Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2017/00391

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2017/00391

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц. Б -гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШГА-д холбогдох,

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хууль бус үйл ажиллагааг тогтоолгох, шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ гаргуулах, албадан дуудлага худалдаанд оруулсан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Б, түүний өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн төлөөлөгч А.С, гуравдагч этгээдийн төлөөлөгч О.Г, Я.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өнөржаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Нүхт гудамж, 17/7 тоотод байрлах байрандаа үр хүүхдүүдийнхээ хамтаар халуун ам бүлээрээ 6-7 жил амьдарч байгаа билээ. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 5 сарын 04-ний өдрийн 3143 дугаар захирамжаар Санни нүхт ХХК-иас 43,795,000 төгрөг, Улсын тэмдэгтийн хураамж 376,925 төгрөгийг гаргуулж Сувдан тамир ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд Санни нүхт ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй хэд хэдэн хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч А.Солонго явуулсан байдаг. Битүүмжлэгдсэн хөрөнгийн нэг нь манай гэр бүлийн хөрөнгө болох Нүхт гудамж, 17/7 тоот хаягт байрлах барилга юм. Уг хөрөнгийг анх Санни нүхт ХХК-тай гэрээ байгуулж уг барилгыг бариулсан, гэрээний дагуу төлөх барилгын мөнгөө бартерын гэрээгээр бараа материал нийлүүлж, үлдэгдэл мөнгийг нь Санни нүхт ХХК-ийн данс руу шилжүүлж мөнгөө бүрэн төлж дуусгасан. Гэтэл Санни нүхт ХХК-ийн 43,0 сая төгрөгийн төлбөрт миний бариулсан барилгыг битүүмжилж хураан авч улмаар албадан дуудлага худалдаанд оруулсан байна. Шийдвэр гүйцэтгэгч А.Солонго нь албадан дуудлага худалдаанд оруулах хүртэлх бүхий л үе шатанд надад болон энд амьдарч байгаа манай гэр бүлийн гишүүд болох 7 иргэнд мэдэгдээгүй, танилцуулаагүй, албадан дуудлага худалдаанд оруулахдаа надаас үнийн санал аваагүй, миний 1,5 тэрбумын хөрөнгийг дур мэдэн 70 хувь бууруулж 385,0 сая төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулсанд нь их гомдож байна. Миний бие 2016 оны 9 сард үнийн саналыг зөвшөөрөхгүй дахин үнэлгээ хийж өгнө үү гэж гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариугаа авч чадахгүй байна. Гомдол гаргаснаас хойш албадан дуудлага худалдаанд 2016 оны 10 сарын 28-ны өдөр оруулахаар зарлаад байгаа бөгөөд 50 хувь буюу 275,000,000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулахаар зэхэж байна. Энгийн хүн орон гэртэй болохын тулд 8 хувийн зээлэнд орж дааж давшгүй өртэй болдог гэтэл шүүхийн шийдвэрээр 43,0 сая төгрөгийн авлагатай хүнд 1,0 тэрбумын үнэтэй хөрөнгийг шилжүүлж болдог гэж үү. Санни нүхт ХХК нь миний мэдэхийн Гангар инвест хотхон болон олон барилгыг барьсан байдаг. Гэтэл 43,0 сая төгрөгийг барагдуулахын тулд 7-8 ам бүлээрээ ороод 6-7 жил амьдарсан айлын ариун гал голомтыг зарах гэж ингэж улайрч байгаа тэр шийдвэр гүйцэтгэгчийг хараад маш их гайхаж бас айж байна. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хууль бус үйл ажиллагааг тогтоолгох, шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ гаргуулах, албадан дуудлага худалдаанд оруулсан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 сарын 04-ний өдрийн 3143 тоот шийдвэрээр Санни нүхт ХХК-иас 43,795,000 төгрөгийг гаргуулж Сувдан тамир ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч Санни нүхт ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206025556 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 4-р хороо, Нүхтийн зам, 17/7 тоотод байрлах 250 м.кв талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нараас үнийн санал авахад үнийн санал өгөөгүй тул хөндлөнгийн шинжээч томилон үнэлүүлэхэд 512,027,778 төгрөгөөр үнэлэгдсэн. Анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнэлгээчний тогтоосон үнийн 70 хувь болох 358,419,445 төгрөгөөр, Иргэний хуулийн 177.4-т зааснаар 50 хувь болох 256,013,889 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Бэгзсүрэн нь Санни нүхт ХХК болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны гүйцэтгэлийн үйл ажиллагаанд хамааралгүй, уг хэрэгт зохигч биш этгээд юм. Харин ч нэхэмжлэгч Б.Бэгзсүрэн нь Санни нүхт ХХК-ийн нэр дээр битүүмжлэгдсэн байгаа амины орон сууцанд үнэлгээ тогтоолгохоор очсон шийдвэр гүйцэтгэгчийн ажилд саад болж төлбөр авагч Сувдан тамир ХХК болон шийдвэр гүйцэтгэгч А.Солонго нарыг ашиг сонирхолын зөрчилтэй гэж үндэслэлгүйгээр гүтгэсэн байна. Санни нүхт ХХК нь шийдвэр гүйцэтгэхээс удаа дараа санаатайгаар зайлсхийж манай компанийг хохироож байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь хуулийн хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж байгаа болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Бэгзсүрэн нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хууль бус үйл ажиллагааг тогтоолгох, шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ гаргуулах, албадан дуудлага худалдаанд оруулсан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба эс зөвшөөрч маргаж байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ үл хөдлөх эд хөрөнгийг Санни нүхт ХХК-иас арилжааны гэрээний дагуу хүлээн авч, амьдарч байгаа, гэтэл шийдвэр гүйцэтгэх албанаас уг үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, албадан дуудлага худалдаанд оруулсан, зах зээлийн үнээс доогуур үнэлсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар мэдэгдээгүй, үнийн санал аваагүй шинжээч томилсон гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч нь өөрийн татгалзал, түүний үндэслэлийг Б.Бэгзсүрэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа гэж тайлбарлаж байх ба гуравдагч этгээд нь хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна.

 

Шүүх нэхэмжлэгч Б.Бэгзсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 5 сарын 04-ний өдрийн 3143 дугаар шийдвэрээр хариуцагч Санни нүхт ХХК-иас 44,171,925 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Сувдан тамир ХХК-д олгон шийдвэрлэжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д төлбөр төлөгч, төлбөр авагчийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хэмээн тодорхойлжээ.

 

Хэрэгт авагдсан 000263617 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд Хан-Уул дүүргийн 4-р хороо, 17090, Нүхтийн зам 17/7 тоот хаягт байршилтай аялал жуулчлалын зориулалттай 250 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Санни нүхт ХХК /рд:5375258/ болох нь нотлогдож байх ба Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байна.

 

Хэдийгээр нэхэмжлэгч Б.Бэгзсүрэн нь Санни нүхт ХХК-тай байгуулсан хөрөнгө оруулах гэрээ, зарлагын баримт, тооцооны үлдэгдлийн баталгаа г.м бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байх боловч эдгээр нь Б.Бэгзсүрэнг дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тодорхойлохгүйгээс гадна дээр дурдсан баримтууд нь Алтан ус ХХК болон Санни нүхт ХХК-иудын хооронд үүссэн харилцааг тодорхойлсон байна.

 

Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцын талаар Б.Бэгзсүрэнд мэдэгдэх үүргийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба хүлээхгүй юм.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагч, үүрэг гүйцэтгэгч буюу төлбөр төлөгч, өмчлөгч нараас үнийн санал авахаар зохицуулсан байх тул өөрөөс нь үнийн санал аваагүй гэх Б.Бэгзсүрэнгийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн хэрэгт Санни нүхт ХХК-иас Б.Бэгзсүрэнд түүний нэрийн өмнөөс шүүхэд хандах эрх олгосон баримт байхгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа тодорхой үе шат, дараалалтайгаар, хуульд заасан журмын дагуу явагдсан байх тул нэхэмжлэгч Б.Бэгзсүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 34 дүгээр зүйлийн 34.4-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хууль бус үйл ажиллагааг тогтоолгох, шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ гаргуулах, албадан дуудлага худалдаанд оруулсан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай Б.Бэгзсүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР