Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 1724

 

 

 

 

   2019 оны 10 сарын 08 өдөр

      Дугаар 182/ШШ2019/01724

               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж:

 

Нэхэмжлэгч: П. Ч

Хариуцагч: “ОТС” БСБ

 

            урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сансартуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: П.Ч миний бие 2002 онд анх “О” бүрэн дунд сургуульд сургалтын албаны дарга, менежерийн албан тушаалд томилогдон 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилласан. Ажилд орсон цагаасаа хойш нэг ч удаа сахилгын шийтгэл авч байгаагүй бөгөөд ямар нэг алдаа эндэгдэл гаргаж байгаагүй. Ажил олгогч надтай хамгийн сүүлд 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “Хөдөлмөрийн гэрээ” байгуулсан бөгөөд уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу талууд гэрээ цуцлах санал гаргаагүй тул тухайн гэрээ жил бүр сунгагдаад явдаг байсан. Гэтэл 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “ОТС” БСБ-ын захирлын 32 дугаар тушаалаар намайг сургуулийн эд хөрөнгийг хулгайлсан, ашигласан гэж үзэн ажлаас халсан нь үндэслэлгүй бөгөөд хуульд нийцэхгүй байна.

Учир нь дээрх 32 дугаар тушаалд “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 болон бидний хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.16 “сургуулийн хөрөнгөөс хулгайлах, шамшигдуулах, ашиглах үйлдэл хийхгүй байх”, 8 дугаар зүйлийн 8.4 “ажилтан дор дурдсан зөрчлүүдийн аль нэгийг гаргавал Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасан ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцална”. Үүнд: 8 дугаар зүйлийн 8.4.1 “энэ гэрээний 6.1.13, 6.1.14, 6.1.15, 6.1.16-д заасан аль нэг үүргээ зөрчсөн бол”, 10 дугаар зүйлийн 10.1.3б-д “байгууллагын хөрөнгөөс хулгайлсан, ашигласан нь тогтоогдвол хохирлын хэмжээ харгалзахгүйгээр” гэх заалтуудыг үндэслэл болгосон боловч эдгээр зөрчлүүдийн алийг ч гаргаагүй юм. Тушаалын агуулгаас харахад хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн бөгөөд чухам яг ямар сахилгын ноцтой зөрчил гаргасан нь ойлгомжгүй, түүнчлэн ямар эд хөрөнгийг хулгайлж, ашигласан гэдэг нь тодорхойгүй байна.

Ажил олгогчийн зүгээс намайг ажлаас халахын тулд сургуулийн процессор гэр лүүгээ авч явсан гэж буруутгадаг. Гэтэл 2018-2019 оны хичээлийн жил дуусаад миний бие ээлжийн амралтаа авах болоход ажлын онцлогоос шалтгаалж байнга бэлэн байх шаардлагатай болдог тул өөрийн ажилладаг байсан компьютерийн процессорыг аливаа шаардлага гарахад ажлаа зогсолтгүй явуулж байхын тулд нягтлан болон няравт хэлж зөвшөөрөл авсны үндсэн дээр хэсэг хугацаанд гэртээ байлгасан юм. Учир нь сургууль дээр их засварын ажил эхэлсэн бөгөөд өрөөндөө үргэлжлүүлэн ажлаа хийх боломжгүй болсон. Тухайн үед сургуулийн бүх эд хөрөнгийг нэг бүрчлэн агуулахад хадгалах боломжгүй байсан тул компьютерууд бүгд ил задгай үлдсэн. Ийм учраас намайг эзэнгүй байх хойгуур тухайн компьютер алдагдах, мэдээлэл устах, гэмтэх гэх мэт маш олон эрсдэлтэй байсан тул би уг эрсдлээс урьдчилан сэргийлэхээс өөр арга байгаагүй. Гэвч захирал уурлаж байна гэсэн тул миний бие тухайн процессорыг 4-5 хоногийн дараа бүрэн бүтэн буцааж хүлээлгэн өгсөн. Hard disk буюу хадгалах төхөөрөмжинд сургуулийн хөтөлбөр, төлөвлөгөө, дотоод журам, элсэлт бүртгэл,багш сурагчдын холбоотой судалгаа, үүсгэн байгуулагч нартай холбоотой баримтууд, өөрийн ном сурах бичиг, түүнтэй холбоотой тооцоо мэдээлэл зэрэг зүйлүүд байсан. Hard diskийг авч үлдэн шинэ hard disk суурилуулж, сургуулийн холбоотой зүйлүүдийг, тухайлбал, сургуулийн төлөвлөгөө, элсэлт бүртгэлийн материал, багш сурагчдын холбоотой судалгаа зэрэг зүйлүүдийг суулгаж өгсөн. Хариуцагчийн хадгалах төхөөрөмж дэх зүйл алга гээд буй нь цаасан дээр байгаа зүйлүүд.

Хэрэв хариуцагч намайг эд хөрөнгө хулгайлсан ашигласан гэж үзэж байгаа бол эрх бүхий этгээдээр зохих журмын дагуу шалгуулж болох байсан боловч ийнхүү эрх бүхий этгээдэд хандаагүй. Иймд ажил олгогч намайг хулгай хийсэн гэдгийг тогтоогоогүй, нотлоогүй ажлаас халсан нь буруу болсон. Нөгөөтэйгүүр Монгол улсын үндсэн хуульд зааснаар намайг хулгай хийсэн эсхүл эд хөрөнгө ашигласан эсэхийг зөвхөн шүүх л тогтоох ёстой байсан. Иймд хууль зөрчин гаргасан 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “ОТС” БСБ-ын захирлын тушаалыг хүчингүй болгож миний биеийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Ч нэхэмжлэлдээ чухам яг ямар сахилгын ноцтой зөрчил гаргасан нь ойлгомжгүй байна гэсэн тухайд, тушаалын үндэслэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний 6.1.16, 8.4, 8.4.1 гэж зааснаас гадна тогтоох хэсэгт сургуулийн өмчлөлийн эд хөрөнгийг хулгайлах, ашиглах үйлдэл хийсэн гэж дурдсан. Ажилтан сургуулийн хөрөнгийг хулгайлах, шамшигдуулах, ашиглах үйлдэл хийхгүй байх, хэрэв ийм үйлдэл хийвэл хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гэж үзэн хөдөлмөрийн гэрээг шууд цуцална гэж заасан байдаг. Сургуулийн ямар эд хөрөнгийг хулгайлж, ашигласан нь тодорхойгүй гэдэг тухайд, П.Чийн эзэмшиж байсан компьютерийн хадгалах төхөөрөмж болон түүнд хадгалагдаж буй мэдээ, мэдээлэл, файл нь сургуулийн өмч юм. Компьютерийн процессорыг гэрлүүгээ авч яван хадгалах төхөөрөмжийг нь сольж, хуучныг нь өөртөө авсан, форматласан, хуучин хадгалах төхөөрөмжид хувийн ажлууд нь байсныг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Байвал зохих мэдээ, мэдээлэл, тоо бүртгэл, файл шинээр авсан хадгалах төхөөрөмжид бүрэн байгаагүй, тухайлбал, байгууллагын дотоод журам, стратеги төлөвлөгөө, олимпиадын сэдэв, мэдээ, архивт үлдэх зүйлс юм. Хуучин хадгалах төхөөрөмж болон түүнд байсан мэдээ, мэдээлэл, тоо бүртгэл, файлын заримыг өөртөө авсан энэ үйлдэл нь ажлаас чөлөөлөх арга хэмжээ авах тухай сургуулийн удирдлага өөрт нь 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хурал дээр мэдэгдсэн. Хүүхэд бүртгэх, төрийн байгууллага руу мэдээ, мэдээлэл хүргүүлэх байнгын шаардлагын тухайд, ийм шаардлага жил бүр гардаг, урьд жилүүдэд энэ ажлыг ажлын байрандаа гүйцэтгэдэг байсан, заавал ажлын байрнаас гадуур хийж гүйцэтгэх гүйцэтгэх зайлшгүй шаардлага байхгүй. П. Ч нь процессороо авч явах тухайгаа нягтлан, нярав нарт хэлж зөвшөөрөл авсан гэдэг тухайд, тэрээр хэнд ч урьдчилан хэлээгүй, жижүүрийн хажуугаар аваад гарч явахад нь, нярав тааралдахад авч явж ажлаа хийнэ гэж хэлсэн байдаг. Засварын ажилтай холбоотойгоор эд зүйлс алдагдах эрсдлээс хамгаалах зорилгоор гэрлүүгээ авч явсан гэх боловч байгууллагад үлдсэн бусад эд хөрөнгө бүгд бүрэн бүтэн, эвдэрсэн алдагдсан зүйл байхгүй, компьютер нууц үгтэй тул доторх мэдээллүүд алдагдах боломжгүй, засвар хийх хугацаанд байгууллагын өмчийн бүрэн бүтэн байдлыг өмчлөгч хариуцах болохоос ээлжийн амралтаа эдэлж байгаа ажилтан хариуцахгүй. П.Чийн эдгээр шалтгаанууд процессорыг гэрлүүгээ авч явснаа зөвтгөх хуулийн үндэслэлтэй шалтгаан биш юм.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1-д “хөдөлмөрийн гэрээг дараахь

үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар цуцалж болно.”, 40.1.4-т “…хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол” гэж заасан байна. 2019 оны 08 сарын 08-ны өдөр компьютерийн мэргэжилтнээр шалгуулахад хадгалах төхөөрөмжийг сольж тавиад өөр хардаар сольсон байсныг бид өөрсдөө тогтоосон. Хулгайлах, хулгайлах үйлдэл хийх гэдэг нь хууль зүйн хувьд ялгаатай. Хулгайлах бол эрүүгийн болон зөрчлийн хэрэг, энэ хэргийг үйлдсэн эсэхийг шүүх тогтооно. Хулгайлах үйлдэл хийх, ашиглах үйлдэл хийх гэдэг бол гэмт хэрэг биш, гэрээнд тусгагдсан хөдөлмөрийн харилцаан дахь зөрчил. Хөдөлмөрийн харилцааны зөрчил гаргасан эсэхийг шүүх тогтооно, шүүхээр тогтоолгосны дараа хөдөлмөрийн гэрээг цуцална гэсэн хуулийн заалт байхгүй тул П.Чийг хулгайлах болон ашиглах үйлдэл хийж, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэн гэрээг цуцалсан нь хуульд нийцнэ.         

            Тушаалд “хулгайлсан, ашигласан үйлдэл хийсэн” гэж байгаа болохоос “хулгайлсан, ашиглах гэмт хэрэг үйлдсэн” гэж байхгүй бөгөөд П.Чийг гэмт хэрэгт буруутгаагүй болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх “ОТС”-ийн захирлын П.Чийг ажлаас чөлөөлөх тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын мэдээлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “ОТС”-ийн үүсгэн байгуулагчийн шийдвэр, “ОТС”-ийн  захирлын П.Чийг ажлаас чөлөөлөх тухай тушаалд өөрчлөлт оруулах тухай тушаал, ажил хүлээлцсэн акт, хурлын тэмдэглэл болон бусад бичгийн баримтыг шижлэн судлаад

 

                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч П.Ч нь сургалтын албаны дарга /сургалтын менежер/-аар “ОТС” БСБ-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан нь хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

             “ОТС”-ийн захирлын 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 32 дугаар П.Чийг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.16 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.4, 8.4.1, 10 дугаар зүйлийн 10.1.3б заалтуудыг тус тус үндэслэн хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргаж, сургуулийн өмчлөлийн эд хөрөнгийг хулгайлсан, ашигласан үйлдэл хийсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байх бөгөөд үүнийг нэхэмжлэгч үндэслэлгүй гэж марган тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч П.Чийн гаргасан зөрчил сургуулийн өмчийг хулгайлах, ашиглах үйлдэл буюу хөдөлмөрийн гэрээний 6.1.16 заалтыг зөрчсөн сахилгын ноцтой зөрчил, түүнийг ажлаас чөлөөлөх тухай “ОТС”-ийн захирлын тушаал хуулийн дагуу гарсан гэж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж байна.

Ажил олгогч П.Чийг ажиллуулахаар анх хөдөлмөрийн гэрээг 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 12 сарын хугацаатай байгуулж байсан ба талуудын хэн алин гэрээг цуцлах санал тавиагүй, ажилтан цааш үргэлжлэн ажилласаар байсан  тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар уг хөдөлмөрийн гэрээг сунгагдсан байсан гэж үзнэ. Энэ тухай тэдний байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2-т бас заажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар, ажил олгогчийн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.4-т “ноцтой зөрчил”-ийг нэрлэн заасны 8.4.1-т хөдөлмөрийн гэрээний 6.1.13-6.1.16-д заасан үүргийг зөрчвөл гэсэн байх ба 6.1.16-т “сургуулийн хөрөнгөөс хулгайлах, шамшигдуулах, ашиглах үйлдэл хийхгүй байх” үүргийг тус тус заажээ.

Нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар, хурлын тэмдэглэл зэргээр ажилтан П.Ч нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа эдлээд явахдаа сургуулийн компьютерийн процессорыг гэр рүүгээ авч явсан, сургуулийн захирлын шаардсанаар 4 хоногийн дараа процессорыг авчирч өгөхдөө hard disk буюу хадгалах төхөөрөмжийг сольж, өөрийн хувийн болон сургуулийн үүсгэн байгуулагч нарын мэдээлэлтэй хуучныг авч үлдэн, шинийг суурилуулахдаа зарим файл, мэдээллийг суулгаагүй, тухайлбал, байгууллагын дотоод журам, стратеги төлөвлөгөө, олимпиадын сэдэв, мэдээ зэргийг суулгаагүй зэрэг нөхцөл байдлууд  тогтоогдож байна.

2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр сургуулийн удирдлагын хурлаар П.Чийн асуудал яригдаж, түүнийг ажлаас чөлөөлж буйг мэдэгдсэн байна.

Гэрээний 9.2-т Ажилтны бэлтгэсэн, эсхүл ажлын шаардлагаар түүнд ашиглуулахаар өгсөн бүх баримт бичиг, мэдээлэл нь ажил олгогчийн өмч байна гэж заажээ.

Ажилтан П.Чийн ээлжийн амралтын хугацаанд сургуулийн компьютерийн процессорыг гэр рүүгээ авч явж, сургуулийн захирлын шаардсанаар процессорыг буцаан авчирч өгөхдөө hard disk буюу хадгалах төхөөрөмжийг сольж, өөрийн хувийн болон сургуулийн үүсгэн байгуулагч нарын мэдээлэлтэй хуучныг авч үлдэн, шинийг суурилуулахдаа зарим файл, мэдээллийг суулгаагүй үйлдэл нь сургуулийн хөрөнгийг ашигласан үйлдэл мөн байх ба хөдөлмөрийн гэрээний 8.4.1, 6.1.16-д заасан “сургуулийн хөрөнгөөс хулгайлах, шамшигдуулах, ашиглах үйлдэл хийхгүй байх” гэсэн ноцтой зөрчилд хамаарч байна.

            Дээрх байдлуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан П.Чийн “ОТС” БСБ-ын захирлын 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 32 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоноийн дотор гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.                   

 

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                                          С. БУД