Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 133

 

                                                                      А.Б, Ц.Б, Б.Э

                                                 нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Отгонсүрэн,

шүүгдэгч Ц.Б, Б.Э нарын өмгөөлөгч Б.Гэрэл-Очир,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 1046 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ч.Отгонсүрэнгийн бичсэн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч А.Б, Ц.Б, Б.Э нарт холбогдох эрүүгийн 1802 0025 80208 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Номт овгийн Амгалансүрэнгийн Б, 1989 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, галт тэрэгний засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум, 6 дугаар баг, Баянхангай гудамжны  92 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: МЗ89062498/;

2. Булгадар овгийн Цэрэн-Очирын Б, 1987 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум, 6 дугаар баг, Баянхангай гудамжны 7 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ОС87122130/;

3. Боржигон овгийн Баасансүрэнгийн Э, 1987 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ганзам” дэлгүүрт ачигч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум, 6 дугаар баг, Баянхангай гудамжны 8 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: МЭ87062971/;

А.Б, Ц.Б, Б.Э нар нь 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүнхараагаас Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрээр дамжин Улаанбаатар хот руу гарал үүслийн гэрчилгээгүйгээр 249 ширхэг эгэл нарс модыг 66-08 СЭА улсын дугаартай “Hino Frofia” маркийн бүхээгтэй ачааны автомашинаар тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: А.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар,

Ц.Б, Б.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Номт овгийн Амгалансүрэнгийн Б, Булгадар овгийн Цэрэн-Очирын Б, Боржигон овгийн Баасансүрэнгийн Э нарыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч А.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.Б, Б.Э нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг 1 жил 3 сарын хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бат-Эрдэнийн эзэмшлийн 66-08 СЭА улсын дугаартай “Hino Frofia” маркийн тээврийн хэрэгслийг, уг тээврийн хэрэгслийн 01567469 дугаартай гэрчилгээ, албан татвар төлөгчийн гэрчилгээ, албан журмын даатгалын гэрээний маягт, тээврийн хэрэгслийн түлхүүр 2 ширхэг, ачааны бүхээгийг цоожилсон цоожны 3 ширхэг түлхүүр зэргийг улсын орлого болгохоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 300 см урттай, 30 см өргөн, 15 см өндөртэй 249 ширхэг зүсэж бэлтгэсэн модыг хууль ёсны өмчлөгч З.Болдбаатарт олгохоор шийдвэрлэжээ.

Прокурор Ч.Отгонсүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

Шүүхээс “улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтдээ гаргасан “эд мөрийн баримтаар хураагдсан 300 см урттай, 30 см өргөн, 15 см өндөртэй 249 ширхэг зүсэж бэлтгэсэн модыг улсын орлого болгох саналтай байна” гэснийг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь, хавтас хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд тухайн бэлтгэсэн мод нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох нь тогтоогдоогүй тул хууль ёсны эзэмшигч З.Болдбаатарт буцаан олгох нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцнэ” гэжээ.

Шүүх А.Б, Ц.Б, Б.Э нарыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа уг гэмт хэргийн шинжийг агуулж байгаа эд мөрийн баримтаар тооцон хэрэгт хураан авч битүүмжилсэн 249 ширхэг зүсэж бэлтгэсэн модыг хэрэгт хамааралгүй иргэн З.Болдбаатарт олгуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хэдийгээр иргэн З.Болдбаатар нь зохих зөвшөөрлийн дагуу бэлтгэсэн модыг худалдан авахаар бусадтай тохирсон байсан ч гэсэн Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд “гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материал тээвэрлэх”-ийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг, хэрэгсэл, гэмт үйлдлийн замаар олсон мөнгө, үнэ бүхий зүйл, бусад эд зүйлс зэргийг эд мөрийн баримтад” тооцохоор заасан. Гэмт хэргийн эд мөрийн баримтад хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, тэдгээрийн гэм бурууг нотлох, эсхүл үгүйсгэхэд ач холбогдол бүхий эд зүйл ч хамаарах бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дууссаны эцэст зохих эзэмшигч, байгууллагад шүүхийн шийдвэрээр шилжих учиртай билээ. Харин эд мөрийн баримт нь тухайн гэмт хэргийг тодорхойлох үндсэн шинжид хамаарч байвал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эзэмшигчид нь буцааж өгөх боломжгүй тул хураан авч, улсын орлого болгох нь зүйтэй байна. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлох эд мөрийн баримтын талаарх Эрүүгийн хуулийн дээрх зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч нарын хууль бусаар тээвэрлэж явсан модыг иргэн З.Болдбаатарт олгохоор шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүй гэж үзнэ. Түүнчлэн анхан шатны шүүхээс “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн ямар хэсэг, заалтад эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийг хууль ёсны өмчлөгчид нь олгохоор заасан болохыг дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн гэж үзнэ. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1046 дугаартай шийтгэх тогтоолд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 300 см урттай, 30 см өргөн, 15 см өндөртэй 249 ширхэг зүсэж бэлтгэсэн модыг хууль ёсны өмчлөгч З.Болдбаатарт олгохоор шийдвэрлэсэн заалтыг өөрчилж өгнө үү. Эрүүгийн хуульд хууль бусаар тээвэрлэсэн бол гэмт хэрэгт тооцохоор байгаа. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Б, Б.Э нарын өмгөөлөгч Б.Гэрэл-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...А.Б, Ц.Б, Б.Э нар хууль бусаар мод бэлтгээгүй. Тэдгээр модны хууль ёсны өмчлөгч нь З.Болдбаатар мөн. З.Болдбаатар нь энэ хэргийн оролцогч биш бөгөөд З.Болдбаатарын модыг улсын орлого болгох үндэслэлгүй юм. Хэрвээ модыг улсын орлого болгох ёстой гэж үзвэл З.Болдбаатар нь иргэний нэхэмжлэгч байх ёстой. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

А.Б, Ц.Б, Б.Э нар нь 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүнхараагаас Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрээр дамжин Улаанбаатар хот руу гарал үүслийн гэрчилгээгүйгээр 249 ширхэг эгэл нарс модыг 66-08 СЭА улсын дугаартай “Hino Frofia” маркийн бүхээгтэй ачааны автомашинаар тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус холбогдож, тэдний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

          Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “шүүгдэгч А.Б, Ц.Б, Б.Э нарыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, тэдгээрт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, уг 249 ширхэг модыг хууль ёсны өмчлөгч З.Болдбаатарт олгохоор шийдвэрлэжээ.

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч А.Б, Ц.Б, Б.Э нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд ач холбогдолтой нөхцөл байдлыг анхаарч үзээгүйгээс шийтгэх тогтоол нь хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг авч үзэхэд “Хууль бусаар мод бэлтгэсэн” үйлдлийг “...Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан...” тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Прокуророос дээрх хуульд заасан гэмт хэргийн үндсэн шинжүүдийн нэг болох “...гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг тээвэрлэсэн…” нь бие даасан шинжтэй буюу уг байдал тогтоогдсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж, А.Б, Ц.Б, Б.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлджээ.

Шүүгдэгч А.Б нь З.Болдбаатараас ажлын хөлс авч, шүүгдэгч Ц.Б, Б.Э нартай уг модыг З.Болдбаатарт хүргэж өгөхөөр тээвэрлэж явж байжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд З.Болдбаатар гэгч нь зуслангийн байшин барих мод бэлтгүүлэх, худалдан авах тухай иргэн Анхбаяр, Алтанзул нарт, улмаар уг модыг хот хүртэл тодорхой хөлс төлж тээвэрлүүлэх захиалгыг шүүгдэгч А.Бд өгсөн байдал тогтоогдож байх бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх бүхий оролцогчоор тогтоогоогүй З.Болдбаатарыг хууль ёсны өмчлөгч гэж үзэж, эд мөрийн баримтаар хураагдсан модыг түүнд олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Нөгөөтэйгүүр, хэрэгт хураагдсан “249 ширхэг эгэл нарс модыг ойгоос бэлтгэх” ажиллагаа зохих хуульд заасан журмын дагуу явагдсан талаар нотлох баримт авагдсан бөгөөд энэхүү “мод бэлтгэх“ ажиллагаанд З.Болдбаатар нь оролцоогүй боловч тээвэрлэх үйл ажиллагааг захиалж, хөлс төлсөн үйлдэл нь прокуророос яллаж буй гэмт хэргийн шинжид хамаарахаар байна.

Учир нь, уг 249 ширхэг эгэл нарс модны хууль ёсны өмчлөгч гэх З.Болдбаатар нь шүүгдэгч А.Бтэй тохиролцож, уг модыг Улаанбаатар хот хүртэл тээвэрлүүлсэн талаар хэн аль нь тодорхой мэдүүлсэн байх бөгөөд харин уг модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлүүлснээс үүсэх хууль зөрчсөн үйлдлийн хариуцлагыг хамтран хариуцах учиртай.

Өөрөөр хэлбэл “гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг ...тээвэрлэсэн” нь энэ хэргийн хувьд тээвэрлэгч, тээвэрлүүлэгчийн санаа зорилгын нийлбэр бөгөөд Эрүүгийн хуульд заасан хамтран оролцооны хэлбэр, гэм буруугийн байдалд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байжээ.

Энэ хэрэгт зөвхөн А.Б, Ц.Б, Б.Э нарыг буюу тээвэрлэгч талыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн байдал нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна...” гэж заасан шударга ёсны зарчимд үл нийцнэ.

Иймд 249 ширхэг нарс модыг тээвэрлүүлсэн З.Болдбаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн зохион байгуулагч” гэх шинжид хамаарч болзошгүй үндэслэл тогтоогдож байхад үүнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж, тогтоогоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд, тухайлбал гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн гүйцэд тогтоох, уг 249 ширхэг модны хууль ёсны өмчлөгч гэх З.Болдбаатарын үйлдэл холбогдол, гэм буруугийн байдлыг тодруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэв.

Түүнчлэн, хэрэгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчин, хяналтын тасгийн инженер Б.Сумъяарагчааг байгаль орчинд учирсан хохирлыг нэхэмжлэхээр хохирогчоор тогтоосон байх бөгөөд Ойн сургалт, судалгааны хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр М2018-2 дугаар дүгнэлт /1 хх 58/, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Байгал орчны газрын 2018/Т-02 дугаартай дүгнэлтүүд гарсан байна. Уг дүгнэлтүүдэд заасан шууд учирсан хохирлын үнэлгээ буюу 11.699.760 төгрөгийг яллагдагч А.Б нь 2021 оны 9 дүгээр сард багтааж хэсэгчлэн төлж барагдуулахаар хохирогч талтай тохиролцсон гэрээ /1 хх 243/ хэрэгт авагджээ.

Дээрх байдлаас үзэхэд байгаль экологид учирсан хохирлын асуудлыг холбогдох баримтуудаар тогтоосоор атал энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь буруу байна.

Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Б, Ц.Б, Б.Э нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, үйлдэл, оролцоо зэрэгт бодитой хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” хуулийн зохицуулалтыг хавтгайруулан хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 1046 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр хүчингүй болгосонтой холбогдуулан прокурор Ч.Отгонсүрэнгийн бичсэн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1 дугаартай эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 1046 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч А.Б, Ц.Б, Б.Э нарт холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

          2. Хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцтэл шүүгдэгч А.Б, Ц.Б, Б.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

      3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ,

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

                             ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                             ШҮҮГЧ                                                            М.АЛДАР