| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 187/2018/0517/Э |
| Дугаар | 132 |
| Огноо | 2019-02-19 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Батжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 132
Д.Мт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Батжаргал,
шүүгдэгч Д.Мийн өмгөөлөгч Н.Намжилцогт, Б.Тэнгис
нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 1035 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Мийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1802 0031 70214 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Анчин овгийн Дэлгэрнасангийн М, 1992 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 10 дугаар гудамжны 23 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: НТ92020610/;
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 450 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг “Өршөөл үзүүлэх тухай” 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.5 дахь хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 405 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хорих ялаар шийтгэж, уг хорих ялд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын баривчлах ялыг багтааж, нийт 10 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 179 дугаартай шүүгчийн захирамжаар 4 сар 13 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;
Д.М нь 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй, 0.2 грамм бодисыг худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Д.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газраас Д.Мт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, Анчин овгийн Дэлгэрнасангийн Мийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын конвенцийн жагсаалтад багтдаг метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй, 0.2 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Д.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Мийн цагдан хоригдсон 2 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн метамфетамины агууламж бүхий гялгар уутны хамт 0.2 грамм бодис, хагарсан тарианы шил мэт хэсгүүд, 9.5х10 хэмжээтэй зип лок түгжээ бүхий гялгар уут, шар өнгийн металл жижиг халбага зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар, Д.М бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.М давж заалдах гомдолдоо: “...Миний бие анхан шатны шүүхээс 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд хийсэн хэргээ мөрдөн байцаалтын шатнаас эхлэн үнэн зөвөөр нь хүлээсэн бөгөөд хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Тухайн шүүх хурлаар миний хувийн байдлыг дээрдүүлэх бус дордуулсан гэж үзэн давж заалдах гомдол гаргасан тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.М өмнө нь ял шийтгэл эдэлж байсан нь үнэн боловч тэрээр гэр бүлтэй болж, нийгэмд байр сууриа эзлээд амьдарч байхдаа энэ хэрэгт холбогдсон байдаг. Түүний хувьд гэм буруу дээр ямар нэгэн байдлаар маргадаггүй бөгөөд үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан хуульд зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Намжилцогт өмгөөлөгчийн гаргасан санал хууль зүйн үндэслэлтэй тул шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Д.М гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хэрэглэнэ гэж заасан байдаг. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан боломжийг харгалзан тэнсэж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан гэж үзэж байна. Д.Мт оногдуулсан ял шийтгэл түүний хувийн байдалд тохирсон. Анхан шатны шүүх “худалдаалах зорилгогүйгээр” гэж дүгнэж хөнгөрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд гаргасан шүүмждээ энэ саналыг гаргасан байгаа. Тиймээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Д.М нь 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй, 0.2 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Д.М нь өөрийн үйлдсэн хэргийн талаар /хх 53-62/ тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь гэрч Г.Чулуунбатын /хх 33-34/ мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн “0.2 гр” гэж хаягласан гялгар ууттай цайвар өнгийн мөс мэт зүйл, хагарсан тарианы мэт шилний хэсгүүд, шаргал өнгийн метал жижиг халбага, зип лок түгжээ бүхий гялгар уут /9.5х10 см хэмжээтэй/ тус бүрээс метамфетамин илэрч байна. Метамфетамин нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. ...” гэх 9954 дугаартай дүгнэлт /хх 37-39/, мөн “шинжилгээнд ирүүлсэн “М 2018.09.24” гэж хаягласан шээсэнд метамфетамин илэрч байна.” гэсэн 9998 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 42-43/, Д.Мийн биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11-13/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Д.Мийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Д.Мийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй байх боловч энэ талаар ямар нэг хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.
Гэхдээ, прокурор Б.Батжаргал нь гэм буруугийн шүүх хуралдаанд оролцон дүгнэлт гаргахдаа шүүгдэгч Д.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах санал гаргаснаас үзэхэд анхан шатны шүүх прокурорын саналыг хүлээн авсан гэж үзэхээр байна.
Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, 9954, 9998 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрч Г.Чулуунбатын “...хэрэг болсон өдөр над руу өөрөө холбогдоод 200.000 төгрөг байна, тоглох уу гэхээр би зөвшөөрөөд Саппорогийн ард уулзах гээд явж байтал цагдаа нар бариад авсан...” гэсэн, гэрч Ц.Батдөлгөөний “...Д.Мтэй уулзаагүй удаж байна. Харин утсаар өчигдөр ярьж зүгээр мэнд мэдсэн...” гэсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар Д.М нь сэтгэцэд нөлөөт бодисыг “худалдаалах зорилготой” байсан гэсэн нь үгүйсгэгдэж байна.
Анхан шатны шүүх Б.Мт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирсон ял шийтгэл шударгаар оногдуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцжээ.
Шүүгдэгч Д.Мт анхан шатны шүүхээс 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч Д.Мийн гаргасан “...миний эрх зүйн байдлыг дордуулсан тус ял шийтгэлийг багасгаж өгнө үү...” гэсэн утга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Учир нь, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг анхан шатны шүүхээс хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Д.Мт оногдуулсан ял шийтгэл тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээнд нийцсэн төдийгүй түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанарт тохирчээ.
Иймд шүүгдэгч Д.Мийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Цаашид анхан шатны шүүх зүйлчлэл хөнгөрүүлсэн үндэслэлээ тодорхой зааж байхыг анхааруулан тэмдэглэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 1035 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Мийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ М.АЛДАР