Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 3722

 

 

 

 

                            2017 оны 11 сарын 20

өдөр                 Дугаар 101/ШЗ2017/03722

         Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  “П” ХХК /РД: /

 

Хариуцагч:Ч.Э /РД: /

 

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 17 161 041,75 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.М, хариуцагчийн төлөөлөгч Э.Э, гэрч С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюунтунгалаг нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “П” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани иргэн Ч.Этай 2016 оны 01 дугаар сарын 06-ны өдөр иргэн Тос тосолгооны материал зээлээр худалдах , худалдан авах гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Иргэн Ч.Э нь 2016 оны 09 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 15’740’694 төгрөгийн өр авлага үүсгэж тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан байдаг. Дээрх төлбөрөөс 2016 оны 11 сарын 02-ны өдрөөс нийт 4’300’000 төгрөг төлж үлдэгдэл 11 ’440’694.50 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иргэн Ч.Э нь төлбөр төлөх гэрээгээр тохирсон хугацааг 360 хоног хэтрүүлсэн тул төлөгдөөгүй үлдсэн 11 ’440’694.50 төгрөгөөс Иргэний хуулийн 232.4 дугаар заалтыг баримтлан алданги 5720347.25 төгрөг (360 хоногийн 0.5%-ийн алданги 20,593,250.10 төгрөг), үндсэн төлбөр 11440694.50 төгрөг, нийт 17,161,041.75 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн төлбөрийн хамт нэхэмжилж байна. Дээрх дүн бүхий төлбөрийг иргэн Ч.Эгаас гаргуулан гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь өөрөө төлнө гэж тооцоо нийлсэн акт үйлдсэн. Иймд хариуцагчаас барааны үнэнд үндсэн төлбөр 11 440 694.5, алданги нь 5 720 347.25 нийт 17 161 041.75 гаргуулна гэв.

 

            Хариуцагчийн төлөөлөгч Э.Энхнаран нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компаний нэхэмжилсэн 17,161,041.75 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна. Миний бие “П” ХХК-д бараа бүтээгдэхүүний өр үүсгээгүй болно. 2016 онд “П” ХХК-ний цайз, 16 дахь салбарын борлуулагч н.Аленагаас хувиараа 3,000,000 төгрөг бэлнээр сарын 10 хувийн хүүтэй зээлж авсан бөгөөд би сар бүр зээлийн хүү болох 300,000 төгрөгийг төлж байсан болно. 2016 оны 11 сард борлуулагч Алена нь бараа бүтээгдэхүүн зээлээр худалдан авсан 15,000,000 төгрөгийн баримтад гарын үсэг зуруулж авахдаа 2016 оны 12 дугаар сард би бүх өр төлбөрийг өөрөө төлж барагдуулна гэж намайг хууран мэхлэн надаар гарын үсэг зуруулсан. Иймд “П” ХХК-ний нэхэмжилсэн 17,161,041.75 төгрөгнөөс миний төлөх ёстой төлбөр нь 2,100,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэлд зөвшөрөхгүй. Үүнээс 2 100 000 төлөхийг зөвшөөрнө. Нэхэмжлэгчтэй 2016.9.30-ны өдрийн байдлаар тооцоо нийлсэн актыг гэрч нь хариуцагч Эг гуйж байгаад гарын үсэг зуруулсан. Гэрч өөрөө төлөх тул гарын үсэг зурууд өгсөн байдаг. Үүнээс хойш төлбөрөө хэрхэн төлөх талаар хэн хэн нь хэдийг хариуцах талаар тайлбар бичиж өгсөн байдаг. Нэхэмжлэгчийн гаргасан 15 ширхэг баримтын 6 ширхэг дээр гарын үсэг зураагүй. Үлдэх 9 ширхэг дээр Гэрч А зурсан байгаа гэв.

 

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “П” ХХК нь худалдах худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 11,440,694.50 төгрөг, алданги 5,720,347.25 төгрөг, нийт 17,161,041.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хариуцагч Ч.Э нь нэхэмжлэгчийн борлуулагч байсан С.Агийн хүсэлтээр тооцоо нийлсэн баримт дээр гарын үсэг зурсан, үүнээс өөрт хамаарах 2,1000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, үлдэх хэсгийг бараа аваагүй тул зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Зохигчид 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тос тосолгооны материалыг худалдах худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд энэ талаар маргаагүй.  /хэргийн 5 дугаар тал/ Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн үндэслэлийг хариуцагч нь 2016 оны 07 дугаар сарын 31-ны өдөр төлбөрийн үлдэгдэлгүй байсан бөгөөд 2016 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд нийлүүлсэн барааны төлбөр гэж тайлбарласан. Мөн энэ талаар тооцооны тайланг шүүхэд ирүүлсэн. /хэргийн 49-55 дугаар тал/ Улмаар нэхэмжлэгчээс ирүүлсэн бараа хүлээлгэж өгсөн тухай санхүүгийн анхан шатны баримтаар хариуцагчийн хүлээн авсан барааны төлбөрийг тооцоход эргэлзээтэй байна. Учир нь заримт баримт дээр гарын үсэг зурагдаагүй, зарим баримт дээр хариуцагчийн нэрийг бичсэн боловч хариуцагч хүлээн авч гарын үсэг зурсан гэхэд энгийн нүдээр харахад эргэлзээтэй байна. Гэвч тооцооны үлдэгдэлийн баталгаанд хариуцагч гарын үсэг зурсан болох нь хариуцагч, түүний төлөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогтож байна. Иймд хариуцагч нь 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 15,740,694 төгрөгний төлбөрийн үлдэгдэлтэй байсан гэж үзэх үндэслэлтэй байна. /хэргийн 48 дугаар тал/ Хариуцагч нь гэрчийн гуйснаар уг баримтад гарын үсэг зурсан гэж тайлбарласан боловч уг тайлбар нь гэрчийн “тооцооны үлдэглийн баталгаанд бичигдсэн мөнгөн дүнд холбогдох барааг хариуцагч болон хариуцагчаас дамжуулан авч борлуулдаг н.Жавзмаа нарын нийлбэр тооцоо” гэх тайлбараар үгүйсгэгдсэн. Улмаар нэхэмжлэгч нь ийнхүү тооцоо нийлж баримт үйлдсэнээс хойш хариуцагч нь төлбөрийн зарим хэсгийг төлж, 11,440,694.50 төгрөгийг төлбөрийн үлдэгдэл үлдсэн гэж тайлбарласан. Харин хариуцагч нь үүнээс илүү төлбөр төлсөн талаар тайлбар гараагүй бөгөөд төлсөн төлбөрийн талаарх баримт шүүхэд ирүүлээгүй байна. Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч нь худалдах худалдан авах гэрээ байгуулсан, улмаар авсан барааны талаар тооцоо нийлж баримт үйлдсэн бөгөөд бусдын авсан барааны баримт дээр гарын үсэг зурсан гэх тайлбараа нотлоогүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Мөн хариуцагчийн энэхүү тайлбар нь гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Иймд хариуцагч нь энэхүү нийлүүлсэн барааны үндсэн төлбөрийг гэрээний 3.8-д зааснаар 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлөх үүрэгтэй байжээ. Улмаар гэрээний талууд энэ хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцож, гэрээний 4.2-т энэ талаар заасан байна. Үүнээс тооцвол 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл нийт 295 хоног төлбөр төлөх хугацаа хэтэрсэн байна. Иймд гэрээнд  зааснаар алдангийг тооцвол хоногт 57.203.47 /11,440,694.50*0,5%/ төгрөг бөгөөд 295 хоногт 16,875,023.65 төгрөгний алданги тооцогдоно. Харин нэхэмжлэгч нь алдангид 5,720,347.25 төгрөг тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцэж байна.

 

            Гэвч хэдийгээр хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, төлбөрөө хугацаанд нь төлөөгүй боловч ийнхүү алданги ихээр нэмэгдэхэд нэхэмжлэгчийн эс үйлдэхүй давхар нөлөөлсөн гэж үзэхээр байна. Учир нь нэхэмжлэгч нь төлбөрийн талаар дотооддоо тооцоо гаргаж байсан боловч хариуцагчид төлбөр төлөх талаар шаардлага хүргүүлж байгаагүй тул энэхүү эс үйлдэхүй нь алданги нэмэгдэхэд нөлөөлжээ. Энд хариуцагчийн тооцооны үлдэгдэлийн баталгаанд заасан төлбөрийг төлөх ёсгүй гэж ойлгож байсан талаарх тайлбарыг дурдах нь зүйтэй.

 

            Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар нэхэмжлэгч нь хуулийн этгээд бөгөөд хариуцагч нь хувь хүн байх тул нэхэмжлэгч давуу байдалтай байсан хэргийн нөхцөл байдлыг харгалзаж алдангийг буруулах нь зүйтэй гэж үзлээ. Улмаар алдангийг тал хувь буюу 2,860,173.25 төгрөгөөр бууруулж, 2,860,174 төгрөгөөр тооцов.

 

            Дээрхийг нэгтгэн дүгнээд хариуцагчаас үндсэн төлбөрт 11,440,694.50 төгрөг, алдангид 2,860,174 төгрөг, нийт 14,300,868.50 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлин 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д зааснаар хариуцагч Ч.Эгаас 14,300,868.50 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “П” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,860,173.25 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 243,755 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 229,454.34 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр гарсанаас хойш 7 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ГАНБОЛД