Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 134

 

                                                                     Ш.Гд холбогдох эрүүгийн

                                                                               хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ганбулган,

шүүгдэгч Ш.Г, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1692 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Г, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ш.Гд холбогдох эрүүгийн 1706038020260 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Барнууд овгийн Шагдарсүрэнгийн Г, 1979 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Эрдэнэт хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, хуриараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, 21 дүгээр гудамжны 701 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ФБ79111771/;

Ш.Г нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Билэгт” караокед Б.Эын толгойн тус газар нь пивоны шилээр 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ш.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Барнууд овгийн Шагдарсүрэнгийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Гийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ш.Гд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэргийн улмаас Ш.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ш.Гээс эмчилгээний зардалд 1.412.865 төгрөгийг гаргуулан Б.Эод олгох, Б.Э нь цаашид гарах зардлаа жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ш.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс ял оногдуулахдаа хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн дүүрэн нягталж үзээгүй, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1692 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Би хохирогчийн толгойд пивоны шилээр цохиж гэмтэл учруулсан үйлдлээ огт санахгүй байна. Бид нар архи хэтрүүлэн ууснаас ийм харамсалтай асуудал гарсан. Миний найз Б.Э бид хоёрын хооронд өс хонзон, өр авлагын асуудал огт байхгүй бөгөөд их гэмшиж байна. Миний хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон бөгөөд гэм буруугаа хүлээж гэмшиж байна. Хохирогч Б.Эод учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан ба гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж торгох ялаар шийтгэж өгнө үү. Торгуулийн ялаар соливол торгуулийн ялыг өөрийн дансанд байгаа мөнгө болон өөрийн эзэмшлийн авто машин зэргийг худалдаж байгаад төлөх боломжтой. ...” гэв.

Шүүгдэгч Ш.Гийн өмгөөлөгч С.Тэгшжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ш.Гд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ш.Гд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх зааснаар Ш.Гээс эмчилгээний зардалд 1.412.865 төгрөгийг гаргуулж Б.Эод олгохоор шийдвэрлэсэн байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1692 тоот шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ш.Гд хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэх заалтыг үндэслэл болгоогүй байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн субъектив шинж байдлыг зөв тогтоосон боловч шүүн таслах ажиллагааны явцад шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн барагдуулах, тухайн зүйлд заасан хөнгөн ял оногдуулах хүсэлтийг гаргаж, түүнийг биелүүлэх боломжтой гэдгийг илэрхийлсээр байтал хорих ял оногдуулсан байгаа нь шүүгдэгчийн хувийн байдлын хувьд ял нь хүндэдсэн байна гэж үзэж байна. Ялтан Ш.Г болон түүний гэр бүл хохирогч Б.Эод учирсан эмчилгээний зардал хохирлыг бүрэн барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон тухай хүсэлтээ бичгээр илэрхийлсэн байна. Мөн ялтан Ш.Г болон түүний гэр бүлийн зүгээс шүүхэд хүсэлт гаргаж оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж торгох ялаар солих, уг торгуулийг хуульд заасан хугацаанд төлөхөө илэрхийлж тодорхой баримтуудыг гаргаж өгсөн байна. Иймд анхан шатны шүүхийн тогтоолоор Ш.Гд оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, хохирлоо төлж барагдуулсан байдал, гэм буруугаа хүлээсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж торгох ялаар сольж өгнө үү...” гэв.

Прокурор Б.Ганбулган тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан. Ш.Гийн хувьд орлогын эх үүсвэр нотлогдоогүй гэж үзэж, анхан шатны шүүхээс хорих ял оногдуулсан гэж ойлгож байгаа. Давж заалдах шатны шүүхээс торгуулийн ял оногдуулах эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул энэ талаар ямар нэгэн санал байхгүй. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Ш.Г нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Билэгт” караокед Б.Эын толгойн тус газар нь пивоны шилээр 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Э /1 хх 19-22/, гэрч Д.Түмэнжаргал /1 хх 26/, С.Должинсүрэн /1 хх 54/, Б.Отгонсүрэн /1 хх 55/, Б.Мэндбаяр /1 хх 56-57/, Д.Шинэчулуун /1 хх 58-59/, Б.Ариунтуяа /1 хх 77-78/, Ж.Батсүх /1 хх 80-81/ нарын мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Б.Эын биед зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, хатуу бүрхүүл дээрх цус хуралт, тархины эдийн няцрал, тархи доргилт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэх 13833 дугаартай дүгнэлт /1 хх 29/ мөн “Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 13833 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. ...” гэсэн 874 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /1 хх 171-172/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Гийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Гийн Б.Эын толгойн тус газар пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Мөн шүүгдэгч Ш.Гд анхан шатны шүүхээс хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Харин шүүгдэгч Ш.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдын биед гэмтэл учруулсны улмаас зайлшгүй хийгдсэн хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан үндэслэлээр ялыг хөнгөрүүлэх үндэслэл болж байна.

Тиймээс шүүгдэгч Ш.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар тухайн зүйл, хэсэгт заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жил хорих ял оногдуулах боломжтой байх тул дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хэдийгээр шүүгдэгч Ш.Г нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, торгуулийн ялыг төлөх бүрэн боломжтой гэж байгаа боловч түүнийг тогтсон орлоготой, торгуулийн ялыг төлөх боломжтой болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй бөгөөд тэрээр гэм хорын хохирлыг арилгах арга хэмжээг хангалттай авч чадаагүй байна.

Иймд шүүгдэгч Ш.Г, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1692 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Гийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Гийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Ш.Г нь давж заалдах шүүх хуралдааны өмнө хохирогч Б.Эод хохирлын 2.915.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Ш.Г, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            М.АЛДАР