Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 169

 

                                                                        Э.Над холбогдох эрүүгийн

                                                                                    хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор Ц.Хашбаатар,

          шүүгдэгч Э.Нын өмгөөлөгч Д.Барсүрэн,

          нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Э.Нын өмгөөлөгч Д.Барсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Э.Над холбогдох 1803 0000 10402 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Буурлууд овгийн Энх-Амгалангийн Н, 1997 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар 40 мянгатын 38 дугаар байрны 46 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: УД97041631/;

Э.Н нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 00 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг, Модны 2-ын “Доктор авто сүлжээ” засварын хажуу замд “Toyota BB” загварын, 43-38 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулалтгүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Н.Баярсайханыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулаад, мөн дүрмийн 2.5 дахь хэсэгт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/тээврийн хэрэгслийг нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх: б/зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх: в/тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтанд/ мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг нь мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэж заасныг зөрчиж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

        

          Тээврийн прокурорын газраас: Э.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Ныг авто тээврийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ буюу замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Э.Нын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Э.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногт шилжүүлэн 30 хоног буюу 1 сарыг нэмж нэгтгэн, түүний нийт ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар Э.Над оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Нын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан дараа үеэс хугацааг тоолох, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай зүйлийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 1156725 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоолын хувийн хамт шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, хохирогч нь энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Нын өмгөөлөгч Д.Барсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч Э.Над 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь ял хүндэдсэн буюу буруу шийдвэр гарлаа гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхээс доорх бодит нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгч Э.Над оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэж өгөхийг хүсье.

Э.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчоос удаа дараа уучлалт гуйсан, хохирогчид учруулсан хохирол болон гэм хорыг арилгасан, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байгаа, хувийн байдлын хувьд төв төвшин, шулуун шударга, хүн чанар сайтай, хуулийн байгууллагын итгэлийг даах чадвартай, урьд гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй зэрэг байдлыг харгалзан үзэж хорих ялыг тэнсэх боломжтой байна.

Шүүгч Л.Оюун тайлбарлахдаа хоёр гэмт хэрэг үйлдсэн учраас тэнсэх боломжгүй гэж тайлбарласан нь эндүүрэл гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуульд хоёр ба түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн бол тэнсэхийг хориглоно гэж заасан байна. Э.Нын осол гаргасан нь болгоомжгүй хэрэг бөгөөд ослын газраас санаатай зугтаасан хэргийн хувьд тэнсэх боломжтой. ...” гэв.

Прокурор Ц.Хашбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй гэж үзэж хорих ял оногдуулсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилсан байна. Тиймээс өмгөөлөгчийн гаргасан санал үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй болно.

Э.Н нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 00 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг, Модны 2-ын “Доктор авто сүлжээ” засварын хажуу замд “Toyota BB” загварын, 43-38 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулалтгүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Н.Баярсайханыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулаад, мөн дүрмийн 2.5 дахь хэсэгт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/тээврийн хэрэгслийг нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдлөхгүй байх: б/зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх: в/тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтанд/ мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг нь мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэж заасныг зөрчиж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Н.Баярсайхан /хх 17-18, 111-112/, иргэний хариуцагч Л.Булган /хх 31/, гэрч Ц.Түвшинжаргал /хх 33/, Б.Намуун /хх 36/, Б.Чулуунбаатар /хх 116/ нарын мэдүүлгүүд, Тээврийн цагдаагийн албаны “явган зорчигч Н.Баярсайхан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” /хх 86/ гэх 744 дугаартай дүгнэлт, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-9/ хохирлын баримтууд /хх 51-54/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Н.Баярсайханы биед нарийн гэдэс, чацархайн урагдал, хэвлийн хөндийн хуралдалт, дух, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэх 12635 дугаартай дүгнэлт /хх 56/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Э.Ныг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн авто тээврийн гэмт хэрэг үйлдэж, жолооч хэргийг газрыг орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Э.Нын дээрх гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс Э.Нын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлүүдэд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй.

Гэвч хохирогч Н.Баярсайханы давж заалдах шатны шүүхэд гаргасан “...Э.Н нь намайг автомашинаар мөргөж миний биед хүнд гэмтэл учруулсан боловч эмчилгээний зардал болон цаашид үзүүлэх эмчилгээний төлбөрийг бүрэн барагдуулсан. Намайг эмнэлэгт эмчлүүлж байх хугацааны эмнэлгийн зардлыг төлж байсан. Тиймээс надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул Э.Нын ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх хүсэлт, шүүгдэгч Э.Нын үйлдсэн гэмт хэргийг нийгмийн аюул шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байна гэж үзэв.

Энэ нь “Нэгдсэн Үндэстний байгууллага”-ын хорихоос өөр төрлийн арга хэмжээнд холбогдох наад захын жишиг дүрэм /Токиогийн дүрэм/-ийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан “Хорихоос өөр төрлийн арга хэмжээнүүдийг сонгох бололцоотой нөхцөлд шүүхийн байгууллага шийдвэр гаргахдаа эрх зүйн зөрчил үйлдэгчийг засан хүмүүжүүлэх шаардлага, нийгмийн болон хохирогчийн ашиг сонирхлыг хамгаалах асуудлыг анхааралдаа авбал зохих бөгөөд хохирогч этгээдтэй шаардлагатай тохиолдолд зөвлөлдөж байгууштай.” гэсэн зөвлөмжид нийцэх ба Монгол Улсын Үндсэн хууль болон түүнд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжид харшлахгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...цагдан хоригдсон нэг хоногийг ...нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож ялаас хасна...” гэсний дагуу шүүгдэгч Э.Нын цагдан хоригдсон нийт 50 хоногийг тооцон үзэхэд 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж тооцохоор байх тул анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцов.

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Э.Нын өмгөөлөгч Д.Барсүрэнгийн гаргасан “хорих ялыг тэнсэж өгнө үү”  гэсэн утга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолын:

- тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Э.Нын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй...” гэснийг

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Нын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ныг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй” гэж,

          - 5 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Нын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн хугацааг тоолсугай.” гэснийг

          “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Нын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн тоолсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, шүүгдэгч Э.Ныг нэн даруй сулласугай.  

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                       ДАРГАЛАГЧ,

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

                                       ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                                       ШҮҮГЧ                                                            М.АЛДАР