Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 168

 

                                                          Б.Дд холбогдох эрүүгийн

                                                                  хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор С.Эрдэнэбаяр,

          шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

          нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 976 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Дд холбогдох 1805 0160 40336 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Дайртан овгийн Бат-Өлзийгийн Д, 1995 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Хөтлийн 8 дугаар гудамжны 16 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ИТ95032701/;

          Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1033 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуулиар хэргийг хэрэгсэхгүй болгосон;

Б.Д нь 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Хөтөлийн 2-11 тоот хашаанд байрлах иргэн Д.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн Монгол гэрийн хаалгыг эвдэн хууль бусаар нэвтэрч, “Haier” брэндийн 40 инчийн зурагт, монетон ээмэг, зүүлт, “Samsung Note-2” загварын гар утас зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлан авч, бусдад 1.160.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Зүүн нарангийн 15 дугаар гудамжны 54 тоотод оршин суух Л.Батсайханы гэрийн хаалганы цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч, 42 инчийн “TLC” брэндийн зурагт, “Sharp” брэндийн хөргөгч зэргийг хулгайлан авч, 919.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Дыг “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Б.Дыг 2 жил 6 сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Дд оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Б.Дын цагдан хоригдсон 9 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, 1808 0123 90526 тоот хэргийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даас нийт 954.100 төгрөг гаргуулж, хохирогч Д.Мөнхзаяад 360.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч саруулд 270.100 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Мөнхсувдад 324.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Д давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Миний бие эцэг, эх, дүү, бага насны хоёр хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг бөгөөд том охин Буяндэлгэр 5 настай, бага охин Намуунаа 3 настай. Ард үлдсэн бага насны хоёр хүүхдийг минь асран хамгаалах хүнгүй үлдсэн. Ар гэрийн нөхцөл байдал хүнд, хууль зүйн мэдлэггүйгээс болж ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Миний зүгээс бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болно. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан надад оногдуулсан ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөлд хамруулж, ял шийтгэлийг багасгаж өгнө үү. Хохирлын мөнгийг эцэг, эх хоёр минь төлсөн. Та бүхэн боломж олговол бага насны хоёр хүүхдийнхээ төлөө зөв амьдарна. Би шүүхээс оргож зугтаасан зүйл байхгүй, тухайн үед Өмнөговь аймагт ажил хийж байсан. ...” гэв.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Д нь 3 настай болон 5 настай бага насны хоёр хүүхэдтэй. Тэрээр гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн бөгөөд гэмт хэрэгт холбогдсондоо гэмшиж, гэм буруугаа ойлгон ухамсарлаж байгаа, мөн Б.Д нь элэгний В, С вирустэй, Халдвар өвчин судлалын үндэсний төвийн хяналтад байдаг зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор С.Эрдэнэбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Д нь хувийн байдлын хувьд, өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт шийтгүүлж байсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатнаас удаа дараа оргон зайлж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд маш их хүндрэл учруулсан зэрэг байдлаас үзэхэд түүнийг үйлдсэн хэрэгтээ гэмшсэн гэж үзэхгүй. Б.Д нь хоёр хүүхдээ эцэг, эхдээ үлдээгээд хаяад алга болчихдог. Тиймээс Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх боломжгүй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Б.Д нь 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Хөтөлийн 2-11 тоот хашаанд байрлах иргэн Д.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн Монгол гэрийн хаалгыг эвдэн хууль бусаар нэвтэрч, “Haier” брэндийн 40 инчийн зурагт, монетон ээмэг, зүүлт, “Samsung Note-2” загварын гар утас зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлан авч, бусдад 1.160.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Зүүн нарангийн 15 дугаар гудамжны 54 тоотод оршин суух Л.Батсайханы гэрийн хаалганы цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч, 42 инчийн “TLC” брэндийн зурагт, “Sharp” брэндийн хөргөгч зэргийг хулгайлан авч, 919.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Д.Мөнх-Эрдэнэ /1 хх 140-141/, Д.Мөнхзаяа /1 хх 143-144/, Л.Батсайхан /1 хх 32-33/, иргэний нэхэмжлэгч С.Мөнхсувд /1 хх 146-147/, Д.Саруул /1 хх 29-30/ болон гэрч С.Даваадорж /1 хх 33-34/ нарын мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 4-7, 125-129/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хх 15/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 17-20/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

Шүүгдэгч Б.Дыг “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Дын хохирогч Д.Мөнх-Эрдэнэ, Л.Батсайхан нарын гэрт нэвтэрч, хөрөнгө хулгайлан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарын гаргасан “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Дд оногдуулсан ял шийтгэл тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээнд нийцсэн төдийгүй түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирчээ.

Харин хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Б.Дын 2013 оны 3 дугаар сарын 12-нд төрсөн А.Буяндэлгэр, 2015 оны 8 дугаар сарын 21-нд төрсөн Д.Намуунаа нарын харгалзан дэмжих, асран хамгаалах асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь буруу байна.

Хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хорих ял шийтгэгдсэн этгээдийн бага насны хүүхдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой зохицуулалт байхгүй боловч Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж,

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт “...хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй, ...хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална.” гэж,

Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна.” гэж, 2 дахь хэсэгт “...хүүхдийг хамгаалах, халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авна.” гэж заасныг мөрдөгч, прокурор, шүүгч заавал биелүүлэх үүрэгтэй.

Дээрх Олон улсын конвенц болон үндэсний хуульд тогтоомжид заасны дагуу шүүгдэгч Б.Дын бага насны А.Буяндэлгэр /5 нас/, Д.Намуунаа /3 нас/ нарын харгалзан дэмжих асуудлыг шийдвэрлэх үүргийг тэдний оршин суугаа газрын харъяалах Засаг даргад даалгах нь зүйтэй.

Цаашид бага насны хүүхдийг харгалзан дэмжих, асран хамгаалах асуудлыг мөрдөн шалгах ажиллагааны үед мөрдөгч, прокурор шийдвэрлэсэн байвал зохино.

Иймд шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 976 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Б.Дын бага насны Анударийн Буяндэлгэр /УТ3231287/, Дын Намуунаа /УП15282149/ нарын харгалзан дэмжих асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                     ДАРГАЛАГЧ,

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

                                     ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                                     ШҮҮГЧ                                                            М.АЛДАР