Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 446

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1987 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, ажилгүй, Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалантын 11 дүгээр гудамжны 8 тоотод оршин суух, Үстэй дээлт овогт Г.Б-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн .....-р цэцэрлэгт холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 2.476.825 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э, нарийн бичгийн дарга Ц.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

            Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Багануур дүүргийн ......дугаар цэцэрлэгт манаачийн ажил хийж байгаад 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ажлаас халагдсан. Уг шийдвэр нь хууль бус болохыг Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 103/ШШ2017/00268 дугаар шийдвэрээр тогтоогдсон. Гэвч шийдвэрийг биелүүлээгүй. Би ТҮ-1 дүгээр зэрэглэлийн 1 дүгээр шатлалын 371.016 төгрөгөөр цалинждаг байсан. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, Байгууллагын дотоод журамд заасны дагуу илүү цаг, ур чадвар, урамшууллын нэмэгдэл хөлсийг хууль журмын дагуу авах ёстой тул 2017 оны 4 дүгээр сарын 27-ноос 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг бөглүүлэн хохирлыг барагдуулж 2.476.825 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Г.Б-г ажилд нь эгүүлэн тогтоо гэсэн анхан шатны шүүхийн шийдвэр 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гарсан, энэ шийдвэрийг гардаж авснаас хойш өнөөдрийг хүртэл ажилд нь аваагүй байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс Төрийн албаны тухай хууль, хөдөлмөрийн хуульд заасны дагуу хөдөлмөрийн хөлс, цалин урамшууллаа бүгдийг нэхэмжилж байгаа. Эдгээр цалин, урамшууллыг Төрийн албаны тухай хуулийн 24, Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тогтоолоор төрийн үйлчилгээний бүх ажилчдад өгдөг. Би ..... дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг 2016-2017 оны хичээлийн жилд гүйцэтгэн ажиллаж байсан. Тэр хугацаанд 2016-2017 оны төсвийн төслийг хийж өгсөн, ингэхдээ 3 яамны сайдуудын хамтарсан тушаал, эрх зүйн баримт бичгийг үндэслээд бүх ажилчдын ур чадвар, урамшуулал, илүү цаг, мэргэжлийн зэргийн үнэлгээг суулгаж өгдөг. Тэр төсвийн төсөл дээр миний бие нягтлангийн хамт ажиллаж, гарын үсэг зураад, төсвийн төслөө өгч тэр дагуу төсөв хуваарилагдаж ирдэг. Тийм учраас нэхэмжлэгчийн цалин, мөнгө төсөвт байгаа. Би хариуцагчийн хариу тайлбартай танилцсан, унааны хөнгөлөлт авах ёсгүй гэсэн байсан, үүнийг Төрийн албаны хуульд заасны дагуу тухайн орон нутаг дахь Тээвэр зохицуулалтын албанаас гаргасан журмын дагуу авдаг. Энэ журам байгууллагын дотоод журамд байгаа, ур чадварыг хагас жилд 1 удаа өгдөг, урамшууллыг сарын 15 хувь буюу улирлын 45 хувиар өгдөг, илүү цагийн мөнгийг манаач нар 176 цагаас илүү ажилласан тохиолдолд 2 цаг хүртэл бодож авах ёстой. Байгууллагын дотоод журамд 2 цагийг 1.5 хувиар бодож олгоно гэсэн байгаа. Тийм учраас эдгээр мөнгөнүүд төсөвт байгаа мөнгө, өгөх ёстой мөнгө, тухайн байгууллагад ажиллаж байгаа ажилчид бүгдээрээ авах ёстой мөнгө гэж үзэж байна. Иймд 2017 оны 4 дүгээр сарын 27-ноос 9 сар хүртэлх мөнгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэгч 9 дүгээр сард өвчтэй хүний оронд 2 удаа ажилд гарсан. Шийдвэр гүйцэтгэгч Нямжанцанг байхад цэцэрлэгийн эрхлэгч “энэ хүний тушаалыг гаргасан, гэхдээ би энэ хүнийг дахиж ажиллуулахгүй” гэж байсан. Иймд хариуцагч байгууллага 4-9 дүгээр сарын ажилгүй байсан хугацааны цалин, даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлж өгөх байх гэж бодож байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Эшүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэгч тал 2017 оны 4 дүгээр сарын 27-ноос 9 дүгээр сарын 01 хүртэлх хугацааны цалин 2.476.825 нэхэмжилж байна. Хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь эгүүлэн томилсон, ажилд томилсон тушаал нь 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гарсан. Тэрнээс өмнө нэхэмжлэгчийг дуудаж уулзаад ажилд нь эгүүлэн томилох саналыг удаа дараа тавьсан боловч өөрөө ирээгүй, энэ хугацаанд өөр байгууллагад ажиллаж байна гэсэн тэмдэглэлийг хийсэн байгаа. Батмөнхийг ажлаас гарахад нь 4 сарын цалин буюу 436.468 төгрөгийг олгосон байна. Энэ нь хавтаст хэргийн 4 дүгээр хуудсанд Б-н нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдсэн байдлаас харагдаж байгаа. Мөн 9 сарын цалинг нэхэмжлэгч нь 1 өдөр ирээд урьдчилгаа цалинг цаашид ажиллах байх гэсэн үүднээс олгосон. Нэхэмжлэгч тал 4, 9 дүгээр сарын цалин гэж нэхэмжилж байна, харин эдгээр саруудын цалинг олгосон тухай нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдсэн байгаа учраас 4, 9 дүгээр саруудын цалинг авсан гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан 3 сарын дотор гомдлоо гаргах ёстой. Гэтэл нэхэмжлэгч тал энэ хөөн хэлэлцэх хугацааг дуусгасан байна гэж үзэж байна. Учир нь 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаал гарсан. Нэхэмжлэгч нь 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр тушаалаа гардаж авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 268 дугаартай шийдвэрийн 5 дугаар хуудасны дээрээсээ хорьдох мөрөнд бичигдэж, нотлогдсон байгаа. Иймд нэхэмжлэгч нь 2017 оны 5 дугаар сарын 16-нд шийдвэрээ гардаж аваад ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжлэх нөхцөл байдлаа мэдсэн байсан, мэдсэнээсээ хойш буюу 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагаа гаргах байтал 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр гаргаж, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

          Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар  сарын 21-ний өдрийн 268 дугаар шийдвэр, Г.Б-н 1232845 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Нийгмийн даатгалын нэгдсэн сүлжээний лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                        ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч Г.Б нь Багануур дүүргийн ..... дугаар цэцэрлэгт холбогдуулан 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 2.476.825 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх  нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

Хариуцагч Багануур дүүргийн...... дугаар цэцэрлэг нь нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Багануур дүүргийн..... дугаар цэцэрлэгтэй 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан манаачаар томилогдон ажиллаж байгаад Багануур дүүргийн..... дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 32 дугаартай тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн.

 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн тушаалыг нэхэмжлэгч Г.Б нь эс зөвшөөрч ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргаж 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр анхан шатны шүүхэд хандсан, шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Г.Б-г ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн болох нь Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 103/ШШ2017/00268 дугаар шийдвэр зэрэг баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Г.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 үгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэсний дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалингаас бодож үзэхэд 2 сар 472.770, 3 сард 535.222, 4 сард 436.668 төгрөгийг тус тус авсан байх ба  нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин хөлс 481.553 төгрөг, нэг өдрийн цалин хөлс 22.398 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажлын 85 хоног, 22.398х85=1.903.830 төгрөгийг ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Нотлох баримтуудыг үнэлэхэд зохигчдоос шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь хоорондоо болон тухайн маргаж байгаа шаардлагуудад хамааралтай, ач холбогдолтой баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115  дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага

болгон 

                                                                            ТОГТООХ  нь:

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Багануур дүүргийн ....  дугаар цэцэрлэгээс ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 1.903.830 төгрөгийг гаргуулж Үстэй дээлт овогт Г.Б-д  олгож, үлдэх 572.995 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Г.Б-н ажилгүй байсан хугацааны нөхөн олговроос нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган авч, дэвтэрт бичилтүүд хийхийг Багануур дүүргийн..... дугаар цэцэрлэгт даалгасугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар Багануур дүүргийн .....дугаар цэцэрлэгээс 1.903.830 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 45.411 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.                     4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

      

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ