэрээний зүйлийн доголдлыг худалдагч болох нэхэмжлэгчээс баталгаат хугацаа тогтоосон бол тухайн хугацаанд, хэрэв тогтоогоогүй тохиолдолд эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш  зургаан сарын дотор доголдлыг илрүүлснээр тус хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1.-д зааснаар нэгдүгээрт, эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, хоёрдугаарт, доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, гуравдугаарт, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, дөрөвдүгээрт, гэрээг цуцлах гэсэн эдгээр шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй бөгөөд ийнхүү тухайн хугацаанд гаргаагүй тохиолдолд анхны үнийг бууруулахыг шаардах эрхтэй болно.

 

Гэтэл хариуцагч Т ХХК нь гэрээний зүйлийг 2017 оны 12 дугаар сард хүлээн авсан атлаа 2019 оны 04 дүгээр сард худалдан авсан эд хөрөнгийг доголдолтой байсан гэсэн үндэслэлээр засвар үйлчилгээ хийсэн гэж 4,018,000.00 төгрөгийг нэхэмжилж буй нь тус хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.2-т тус тус заасантай нийцэхгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1.-т “өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр” хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлсэнд тооцох ба талууд гэрээний зүйл болох тоног төхөөрөмжид баталгаат хугацаа тогтоогоогүй учраас хуульд зааснаар 2017 оны 12 дугаар сараас хойш 6 сарын хугацаанд доголдлыг илрүүлж, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэхийг шаардах бөгөөд хэрэв 6 сар өнгөрсөн тохиолдолд анхны үнийг бууруулахыг нэхэмжлэх эрхтэй болно.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3.-д “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус заажээ.

 

Тодруулбал, хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч Т ХХК нь лед дэлгэц, гэрэл, каркаж, хөгжим зэргийг биет байдлын доголдолтой байсан гэдгийг баримтаар нотлох учиртай.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн зохигчдын 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр үйлдсэн актыг үзвэл эдгээр тоног төхөөрөмжийг 2017 оны 12 дугаар сард хүлээлгэн өгсөн өдрөөс хойш 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн доголдолгүй ажилласан байна.

 

Иймд, хариуцагч Т ХХК-иас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн  208.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч тал үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой бөгөөд хэрэв тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцно.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч тал 70,000,000.00 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төлсөн боловч 5,000,000.00 төгрөгийг 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр, 5,000,000.00 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн дотор төлөх үүргээ биелүүлээгүй байна. Хэдийгээр тус хуулийн 222 дугаар зүйлийн 222.2.-т “үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” зохицуулалттай ч хариуцагчийн зүгээс үүргээ гүйцэтгэхгүй байсан шалтгаан буюу үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэх болсон хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан талаар баримтаар нотлоогүй.

 

Уг гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.-т зааснаар талууд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг хэрэглэхээр тохирчээ. Тус хуулийн 232 дугаар зүйлийн 232.1.-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж, мөн 232.6.-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” тус тус заасан.

 

Нэгэнт хариуцагч буюу худалдан авагч тал төлбөрийг хугацаандаа төлөөгүй тул тэрээр гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчид алданги төлөх үүрэг хүлээх ба алдангийн хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй юм.

 

Хариуцагч Т ХХК-ийн төлөх ёстой байсан 10,000,000.00 төгрөгөөс хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээнд заасан хэмжээгээр алдангийг тооцоход:

 

  • 5,000,000.00 төгрөгийг 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төлөх үүргээ биелүүлээгүй учраас нэхэмжлэл гаргасан 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 34 хоногийн алданги 5,000,000x0.5%=25,000 /1 өдрийн алданги/, 25,000x34=850,000 төгрөг,

 

  • 5,000,000.00 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төлөх үүргээ биелүүлээгүй ба нэхэмжлэл гаргасан 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 3 хоногийн алданги 3x25,000=75,000 төгрөг, нийт 925,000.00 төгрөг болж байна.

 

Гэвч нэхэмжлэгч Ш ХХК нь алдангид 800,000.00 төгрөг нэхэмжилсэн тул хариуцагч Т ХХК-иас үндсэн төлбөрийн үлдэгдэл 10,000,000.00 төгрөг, алданги 800,000.00 төгрөг, нийт 10,800,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Ийнхүү шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 254 дүгээр зүйлийн 254.1.-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Т ХХК-иас 10,800,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш ХХК-нд олгож, хариуцагч Т ХХК-ийн гаргасан нэхэмжлэгч Ш ХХК-нд холбогдох 4,018,000.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187,750.00 төгрөг, хариуцагчийн төлсөн 100,100.00 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 187,750.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.МАНДАЛБАЯР