Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 214

 

Б.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 131 дүгээр шийтгэх тогтоол,

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 36 дугаар магадлалтай, Б.Д-д холбогдох эрүүгийн 201619000368 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаярын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1968 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Бавуудоржийн Дашням нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д заасан “Танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Д-ыг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 5 сар хорих ял оногдуулж, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, түүний цагдан хоригдсон 145 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн эд мөрийн баримтыг устгах, шүүгдэгч Б.Д- нь хохирогч С.Гүррагчаад эмчилгээний зардалд 4.500.000 төгрөг төлсөн, хохирогч С.Гүррагчаа нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж” шийдвэрлэсэн байна.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар шүүгдэгч Б.Д-д 4 жил 9 сарын хорих ял шийтгэсүгэй” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаярын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэлийн хууль зүйн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “… шүүгдэгч нь малчин хүн бөгөөд хэрэг гарах үед шүүгдэгч нь хохирогчид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн, мөн хохирол нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт шинжээчийн дүгнэлтийг мөрдөгч, прокурор, шүүх заавал хэрэглэх үүрэггүй гэсэн.  Гэтэл тухайн заалтыг шүүх заавал хэрэглэх ёстой мэтээр тайлбарлаж хохирогч бүрэн эдгэрсэн байхад хөдөлмөрийн чадвараа алдсан гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Энэ нь хуульд заасан шударга ёсны зарчмыг алдагдуулсан шийдвэр болсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан. Анхан шатны шүүх шүүгдэгчийг хэргээ хүлээсэн мэдүүлэгт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт мөн адил нөлөөлсөн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил мөн гэж үзэж байна. Мөн өмгөөлөгчийн зүгээс үндэслэл бүхий хүсэлтийг шүүхийн шатанд гаргаж байхад тухайн хүсэлтийг огт хүлээж авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Хэрэв хэрэг нэг мөр нотлогдчихсон бол би гомдол гаргахгүй байсан. Эргэлзээтэй байгаа учраас өмнө нь гарсан шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгоод шүүгдэгч Б.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд “... хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Д-ын үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдсон. Өөрөөр хэлбэл гэмт үйлдэл, хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Харин шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дэрдүүлэх зорилгоор 2015 батлагдсан шинэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэсэн хууль зүйн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Д- нь 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сум, 4 дүгээр багийн Эрдэнэ-Уулын 2-3 тоот гэртээ танхайн сэдэлтээр хохирогч С.Гүррагчаагийн хэвлий рүү заазуураар цохиж биед нь “хэвлийн хөндийг нэвтэрч элгийг урсан” хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь тухайн хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон гэж хэргийн үйл баримтыг тогтоосон шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдлыг буюу шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л үйл баримтыг бүрэн шалгаж эргэлзээгүй байдлаар тогтоосон бөгөөд шүүгдэгч болон хэргийн бусад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч буюу хязгаарлах замаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно. 

Нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдэх үеийн Эрүүгийн хуулийг хэрэглэдэг бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Д-ыг тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 7 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв ойлгож хэрэглэжээ.

Хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэх үед буюу 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлд танхайн сэдэлтээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон учир Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлж гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн” хуулийг буцаан хэрэглэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Д-ын үйлдлийг шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, 2 жил хорих оногдуулж, уг ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх тухай өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Заазуураар цохиж бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу учирч болзошгүй хор уршгийг гаргахгүй байж чадна гэж тооцсон, эсхүл хохирол учрахыг урьдчилан мэдэх ёстой байсан ч мэдэлгүй хор уршигт хүргэсэн гэж хэргийн бодит байдлыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаярын “хэргийг Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх боломжтой” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Мөн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар зөвхөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд шүүх оногдуулах ялыг хөнгөрүүлэх, чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэдэг тул гэм буруугийн талаар маргаж байгаа шүүгдэгч Б.Д-ын хувьд уг журмыг хэрэглэх үндэслэлгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүхээс ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 131 дүгээр шийтгэх тогтоол, мөн аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 36 дугаар магадлалд “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Д-ын өмгөөлөгч Б.Эрдэнэбаярын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

ДАРГАЛАГЧ,

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                     Т.УРАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                                             Б.ЦОГТ

                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН