Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 078

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Болормаа,

улсын яллагч С.Цэрэндорж,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Даваасүрэн,

шүүгдэгч Б.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Улайр Онход овогт Болормаагийн Гантулгад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2501 1191 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Улайр Онход овогт Болормаагийн Гантулга, Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Бугант суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Дөлгөөн нуур” ХХК-д хамгаалагч ажилтай гэх, ам бүл 4, эхнэр, хүүхэд, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, Баянхаан 2 дугаар хэсэг гудамж, 146 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Усны 5 дугаар гудамжны 15 тоотод түр оршин суух, регистрийн МТ88112515 дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Б.Гантулга нь танхайн сэдэлтээр 2016 оны 03 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Камел” бааранд хохирогч Б.Лхагвадоржийг мөрлөсөн гэх үл ялих  зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж бие махбодид нь 2 нүдний дээд, доод зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөгт шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Гантулгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 03 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Сансарын тунел дээр байрлах Камел нэртэй бааранд найзуудтайгаа төрсөн өдөрт очоод бүжиглэж байхад Лхагвадорж гэдэг залуутай бүжгийн талбай дээр мөрлөөд, үл ялих асуудлаас болоод 00-д зодолдоод мөрөлсөний улмаас Лхагвадоржийн биед танхайрах сэдэлттэй гэмтэл учруулсан. Намайг цохиод авахаар нь нүүрэн тус газар нь 3-аас 4 удаа цохьсон. Бүжгийн талбай дээр бүжиглэж байхад Лхагвадорж гэдэг залуу намайг араас ирж цохиж авсан, тэгээд бужигнаад байж байхад цагдаа ирээд салгаад цагдаагийн хэсэг дээр авч ирсэн.” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Лхагвадоржийн мөрдөн байцаалтад өгсөн “2016 оны 03 сарын 16-ны өдөр би арван жилийн ангийнхан уулзаад тэндээс тараад манай ангийн цуг ажилладаг хүүхэд болох Очирваань, Батбаясгалан бид гурав Кино үйлдвэрийн Амазон палас орж бааранд орж 0,5 литрийн Сархад нэртэй архи авч уусан. Тэндээсээ манай ажил дээр машин тэргээ янзлуулдаг байсан Наска гэдэг залуу би Сансарын тунель дээр караоке бааранд ажилладаг, та нар ирвэл ирээрэй гээд байхаар нь бид гурав уг залууг караоке бааранд ажилладагийг санаад караокенд орж дуу дуулъя гэж бодоод Сансарын тунель дээр байрлах Камел баарны гадаа очоод бид гурав Наскаг хайж Камел баар луу орсон. Тухайн үед нойлоор нь дамжиж ордогийг нь урьд нь мэдэж байсан болохоор би нойл руу орж бие зассан. Тэгээд нойлын өрөөнд гараа угааж байхад үл таних хоёр залуу орж ирээд намайг дуудаад эргээд харах гэтэл миний нүүрэн тус газар цохисон. Тэр үед би нүүрээ дараад шалан дээр унасан. Тэгтэл нөгөө хоёр залуу нийлээд тал талаас цохиод өшиглөөд байсан. Тэгээд байж байхад нойлын өрөө лүү мөн хоёр гурван залуу орж ирээд нөгөө хоёр залууг боль гэж хэлээд татаж салгаад аваад гарсан. Тэгээд би нөгөө хэдийн араас дээшээ гарсан. Тэгтэл надтай цуг явсан хоёр найз намайг зодуулсан байдалтай байхыг хараад хэн зодсон гэж асуухад би хариуд нь энэ бааранд байгаа гээд бааран доторх улсуудаар хайтал намайг зодсон залуу баарны үүдний том ширээнд найзуудтайгаа сууж байсан. Тэгээд би намайг зодсон залуу энэ байна гэж хэлсэн чинь Очирваань уг залуутай очоод зууралдаж авсан. Тэр үед уг ширээнд сууж байсан залуучууд бүгд босч ирээд дайрсан. Энэ үед надтай цуг явсан Батбаясгалан салгаж цагдаа дуудсан. Тэгээд цагдаа ирээд намайг зодсон гэх хоёр залууг аваад цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Бусад улсууд маргалдсан. Тэрнээс зодоонд оролцоогүй. …Намайг тэр залуу нүүр лүү цохиж унагаагаад дээрээс дахин цохсон. Тэр үеэр миний нүүр гэмтсэн. Нэг залуу нь надад бүх гэмтлийг учруулсан юм.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 16-17, 74 дүгээр тал/

Гэрч С.Очирвааний мөрдөн байцаалтад өгсөн “…баарны үүд рүү ортол өөдөөс Лхагвадорж нүүр ам нь цус болчихсон гарч ирж байсан. Тэгэхээр нь би “хэнтэй зодолдсон юм, зодсон хүнээ таних уу” гэж асуухад “танина” гэж хэлэхээр нь баарны дотор сууж байгаа улсуудыг харсан. Тэгтэл Лхагвадорж баарны үүдний хэсэгт сууж байсан залуучууд дээр очоод нэг цэнхэр цамцтай залууг заагаад энэ намайг зодсон гэхээр нь би нилээн ууртайгаар хэн зодсон юм бэ? гэж хэлтэл тухайн ширээн дээр сууж байсан залуучууд босч ирээд над руу дайрсан. Тэгтэл гаднаас найз Батбаясгалан орж ирж таараад мөн баарны ажилчид бид хэдийг салгасан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 18 дугаар тал/

Гэрч Ж.Ариунболдын мөрдөн байцаалтад өгсөн “Би машинт эргүүлийн үүргийг цагдаа, жолооч Мөнх-Ирээдүйн хамт үүрэг гүйцэтгэж байхад тус чиглэлийн машинт эргүүл болон ковоны 2 цагдаа дуудлага ихтэй байна гээд Сүлд 10-аас 01 цаг 40 минутанд үүрэг өгсөний дагуу Сансарын тунель дээр байрлах Камел бааранд зодоон болоод байна гэх дуудлагаар жолооч, цагдаа Мөнх-Ирээдүйн хамт очсон. Тухайн үед зодуулсан гэх Лхагвадорж “намайг энэ хоёр хүн зодсон” гэж Гантулга, Дархандөш гэх нэртэй залуучуудыг заасан болно. Тэгэхээр нь уг улсуудыг машиндаа суулган Цагдаагийн хэлтэс дээр авчирч жижүүрийн мөрдөн байцаагчаар ажиллаж байсан д/ч Батмөнхөд хүлээлгэн өгсөн. Тухайн үед машин дотор Лхагвадорж болон Дархандөш нар нь хоорондоо маргалдаж биенээ цохиод байсан учир би голд нь сууж цагдаагийн хэлтэс дээр авчирсан юм. Тэр үед Лхагвадоржийн зүүн хөмсөгний хэсэг нь бага зэрэг цус гоожсон байдалтай өөр нээх гэмтэл гэх зүйл байхгүй байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 20 дугаар тал/

            Гэрч Э.Мөнх-Ирээдүйн мөрдөн байцаалтад өгсөн “Би машинт эргүүлийн үүргийг хэв журмын офицер Ж.Ариунболдын хамт гүйцэтгэж байхад тус чиглэлийн машинт эргүүл дуудлага ихтэй байна гээд Сүлд 10-аас 01 цаг 40 минутад үүрэг өгсний дагуу Сансарын тунель дээр байрлах Камел бааранд зодоон болоод байна гэх дуудлагаар очсон. Тухайн үед зодуулсан гэх Лхагвадорж намайг энэ хоёр хүн зодсон гэж Гантулга, Дархандөш гэх нэртэй залуучуудыг заасан болно. Тэгэхээр уг улсуудыг машинд суулгаж байхад хоёр залуу нь хоорондоо маргалдаж хэрэлдээд байсан. Тэгээд биенээ цохиод байх шиг байхаар нь эргүүлийн офицер Ж.Ариунболд уг хоёр залуугийн голд нь сууж цагдаагийн хэлтэс дээр авчирсан юм.” гэх мэдүүлэг,

           /хх-ийн 22 дугаар тал/

 

            Гэрч Ц.Баярчулууны мөрдөн байцаалтад өгсөн “…Тэр үед би бүжиглэж байгаад буцаж ширээн дээр ирж суусан. Тэгтэл 3 залуу ирээд намайг зодсон гээд ширээн сууж байсан Гантулгыг заасан. Тэр үед нүднийхээ дээд хэсэгт цохиулж шалбарсан залуу заасан. Тэгтэл ширээн дээр сууж байсан бид нар “чамайг цохиж зодсон хүн байхгүй, камераа шүүж үз” гэж хэлсэн. Тэгсэн чинь уг залуутай цуг явсан залуус нь “хүмүүс дуудсан, бөөнөөрөө гарч зодолъё” гээд байсан. Тухайн үед бөөн бужигнаан болоод байсан. Тэгсэн чинь манай хүмүүс ирчихлээ гээд Гантулгыг нэг залуу нь цохиод авсан. Тэгээд бид бөөн бужигнаан болж байхад цагдаа орж ирсэн. Тэгээд цагдаа нар зодсон гэх Гантулгыг заагаад мөн зодуулсан гэх залуу хоёрыг аваад гарч байсан.” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 24 дүгээр тал/

            Гэрч О.Анхбаярын мөрдөн байцаалтад өгсөн “Би тухайн шөнө баарандаа ажиллаж байсан юм. Тэгсэн манай баарны хөгжим унтраад зодоон болоод байхаар нь яваад ортол манай баарны 9 дүгээр ширээн дээр сууж байсан залуучууд 3 залуутай маргалдаж байсан. Зодсон гэх 9 дүгээр ширээний залуучууд бараг арваад хүмүүс байсан. Харин зодуулсан залуу нь гурвуулаа байсан бөгөөд намайг очиход аль хэдийн нүүр амнаас нь цус гарсан байсан. Тэр хүмүүс нь бие засах газарт зодолдсон байна лээ. Угаасаа манай бааранд 2 ширээн дээр л хүмүүс байсан юм. Зодуулдаг 3 залуу 12 дугаар ширээн дээр сууж байсан. Бусад ширээ маань хоосон байсан. Дархандөш гэдэг залуу “одоо болъя” гээд дундуур нь салгаж байсан. Харин нөгөө ахимаг насны Гантулга гэх залуу “алаад хаяна” гэх зэргээр орилоод байсан. Тэгэхээр нь би цагдаа руу дуудлага өгсөн юм.” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 78 дугаар тал/

Яллагдагч Б.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн “…Сансарын туннелийн Камел бааранд орсон юм. Тэгсэн чинь бүжиглэж байхад одоо энэ гомдол гаргаад байгаа Лхагвадорж гэдэг залуу бүжиглэж байхдаа намайг мөрлөөд гараад явчихсан. Тэгээд би тухайн үед ямар нэг зүйл яриагүй, зүгээр талбай дээр нь бүжиглээд үлдсэн. Тэгээд дараа нь нэг удаа бие засах өрөөнд ортол санаандгүй нөгөө Лхагвадорж гэдэг залуутай тааралдсан. Бие засах өрөөнд бид хоёр л байсан. Тэгээд би Лхагвадорж гэдэг залууд “чи хүн мөрлөчихөөд уучлалт гуйчихад яадаг юм бэ” гэж хэлтэл Лхагвадорж шууд миний уруул руу цохиод авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд 3-4 удаа нүүр рүү нь цохиод авсан. Тэгээд би тэр залууг бие засах өрөөнд нь үлдээгээд тэндээс гарсан. Тэгсэн чинь нөгөө надтай цохилцсон залуу найзуудыгаа дагуулаад араас миний сууж байсан ширээний хажууд хүрээд ирсэн. Би тухайн үед найзуудтайгаа юм яриад сууж байсан. …Лхагвадорж над дээр хүрч ирээд шууд намайг цохиод авсан. Ингээд л бужигналдаад явчихсан. Манай найзууд намайг өмөөрөөд босоод ирсэн. Лхагвадоржийн найзууд ч гэсэн найзыгаа өмөөрсөн, гэхдээ бааранд айхтар зодоон болоогүй, цагдаа ч хурдан ороод ирсэн. Тэгээд бид нарыг дагуулаад баарнаас гаргасан. Тэгээд намайг цагдаа нар машиндаа суулгаад авч явах гэж байсан, тэгсэн цагдаа нарын хажууд Лхагвадорж манай танил Дархандөштэй хэрэлдээд байсан. Лхагвадорж Дархандөшийг үгээр идээд байсан. Тэгсэн цагдаа нар Дархандөшийг “алив чи суу гээд” машиндаа суулгасан. Тэгсэн Дархандөш, Лхагвадорж хоёр цагдаагийн машинд үргэлжлүүлээд хэрэлдээд байсан. Тэгсэн Дархандөш Лхагвадоржийг алгадаад авсан. Ингээд танай хэлтэс дээр ирсэн.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 80-81 дүгээр тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 4041 дүгээр:

  1. Лхагвадоржийн биед 2 нүдний дээд, доод зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөгт шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

/хх-ийн 32 дугаар тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 60 дугаар тал/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 дүгээр тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Гантулга нь танхайн сэдэлтээр 2016 оны 03 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Камел” бааранд хохирогч Б.Лхагвадоржийг мөрлөсөн гэх үл ялих  зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж түүний бие махбодид 2 нүдний дээд, доод зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөгт шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гантулгын өгсөн: “2016 оны 03 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Сансарын тунел дээр байрлах Камел нэртэй бааранд найзуудтайгаа төрсөн өдөрт очоод бүжиглэж байхад Лхагвадорж гэдэг залуутай бүжгийн талбай дээр мөрлөөд, үл ялих асуудлаас болоод 00-д зодолдоод мөрөлсөний улмаас Лхагвадоржийн биед танхайрах сэдэлттэй гэмтэл учруулсан. Намайг цохиод авахаар нь нүүрэн тус газар нь 3-аас 4 удаа цохьсон. Бүжгийн талбай дээр бүжиглэж байхад Лхагвадорж гэдэг залуу намайг араас ирж цохиж авсан, тэгээд бужигнаад байж байхад цагдаа ирээд салгаад цагдаагийн хэсэг дээр авч ирсэн.” гэх мэдүүлэг,

мөрдөн байцаалтад хохирогч Б.Лхагвадоржийн өгсөн “Тэгээд нойлын өрөөнд гараа угааж байхад үл таних хоёр залуу орж ирээд намайг дуудаад эргээд харах гэтэл миний нүүрэн тус газар цохисон. Тэр үед би нүүрээ дараад шалан дээр унасан. Тэгтэл нөгөө хоёр залуу нийлээд тал талаас цохиод өшиглөөд байсан. Тэгээд байж байхад нойлын өрөө лүү мөн хоёр гурван залуу орж ирээд нөгөө хоёр залууг боль гэж хэлээд татаж салгаад аваад гарсан.” гэх,

шүүгдэгч Б.Гантулгын өгсөн “…Сансарын туннелийн Камел бааранд орсон юм. Тэгсэн чинь бүжиглэж байхад одоо энэ гомдол гаргаад байгаа Лхагвадорж гэдэг залуу бүжиглэж байхдаа намайг мөрлөөд гараад явчихсан. Тэгээд би тухайн үед ямар нэг зүйл яриагүй, зүгээр талбай дээр нь бүжиглээд үлдсэн. Тэгээд дараа нь нэг удаа бие засах өрөөнд ортол санаандгүй нөгөө Лхагвадорж гэдэг залуутай тааралдсан. Бие засах өрөөнд бид хоёр л байсан. Тэгээд би Лхагвадорж гэдэг залууд “чи хүн мөрлөчихөөд уучлалт гуйчихад яадаг юм бэ” гэж хэлтэл Лхагвадорж шууд миний уруул руу цохиод авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд 3-4 удаа нүүр рүү нь цохиод авсан. Тэгээд би тэр залууг бие засах өрөөнд нь үлдээгээд тэндээс гарсан.” гэх,

гэрч С.Очирвааний өгсөн “…баарны үүд рүү ортол өөдөөс Лхагвадорж нүүр ам нь цус болчихсон гарч ирж байсан. Тэгэхээр нь би “хэнтэй зодолдсон юм, зодсон хүнээ таних уу” гэж асуухад “танина” гэж хэлэхээр нь баарны дотор сууж байгаа улсуудыг харсан. Тэгтэл Лхагвадорж баарны үүдний хэсэгт сууж байсан залуучууд дээр очоод нэг цэнхэр цамцтай залууг заагаад энэ намайг зодсон гэхээр нь би нилээн ууртайгаар хэн зодсон юм бэ? гэж хэлтэл тухайн ширээн дээр сууж байсан залуучууд босч ирээд над руу дайрсан.” гэх,

гэрч Ж.Ариунболдын өгсөн “Тухайн үед зодуулсан гэх Лхагвадорж “намайг энэ хоёр хүн зодсон” гэж Гантулга, Дархандөш гэх нэртэй залуучуудыг заасан болно” гэх,

гэрч Э.Мөнх-Ирээдүйн өгсөн “Би машинт эргүүлийн үүргийг хэв журмын офицер Ж.Ариунболдын хамт гүйцэтгэж байхад тус чиглэлийн машинт эргүүл дуудлага ихтэй байна гээд Сүлд 10-аас 01 цаг 40 минутад үүрэг өгсний дагуу Сансарын тунель дээр байрлах Камел бааранд зодоон болоод байна гэх дуудлагаар очсон. Тухайн үед зодуулсан гэх Лхагвадорж намайг энэ хоёр хүн зодсон гэж Гантулга, Дархандөш гэх нэртэй залуучуудыг заасан болно” гэх,

гэрч Ц.Баярчулууны өгсөн “…Тэр үед би бүжиглэж байгаад буцаж ширээн дээр ирж суусан. Тэгтэл 3 залуу ирээд намайг зодсон гээд ширээн сууж байсан Гантулгыг заасан. Тэр үед нүднийхээ дээд хэсэгт цохиулж шалбарсан залуу заасан.” гэх мэдүүлгүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 4041 дүгээр дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа нь Б.Гантулгыг яллах үндэслэл болж байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Улайр Онход овогт Болормаагийн Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Гантулгыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

           Шүүгдэгч Б.Гантулгад ял оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүх шүүгдэгч Б.Гантулгын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ,  хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас төлөх төлбөргүй байх тул түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу хохирогч Б.Лхагвадорж нь өөрт учирсан гэм хорын хохирлыг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй.

Хохирогч Б.Лхагвадорж мөрдөн байцаалтад “Надад зодуулсанаас болж эмнэлэгт үзүүлсэн баримт гэх зүйл байхгүй, би одоо ажилдаа яваагүй, гэртээ 7 хоног байсан, тухайн өдөрт би 30.000 төгрөг олдог байсан болохоор одоо 200.000 төгрөг нэхэмжилж байна, гомдол санал байхгүй ээ” гэж мэдүүлэг өгсөн боловч цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлох нотлох баримтаа гарган өгөөгүй тул шүүх шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд хохирогч Б.Лхагвадорж нь цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Гантулга цагдан хоригдсон хоноггүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1, 298.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улайр Онход овогт Болормаагийн Гантулгыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Б.Гантулгад 3 жил 5 сар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Гантулгад оногдуулсан 3 жил 5 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Гантулга цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан Б.Гантулгад оногдуулсан 3 жил 5 сар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

6. Хохирогч Б.Лхагвадорж нь өөрт учирсан гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Гантулгад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

               

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.ОДОНТУУЛ