Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 123

 

 

Г.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 103/ШШ2017/00446 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б-138 дугаар ц-т холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2 476 825 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б-138 дугаар ц-т манаачийн ажил хийж байгаад 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ажлаас халагдсан. Уг шийдвэр нь хууль бус болохыг Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 103/ШШ2017/00268 дугаар шийдвэрээр тогтоогдсон боловч шийдвэрийг биелүүлээгүй. Би ТҮ-1 дүгээр зэрэглэлийн 1 дүгээр шатлалын 371 016 төгрөгөөр цалинждаг байсан. Хөдөлмөрийн тухай хууль, Байгууллагын дотоод журамд заасны дагуу илүү цаг, ур чадвар, урамшууллын нэмэгдэл хөлсийг хууль журмын дагуу авах ёстой тул 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг бөглүүлэн хохирлыг барагдуулж 2 476 825 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь эгүүлэн томилсон, ажилд томилсон тушаал нь 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гарсан. Тэрнээс өмнө нэхэмжлэгчийг дуудаж уулзаад ажилд нь эгүүлэн томилох саналыг удаа дараа тавьсан боловч өөрөө ирээгүй, энэ хугацаанд өөр байгууллагад ажиллаж байна гэсэн тэмдэглэлийг хийсэн байгаа. Г.Б-ийг ажлаас гарахад нь 4 сарын цалин буюу 436 468 төгрөгийг олгосон. Мөн 9 сарын цалинг нэхэмжлэгч нь 1 өдөр ирээд урьдчилгаа цалинг цаашид ажиллах байх гэсэн үүднээс олгосон. Нэхэмжлэгч 4, 9 дүгээр сарын цалин гэж нэхэмжилж байна, харин эдгээр саруудын цалинг олгосон тухай нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдсэн учраас 4, 9 дүгээр саруудын цалинг авсан гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан 3 сарын дотор гомдлоо гаргах ёстой. Гэтэл нэхэмжлэгч тал энэ хөөн хэлэлцэх хугацааг дуусгасан гэж үзэж байна. Учир нь 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаал гарсан. Нэхэмжлэгч нь 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр тушаалаа гардаж авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 268 дугаартай шийдвэрээр нотлогдсон. Иймд нэхэмжлэгч нь 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шийдвэрээ гардаж аваад ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжлэх нөхцөл байдлаа мэдсэн, мэдсэнээсээ хойш буюу 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагаа гаргах байтал 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр гаргаж, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Б-138 дугаар ц-с ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 1.903.830 төгрөгийг гаргуулж Үстэй дээлт овогт Г.Б-д олгож, үлдэх 572.995 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Г.Б-ийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговроос нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган авч, дэвтэрт бичилтүүд хийхийг Б-138 дугаар ц-т даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар Б-138 дугаар ц-с 1 903 830 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 45 411 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх маргаан бүхий хэрэгт хуулийн хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг зөрчсөн. Нэхэмжлэгч Г.Б нь 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд тэрээр 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэл шүүхэд гаргасны дагуу Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 268 тоот шийдвэрээр түүнийг ажилд эгүүлэн тогтоож, ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд дээрх шийдвэрт ажил олгогч давж заалдах гомдол гаргаагүй. Г.Б-ийг эргэж ажилд орохыг санал болгосон боловч ажилтан Г.Б нь өөрөө ажилд эргэн ирэхгүй байсаар 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэнгүүтээ тушаалыг нь гаргаж дуудсан боловч мөн л ирээгүй байж байгаад одоо ажилд орохгүй, цалингаа авна гэж нэхэмжлэл гаргасан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Г.Б нь ажил олгогчоос шалтгаалан ажилд ороогүй, ажилгүй байсан нөхцөл байдал байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хуулийн хугацаанд нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг хэрэглэхдээ хуулийн урьдчилсан нөхцөл хангагдсан эсэхийг хянаж үзээгүй, хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

                Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Г.Б хариуцагч Б-138 дугаар ц-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2 476 825 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 103/ШШ2017/00268 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Г.Б-ийг Б-138 дугаар ц-ийн манаачийн ажилд эгүүлэн тогтоосон байна.                                                                                                                        /хх 4-6 дугаар тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилох үүрэгтэй, уг үүргээ биелүүлээгүй бол түүнээс үүсэх эрх зүйн үр дагавар болох олговрыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Анхан шатны шүүх 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 00268 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Г.Б-ийг ажилд нь эгүүлэн тогтоосноос хойш хариуцагч байгууллага 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр түүнийг ажилд эгүүлэн томилсон тушаалыг гаргасан байна. Уг тушаал гарах өдөр хүртэл Г.Б-ийн эрх зөрчигдсөн хэвээр байсан тул нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарснаас хойш эрхийн зөрчил үргэлжилсэн хугацааны олговрыг хариуцагч байгууллагаас Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй.

 

Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасны дагуу гомдлоо гаргах учиртай.

 

Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр урд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн авсан тушаал гарах өдөр хүртэл түүний эрх зөрчигдсөн хэвээр байсан тул нэхэмжлэгч 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан "Ажилтны дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын дагуу тооцож хариуцагч Багануур дүүргийн 138 дугаар цэцэрлэгээс 1 903 830 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 572 995 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган авч, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв тул хариуцагчийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 103/ШШ2017/00446 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 45 500 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

 

                ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ