Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2020/00493

 

П.Ч-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2019/01724 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2019 дугаар магадлалтай,

П.Ч-ийн нэхэмжлэлтэй,

ОТС- БСБ-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-, түүний өмгөөлөгч Б.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л-, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Ч-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 2002 онд анх Олонлог бүрэн дунд сургуульд сургалтын албаны дарга, менежерийн албан тушаалд томилогдон 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилласан. Ажилд орсон цагаасаа хойш нэг ч удаа сахилгын шийтгэл авч байгаагүй бөгөөд ямар нэг алдаа эндэгдэл гаргаж байгаагүй. Ажил олгогч надтай хамгийн сүүлд 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу талууд гэрээ цуцлах санал гаргаагүй тул тухайн гэрээ жил бүр сунгагдаад явдаг байсан. Гэтэл 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн ОТС- БСБ-ын захирлын 32 дугаар тушаалаар намайг сургуулийн эд хөрөнгийг хулгайлсан, ашигласан гэж үзэн ажлаас халсан нь үндэслэлгүй бөгөөд хуульд нийцэхгүй байна. Тушаалын агуулгаас харахад хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн бөгөөд чухам яг ямар сахилгын ноцтой зөрчил гаргасан нь ойлгомжгүй, түүнчлэн ямар эд хөрөнгийг хулгайлж, ашигласан гэдэг нь тодорхойгүй байна. Ажил олгогчийн зүгээс намайг ажлаас халахын тулд сургуулийн процессор гэр лүүгээ авч явсан гэж буруутгадаг. Гэтэл 2018-2019 оны хичээлийн жил дуусаад миний бие ээлжийн амралтаа авах болоход ажлын онцлогоос шалтгаалж байнга бэлэн байх шаардлагатай болдог тул өөрийн ажилладаг байсан компьютерийн процессорыг аливаа шаардлага гарахад ажлаа зогсолтгүй явуулж байхын тулд нягтлан болон няравт хэлж зөвшөөрөл авсны үндсэн дээр хэсэг хугацаанд гэртээ байлгасан юм. Учир нь сургууль дээр их засварын ажил эхэлсэн бөгөөд өрөөндөө үргэлжлүүлэн ажлаа хийх боломжгүй болсон. Тухайн үед сургуулийн бүх эд хөрөнгийг нэг бүрчлэн агуулахад хадгалах боломжгүй байсан тул компьютерууд бүгд ил задгай үлдсэн. Ийм учраас намайг эзэнгүй байх хойгуур тухайн компьютер алдагдах, мэдээлэл устах, гэмтэх гэх мэт маш олон эрсдэлтэй байсан тул би уг эрсдлээс урьдчилан сэргийлэхээс өөр арга байгаагүй. Гэвч захирал уурлаж байна гэсэн тул миний бие тухайн процессорыг 4-5 хоногийн дараа бүрэн бүтэн буцааж хүлээлгэн өгсөн. Hard disk буюу хадгалах төхөөрөмжинд сургуулийн хөтөлбөр, төлөвлөгөө, дотоод журам, элсэлт бүртгэл, багш сурагчдын холбоотой судалгаа, үүсгэн байгуулагч нартай холбоотой баримтууд, өөрийн ном сурах бичиг, түүнтэй холбоотой тооцоо мэдээлэл зэрэг зүйлүүд байсан. Hard diskийг авч үлдэн шинэ hard disk суурилуулж, сургуулийн холбоотой зүйлүүдийг, тухайлбал, сургуулийн төлөвлөгөө, элсэлт бүртгэлийн материал, багш сурагчдын холбоотой судалгаа зэрэг зүйлүүдийг суулгаж өгсөн. Хариуцагчийн хадгалах төхөөрөмж дэх зүйл алга гээд буй нь цаасан дээр байгаа зүйлүүд. Хэрэв хариуцагч намайг эд хөрөнгө хулгайлсан ашигласан гэж үзэж байгаа бол эрх бүхий этгээдээр зохих журмын дагуу шалгуулж болох байсан боловч ийнхүү эрх бүхий этгээдэд хандаагүй. Иймд ажил олгогч намайг хулгай хийсэн гэдгийг тогтоогоогүй, нотлоогүй ажлаас халсан нь буруу болсон. Иймд хууль зөрчин гаргасан 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ОТС- БСБ-ын захирлын тушаалыг хүчингүй болгож миний биеийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л-гийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний 6.1.16, 8.4, 8.4.1 гэж зааснаас гадна тогтоох хэсэгт сургуулийн өмчлөлийн эд хөрөнгийг хулгайлах, ашиглах үйлдэл хийсэн гэж дурдсан. Ажилтан сургуулийн хөрөнгийг хулгайлах, шамшигдуулах, ашиглах үйлдэл хийхгүй байх, хэрэв ийм үйлдэл хийвэл хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гэж үзэн хөдөлмөрийн гэрээг шууд цуцална гэж заасан байдаг. Сургуулийн ямар эд хөрөнгийг хулгайлж, ашигласан нь тодорхойгүй гэдэг тухайд, П.Ч-ийн эзэмшиж байсан компьютерийн хадгалах төхөөрөмж болон түүнд хадгалагдаж буй мэдээ, мэдээлэл, файл нь сургуулийн өмч юм. Компьютерийн процессорыг гэрлүүгээ авч яван хадгалах төхөөрөмжийг нь сольж, хуучныг нь өөртөө авсан, форматласан, хуучин хадгалах төхөөрөмжид хувийн ажлууд нь байсныг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Байвал зохих мэдээ, мэдээлэл, тоо бүртгэл, файл шинээр авсан хадгалах төхөөрөмжид бүрэн байгаагүй, тухайлбал, байгууллагын дотоод журам, стратеги төлөвлөгөө, олимпиадын сэдэв, мэдээ, архивт үлдэх зүйлс юм. Хуучин хадгалах төхөөрөмж болон түүнд байсан мэдээ, мэдээлэл, тоо бүртгэл, файлын заримыг өөртөө авсан энэ үйлдэл нь ажлаас чөлөөлөх арга хэмжээ авах тухай сургуулийн удирдлага өөрт нь 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хурал дээр мэдэгдсэн. Хүүхэд бүртгэх, төрийн байгууллага руу мэдээ, мэдээлэл хүргүүлэх байнгын шаардлагын тухайд, ийм шаардлага жил бүр гардаг, урьд жилүүдэд энэ ажлыг ажлын байрандаа гүйцэтгэдэг байсан, заавал ажлын байрнаас гадуур хийж гүйцэтгэх зайлшгүй шаардлага байхгүй. П.Ч- нь процессороо авч явах тухайгаа нягтлан, нярав нарт хэлж зөвшөөрөл авсан гэдэг тухайд, тэрээр хэнд ч урьдчилан хэлээгүй, жижүүрийн хажуугаар аваад гарч явахад нь, нярав тааралдахад авч явж ажлаа хийнэ гэж хэлсэн байдаг. Засварын ажилтай холбоотойгоор эд зүйлс алдагдах эрсдлээс хамгаалах зорилгоор гэрлүүгээ авч явсан гэх боловч байгууллагад үлдсэн бусад эд хөрөнгө бүгд бүрэн бүтэн, эвдэрсэн алдагдсан зүйл байхгүй, компьютер нууц үгтэй тул доторх мэдээллүүд алдагдах боломжгүй, засвар хийх хугацаанд байгууллагын өмчийн бүрэн бүтэн байдлыг өмчлөгч хариуцах болохоос ээлжийн амралтаа эдэлж байгаа ажилтан хариуцахгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1, 40.1.4-т тус тус заасан байна. 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр компьютерийн мэргэжилтнээр шалгуулахад хадгалах төхөөрөмжийг сольж тавиад өөр хардаар сольсон байсныг бид өөрсдөө тогтоосон. Хулгайлах, хулгайлах үйлдэл хийх гэдэг нь хууль зүйн хувьд ялгаатай. Хулгайлах бол эрүүгийн болон зөрчлийн хэрэг, энэ хэргийг үйлдсэн эсэхийг шүүх тогтооно. Хулгайлах үйлдэл хийх, ашиглах үйлдэл хийх гэдэг бол гэмт хэрэг биш, гэрээнд тусгагдсан хөдөлмөрийн харилцаан дахь зөрчил. Тушаалд хулгайлсан, ашигласан үйлдэл хийсэн гэж байгаа болохоос хулгайлсан, ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэж байхгүй бөгөөд П.Ч-ийг гэмт хэрэгт буруутгаагүй болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2019/01724 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан П.Ч-ийн ОТС- БСБ-ын захирлын 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 32 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2019 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2019/01724 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Хариуцагч ОТС- БСБ-ын захирлын тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний 10.1.36 хэсгийг үндэслэсэн гэх бөгөөд Хөдөлмөрийн гэрээний 10.1.36 хэсэгт байгууллагын хөрөнгөөс хулгайлсан, ашигласан нь тогтоогдвол гэж заасан байх бөгөөд тушаалын 1 дэх хэсэгт нэхэмжлэгчийг эд хөрөнгийг хулгайлсан, ашигласан үйлдэл хийсэн тул гэжээ. Нэхэмжлэгчийн тушаалд дурдсан эд хөрөнгө хулгайлсан, ашигласан үйлдэл хийсэн эсэхийг хууль хяналтын байгууллага буюу цагдаагийн байгууллага тогтоож эрүүгийн шүүх гэм буруутай эсэхийг тогтоох хуулийн зохицуулалттай. Гэтэл шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж зөрчил гаргасныг тогтоосон нотлох баримт байхгүй байхад зөрчил гаргасан гэж үзжээ. Мөн магадлалд ажилтан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр тушаал гаргасан тул нэхэмжлэгчийн гэм буруутай үйлдэл тогтоогдсон эсэх асуудлаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэж дүгнэсэн. Гэтэл хэрэгт нэхэмжлэгчийн гэм буруу буюу тушаалд дурдсан зөрчил гаргасан эсэхийг тогтоосон талаар нотлох баримт байхгүй болно. Эд хөрөнгө хулгайлсан, ашигласан үйлдэл буюу хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон зөрчил нь өөрөө тогтоогдоогүй байхад тушаал хуулийн дагуу байна гэж дүгнээд байгааг ойлгохгүй байна. Хэдийгээр хэрэгт нотлох баримтаар хадгалах төхөөрөмжийг хавсаргасан боловч шүүх хуралдааны явцад судлагдаагүйг дурдах нь зүйтэй байна. Хариуцагчаас Улсын бүртгэлийн гэрчилгээг нотлох баримтаар хэрэгт хавсаргуулсан байх бөгөөд түүнд 2015 оны 04 дүгээр сарын 10- ний өдрөөс Б.Баясгаланг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн байна. Гэтэл Б.Баясгалан өөрөө тус байгууллагын хувьд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй байхдаа буюу 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/2 дугаар тушаалаар А.Сугарыг сургуулийн захирлаар томилсон байна. Мөн Б.Сугар нь ажил үүргийн хувьд ямар эрх үүрэгтэй, ОТС- БСБ-ын хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр шүүхэд төлөөлөх эрхтэй эсэх, цаашлаад ажиллагсадтай Хөдөлмөрийн гэрээ байгуулах мөн ажлаас халах эрхтэй эсэх нь хэрэгт байгаа нотлох баримтуудаас харагдахгүй байна. Хэрэгт 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үүсгэн байгуулагч Б.Баясгалан нь ОТС- БСБ-ын ганцаараа үүсгэн байгуулсан байсан гэдгийг нотлох баримт байхгүй байхад давж заалдах шатны шүүх хуулийн дагуу эрх үүргээ шилжүүлсэн байна гэж дүгнэсэн нь шүүх хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Б.Баясгалан нь 2015 оны 04 дүгээр сард л үүсгэн байгуулагч ганцаараа гэж бүртгүүлсэн болохоос 04 сараас өмнө ОТС- БСБ нь 5 үүсгэн байгуулагчтай байсан болно. Шүүх хуралдаан эхлэхээс өмнө хариуцагчаас маргааны зүйл болсон 2019 оны Б/32 дугаар тушаалыг өөрчилсөн тушаалыг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн нь хариуцагчаас Б/32 дугаар тушаалыг хууль бус байсныг хүлээн зөвшөөрсөн үйл баримт гэж үзэхээр байна. Давж заалдах шатны шүүх дүгнээгүй орхигдуулсан. Шүүх хуралдаан эхлэхээс өмнө хариуцагчаас нотлох баримт нэмж гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нотлох баримттай танилцаагүй, танилцаад хариу тайлбар гаргах, мэтгэлцэх боломжоор хангаагүй нь шүүх хуралдааны тэмдэглэлийн 2 дахь хуудасны 26 дахь мөрөнд бичигдсэнээс тодорхой байна. Мөн шүүх хуралдаанд хариуцагч ОТС- БСБ хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй этгээд болох А.Сугар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцсон нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдаж байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд нийцээгүй, мөн 26 зүйлд заасан хэргийн оролцогч мөн эсэхийг тодруулаагүй байна. Нөгөөтэйгүүр Иргэний хэргийн анхны шатны шүүхээс нэхэмжлэгчийг сургуулийн эд хөрөнгөөс хулгайлсан, шамшигдуулсан ашигласан гэж дүгнэх гээд байгаа бол hard disk-д шинжээч томилуулж мэдээлэл хуулбарласан, устгасан эсэхийг тодруулах шаардлагатай байсан. Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд анхан болон давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьж шүүхийн шийдвэр, магадлал гаргасан байх бөгөөд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй байх тул хяналтын журмаар гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

П.Ч-, ОТС- БСБ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх, П.Ч-ийг тушаалд заасан ноцтой зөрчлийг гаргасан нь тогтоогдсон гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шүүх энэхүү дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнээд, харин улсын тэмдэгтийн хураамж хуваарилах асуудлаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т шүүх ....хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ...хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн бол хяналтын журмаар гомдол гаргаж болохыг заасан ба ийм үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч П.Ч-, хариуцагч ОТС- БСБ-д сургалтын албаны даргын ажлыг гүйцэтгэж байгаад тус сургуулийн захирлын 2019.08.16-ны өдрийн 32 тоот тушаалаар ажлаас халагдсан, уг тушаалд  П.Ч- хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргаж, сургуулийн өмчлөлийн эд хөрөнгийг хулгайлсан, ашигласан үйлдэл хийсэн гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, хөдөлмөрийн гэрээний 6.1.16, 8.4, 8.4.1, 10.1.3б-д заасныг тус тус үндэслэсэн байна.

П.Ч- ээлжийн амралтын хугацаанд өөрт нь ажлын албан хэрэгцээнд эзэмшүүлсэн компьютерийн процессорыг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр гэртээ аваачсан нь хэргийн баримтаар тогтоогджээ. Тэрээр хуучин хард дискийг өөртөө үлдээж, уг хард дискт байсан баримт мэдээллийн зарим хэсгийг шинэд хуулж ажил олгогчид өгсөн үйлдэл гаргаснаа үгүйсгээгүй ба үүнийгээ өөрийн хувийн хэрэгцээний мэдээллээ авсан гэж тайлбарласан байна.

Ажилтан, ажил олгогчийн заасан ажлын байранд тогтоосон журмын дагуу, ажлын хэрэгцээнд түүнээс олгосон тоног төхөөрөмжийг ашиглан ажил үүргээ гүйцэтгэх үүргийг хөдөлмөрийн гэрээгээр хүлээнэ. Зохигчийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 9.2-т ажилтны бэлтгэсэн эсвэл ажлын шаардлагаар түүнд ашиглуулахаар өгсөн бүх баримт бичиг, мэдээлэл нь ажил олгогчийн өмч болохыг заасан бөгөөд нэхэмжлэгч П.Ч-ийн процессорын хард дискийг шинээр сольж, хуучныг нь өөрийн эзэмшилд үлдээн, шинэд нь өмнөх мэдээллийн заримыг нь хуулбарлан ажил олгогчид өгсөн үйлдлийг талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.16, 8.4.1-д заасан “сургуулийн хөрөнгөөс ...ашиглах” хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцон улмаар ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг зөрчөөгүй, энэ талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийг хангах Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан нөхцөл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй гэж үзэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн төлөөлөх эрхийн талаар нэхэмжлэгч маргаж, анхан шатны шүүх хуралдаанд талууд энэ талаар мэтгэлцсэн бөгөөд шүүх уг маргаанд дүгнэлт хийснийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл, хэргийг хэлэлцсэн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, 5 хуудас баримт болон шинээр солигдсон гэх хард диск гаргасан байх бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч дээрх нотлох баримт гаргасантай холбоотой өөрийн байр суурийг илэрхийлжээ. Харин эдгээр нотлох баримттай тусгайлан танилцах, шүүх хуралдааныг хойшлуулах талаар аливаа хүсэлт гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэнээр шүүх хуралдаан үргэлжилсэн байна. Иймд баримт танилцуулаагүй, эрх зөрчсөн гэх гомдлоор шийдвэр, магадлалыг өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй байна.

Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаардаг тул хуульд зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг анхан шатны шүүх анхаараагүй, түүний төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгосныг давж заалдах шатны шүүх залруулж шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв болжээ.

Дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2019 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.  

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ