Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2018/ШЦТ/321

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Б.Амартүвшин,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал,

Шүүгдэгч Ч.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чын Ат холбогдох эрүүгийн 1838006800354 дугаар хэргийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Ч.А нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутаг Өвөр суга гэх газар 2013 оны 08 дугаар сарын 04-ний өдөр, 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр,

2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тус тус өөрийн эхнэр Ч.Юг буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.А нь 2013 оны 08 дугаар сарын 04-ний өдөр, 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр, 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ч.Юг зодсон гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд: Шүүгдэгч Ч.Аийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний эхнэр 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс хойш Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг сумуудаар бөөгийн багш гэсэн хүнтэйгээ 20 гаруй хоног явж ирснийхээ дараа надаас байнга сална гэх болсон. Өөрийнхөө хувцсыг шатааж бөөн асуудал тарих болсон. Хэсэг хугацаанд надтай маргалдсаны дараа дахин 20 гаруй хоног хөдөө явсан. Би хүүхдүүдээ Хөвсгөл аймгийн Арбулаг сумын сургуульд суулгана гэсэн чинь манай эхнэр намайг

доромжилж Мөрөн суманд сургуульд суулгана гэсэн. Тэгээд хүүхдүүдийг аваад Мөрөнгийн төв явсан. Намайг 9 дүгээр сарын эхээр цагдаагийн байгууллагад өгсөн байсан. Би эхнэр лүүгээ залгаад хоол, түлээ бэлдэж өгье гэхээр чам шиг гуйлгачнаас юу авдаг юм бэ чи зүгээр алга бол гэж надад хэлдэг. Ийм л зүйл болсон юм гэв.

Шүүгдэгч Ч.Аийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:2013 онд манай эхнэр надтай хамт архи ууж согтоод гэрийн гал зуух, голомтоо өшиглөөд байхаар нь 2 алгадаж, хувцаснаас татахад хоолой нь боогдсон бололтой улайсан байсан. ...2018 оны 5 дугаар сарын сүүлээр саахалт айл Лгийнд очиж хоол идээд тэр айлд 2 шил архи, 1 том пиво уугаад байж байтал манай эхнэр тэр айлд агсам тавиад ууж байсан пиво, архийг цацаад байсан. ...хэл амаар доромжлоод байхаар нь баруун гараараа зүүн хацарт нь 2 алгадсан. ...2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр... тэгээд бид хоёр хэрүүл хийгээд намайг гуйлгачин, хуухай хар хэрээнүүд битгий замд гай болоод гэж доромжилоод байхаар нь баруун мөрөн тус газарт 1 удаа цохисон. ... гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,

Хохирогч Ч.Югийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2018 оны 08 дугаар сарын 23-ны орой 18 цагийн орчим байхаа хөдөө Арбулаг сумын Өвөр суга гэх газарт гэртээ байж байгаад нөхөр Ч.Ат гэр бүлийн орчинд болдог маргаанаас болж "намайг хүмүүс гэртээ авч ирж хоол хийж өгсөн. Хүүхдүүдээ Мөрөнд хичээлд суулгаж өөрөө гэр барьж биеэ үнэлэх гэж байгаа юм уу” гэж хэлээд толгой, тархи руу цохиж мөн цээжин хэсэгт цохиход нь би ухаан алдсан. Ойролцоогоор 40 орчим минут ухаангүй байсан байхаа. Өмнө нь 2012 оны 08 дугаар сард согтуугаар гэртээ агсам тавихаар нь би архи битгий ууж бай гэж хэлснээс болж миний толгой тархи руу цохиж баруун талын нүд хөхөрч хавдсан. 2013 оны 07 дугаар сард намайг мөн зодохоор нь би цагдаад мэдэгдсэн.Тэгэхэд манай нөхөр намайг шүүхэд өглөө чи том хүн юм байна гээд зодсон. 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр би нөхөр А хүү Т, охин Н нартай хамт саахалт айлынд очиж хоол идсэн. Тэгээд бид нарыг гэрт хүргэж өгчхөөд хонио эргүүлээд ирье гэж хэлээд тэр чигээрээ архи уугаад 14 цагийн орчим ирэхээр нь би уурласан чинь элдэв үгээр хэлснээ намайг хэд хэд алгадснаа багалзуур шахаад баруун талын шанаан тус газар цагаан өнгийн төмөр иштэй хутганы ишээр цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 17-20 дугаар хуудас/,

Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр оройхон байхаа үхрээ сааж дуусаад гэртээ дөнгөж ороод байж байтал Ч.Югийн том хүү нь манайд ирээд ээж таныг хурдан хүрээд ир гэж байна гэж хэлэхээр нь аав чинь яасан юм гэхэд аав хониндоо явсан ээжийн бие өвдөөд байна гэж хэлэхэд нь гэрт очсон. Намайг очиход орон орон дээрээ нилээн уйлсан байдалтай хэвтэж байхаар нь эгч нь эмч дуудаж үзүүлэх үү гэхэд яахын харин өвчин намдаах эм байна уу аваад өгөөч гээд гэрийнхээ унинд байсан өвчин намдаах нэг ягаан эм рүү заахаар нь авч өгөөд байж байтал нөхөр нь гаднаас ороод ирэхээр нөхрөөс нь яасан талаар асуухад зүгээр зүгээр эгч гэхээр нь гэр лүүгээ явсан ... гэх мэдүүлэг /хх- ийн 27-р дугаар хуудас/,

Гэрч Ч.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "... Миний дүү Ч.Ю 2012 онд Ч.А гэх хүнтэй гэр бүл болоод 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр нөхөртөө зодууллаа гэж надруу утсаар яриад би Арбулаг сумын 2 дугаар багийн Борт гэх газраас Өвөрсуга гэх газарт гэрт нь очиж дүүгээ авсан. Тэгэхэд хоолойг нь боосон бололтой урд хэсэгтээ улайж зулгарсан. Мөн нуруу нь хөхөрсөн байсан. Би юунаас болсон гэхэд архи ууж ирээд агсам тавиад зодсон гэж дүү маань надад хэлсэн би тэр үед дүүгээ аваад гэртээ ирсэн. Өмнө нь 3-4 удаа зодууллаа гэж утсаар миний дүү ярьж байсан. Хамгийн сүүлд 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр зодуулсан байдалтай, зүүн талын шанаан тус газарт хөхөрч хавдсан хутганы ишээр цохисон гэж дүү маань хэлсэн. ...Уг нь эхэндээ тийм байгаагүй 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр манай ургийн баяр болсон тэр өдөр манай дүү нөхөртөө зодууллаа хүрээд ирээч гэж над руу ярьсан. Тэр үед нь очиж үзэхэд миний дүүгийн баруун хөл нь хөхөрсөн, нуруу нь хөх алаг болсон байдалтай байсан. 2018 оны 08 дугаар сарын 23- ны өдөр цээж толгойн тус газарт нь зодсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2013.08.07-ны өдрийн 349 дугаартай: "Ч.Югийн биед хүзүү болон баруун хацарт зулгаралт, баруун гуя, баруун зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Ч.Югийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 38 дугаар хуудас/,

Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018.08.30-ны өдрийн 436 дугаартай: 1.Ч.Югийн биед эрүүн доор, цээжний зүүн хэсэг, нурууны баруун хажуу хэсэг, зүүн бугалганы гадна дунд хэсэг, баруун сарвууны гадна хажуу хэсэг, баруун гуяны гадна дунд хэсэгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байна. 3. Ч.Югийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/,

Эрүүгийн 1838006800354 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2 3.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А, хохирогч Ч.Ю нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд мөн болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2018.10.09- ний өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хохирогч, шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 47-52 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ч.Аийн 2013 оны 08 дугаар сарын 4-ний өдөр, 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр, 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ч.Юг зодсон үйлдэл, гэм буруугийн талаар шүүгдэгч, өмгөөлөгч нар маргахгүй байна.

Шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримт нь хохирогч Ч.Ю, гэрч Ч.Э, Б.Б нарын мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлын талаарх шинжээчийн дүгнэлт, хэрэгт тусгагдсан баримтат мэдээллээр нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Ч.Аийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч

Ч.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулах хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх боломжтой гэж шүүх үзэв.

Эрүүгийн 1838006800354 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1.  Шүүгдэгч Ш овогт Чын Аийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Чын Ат 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ат оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Ч.Ат оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг 6/зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

  1.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2.5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.Аийг оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
  2.  Эрүүгийн 1838006800354 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.
  3.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Аийн урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   М.ЭРДЭНЭ-ОЧИР