| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 187/2018/0516/Э |
| Дугаар | 166 |
| Огноо | 2019-02-26 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 166
Б.Э, Б.Б, А.Б нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Эсэн,
шүүгдэгч А.Бгийн өмгөөлөгч П.Одонтунгалаг,
шүүгдэгч Б.Э, Б.Б нарын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ,
нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 601 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э, Б.Б нарын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, шүүгдэгч А.Бгийн өмгөөлөгч П.Одонтунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Э, Б.Б, А.Б нарт холбогдох 1810 0012 40115 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Егөс овгийн Амгаланбаатарын Б, 1995 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банк, санхүүч мэргэжилтэй, Хөдөө аж ахуйн давхар даатгал ХК-д экспортыг дэмжих төслийн эрсдэлийн шинжээч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 4 дүгээр байрны 30 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ПБ95102319/;
2. Монгол овгийн Баянмөнхийн Б, 1993 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банк, санхүүч мэргэжилтэй, Голомт банкинд эдийн засагч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1-40 мянгатын 5 дугаар байрны 43 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: УЗ93010918/;
3. Чонос овгийн Болдбаатарын Э, 1993 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банк, санхүүч мэргэжилтэй, Улаанбаатар банкинд эрсдэлийн менежер ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристалл таун хотхоны 802 дугаар байрны 407 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: УЗ93061656/;
Б.Э нь Б.Бтэй бүлэглэн, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Mint” бааранд 2017 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Г.Эыг зодож, эрүүл мэндэд нь баруун чихний дэлбэн, дагзны баруун хэсэг, хүзүүний цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан,
Б.Б нь Б.Этай бүлэглэн, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Mint” бааранд 2017 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Г.Эыг зодож, эрүүл мэндэд нь баруун чихний дэлбэн, дагзны баруун хэсэг, хүзүүний цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан,
Б.Б нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Mint” бааранд 2017 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө М.Мөнх-Ертөнцийг зодож, эрүүл мэндэд нь баруун хацар яс, баруун ухархайн гадна хажуу хана, доод хананд болон баруун гайморовын хөндийн урд хана, доод ирмэг, гадна хажуу хананд цөмөрсөн хугарал, баруун талын ухархайн доод хана цөмөрсөн хугарал, баруун хацар, шанаа, нүдэнд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
мөн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Mint” бааранд 2017 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Г.Эыг зодож, эрүүл мэндэд нь баруун чихний дэлбэн, дагзны баруун хэсэг, хүзүүний цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: А.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 11.6 дугаар зүйлийн 1, Б.Б, Б.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, А.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн, Б.Б, Б.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Бг 2500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 2.500.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар, Б.Эыг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, А.Бд оногдуулсан 2500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 2.500.000 төгрөгөөр торгох ял, Б.Бд оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял, Б.Эд оногдуулсан 1500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд тус бүр хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Бд оногдуулсан торгуулийн ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Б, Б.Б, Б.Э нар торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар А.Бгаас 2.800.000 төгрөг гаргуулан хохирогч М.Мөнх-Ертөнцөд олгох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 3 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн 1810001240115 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, А.Б, Б.Э, Б.Б нар цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.Э эмчилгээний зардал нэхэмжлээгүйг, Б.Э, Б.Б нар бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.Бгийн өмгөөлөгч П.Одонтунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулгын хувьд:
А.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн хоёр гэмт хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосон тухайд:
А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан гэмт хэргийг прокурор өөрөө хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг хэрэгсэхгүй болгосон хяналтын прокурор Г.Эсэнгийн шийдвэрийг дээд шатны прокурор хүчингүй болгоогүй /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэрийг дээд шатны прокурор хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад шилжүүлнэ/. Мөн А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шинээр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаагүй, хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол хүчин төгөлдөр байсаар байтал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн яллагдагч биш А.Бд холбогдуулан яллагдагчид яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, уг зөрчлийг арилгахгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, яллах дүгнэлтэд заасан дээрх эрүүгийн хэрэгт А.Б нь яллагдагч биш, буюу эрүүгийн хэрэг байхгүй байсаар байтал хэрэг гэж үзэж хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, энэ хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэнэ. Мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг хянаж эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэр гаргахдаа, яллагдагч болоогүй үйлдэл холбогдолд яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зөрчсөн байгааг шүүх өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчлийг арилгалгүйгээр өмгөөлөгч нараас хүсэлт гаргаагүй гэж яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарган гэм буруугийн хурал хийж, огт байхгүй эрүүгийн хэрэг буюу А.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Яллах дүгнэлт хууль зөрчсөн буюу А.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэргийн яллагдагч биш байхад яллагдагчийг шүүхэд шилжүүлж, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаагүй асуудлаар гэм бурууг хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэсэн хууль бус байна. А.Бд холбогдуулж Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан дээрх тогтоолын Тогтоох хэсэгт: Г.Эын биед учирсан хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт Б.Э, Б.Б нартай бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Б.Бд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан дээрх тогтоолын тогтоох хэсэгт: Б.Б нь Б.Э, А.Б нартай бүлэглэн гэж гэмт хэрэгт хамтран оролцсон гэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Б.Эд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан дээрх тогтоолын тогтоох хэсэгт Б.Э нь Б.Б, А.Б нартай бүлэглэн гэж гэмт хэрэгт хамтран оролцсон гэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 65 тоот тогтоолоор Б.Эд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан ба Б.Э нь Б. Б, А.Б нартай бүлэглэн гэж байсныг Б.Бтэй бүлэглэн гэж өөрчилсөн. 67 тоот тогтоолоор Б.Бд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан ба Б.Б нь Э, А.Б нартай бүлэглэн гэж байсныг Б.Этай бүлэглэн гэж өөрчилсөн. 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 63 тоот тогтоолоор А.Бд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан ба А.Б нь Б.Э, Б.Б нартай бүлэглэсэн үйлдэл нь тогтоогдоогүй гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэж өөрчлөлт оруулсан. 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 20 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан А.Бгийн Б.Э, Б.Б нартай бүлэглэн Г.Эт хөнгөн гэмтэл учруулсан яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл шүүгчийн захирамжид заасан алдаа дутагдлыг засалгүйгээр зөвхөн сиди бичлэгт шинжээч томилон буцаан шүүхэд шилжүүлсэн байдаг ба дээрх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлөө арилгаагүй, шүүгчийн захирамжийг бүрэн гүйцэд биелүүлээгүй дахин яллах дүгнэлт үйлдсэнийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Хэрэгт эд мөрийн баримтыг шинжлэн судалсан тухайд:
Хэрэгт авагдсан сиди бичлэгийг шүүх хуралдаан дээр шинжлэн судалсан бөгөөд улсын яллагч энэ А.Б, энэ М.Мөнх-Ертөнц, энэ Б.Э, энэ Б. Б, энэ Г.Э гэх зэргээр зааж байсан. Гэтэл уг бичлэг нь шинэ жилийн баяр буюу харанхуй гэрлийн ойлт буюу диско хөгжмийн аялгуугаар гэрлийн солигдол бүхий орчинд хийгдсэн бичлэг байдаг бөгөөд уг бичлэгийг шүүх хурлын танхимд шинжлэн судалсан өмгөөлөгч миний бие хэн, хаана, ямар үйлдэл хийгээд байгааг ялгаж салгаж чадахгүй, ингэх боломжгүй байсан бөгөөд аливаа гэрлийн хөдөлгөөн нь хүний үйлдлийг ялгах боломжийг өгөхгүй байгаатай холбогдуулан уг бичлэгийг гэрлийн тусгалаас боломжтой бол салган, буруутгагдаж буй шүүгдэгч нарын үйлдлийг кадаржуулах ажлыг мэргэжлийн шинжээч, тусгай мэдлэгтэй хүмүүсээр хийлгэх хүсэлтийг тавьсан боловч шүүх хүлээн аваагүй. Уг бичлэгийг энгийн нүдээр харж байгаа өмгөөлөгч миний бие ялган чиглэл хөдөлгөөнийг салган харах боломжгүй байхад шүүгч ямар тусгай мэдлэг, ховор авъяасаараа ялган салгаж уг бичлэгийг шийтгэх тогтоолынхоо үндэслэл болгож нотлох баримтаар үнэлсэн нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулсан тухайд А.Бг 2017 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө М.Мөнх-Ертөнцийн биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж ял шийтгэсэн ба хохирогчийн биед учирсан гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон бусад гэм буруугийн талаарх хохирогч гэрч нарын мэдүүлгийг үндэслэж шийтгэх тогтоол гаргасан байдаг. Хохирогч М.Мөнх-Ертөнцийн биед учирсан хүндэвтэр хохирол нь шинжээчийн дүгнэлтээр “баруун хацар яс, баруун ухархайн гадна хажуу хана, доод хананд болон баруун гайморын хөндийн урд хана, доод гадна хажуу хананд цөмөрсөн хугарал, баруун талын ухархайн дотор хана цөмөрсөн хугарал ирмэг, баруун хацар, шанаа зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон байдаг бөгөөд уг гэмтлийг шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 629 тоот дүгнэлтээр гаргасан байдаг. Уг дүгнэлтийг үндэслэлтэй эсэхэд 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хийгдсэн 480 тоот дүгнэлтэд: “629 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Хацар яс, хацар ясны нум хоншоор ясны өмнөд гадна хананы хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун нүдний ухархайн гадна, доод хананд зөрүүтэй далд хугарал, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн байдаг.
| и |
Энэхүү дүгнэлтээр 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр эмч нарын хамтарсан үзлэгээр эрүүл мэндийг сарниулсан эрхтэн тогтолцооны алдагдал буюу өөрчлөлтгүй зөвхөн хэсэг газрын үзлэгээр доод шүдэнд бэхэлгээ хийгдсэн байдаг. 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хийгдсэн 480 тоот дүгнэлт 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн компьютер томографийн зургийг 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр давтан уншуулж, 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн эмчийн үзлэгийн тэмдэглэл, 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн тэмдэглэл зэрэг баримтад тулгуурлан хийгдсэн байдаг ба 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн үзлэгт хувийн эмнэлэгт хагалгаанд орсон байсан талаар бичигдсэн байна. Хохирогч М.Мөнх-Ертөнцийн биед учирсан хүндэвтэр хохирол нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан гэх хэрэг гарснаас гурав хоногийн дараа гарсан 629 тоот дүгнэлт үндэслэлгүй. Уг дүгнэлтийг үндэслэлтэй гэх 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 480 дугаар дүгнэлт нь 4 долоо хоногоос дээш сарниулсан гэх баримт байхгүй. Бодит үзлэгээр зовиургүй зөвхөн тэмтэрхэд доод эрүүнд бэхэлгээ хийгдсэн байдалтай л гэсэн байдаг ба 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн компьютер томографийн зураг 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн эмчийн үзлэгийн тэмдэглэл нь 4 долоо хоног доторх баримт бөгөөд үүнээс өөр 4 долоо хоногоос дээш эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа алдагдаж эрүүл мэнд сарнисан гэх эмнэл зүйн ямар ч баримтгүйгээр 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 629 тоот дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэлт гаргасан байдаг. Шинжээч нарын М.Мөнх-Ертөнцийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн нь уг журмын заалттай тохирохгүй байна. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн А/216/422 дугаар тушаалаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1 “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан” гэж заасан. Өөрөөр хэлбэл сарниулах гэж заагаагүй бөгөөд сарниулсан гэж заасан нь гэмтлээс үүссэн зовиур эд эрхтний бүтэц үйл ажиллагааны хямрал 4 долоо хоногоос дээш хугацаагаар эрүүл мэндийг сарниулсан нөхцөлд хүндэвтэр гэмтэлд хамаарах заалт болно. Хүний гэмтэл өвчлөл зовиурийг хэдий хугацаанд эдгэрч арилах талаар тодорхойлолт байхгүй бөгөөд гэмтлийн шинж, хүний дархлаа биеийн эсэргүүцэл болон хийсэн эмчилгээ, түүний үр дүнгээс эмчилгээ үр дүнд хүрч зовиургүй эрхтний тогтолцооны бүтэц үйл ажиллагааны хямрал арилахад хүрэх бөгөөд үүнд эрүүл мэндийг сарниулсан үйл ажиллагааны хямралыг арилгахад хохирогчийн эмчилгээ хийлгэж байгаа хандлага арга барил хийгдэж буй эмчилгээнээс шууд шалтгаант холбоотой байхад гэмтэл авсны дараах 3 хоногт гаргасан дүгнэлт 4 долоо хоногоос дотор буюу 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хамгийн сүүлд үзүүлсэн баримттай байхад 4 долоо хоногоос дээш гэж ямар нэг эмнэл зүйн баримтгүйгээр эрүүл мэндийг сарниулна гэж ерөнхий таамаглал дэвшүүлж дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй. “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-д 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах гэж заасан бол гомдолгүй бөгөөд сарниулсан байдлыг эмнэл зүйн баримт эмнэлэгт үзүүлсэн, хэвтсэн баримтгүйгээр дүгнэсэн нь хууль болон гэмтлийн зэрэг тогтоох журамд нийцэхгүй байна. Гэмтэл тэд хоногт эдгэрнэ, тэд хоногт эдгэрэхгүй гэх албан ёсны баримтлах хэм хэмжээ байхгүй. Ийм ч учраас гэмтэл зовиур нь 4 долоо хоногоос дээш хугацаагаар үргэлжилж байгааг удаан хугацаагаар гэж үзнэ гэж сарниулсан хугацааг журамлан зохицуулжээ. Гэтэл тусгай мэдлэгтэй шинжээчийн ажлын туршлага хандлага дээр үндэслэгдэж ийм гэмтэл тэд хоногоос дээш эрүүл мэндийг сарниулна гэж дүгнэлт гарган хүндэвтэр гэмтэлд хамааруулж байгаа нь шинжлэн ухааны арга хэрэгсэлд үндэслэгдсэн үндэслэлтэй байх шалгуурыг хангаагүй байна. Үнэхээр удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш эрүүл мэнд сарнисан болохоо эмчийн акт, магадлагаа, хийгдсэн эмчилгээгээрээ нотлох ёстой. Гэтэл ийм үйл баримт байхгүйгээр хийсвэр магадлалд тулгуурлаж сараас дээш хугацаанд эдгэнэ гэж таамаглан эрүүл мэнд сарниулсан хугацааг тогтоосон нь үндэслэлгүй. Гэмтлийн зэрэг тогтоох зааварт зааснаар М.Мөнх-Ертөнцийн биед учирсан гэтэл нь амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарахгүй бөгөөд Шинжээчийн дүгнэлтэд ч М.Мөнх-Ертөнцийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийн тогтонги алдалтад нөлөөлөөгүй талаар заасан байна. Иймд хүнд гэмтэл биш, эрүүл мэндийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй, зөвхөн эрүүл мэндийг сарниулсан шинж нь гэмтлийн шалгуур болж байхад 4 долоо хоногоос дээш сарнисан эмнэлгийн бичиггүй, өнгөрсөн цаг дээр буюу сарниулсан гэж гэмтлийн зэрэг тогтоох зааварт заасаар байтал ирээдүй цаг дээр сарниулах гэж тодорхойлж гэмтлийн зэрэг тогтоох зааварт байхгүй үгээр дүгнэлт гаргасанг шүүх үндэслэлтэй гэж үзсэн нь шийтгэх тогтоол хэргийн бодит байдалд нийцээгүй байна. Хохирогч 4 долоо хоногоос дээш хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан баримтгүй байхад шүүхийн шийтгэх тогтоолоор А.Бд ял шийтгэл оногдуулсан нь хэрэгт авагдаагүй нотлох баримтад тулгуурлан шүүх шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Иймээс хэргийг бүхэлд нь хянаж хууль зөрчсөн, нотлох баримтад тулгуурлаагүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй нэмэлт ажиллагаа хийлгэх, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн зөрчлийг арилгуулахаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Б, Б.Э нарын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн прокурорын газраас миний үйлчлүүлэгч нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг А.Бтай бүлэглэн үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдсэнийг шүүх хүлээн авч хянан хэлэлцээд миний үйлчлүүлэгч Б.Э, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ялаар шийтгэсэн. Ийнхүү шийдвэр гаргахдаа анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу нотлох баримтад тулгуурлалгүй хууль зүйн үндэслэлгүй шийдвэрийг гаргаж, бусдын эрхэнд халдаад байна. Б.Э, Б.Б, А.Б нар нь 2017 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Mint” бааранд үйлчлүүлж байхдаа Г.Этай үл ойлголцолд хүрсэн байдаг. Хавтас хэргийн 55 дугаар хуудсанд авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 714 тоот дүгнэлтэд Г.Эын биед “баруун чихний дэлбэн, дагзны баруун хэсэг, хүзүүний цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо” гэсэн. Мөн хавтас хэргийн 73 дугаар хуудсанд шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэлд шинжээч Т.Чимэдбалжир нь “Тархи доргилтоос бусад гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэж мэдүүлсэн. Эндээс харахад хохирогч Г.Эын биед учирсан гэмтлүүдээс зөвхөн тархи доргилт нь эрх зүйн дүгнэлт хийгдэх боломж бүхий гэмтэл юм гэдгийг шинжээч маш тодорхой хэлсэн байна. Хэрэгт авагдсан сиди бичлэгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй буюу гэрэл болон орон зайн хувьд хязгаарлагдмал орчинд, мөн хүчтэй хөдөлгөөнт гэрлийн тусгал зэргээс хамааран хэн хэн ямар үйлдэл хийж байгааг тодорхойлох боломжгүй байсан. Өөрөөр хэлбэл тусгай мэдлэгийн хүрээнд тус бичлэгээс хэрэгт ач холбогдол бүхий үйлдэл бүрийг фото хэлбэрт бэхжүүлээгүй улмаас хохирогч болон холбогдогч нарын үйлдлийг нарийн зааглаж эрх зүйн дүгнэлт хийн нотлох баримтаар үнэлэх боломжгүй байхад анхан шатны шүүх уг бичлэгийг нотлох баримтаар үнэлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийг чанд сахина” хэмээн хуульчилсан, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д “Гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал”, 1.2-д: “Гэмт хэргийг хэн үйлдсэн” - болохыг заавал тогтоохыг шаардсан байдаг. Өөрөөр хэлбэл гэмт хэргийг хэн яаж үйлдсэнийг хөдлөшгүйгээр тогтоосноор гэмт хэргийн зүйлчлэл болон бусад эрх зүйн ач холбогдол бүхий ажиллагаанууд хуульд нийцэж явагдах боломжууд бүрдэх байсан. Гэтэл прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар бол хохирогч Г.Эт учирсан гэмтлийг гурван хүний үйлдлийн улмаас учруулсан гэж хэт бүрхэг байдлаар дүгнэж ялласан байдаг. Мөн хохирогчид учирсан тархи доргилт гэмтлийг Б.Э, Б.Б, А.Б нарын чухам хэнийх нь үйлдлийн улмаас учирсан болохыг тогтоох нь мөрдөгч болон прокурорын заавал гүйцэтгэх үүрэг боловч үүнийг огт шалгаж тогтоогоогүй байхад шүүхээс миний үйлчлүүлэгч нарыг бүлэглэж учруулсан гэж үндэслэлгүй шийдсэн. Учир нь агуулгын хувьд хүний биед нэг цаг хугацаанд гурван хүний үйлдлийн улмаас нэг гэмтэл учрах ямар ч боломжгүй бөгөөд хэн нэг этгээдийн тодорхой үйлдлийн дүнд бий болох юм. Өөрөөр хэлбэл тархи доргилт гэмтэл нь яллагдагч нарын яг хэнийх нь үйлдлийн улмаас учирсан болохыг, нөгөө талаас энэ гурван яллагдагчийн гурвуулангийнх нь эсвэл хоёрынх нь үйлдлийн улмаас учирсан гэдгийг нотолсон шалтгаант холбоо бүхий нотлох баримт хэрэгт огт авагдаагүй байхад шүүх гэм буруутайд тооцон, торгох ялаар шийтгэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д: “...гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” хэмээн хуульчилсан эрүүгийн хэрэг хяхан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилтыг ноцтой зөрчсөн.
Иймд хэргийг бүхэлд нь хянан үзэж, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 601 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан заавал хийгдэх ажиллагаануудыг хийлгүүлэхийн тулд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Прокурор Г.Эсэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Хохирогч Мөнх-Ертөнцийн биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь тогтоогдсон. Таньж олуулах ажиллагаа хуульд зааснаар явагдсан. Б.Б, Б.Э, А.Б нар гурвуулаа зодсон. Тиймээс бүлэглэн гэж зүйлчилж, А.Бг давхар зүйлчилж шүүхэд шилжүүлсэн. Тиймээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Б.Э, Б.Б нар нь бүлэглэн, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Mint” бааранд 2017 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Г.Эыг зодож, эрүүл мэндэд нь баруун чихний дэлбэн, дагзны баруун хэсэг, хүзүүний цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан,
Б.Б нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Mint” бааранд 2017 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө М.Мөнх-Ертөнцийг зодож, эрүүл мэндэд нь баруун хацар яс, баруун ухархайн гадна хажуу хана, доод хананд болон баруун гайморовын хөндийн урд хана, доод ирмэг, гадна хажуу хананд цөмөрсөн хугарал, баруун талын ухархайн доод хана цөмөрсөн хугарал, баруун хацар, шанаа, нүдэнд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
хохирогч М.Мөнх-Ертөнцийн “...миний хөл дээр гишгэсэн залуу шууд цамцнаас зуураад хацар хэсэг рүү цохихоор нь нүүрээ дараад доош суусан. Э миний хажуунаас түүнийг салгах гэхэд миний хөл дээр гишгэсэн залуучуудын найзууд Эыг зодсон...” /1 хх 20-23/,
хохирогч Г.Эын “...нөгөө залуу Мөнх-Ертөнцийн нүүр рүү нь цохиод авах шиг болсон. ...тэр залуугийн найзууд болох хоёр залуу надруу дайраад, нэг шанаа руу цохихоор би доошоо тонгойход, хажуу талаас нөгөө залуу нь гараараа толгой руу цохиж хөлөөрөө нүүр рүү өшиглөсөн...” /1 хх 26-27/ гэсэн болон гэрч Э.Ани /1 хх 28-30/, Д.Амарсайхан /1 хх 31-33/, А.Түмэнхүү /1 хх 40-42/, Э.Сарангарав /1 хх 43-45/, О.Түвшинзаяа /1 хх 46-48/, Г.Энхцацрал /1 хх 49-51/, Г.Марал /1 хх 67-69/, шинжээч Ж.Ганцэнгэл /1 хх 70-71/, Т.Чимэд-Очир /1 хх 72-73/ нарын мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...М.Мөнх-Ертөнцийн биед баруун хацар яс, баруун ухархайн гадна хажуу хана, доод хананд болон баруун гайморовын хөндийн урд хана, доод ирмэг, гадна хажуу хананд цөмөрсөн хугарал, баруун талын ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, баруун хацар, шанаа, нүдэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэх 629 дугаартай дүгнэлт /1 хх 54/, мөн “Урьд гаргасан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 629 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. М.Мөнх-Ертөнцийн биед баруун талын хацар яс, хацар ясны нум, хоншоор ясны өмнөд, гадна хана, баруун нүдний ухархайн гадна, доод хананы зөрөөтэй далд хугарал, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх баруун талын хацар яс, хацар ясны нум, хоншоор ясны өмнөд, гадна хананы хугарал гэмтэл эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун нүдний ухархайн гадна, доод хананы зөрөөтэй далд хугарал, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн 480 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /1 хх-148-149/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Г.Эын биед баруун чихний дэлбэн, дагзны баруун хэсэг, хүзүүний цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 714 дугаартай дүгнэлт /1 хх 55/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч А.Бг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Б, Б.Э нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч А.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Б.Б, Б.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
Прокуророос шүүгдэгч А.Бг Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Mint” бааранд 2017 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Г.Эыг зодож, эрүүл мэндэд баруун чихний дэлбэн, дагзны баруун хэсэг, хүзүүний цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Учир нь, хохирогч Г.Э “...тэгтэл тэр цагаан цамцтай залуугийн найзууд болох хоёр залуу над руу дайраад нэг шанаа руу гараараа цохьсон...” /1 хх 26/, гэрч Б.Б “...гарыг нь тавиулах гээд Эыг би нэг удаа цохьсон...” /1 хх 35/, хохирогч М.Мөнх-Ертөнцийн “... намайг цохьсон залуугийн найзууд нь Эыг зодож байсан. Манай найз Эыг тэр залуугийн найзууд нь нийлээд зодсон...” /1 хх 27/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд хохирогч Г.Э “Б.Б намайг зодсон” хүн гэж заасан тухай тэмдэглэл /1 хх 160/ болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б нь хохирогч Г.Эыг зодож, хөнгөн гэмтэл учруулсан гэх үйлдэлд оролцоогүй болох нь нотлогдсон тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгэр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” бол гэж хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тогтоожээ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй.” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж “хөөн хэлэлцэх хугацааг” тогтоон хуульчилсан байх бөгөөд давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад шүүгдэгч Б.Б, Б.Э нарын бүлэглэн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул тэдэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Бг анхан шатны шүүхээс 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон гэж үзэв.
Өмгөөлөгч П.Одонтунгалаг, Б.Цолмон-Эрдэнэ нарын гомдлын агуулгаас үзэхэд “...А.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл, сиди-г нотлох баримтаар үнэлсэн нь ойлгомжгүй, хүндэвтэр гэмтэл учирсан нь эргэлзээтэй, хохирогч Г.Эын биед хэн гэмтэл учруулсаныг нарийвчлан тогтоогоогүй...” тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү...” гэсэн үндэслэлүүдийг гаргасан байх бөгөөд уг үндэслэлүүдийг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд, прокуророос шүүгдэгч А.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй буюу хохирогч Г.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдоогүй гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь шүүгдэгч А.Бгийн хувьд ашигтай, эрх зүйн байдал нь дээрдсэн гэж үзнэ.
Нэгэнт анхан шатны шүүхээс тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон учраас өмгөөлөгч П.Одонтунгалын гомдолд дурьдсан мөрдөн шалгах ажиллагааны үеийн зарим зөрчлийг зөвтгүүлэхээр хэргийг прокурорт буцаах нь шүүгдэгч А.Бгийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд ач холбогдолгүй юм.
Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 629 дүгээр дүгнэлт, уг дүгнэлтийг үндэслэлтэй зөв гарсан болохыг бататгасан 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 480 дугаартай дүгнэлтүүдээр хохирогч М.Мөнх-Ертөнцийн эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг маш тодорхой дурьдсан бөгөөд тусгай мэдлэг бүхий шинжээч нар нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээн, зориуд худал дүгнэлт гаргавал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлд заасан хариуцлага хүлээх талаар баталгаажуулан дүгнэлт гаргасныг үндэслэлтэй, зөв гэж үзсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан СиДи нотлох баримтын шаардлага хангахгүй талаар гомдолд дурьдсан боловч шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн талаар анхан шатны шүүх бусад нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж, дүгнэлт хийсэн байна.
Тухайлбал, дээрх гомдолд дурьдсан сиди-гээр хязгаарлалгүй хохирогч Г.Э, гэрч Э.Ани, гэрч О.Түвшинзаяа, Г.Энхцацрал, Г.Марал, Д.Амарсайхан, А.Түмэнхүү, Э.Сарангарав, шинжээч эмч Ж.Ганцэнгэл, Т.Чимэд-Очир нарын мэдүүлгээс гадна хэрэгт авагдсан таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэргээр шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогджээ.
Шүүгдэгч Б.Б, Б.Э нарын хувьд урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч нэг цаг хугацаанд хохирогч Г.Эыг зодож, тэдний хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан буюу гэмт хэрэг хамтран үйлдэхэд санаа зорилго, үйл хөдөлгөөнөөрөө нэгдсэн байдалд хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар зүйлчилж ирүүлсэн нь “гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчимд нийцсэн байна.
Иймд шүүгдэгч Б.Э, Б.Б нарын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, шүүгдэгч А.Бгийн өмгөөлөгч П.Одонтунгалаг нарын “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 601 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Монгол овгийн Баянмөнхийн Б, Чонос овгийн Болдбаатарын Э нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4, 5 дахь заалтуудаас шүүгдэгч Б.Б, Б.Э нарт холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ М.АЛДАР