Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 678

 

                                                                 Б.Төгөлдөрт холбогдох эрүүгийн

                                                                                 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Мөнхтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Д.Цолмон,

хохирогч О.Төгсболд,

ялтны өмгөөлөгч Т.Мөнхтуяа,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Б.Төгөлдөр, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Төгөлдөрт холбогдох эрүүгийн 201625012744 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхтуулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Онход овогт Батхишигийн Төгөлдөр, 1997 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин, гагнуурчин мэргэжилтэй, “Кинбаб Чонгүг” Солонгос хоолны газарт зохион байгуулагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Халдварт 50 дугаар байрны 56 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:МЮ97040818/,

Б.Төгөлдөр нь 2016 оны 7 дугаар сарын 21-нээс 22-ны өдөрт шилжих шөнө 04 цагийн үед, согтуугаар Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кинбаб Чонгүг” Солонгос хоолны газрын үүдэнд нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн, хохирогч О.Төгсболдыг үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэн зодож, бие махбодид нь зүүн гайморовын хөндийд урд ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хүндэвтэр гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Б.Төгөлдөрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Төгөлдөрийг нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хохирогч О.Төгсболд нь цаашид гарах эмчилгээний зардлын талаар холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Б.Төгөлдөрт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Ялтан Б.Төгөлдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...О.Төгсболдыг цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрч, түүнээс удаа дараа уучлалт гуйж, хохирлыг төлж барагдуулсан. Хохирогч О.Төгсболд надад хорих ял оногдуулахыг хүсэхгүй байхад шүүхээс хорих ял оногдуулж, биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд миний анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг маань харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү...” гэжээ.

Ялтны өмгөөлөгч Т.Мөнхтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...гэм буруугийн талаар эс зөвшөөрч давж заалдах гомдолд дурдсан байгаа гомдлын энэ хэсгээс татгалзаж байна. Б.Төгөлдөр О.Халиунаа нар нь тухайн өдөр хоорондоо дотно танилцсан. Улмаар хохирогч О.Төгсболд нь О.Халиунааг авч явах үед Б.Төгөлдөр түүнийг харамлаж О.Төгсболдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан. Б.Төгөлдөр урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирогчоос уучлалт гуйсан ба гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж, гэм хорыг арилгасан. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд нийцүүлэн, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Төгөлдөрт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэв.

Хохирогч О.Төгсболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Төгөлдөрт оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэхийг хүсэхгүй байна. Адилхан залуу хүмүүс учир түүнд нэг удаа боломж олгохыг хүсч байна...” гэв.

Прокурор Д.Цолмон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон. Анхан шатны шүүхээс ялтан Б.Төгөлдөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг хэрэглэх асуудал нь шүүхийн эрх хэмжээнд хамаарна...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангасан байна.

Б.Төгөлдөр нь 2016 оны 7 дугаар сарын 21-нээс 22-ны өдөрт шилжих шөнө 04 цагийн үед, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  “Кинбаб Чонгүг” нэртэй Солонгос хоолны газрын үүдэнд нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн, хохирогч О.Төгсболдыг үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэн зодож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- хохирогч О.Төгсболдын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2016 оны 7 дугаар сарын 22-ны шөнө, “Халиунаа намайг ирээд авчих” гэхээр нь шөнийн 04 цаг 30 минутын үед, “Кинбаб Чонгүг” нэртэй Солонгос хоолны газрын өмнө очиход  найз охин Халиунаа өөдөөс тосоод ирсэн. Араас нь үл таних Төгөлдөр гэх залуу гарч ирээд миний гараас татаад “Уулзая” гэхээр нь би “Чамайг танихгүй” гээд гараа татаж автал тэр миний нүүр лүү гараараа 1 удаа цохисон. Намайг газар унасан байхад хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгсэн тэр залуугийн найзууд ирээд түүнийг аваад явсан. Миний хамрын таславч болон зүүн гайморовын хөндий мурийсан, хамрын зүүн хэсэгт шингэн зүйл хуралдсан тул шимэгдүүлэх эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Одоо хамраа л тэгш болгох эмчилгээ хийлгэвэл гомдолгүй болно...” /хх-10, 97/,

- гэрч О.Ариунболдын “...намайг “Кинбаб Чонгүг” хоолны газрын гадаа Баярхүүтэй хамт тамхи татаад сууж байхад, Төгөлдөр, Чинбат хоёртой хамт хоол захиалж идсэн охидын нэг нь хоолны газраас гараад явсан. Төгөлдөр араас нь гарч ирээд тэр охинтой уулзахад нь хаанаас ч юм бүү мэд бас нэг залуу гарч ирээд Төгөлдөртэй муудалцаад байх шиг байхаар нь Баярхүү бид хоёр яваад очтол Төгөлдөр нөгөө үл таних залуугийн нүүр лүү нь нэг удаа цохисон. Нөгөө залуу газар унасан байхад нь Төгөлдөр өшиглөсөн боловч оноогүй, бид Төгөлдөрийг салгаж авч явсан...” /хх-11/,

- гэрч Б.Сэлэнгийн “...2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 23 цагийн үед өөрийн найз Халиунаа, Баасанжаргал хоёртой хамт Сансарын “Оакланд” нэртэй бааранд орсон. Тэнд бүжиглэж байгаад үл таних хоёр залуутай танилцсан. Тэгээд хамтдаа Төгөлдөр гэх залуугийн хоолны газар очиж, хоол идэж жаахан юм ярьж суухаар тохирсон. Улмаар ... нэг залуу нь “Манай гэрт очиж архи ууя” гэхээр нь бид нар зөвшөөрөөгүй. Тэгсэн Халиунаа “Би нэг хүн дуудчихлаа, гарч уулзлаа” гээд гараад явсан. Түүний араас Төгөлдөр гэх залуу дагаад гарсан. Баасанжаргал бид хоёрыг гадаа такси барихаар зогсож байхад Төгөлдөр хоолны газрын үүдэнд зогсож байсан ... намайг гэр лүүгээ явж байтал Төгөлдөртэй хамт байсан Чинбат гэх залуу нь миний утас руу залгаад “Найзыгаа ирж аваарай, цагдаа дээр байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь Баасанжаргал бид хоёр цагдаагийн хэлтэс дээр очиход Халиунаагийн уулзах гэж байсан Төгсболд гэх залууг нөгөө бид нартай танилцсан Төгөлдөр гэх залуу зодчихсон болохыг мэдсэн...” /хх-13/,

- гэрч Э.Баярхүүгийн “...манай ажилчин Ариунболд “Төгөлдөр зодоон хийх гэж байх шиг байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гадаа гарахад ... Төгөлдөр нэг залуутай  муудалцаад байсан. Тэр залууг Төгөлдөр баруун гараараа нэг удаа цохисон. Нөгөө залуу нь газар суугаад хамраасаа гарсан цусаа арчих гэтэл Төгөлдөр түүнийг ахиад өшиглөх гэж байхад нь Ариунболд бид хоёр салгасан...” /хх-14-15/,

- гэрч О.Халиунаагийн “...би найз Төгсболдыг интернэт чатаар “Хүрээд ир” гэж дуудсан ба шөнийн 03 цагийн үед тэр “Кинбаб Чонгүг” хоолны газрын гадна ирсэн байна гэхээр нь түүнтэй уулзах гээд гарсан. Гарахдаа хоёр эмэгтэй найз болон бааранд танилцсан хоёр залууд “Би харьлаа” гэж хэлсэн. Гэтэл миний араас Төгөлдөр гэдэг залуу гарч ирээд надтай юм яриад зогссон. Би Төгсболдтой хамт явах гэтэл Төгөлдөр араас ирээд намайг түлхэж холдуулаад Төгсболдыг арагшаа эргэж харахад нь баруун гараараа нүүр лүү нь нэг удаа цохиод авсан. Төгсболдыг газар уначихсан байхад нь Төгөлдөр дахиад нэг удаа нүүр лүү нь цохисон. Тэгээд хоолны газраас хүмүүс гарч ирээд тэр хоёрыг салгасан...” /хх-16/,

- ялтан Б.Төгөлдөрийн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /хх-30-32, 96/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10234 тоот “...Төгсболдын биед зүүн гайморовын хөндийд урд ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар, хамрын зүүн хажууд зулгаралт, хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсон. Энэ нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-20-21/ гэсэн дүгнэлт зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судласан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба мөрдөн байцаалтаар хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүхэлд нь шалгасан, дахин шалгах зүйлгүй байна.

Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчилгүй байна.

Дурдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эдгээр нотлох баримтуудыг үндэслэн ялтан Б.Төгөлдөрийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс ялтанд хуульд заасан ял шийтгэл оногдуулжээ.

Хохирогч О.Төгсболд нь давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэх явцад, ялтны ар гэрээс миний цаашид гарах эмчилгээний зардалд 300.000 төгрөгийг төлсөнийг дурдсан ба мөн ялтанд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгөхийг хүссэн хүсэлт гаргасан, биед учирсан гэмтлийн байдлыг үндэслэн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, гэм хор арилгасан гэж дүгнэх боломжтой.

Ялтан Б.Төгөлдөр нь анх удаа ял шийтгүүлж байгаа, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хүндэвтэр гэмт хэрэг бөгөөд өөрийн гэм буруугаа ойлгож гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорыг арилгасан тул түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг хэрэглэн, тодорхой хугацаагаар түүний засрал хүмүүжилд хяналт тавих замаар хүмүүжүүлэх боломжтой тул нийгмийн болон хохирогчийн ашиг сонирхлыг хамгаалах асуудалд нийцүүлэн, талуудын эв эеийг хүндэтгэн, хохирогчийн хүсэлтийг үндэслэн, ялтанд итгэл үзүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Энэ нь “НҮБ”-ын хорихоос өөр төрлийн арга хэмжээнд холбогдох наад захын жишиг дүрэм /Токиогийн дүрэм/-ийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан “Хорихоос өөр төрлийн арга хэмжээнүүдийг сонгох бололцоотой нөхцөлд шүүхийн байгууллага шийдвэр гаргахдаа эрх зүйн зөрчил үйлдэгчийг засан хүмүүжүүлэх шаардлага, нийгмийн болон хохирогчийн ашиг сонирхлыг хамгаалах асуудлыг анхааралдаа авбал зохих бөгөөд хохирогч этгээдтэй шаардлагатай тохиолдолд зөвлөлдөж байгууштай” гэсэн зөвлөмжид нийцэх ба Монгол Улсын Эрүүгийн болон түүнтэй нийцүүлэн гаргасан хуульд харшлахгүй юм.

Иймд ялтан Б.Төгөлдөр, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа нарын “…ялтанд оногдуулсан хорих ялыг тэнсэн, хянан харгалзаж өгөхийг…” хүссэн давж заалдах гомдлыг хүлээн авч, энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан, Б.Төгөлдөрт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг Баянзүрх дүүргийн 18 дугаар хороог харьяалсан Цагдаагийн хэлтэст даалгасугай…” гэсэн нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Ялтан Б.Төгөлдөрт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчлөн бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, нэн даруй сулласугай.

3.  Ялтан Б.Төгөлдөр нь 39 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

4. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл, магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                ДАРГАЛАГЧ,

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Л.ДАВААСҮРЭН  

                                ШҮҮГЧИД                                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                      Д.МӨНХТУУЛ