Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2018/00348

 

П Т- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын  20-ны өдрийн 101/ШШ2017/03722 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: П Т- ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ч.Э-д холбогдох

 

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 17 161 041 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхнаран, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч П Т- ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхбаярын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус компани нь иргэн Ч.Э-тай 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тос тосолгооны материал худалдах, худалдан авах гэрээ байгуулан хамтран ажиллаж байсан. Ч.Э- нь 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 15 740 694 төгрөгийн өр авлага үүсгэж тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан. Дээрх төлбөрөөс 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс нийт 4 300 000 төгрөг төлж үлдэгдэл 11 440 694.50 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иргэн Ч.Э- нь төлбөр төлөх гэрээгээр тохирсон хугацааг 360 хоног хэтрүүлсэн тул төлөгдөөгүй үлдсэн 11 440 694 төгрөгөөс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дүгээр заалтыг баримтлан алданги 5  720 347 төгрөг, үндсэн төлбөр 11 440 694 төгрөг, нийт 17 161 041 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхнарангийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй. 2016 онд П Т- ХХК-ийн цайз, 16 дахь салбарын борлуулагч С.Алинагаас хувиараа 3 000 000 төгрөг бэлнээр сарын 10 хувийн хүүтэй зээлж авсан бөгөөд сар бүр зээлийн хүү болох 300 000 төгрөгийг төлж байсан болно. 2016 оны 11 сард борлуулагч Алина нь бараа бүтээгдэхүүн зээлээр худалдан авсан 15 000 000 төгрөгийн баримтад гарын үсэг зуруулж авахдаа 2016 оны 12 дугаар сард бүх өр төлбөрийг өөрөө төлж барагдуулна гэж хуурсан. Иймд хариуцагч нь 2 100 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгчтэй 2016.9.30-ны өдрийн байдлаар тооцоо нийлсэн актанд Энхтуяаг гуйж зуруулсан. Нэхэмжлэгчийн гаргасан 15 ширхэг баримтын 6 ширхэг дээр гарын үсэг зураагүй. Үлдэх 9 ширхэг дээр С.Алина зурсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д зааснаар хариуцагч Ч.Э-гаас 14 300 868.50 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П Т- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 860 173.25 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 243 755 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 229 454.34 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхнаран давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуралдаанд С.Алинааг гэрчээр асуулгахад “...Ч.Э- нь компанид 5 000 000 төгрөгийн өртэй байсан. Тухайн үед Ч.Э-г гуйж байгаад 15 000 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн хүлээн авсан баримтан дээр гарын үсэг зуруулсан” гэж мэдүүлсэн. Хариуцагч нь "П Т-" ХХК-д өөрийн төлөх ёстой өр болох 5 000 000 төгрөгөөс 2 900 000 төгрөгийг төлөөд одоо 2 100 000 төгрөгийн үлдэгдэлтэй нь дансны хуулга болон мөнгө шилжүүлсэн банкны баримтуудаар тогтоогддог. Гэтэл шүүх хэргийн жинхэнэ хариуцагч биш хүнээс 14 300 868 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь  үндэслэлгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.  

 

Нэхэмжлэгч П Т- ХХК нь хариуцагч Ч.Э-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 17 161 041  төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч 2 100 000 төгрөгийг төлнө, үлдэх төлбөрт бараа аваагүй гэж маргажээ.

Зохигчид 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 2016/03 тоот худалдах худалдах авах гэрээ байгуулж, худалдагч нь чанарын шаардлага хангасан тос, тосолгооны материал нийлүүлэх, худалдан авагч нь гэрээнд заасан нөхцлийн дагуу төлбөрийг төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцжээ. / хх-ийн 5/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болсон.  

 

Дээрх гэрээний үүргийг дүгнэж 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд 15 740 694 төгрөгийг үлдэгдэлтэй болох талаар тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт үйлдэж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан, уг баримт үйлдэгдсэнээс хойш хариуцагч Ч.Э- нь 4 300 000 төгрөгийг төлсөнд зохигчид маргаагүй.  /хх-ийн 48/

 

Харин хариуцагч нь уг тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтад нэхэмжлэгч байгууллагын борлуулагч С.Алинагийн хүсэлтээр бусдын авсан бараа материалын төлбөрийн баримт дээр гарын үсэг зурсан гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй. Гэрч С.Алина “..,дээрх баримтад тусгагдсан тос тосолгооны материалыг Ч.Э-гийн зөвшөөрснөөр Жавзмаад хүлээлгэн өгсөн, мөн өөрт нь өгсөн материалын тооцоо “гэж мэдүүлжээ. /хх-ийн 63/

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дах хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч буюу Ч.Э-гийн зөвшөөрсөн этгээдэд хүлээлгэн өгсөн. Тооцооны баримтад өөрийн хүсэл зоригийн дагуу гарын үсэг зураагүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй нэхэмжлэлд дурдсан этгээдийг хариуцагч гэх бөгөөд Ч.Э- нь П Т- ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан худалдах худалдан авах гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байх тул хэргийн жинхэнэ хариуцагч биш гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын  20-ны өдрийн 101/ШШ2017/03722 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхнарангийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

                              

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

                               ШҮҮГЧИД                                                      А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                      Ш.ОЮУНХАНД