Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 093

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,

улсын яллагч Э.Оюунтунгалаг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуяа,

шүүгдэгч М.Доржсүрэн, Э.Энхтөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Мөнхцэцэгийн Доржсүрэн, Содов зайсан овогт Энхбаярын Энхтөр нарт холбогдох эрүүгийн 2016 2501 1465  дугаар хэргийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Боржигон овогт Мөнхцэцэгийн Доржсүрэн, Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжингийн 23 дугаар гудамжны 516 тоотод оршин суух, регистрийн УХ92050779 дугаартай.

 

2. Содов зайсан овогт Энхбаярын Энхтөр, Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Булган аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжингийн 24 дүгээр гудамжны 521 тоотод оршин суух, регистрийн ГЭ90070911 дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Доржсүрэн, Э.Энхтөр нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн  2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн  12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эв эрхэм” хүнсний дэлгүүр дотор бусдыг илтэд үл хүндэтгэн тамхи зээлээр өгсөнгүй гэх үл ялих зүйлээр шалтаглан танхайрах явцдаа  М.Доржсүрэн нь хохирогч Б.Мөнгөнцэцэгийн гарыг мушгиж бие махбодид нь зүүн сарвууны 4 дүгээр хурууны 2 дугаар үений далд зөрөөгүй хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл, Э.Энхтөр нь шалтаг шалтгаангүйгээр хохирогч Э.Мөнхчулууны нүүрэн тус газарт цохиж бие махбодид нь зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хүзүүнд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Доржсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр найз Э.Энхтөрийн гэрт ороод бид хоёр 1, 1 шил пиво уугаад, хоол хийж идсэн. Тэр үед тамхи дууссан байсан тул Мөнгөнцэцэг эгчийн дэлгүүрээс тамхи зээлэхээр явсан. Очоод би тамхи зээлэхээр ороход “эгч нь тооллоготой байна” гэж байсан. Би “оройдоо мөнгийг нь өгье, 1 хайрцаг тамхи зээлээч” гэхэд “үгүй” гэж хэлсэн. Үүнээс маргаан үүсээд маргалдаж байхдаа хажуу талын тавиуртай напелионыг унагаасан. Тэр үед Э.Энхтөр гаднаас орж ирээд унагаасан напелионыг өрж байтал Э.Мөнхчулуун ардаасаа гарч ирсэн. Э.Мөнхчулуун шууд Э.Энхтөрийн хоолойг боогоод тавихгүй байхаар нь Э.Энхтөр нэг удаа цохисон. Цагдаа ирээд тэр өдөр эрүүлжүүлэхэд хоносон.” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Э.Энхтөрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 14 цагийн үед найз М.Доржсүрэн манай гэрт ирээд бид хоёр хоол хийж идсэн. Тэр үед тамхигүй болоод таньдаг дэлгүүрээс тамхи зээлэхээр очсон. М.Доржсүрэн дэлгүүр рүү түрүүлж ороод би хэсэг хугацааны дараа ардаас нь орсон. Намайг ороход Б.Мөнгөнцэцэг эгч М.Доржсүрэн нар маргалдаж байсан. М.Доржсүрэн лангуун дээр байсан тавиуртай напелионыг дараад унагаасан. Тэгээд М.Доржсүрэнгийн унагаасан напелионыг буцааж өрж байхад дэлгүүрийн цаад талын өрөөнөөс Э.Мөнхчулуун гарч ирээд миний хоолойг боосон. Би тавь гэж хэлэхэд тавихгүй байхаар нь гараараа нэг удаа толгой хэсэгт нь цохисон. Мөнхчулуун цохиулаад лангууныхаа ард орсон. Тэгээд Мөнгөнцэцэг эгч миний хүүхдийг зодлоо гээд дайрахаар нь гараад явсан.” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Мөнгөнцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 04 дүгээр сарын 17-ны орой 18 цагийн орчим байх  өөрийн “Эв эрхэм” хүнсний дэлгүүртээ байж байхад гаднаас М.Доржсүрэн согтуу хуванцар аяганд пиво хийсэн уугаад орж ирсэн. Тэгээд надаас “тамхи авъя” гэсэн, би “мөнгөө” гэсэн чинь “чамаас архи авах гээгүй, тамхи авах гэж байна” гэсэн. Би “мөнгөө өгөлдөө” гэсэн чинь над руу уурлаад хэл амаар доромжлоод байсан. Би Доржсүрэнг гаргах гээд лангууны араас гарч ирэхэд намайг барьж аваад бид 2 зууралцаж аваад гарахгүй болохоор нь би буцаад лангууны араар ороод байж байхад Доржсүрэн гарахгүй хэл амаар доромжлоод байсан. Манай хүү Э.Мөнхчулуун арын өрөөнөөс гарч ирээд Доржсүрэнг гар гээд түлхэж байхад гаднаас Энхтөр орж ирээд үг дуугүй манай хүү Мөнхчулууны нүүр рүү гараараа 1-2 удаа цохисон байх, би салгах гээд дундуур нь ноцолдож байсан. Энхтөр гараад явсан байсан. Мөнхчулууны нүүр нь хавдсан бөөлжөөд байсан, би сандарч гүйж байгаад гараа харахад миний зүүн гарын ядам хуруу далийсан байсан, би үе нь мултарсан байна гэж бодоод баруун гараараа хуруугаа барьж байгаад тэгшлэхэд таг гээд дуугараад тэгширсэн. Миний хуруу жоохон хөндүүр байсан, би хүүхэддээ санаа зовоод шөнөжин хүүхдээ үзүүлсэн. Би өөрийнхөө хурууг анзаараагүй. Сүүлд үзүүлэхэд хугарсан байсан. Энхтөр гараад алга болсон байсан, Доржсүрэн манай дэлгүүрт байсан би цагдаа дуудсан гэхэд надтай хэрүүл маргаан хийж байгаад цагдаа ирээд аваад явсан. …Миний зүүн гарын ядам хурууг Доржсүрэн хугалсан надад агсам тавиад байхаар нь би дэлгүүрээсээ гаргах гээд ноцолдож байхад хугарсан байх, тухайн үед хуруу далийсан байсан, манай хүүхэд гэрлүүгээ орсон, би араас нь гэртээ ороход Мөнхчулууны зүүн нүд нь улайгаад хамарнаас нь цус гараад бөөлжөөд байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Надад үнэхээр гомдолтой байна. Зүв зүгээр байж байхад энэ хүмүүс миний хүүхэд болон миний биед гэмтэл учруулсанд нь гомдолтой байна. Одоо баримтаар 400.000 орчим төгрөгийн зардал гарсан. Энхтөрөөс 2016.06.14-ний өдөр бэлэн 150.000 төгрөг авсан. Манай хүүхэд Мөнхчулууныг нүдний хагалгаанд оруулахад 950.000 төгрөг шаардлагатай байна.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 15-16, 19 дүгээр тал/

 

Хохирогч Э.Мөнхчулууны мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 04 дүгээр сарын 17-ны оройн 18 цагийн орчим гэртээ байж байхад дэлгүүр дотор манай ээжтэй согтуу хүмүүс хэрэлдээд байсан, би юу болоод байгаан бол гээд ороход манай гудамжны Доржсүрэн Энхтөр нар манай ээжтэй хэрэлдээд Доржсүрэн манай ээжийн гарыг нугалаад дарсан байсан, би очоод Доржсүрэн салгаад гар гээд түлхсэн чинь хажуунаас Энхтөр шууд миний зүүн нүд рүү цохисон. 2-3 удаа цохисон. Тэгээд миний нүднээс нулимс гоожоод хавдаад цусаар бөөлжөөд байсан. Энхтөр намайг цохичихоод гараад зугтаасан. Доржсүрэн манай дэлгүүрт байж байгаад цагдаа ирээд аваад явсан. Гомдолтой байна. Миний хохиролыг барагдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 17-18 дугаар тал/

 

Гэрч Д.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “Эв эрхэм” хүнсний дэлгүүрт Мөнгөнцэцэгтэй тооллого хийгээд байж байхад гаднаас Доржсүрэн гэх залуу халамцуу орж ирээд “тамхи зээлчих” гэсэн. Мөнгөнцэцэг “зээл өгөхгүй” гээд тэр хоёрын хооронд маргаан болсон. Доржсүрэн согтуу байсан болохоор хоорондоо сайн ойлголцоогүй байх, тэгээд Мөнгөнцэцэг Доржсүрэнг гар гээд гарахгүй байсан чинь Мөнхчулуун арын өрөөнөөс гарч  ирээд гаргах гэж байхад Энхтөр гаднаас орж ирээд Мөнхчулууны нүдийг гэмтээчих шиг болсон. Энхтөр Мөнхчулууныг цохих гэж байгаад нүд рүү нь хатгачих шиг болсон, тэгээд Мөнгөнцэцэг Доржсүрэн 2 гар гээд ноцолдоод байсан өөр айхтар зүйл болоогүй ээ. Зээл өгөхгүй гэдгээс болоод маргаан эхэлсэн.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 29-30 дугаар тал/

 

М.Доржсүрэнгийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр найз Энхтөртэй уулзаад нэг, нэг лааз пиво уусан. Тэгээд Энхтөрийн гэрт орж хоол идсэн, бид 2 тамхигүй болчоод байнга юм авдаг дэлгүүр болох Мөнгөө эгчийн “Эв эрхэм” хүнсний дэлгүүр рүү ороход Мөнгөнцэцэг, мөн худалдагч эмэгтэй байсан, “тамхи зээлчих орой өгье” гэхэд Мөнгөнцэцэг “тооллоготой байна” гэсэн. Би “та яасан сүртэй юм бэ? орой мөнгийг нь өгнөө” гэж хэлэхэд “үгүй ээ, тооллоготой байна” гээд өгөхгүй байсан. Би лангуун дээр нь гараараа санаандгүй дарахад лангуун дээрээс тавагтай тортнууд газар унасан, Мөнгөнцэцэг өөдөөс орилоод “өгөх албатай юм уу” гээд миний нүүрийг маажих гэхэд нь гараараа нүүрээ хамгаалсан. Энхтөр орж ирээд миний хажууд тортыг түүж байхад Мөнхчулуун арын өрөөнөөс гарч ирээд Энхтөрийг боогоод “та нар ингэх болоогүй шүү” гэсэн. Энхтөр Мөнхчулууны нүүр орчим газар гараараа нэг удаа цохьсон. Мөнхчулуун буцаад лангууны араар ороод гэр рүүгээ орсон. Энхтөр гараад явсан. Би Мөнгөнцэцэгээс уучлалт гуйгаад дэлгүүрт зогсож байхад цагдаа ирээд намайг авч яваад эрүүлжүүлэх байранд хонуулсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 51 дүгээр тал/

Э.Энхтөрийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр найз М.Доржсүрэнтэй уулзаад хамт нэг, нэг лааз уусан. Тэгээд манай гэрт орж хоол идсэн. Бид хоёр тамхигүй болоод байнга юм авдаг дэлгүүр болох Мөнгөө эгчийн “Эв эрхэм” хүнсний дэлгүүр рүү Доржсүрэн орсон. Би гадаа нь машин дотор байж байсан. Дэлгүүр дотор Мөнгөнцэцэг орилоод байсан. Би дэлгүүр рүү ороход Доржсүрэн “тамхи зээлчих” гээд зогсож байсан. Мөнгөнцэцэг “хагас сайн өдөр, зээл өгдөггүй өдөр” гэж хэлсэн. Доржсүрэн “орой өгнөө нэг хайрцаг тамхи өгөөч” гээд лангуун дээр байсан паднустай напелион тортны булан дээр дараад газарт унагаасан. Би газар унасан тортнуудыг аваад лангуун дээр нь өрөөд тавьж байхад хойд талын өрөөнөөс нь Мөнхчулуун гарч ирээд над дээр ирээд “та нар ингэх болоогүй шүү, гөлөгнүүд минь” гээд намайг боосон, би тавихгүй болохоор нь гараараа Мөнхчулууны нүүр рүү нэг удаа цохьсон. Мөнхчулуун нүүрээ дараад лангууны араар орсон. Мөнгөнцэцэг над руу “яаж байгаа юм” гээд дайраад байсан. Би “танай хүүхэд чинь өөрөө намайг боосон” гэж хэлэх гэсэн боловч ойлгохгүй байсан. Тэгэхээр нь би гараад явсан, Доржсүрэнг цагдаа аваад явсан байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 54 дүгээр тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 5340 дүгээр:

1. Э.Мөнхчулууны биед зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хүзүүнд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

/хх-ийн 30 дугаар тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 5375 дугаар:

1. Б.Мөнгөнцэцэгийн биед зүүн сарвууны 4 дүгээр хурууны 2 дугаар үений далд зөрөөгүй хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

/хх-ийн 34 дүгээр тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 58-59 дүгээр тал/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 60-61 дүгээр тал/

 

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 64-65 дугаар тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч М.Доржсүрэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эв эрхэм” хүнсний дэлгүүр дотор бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн  Б.Мөнгөнцэцэгийн бие махбодид зүүн сарвууны 4 дүгээр хурууны 2 дугаар үений далд зөрөөгүй хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Доржсүрэнгийн өгсөн “2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр найз Э.Энхтөрийн гэрт ороод бид хоёр 1, 1 шил пиво уугаад, хоол хийж идсэн. Тэр үед тамхи дууссан байсан тул Мөнгөнцэцэг эгчийн дэлгүүрээс тамхи зээлэхээр явсан. Очоод би тамхи зээлэхээр ороход “эгч нь тооллоготой байна” гэж байсан. Би “оройдоо мөнгийг нь өгье, 1 хайрцаг тамхи зээлээч” гэхэд “үгүй” гэж хэлсэн. Үүнээс маргаан үүсээд маргалдаж байхдаа хажуу талын тавиуртай напелионыг унагаасан.” гэх мэдүүлэг,

хохирогч Б.Мөнгөнцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн “2016 оны 04 дүгээр сарын 17-ны орой 18 цагийн орчим байх  өөрийн “Эв эрхэм” хүнсний дэлгүүртээ байж байхад гаднаас М.Доржсүрэн согтуу хуванцар аяганд пиво хийсэн уугаад орж ирсэн. Тэгээд надаас “тамхи авъя” гэсэн, би “мөнгөө” гэсэн чинь “чамаас архи авах гээгүй, тамхи авах гэж байна” гэсэн. Би “мөнгөө өгөлдөө” гэсэн чинь над руу уурлаад хэл амаар доромжлоод байсан. Би Доржсүрэнг гаргах гээд лангууны араас гарч ирэхэд намайг барьж аваад бид 2 зууралцаж аваад гарахгүй болохоор нь би буцаад лангууны араар ороод байж байхад Доржсүрэн гарахгүй хэл амаар доромжлоод байсан. …би сандарч гүйж байгаад гараа харахад миний зүүн гарын ядам хуруу далийсан байсан, би үе нь мултарсан байна гэж бодоод баруун гараараа хуруугаа барьж байгаад тэгшлэхэд таг гээд дуугараад тэгширсэн. Миний хуруу жоохон хөндүүр байсан, би хүүхэддээ санаа зовоод шөнөжин хүүхдээ үзүүлсэн. Би өөрийнхөө хурууг анзаараагүй. Сүүлд үзүүлэхэд хугарсан байсан. …Миний зүүн гарын ядам хурууг Доржсүрэн хугалсан надад агсам тавиад байхаар нь би дэлгүүрээсээ гаргах гээд ноцолдож байхад хугарсан байх, тухайн үед хуруу далийсан байсан” гэх,

хохирогч Э.Мөнхчулууны мөрдөн байцаалтад өгсөн “2016 оны 04 дүгээр сарын 17-ны оройн 18 цагийн орчим гэртээ байж байхад дэлгүүр дотор манай ээжтэй согтуу хүмүүс хэрэлдээд байсан, би юу болоод байгаан бол гээд ороход манай гудамжны Доржсүрэн Энхтөр нар манай ээжтэй хэрэлдээд Доржсүрэн манай ээжийн гарыг нугалаад дарсан байсан, би очоод Доржсүрэн салгаад гар гээд түлхсэн чинь хажуунаас Энхтөр шууд миний зүүн нүд рүү цохисон.” гэх,

гэрч Д.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн “2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “Эв эрхэм” хүнсний дэлгүүрт Мөнгөнцэцэгтэй тооллого хийгээд байж байхад гаднаас Доржсүрэн гэх залуу халамцуу орж ирээд “тамхи зээлчих” гэсэн. Мөнгөнцэцэг “зээл өгөхгүй” гээд тэр хоёрын хооронд маргаан болсон. Доржсүрэн согтуу байсан болохоор хоорондоо сайн ойлголцоогүй байх, тэгээд Мөнгөнцэцэг Доржсүрэнг гар гээд гарахгүй байсан чинь Мөнхчулуун арын өрөөнөөс гарч  ирээд гаргах гэж байхад Энхтөр гаднаас орж ирээд Мөнхчулууны нүдийг гэмтээчих шиг болсон. Энхтөр Мөнхчулууныг цохих гэж байгаад нүд рүү нь хатгачих шиг болсон, тэгээд Мөнгөнцэцэг Доржсүрэн 2 гар гээд ноцолдоод байсан өөр айхтар зүйл болоогүй ээ. Зээл өгөхгүй гэдгээс болоод маргаан эхэлсэн” гэх мэдүүлгүүд, хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 5340 дүгээр дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа нь М.Доржсүрэнг яллах үндэслэл болж байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Мөнхцэцэгийн Доржсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Харин шүүгдэгч М.Доржсүрэн, Э.Энхтөр нар нь танхайрах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул тэд нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар ял сонсгосон үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Мөн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Содов зайсан овогт Энхбаярын Энхтөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг 99.1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй байна.

Учир нь: Шүүгдэгч Э.Энхтөр танхайрах гэмт хэргийг догшин авирлан үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байх ба тэрээр шүүгдэгч М.Доржсүрэнг бусадтай маргалдан лангуун дээрх эд зүйлийг унагаасныг буцааж тавьж байхад нь хохирогч Э.Мөнхчулуун түүний хоолойг боосныг тавиулахаар нүүрэн тус газар нь цохиж бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт түүний өгсөн “…М.Доржсүрэн дэлгүүр рүү түрүүлж ороод би хэсэг хугацааны дараа ардаас нь орсон. Намайг ороход Б.Мөнгөнцэцэг эгч М.Доржсүрэн нар маргалдаж байсан. М.Доржсүрэн лангуун дээр байсан тавиуртай напелионыг дараад унагаасан. Тэгээд М.Доржсүрэнгийн унагаасан напелионыг буцааж өрж байхад дэлгүүрийн цаад талын өрөөнөөс Э.Мөнхчулуун гарч ирээд миний хоолойг боосон. Би тавь гэж хэлэхэд тавихгүй байхаар нь гараараа нэг удаа толгой хэсэгт нь цохисон.” гэх,

шүүгдэгч М.Доржсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тэр үед Э.Энхтөр гаднаас орж ирээд унагаасан напелионыг өрж байтал Э.Мөнхчулуун ардаасаа гарч ирсэн. Э.Мөнхчулуун шууд Э.Энхтөрийн хоолойг боогоод тавихгүй байхаар нь Э.Энхтөр нэг удаа цохисон. Цагдаа ирээд тэр өдөр эрүүлжүүлэхэд хоносон.” гэх,

М.Доржсүрэнгийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “Мөнгөнцэцэг өөдөөс орилоод “өгөх албатай юм уу” гээд миний нүүрийг маажих гэхэд нь гараараа нүүрээ хамгаалсан. Энхтөр орж ирээд миний хажууд тортыг түүж байхад Мөнхчулуун арын өрөөнөөс гарч ирээд Энхтөрийг боогоод “та нар ингэх болоогүй шүү” гэсэн. Энхтөр Мөнхчулууны нүүр орчим газар гараараа нэг удаа цохьсон. Мөнхчулуун буцаад лангууны араар ороод гэр рүүгээ орсон.” гэх,

Э.Энхтөрийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “Доржсүрэн “орой өгнөө нэг хайрцаг тамхи өгөөч” гээд лангуун дээр байсан паднустай напелион тортны булан дээр дараад газарт унагаасан. Би газар унасан тортнуудыг аваад лангуун дээр нь өрөөд тавьж байхад хойд талын өрөөнөөс нь Мөнхчулуун гарч ирээд над дээр ирээд “та нар ингэх болоогүй шүү, гөлөгнүүд минь” гээд намайг боосон, би тавихгүй болохоор нь гараараа Мөнхчулууны нүүр рүү нэг удаа цохьсон.” гэх,

хохирогч Б.Мөнгөнцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн “…Манай хүү Э.Мөнхчулуун арын өрөөнөөс гарч ирээд Доржсүрэнг гар гээд түлхэж байхад гаднаас Энхтөр орж ирээд үг дуугүй манай хүү Мөнхчулууны нүүр рүү гараараа 1-2 удаа цохисон байх, би салгах гээд дундуур нь ноцолдож байсан.” гэх,

хохирогч Э.Мөнхчулууны мөрдөн байцаалтад өгсөн “…би юу болоод байгаан бол гээд ороход манай гудамжны Доржсүрэн Энхтөр нар манай ээжтэй хэрэлдээд Доржсүрэн манай ээжийн гарыг нугалаад дарсан байсан, би очоод Доржсүрэн салгаад гар гээд түлхсэн чинь хажуунаас Энхтөр шууд миний зүүн нүд рүү цохисон.” гэх,

гэрч Д.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн “…тэгээд Мөнгөнцэцэг Доржсүрэнг гар гээд гарахгүй байсан чинь Мөнхчулуун арын өрөөнөөс гарч  ирээд гаргах гэж байхад Энхтөр гаднаас орж ирээд Мөнхчулууны нүдийг гэмтээчих шиг болсон. Энхтөр Мөнхчулууныг цохих гэж байгаад нүд рүү нь хатгачих шиг болсон, тэгээд Мөнгөнцэцэг Доржсүрэн 2 гар гээд ноцолдоод байсан” гэх мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 5375 дугаар дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М.Доржсүрэнг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн,

шүүгдэгч Э.Энхтөрийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

           Шүүгдэгч М.Доржсүрэн, Э.Энхтөр нарт ял шийтгэл оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүх шүүгдэгч М.Доржсүрэнгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ,  хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.

Хохирогч Б.Мөнгөнцэцэг мөрдөн байцаалтад “Одоо баримтаар 400.000 төгрөг гарсан, Э.Энхтөрөөс бэлэн 150.000 төгрөг авсан, манай хүүхэд Мөнхчулууныг нүдний хагалгаанд оруулахад 950.000 төгрөг шаардлагатай байна.” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хохирлын талаарх нотлох баримтыг шүүхэд гарган өгөөгүй. Мөн тус шүүхэд хохирогч Б.Мөнгөнцэцэг, Э.Мөнхчулуун нар гаргасан тайлбартаа “Э.Энхтөр, М.Доржсүрэн нараас эмчилгээний зардал авлаа, ямар нэг гомдол саналгүй, шүүх хуралд оролцохгүй” гэжээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч нараас нотлох баримтаар гарган өгсөн “ХААН” банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар шүүгдэгч Э.Энхтөр, М.Доржсүрэн нар нь хохирогч Э.Мөнхчулуун, Б.Мөнгөнцэцэг нарт  1.180.000 төгрөгийг хохиролд төлсөн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хохирогч Э.Мөнхчулуун нь цаашид гарах эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг гэм буруутай этгээдээс нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246, 248, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1, 298.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Э.Энхтөр, М.Доржсүрэн нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар ял сонсгосон үйлдэл холбогдлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон, Э.Энхтөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Боржигон овогт Мөнхцэцэгийн Доржсүрэнг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн, Содов зайсан овогт Энхбаярын Энхтөрийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар М.Доржсүрэнд 3 жил 5 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Э.Энхтөрд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 960.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар М.Доржсүрэнд  оногдуулсан 3 жил 5 сар  хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар Э.Энхтөр нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Доржсүрэн, Э.Энхтөр нар урьд цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Мөнгөнцэцэг, Э.Мөнхчулуун нарт нийт 1.330.000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурьдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан М.Доржсүрэнд оногдуулсан 3 жил 5 сар хорих ялыг тэнсэж, 1 жилийн  хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Доржсүрэн, Э.Энхтөр нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ОДОНТУУЛ