Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 3554

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд 2688476 регистрийн дугаартай, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Улаанбаатар-36, Энгельсийн гудамж, Нарны гүүрний зүүн талд оршин байх Улаанбаатар Дулааны Сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд 6073042 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 24 дүгээр байр 1 тоотод оршин байх Хаан уул өргөө ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 100,623,873 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Алтанцэцэг, Т.Одсүрэн, хариуцагчийн төлөөлөгч Д.Дарьсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Хаан Уул Өргөө ХХК нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах орон сууцны барилгуудад дулааны эрчим хүч хэрэглэхээр тус компанитай 1137 дугаартай Дулааны эрчим хүчийг худалдах худалдан авах гэрээ-г 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан. Уг орон сууцны барилгууд нь нийт 572,5 м3 эзлэхүүнтэй, орон сууцны талбайгаар тооцдог хэмжээ 14611,81 м2, подвалийн хэмжээ 1001,5 м2, хэрэглээний халуун усыг 593 хүнээр 3,31 тооцогддог дулааны эрчим хүчний хэрэглээтэй юм. Тус компаний захирал Д.Дарьсүрэнгийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 30 дугаар албан бичгээр ирүүлсэн төлбөр барагдуулах хүсэлтийн дагуу 2016-2017 оны халаалтын улиралд байгуулсан гэрээгээ үргэлжлүүлэн сунгасан билээ. Гэвч хариуцагч Хаан Уул Өргөө ХХК-ийн захирал Д.Дарьсүрэн дээрх хүсэлтийг гаргасны дараа хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрөө амласан хугацаандаа төлөлгүй 100,623,873 төгрөгийн хуримтлагдсан өр төлбөр үүсгэсэн нь тус компанид эдийн засгийн хүндрэл учруулаад байна. Дулааны эрчим хүч хэрэглэгч аж ахуйн нэгж байгууллагыг халаалтаар хангах үйл ажиллагаа жил бүрийн 9 дүгээр сарын 15-наас дараа жилийн 5 дугаар сарын 01-ны хооронд, харин хэрэглээний халуун усаар хангах үйл ажиллагааны хувьд жилийн турш тасралтгүй үргэлжилдэг онцлогтой. Иймд Эрчим хүчний тухай хуулийн 30.1.2, 31.2, 31.3 болон Монгол Улсын Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийг тус тус үндэслэн төлөгдөөгүй дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 100,623,873 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай Хаан Уул Өргөө ХХК нь 2016 онд орон сууцны чиглэлээр явуулах чиглэлтэйгээр байгуулагдсан юм. Би орон сууцны үйл ажиллагаа явуулах тухайгаа тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан ЖМБО ХХК-ийн захирал Жаргалсайханд хэлж байсан юм. Тэгтэл Жаргалсайхан дарга чи энэ ахынхаа компаний байруудыг аваад яваач гэж санал тавьсан бөгөөд би бодож байгаад авах хүсэлт гаргасан. Яг тухайн нөхцөлд үүссэн нөхцлийг бид протоколд дэлгэрэнгүй дурдаагүй. Ер нь бол Жаргалсайхан даргад би өрийг нь яах юм гэтэл чи авч бай ах нь төлж өгнөө гэсэн. Тэр ч байтугай өөр олон байр олж өгөх талаар амласан. Яагаад гэвэл Барилга хот байгуулалтын сайд Мөнхбаяр миний найз гэх мэт зүйлсийг ярьж хэлэлцсэн. Тухайн үед ЖМБО ХХК-ийн УБДС ТӨХК-д төлөх өр нь 70,311,000 төгрөг байсан би 2016 оны халаалт тавих үеэр график гаргаж өгсөн нь үнэн боловч тэр авлага ньь бол байрууд нь шилжээд явсан бөгөөд шилжигдээгүй нилээн өртэй Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах 13АБ байрны айл өрхүүд болох 13а10 тоот Батбаатарын 4,765,300 төгрөг, 13б байрны 2 тоот Баясгалангийн 4,603,300 төгрөг, 13б байрны 8 тоот Ариуныолдын 3,495,100 төгрөгийн өр төлбөртэй гэх айл өрх нь тухайн ЖМБО ХХК-нд мөнгөө төлөхгүй СӨХ цуг байдаг учраас дээвэр гоожсон гээд зарга үүсгэсэн байдаг. 13 б, а байрны 8 тоот Ариунболдын дээврийг бас засаж өгөөгүй байрны төлбөрийг нь тооцсон байдаг. Мөн энэ 13 б, а байрны айлуудад болон нийт орон сууцны өрхүүдэд захирлын тушаал гарган ЦТП-ийн мөнгө авч хүмүүс үүнд нь дургүйцэн байрны төлбөрөө орлогын мэдүүлэгээр тушаадаг болсон байсан учраас банкны файлыг албан тоотоор хасалт хийж өгөөгүй айл өрхүүд маш их олон байсан. Би тухайн үедээ ЖМБО ХХК-ийн захирал Жаргалсайхан гуайд та одоо энэ хий хоосон тоо харж байсдаг юмуу одоо энэ айлууд чинь төлөхгүй ш дээ гэж зөндөө олон хэлж байсан. Манай ажилчид хүртэл мэдэж байгаа тэгэхэд надад тэгдэгийн дуугай гаргаад өг гэж хэлдэг байсан. Манайх өртэй айл өрхүүдээс өр төлбөрийг нэхсэн боловч тэр мөнгийг өгөхгүй одоо харин танайд төлөх мөнгийг өгье гээд оршин суугч хэлэхээр нь би аль ч үгүй салахын оронд гээд 2016 оны 5 дугаар сараас эхлэн төлбөрийг төлүүлсэн. ЖМБО ХХК-ийн авлагыг авч чадаагүй тул би энэ өрийг төлөхөөс татгалазж байна. Мөн 57.1.3 тоот гэж 3,088,000 төгрөгийн өртэй гэх боловч тухайн айл нь олдоогүй болно. Бид 2016 оны 5 дугаар сараас эхлэн үүссэн өр болох 15,698,350 төгрөгийг төлөхөд бэлэн байна. Энэ дулааны төлбөрийг бид хувьдаа ашиглаад үүсгэсэн өр биш. 2016 оны 5 дугаар сараас 2017 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд засвар үйлчилгээ шугам хоолой засах дулааны тоолуур худалдан авах зэрэгт зарцуулсан. Тухайн үеийн ЖМБО ХХК нь бүтэн 10 жил болоход юу ч хийгээгүй бүх байруудын шугам хоолой цоорсон дандаа комутлаж аргацааж байсныг оршин суугчид мэднэ. ЖМБО ХХК-ийн захирал Жаргалсайхан нь энэ дулааны өр болох 70,311,000 төгрөгийг өөрийн хувьдаа ашиглаж өр үүсгэсэн. Охиныхоо хуримыг хийж, өөртэй автомашин авсан байдаг өрөндөө энэ автомшинаа өг гэж гэрт нь 2-3 удаа очсон. Сүүлдээ энд байхаа больсо нгээд эхнэр нь гэр дотроосоо хэлдэг болсон. Иймд нэхэмжлэгчид төлөх төлбөрийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК нь хариуцагч Хаан уул өргөө ХХК-нд холбогдуулан дулаан эрчим хүчний төлбөрт 100,623,873 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нь 16,640,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч үлдэх хэсгийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.

Зохигчдын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 1137 дугаартай дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх бөгөөд талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй.

Талуудын хооронд байгуулсан гэрээний агуулга, хүсэл зоригийн илэрхийлэлийг тодорхойлж үзвэл нэг талаас худалдагч тал нь гэрээнд заасан дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авагч тал үнэ төлөх тохиролцоо нь Монгол улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлээ ... хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу төлөх дулаан эрчим хүчний төлбөр болон хариуцагч нь ЖМБО ХХК-ийн тус байгууллагад төлөх 70,311,000 төгрөгийн өрийг шилжүүлэн авсан тул нийт 100,623,873 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

Хариуцагч татгалзалын үндэслэлээ ... ЖМБО ХХК-ийн 70,311,000 төгрөгийг өрийг шилжүүлэн авсан хэдий ч 81,249,966 төгрөгийн авлага нь шийдэгдэхгүй байгаа улмаас өрийг хариуцах боломжгүй тул өөрийн компаний гэрээ байгуулснаас хойш төлөх ёстой 16,640,000 төгрөгийг төлнө гэж тайлбарлан маргасан.

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн ОСНАА-н ЖМБО ХХК-с ОСНАА-н Хаан уул өргөө ХХК-нд байр хүлээлцсэн акт, тэмдэглэл, хүсэлт зэрэг бичгийн баримтаар Хаан уул өргөө ХХК нь ЖМБО ХХК-ийн Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-нд төлөх 70,311,000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 32-33, 35 дугаар тал/

Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ гэж зохицуулсан.

Хэрэгт авагдсан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1973 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 691 дүгээр магадлалаар Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК болон ЖМБО ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 9 дүгээр сарын 24-ны өдрийн 1137 дугаартай дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэж, 2014 оны 3 дугаар сарын 19-ныг хүртэл хугацааны байдлаар 39,240,474 төгрөгийг ЖМБО ХХК-иас гаргуулж Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-нд олгохоор шийдвэрлэсэн байна. /х.х-ийн 75-79 дүгээр тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон дээрх үйл баримтыг шүүх дахин нотлохгүй юм.

Өөрөөр хэлбэл Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК болон ЖМБО ХХК-ийн хооронд дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ гэж зохицуулсан бөгөөд энэ нь мөн хуулийн 42 дугаар зүйлд зохицуулсан хэлцэл хийх хэлбэрээр бус хийсэн хэлбэрээр шилжүүлнэ гэсэн агуулгаар тайлбарлагдах бөгөөд ЖМБО ХХК-ийн орон сууцыг хүлээн авч түүнтэй холбоотой дулааны эрчим хүч ашигласан өрийг хариуцагч Хаан уул өргөө ХХК нь шилжүүлэн хүлээн авч нэхэмжлэгч Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тай гэрээ байгуулсан байх тул ЖМБО ХХК-ийн өрийг Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 142.1-д зааснаар хариуцагч Хаан уул өргөө ХХК нь шилжүүлэн авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нь ЖМБО ХХК-ийн авлагыг авах боломжгүй байгаа тул хариуцах өрийг төлөх үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2-д шаардах эрх эзэмшигч, өмнөх үүрэг гүйцэтгэгчийн хоорондын харилцаанаас бий болох бүхий л хариу шаардлагыг шинэ үүрэг гүйцэтгэгчшаардах эрх эзэмшигчид тавих эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч нь энэхүү хариу татгалзалаа нэхэмжлэгчид гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчээс гаргасан төлбөрийн түүх буюу дулааны эрчим хүч ашигласны төлбөрийн тооцоог үгүйсгэж мэтгэлцээгүй, үүнийг няцаасан баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй болно. /х.х-ийн 80-81 дүгээр тал/

Иймд 2014 оны 3 дугаар сарын 19-ны өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацааны дулааны эрчим хүч ашигласны төлбөрт 61,163,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-д заасныг баримтлан хариуцагч Хаан уул өргөө ХХК-иас 61,163,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 39,460,773 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 661,069 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,хариуцагч Хаан уул өргөө ХХК-иас 463,765 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ