Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 020/2014/0353/З |
Дугаар | 221/МА2015/0100 |
Огноо | 2015-02-25 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2015/0100
ДБЭТ ын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.М даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц , хариуцагч Төрийн өмчийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, гуравдагч этгээд МТ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, С.Т , гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Ж нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 619 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор ДБЭТ ын нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн хороо болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төрийн өмчийн хорооны 2008 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 364 дүгээр тогтоол, МТ ХХК-ийн Улсын бүртгэлийн **** дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулж, Төрийн өмчийн хороо нь гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Төрийн өмчийн хороо шүүхэд гаргасан тайлбартаа: Төрийн өмчийн хорооны 2002 оны 342 дугаар тогтоол нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 8 дахь заалтыг үндэслэсэн байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйл нь Төрийн өмчийн хорооны бүрэн эрхэд хамаарах заалт бөгөөд, харин ч 11.8 дахь хэсэгт Төрийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг данснаас хасах санал, захиалгыг хянаж батлах, шинээр авах шийдвэр гаргах гэсэн бүрэн эрхийнхээ дагуу Төрийн өмчийн хороо дээрх шийдвэрийг гаргасан болно.
Тус хорооны 2005 оны 172 дугаар тогтоол нь Улсын Их Хурлын 1999 оны 64 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт-ын Тавын 10 дахь заалтыг үндэслэсэн байна. Энэхүү тогтоол нь Сонгодог урлагийн академик театрын барилга байгууламж, түүний эд хөрөнгийг хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтад хамааруулсан байдаг ба энэ тогтоол нь Сонгодог урлагийн академик театрын барилга байгууламж, эд хөрөнгийг зохих хууль журмын дагуу актлах, үндсэн хөрөнгийн данснаас хасах зэргийг хориглоогүй болно.
Дуурь бүжгийн эрдмийн театр нь гаргасан шаардлагадаа тус хорооны 2002 оны 342 дугаар тогтоолыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэгт заасны дагуу Өмч хамгаалах байнгын зөвлөлийн дүгнэлт гаргаагүй гэж үзэж байгаа ч Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын 2002 оны 62 дугаар тушаалаар байгуулагдсан комиссыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31.4 дэх хэсэгт заасан өмч хамгаалах байнгын зөвлөл гэж үзэх үндэслэлтэй байна. Төрийн өмчийн хорооны 2002 оны 342 дугаар тогтоол нь Сонгодог урлагийн академик театраас Төрийн өмчийн хороонд ирүүлсэн 2002 оны 05 дугаар сарын 09-ний 20 дугаар албан бичгийг үндэслэсэн нь тус тогтоолыг гаргахдаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэжээ.
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар шүүхэд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Дуурь бүжгийн эрдмийн театрын зүүн талд байрлах 210 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлэхийг хүссэн МТ ХХК /****/-ийн 2002 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гарсан мэдүүлэг, албан бичиг, МТ ХХК улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар, Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, МТ ХХК-ийн төлөөлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар, МТ ХХК-ийн эзэмших, ашиглах газрын баталгаат хэмжээг тогтоосон акт, Мөнх-Оргил трейд ХХК-ийн хийсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, Нийслэлийн Засаг даргын 2002 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 350 дугаар захирамж, түүний хавсралт, Төрийн өмчийн хорооны 2002 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 342 дугаар тогтоол, Сонгодог урлагийн академик театрын болон МТ ХХК-ийн захирлуудын хооронд байгуулсан 03 дугаар гэрээ, эд хөрөнгийн фото зураг зэрэг нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2**** дугаарт бүртгэн өмчлөх эрхийн **** дугаар гэрчилгээ олгосон байна.
Тус газар нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг анх удаа улсын бүртгэлд бүртгэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалаар батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3 дахь заалтуудыг үндэслэн бүртгэдэг бөгөөд дээрх бүртгэлийн архивын хувийн хэрэг дэх нотлох баримтуудыг хянаж үзэхэд уг эрхийн улсын бүртгэл нь холбогдох хууль, дүрэм, журмын дагуу нотлох баримтыг үндэслэн хийгдсэн байх тул өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани 2002 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Төрийн өмчийн хорооны 342 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дуурь бүжгийн эрдмийн театрын зүүн талд байгаа 210 м.кв талбай бүхий /140 м.кв, 70 м.кв/ үйлчилгээний зориулалттай 2 ширхэг нэг давхар актлагдсан байрыг Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу шаардагдах бичиг баримтуудыг бүрдүүлэн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газрын Улсын бүртгэлийн 2**** дугаарт бүртгүүлж **** дугаар гэрчилгээг авч 2002 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн өмчилж байгаа билээ.
Гэтэл 2005 оны 04 дүгээр сараас эхлэн дээрх үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудлаар Дуурь бүжгийн эрдмийн театр маргаан үүсгэж 2005 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Төрийн өмчийн хорооны 172 дугаар тогтоолоор өмнөх Төрийн өмчийн хороо нь 3342 дугаар тогтоолыг хүчингүй болгуулсан боловч уг 172 дугаар тогтоолыг 2008 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Төрийн өмчийн хороо 364 дүгээр тогтоолоороо хүчингүй болгосон шийдвэр гаргасан болно.
Ингээд уг үл хөдлөх хөрөнгийн дор байрлах 240 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 350 дугаар захирамжийг үндэслэн тус компани 2002 оны 08 дугаар сарын 19-ний өдөр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших гэрээг Нийслэлийн хот байгуулалт, газрын харилцааны газартай байгуулан газрын гэрчилгээ авч эзэмшиж байсан. Гэтэл энэ газрын асуудал дахин маргаантай боллоо гэж Нийслэлийн Засаг даргын зүгээс манай эзэмшлийн газрын эзэмших эрхийн гэрчилгээг шинэчилж өгөлгүй элдэв аар саар зүйлээр шалтаглаж байсан тул арга буюу 2013 оны 10 дугаар сарын 22-нд бид Нийслэлийн Засаг даргад холбогдуулан маргаантай асуудлаа шийдвэрлүүлэхээр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Ингээд 2014 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр дээрх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой захиргааны хэргийн материалтай танилцах явцад Дуурь бүжгийн эрдмийн театр нь 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 951 дүгээр захирамжаар манай эзэмшлийн газрыг хүчингүй болгуулж, газрын гэрчилгээг өөртөө шилжүүлэн авсан гэх бичгийн баримтууд эргэлзээтэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон боловч уг газар дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудлаар Дуурь бүжгийн эрдмийн театрын даргаас МТ ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлснийг хүчингүйд тооцуулах, мөн Төрийн өмчийн хорооны 364 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Дуурь бүжгийн эрдмийн театрын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 619 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 1, 3, 31 дүгээр зүйлийн 4, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3-т заасныг тус тус баримтлан Төрийн өмчийн хорооны 2002 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Барилга актлах тухай 342 дугаар тогтоолын биелэлтдээ хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, МТ ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн 2**** дугаартай бүртгэлийг болон гэрчилгээг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох Төрийн өмчийн хорооны 2008 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 364 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: 1. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тухайд:
Нэхэмжлэгч анх 2014 оны 06 дугаар сарын 02-нд Захиргааны хэргийн анхан шатны 20 шүүхэд нэхэмжлэл гаргасан хэдий ч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу хариуцагч нарт хандаж урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргаагүй энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байдаг. Гэтэл маргаан бүхий захиргааны акт нь Төрийн өмчийн хорооны 2008 оны тогтоол байдаг бол МТ ХХК-ийн 2**** дугаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ нь мөн 2002 онд олгогдсон байдаг. Энэ бүх захиргааны акт буюу Барилга актлах тухай, Тогтоол хүчингүй болгох тухай тогтоолууд үйлдэгдсэн болохыг гуравдагч этгээд МТ ХХК-ийг маргаж буй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болсон зэрэг үйл явдлыг нэхэмжлэгч тал тухай бүрт нь мэдэж байсан.
Тодруулбал, Төрийн өмчийн хорооны 2002 оны Барилга актлах тухай 342 дугаар тогтоолын тухайд:
Төрийн өмчийн хороо уг тогтоолыг үйлдэхдээ Дуурь бүжгийн эрдмийн театр буюу хуучин нэрээр Сонгодог урлагийн академик театрын 2002 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 20 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг нь үндэслэн гаргасан.
Улмаар уг тогтоолын 2 дахь хэсэгт барилга актлах, бүртгэлээс хасах ажлыг хүсэлт гаргасан Дуурь бүжгийн эрдмийн театрт даалгасны дагуу тус театрын 2002 оны 62 дугаар тушаалаар комисс томилогдож ажилласан. Өөрөөр хэлбэл, уг маргаад буюу захиргааны акт нь нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэл зоригийн дагуу хийгдсэн ажиллагаа болно. Түүнчлэн уг акттай холбоотой маргааныг нэхэмжлэгчээс өмнө буюу 2005 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 249 дүгээр албан бичгээр төрийн өмчийн хороонд гомдол гаргаж байсан ба гомдолтой холбогдох асуудлыг 2008 онд эцэслэн шийдвэрлэсэн байдаг. Тиймээс уг акттай холбоотой маргааныг нэхэмжлэгч байгууллагаас дахин гаргах хууль зүйн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх удирдлага солигдох бүрт уг акттай холбогдуулан гомдол, нэхэмжлэл гаргах нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д Төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй гэх хууль зүйн үндэслэлд хамаарна. Түүнчлэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийг бүрдүүлж байна.
Төрийн өмчийн хорооны 2008 оны Тогтоол хүчингүй болгох тухай 364 дүгээр тогтоолын тухайд:
Уг тогтоолыг мөн мэдсэн бөгөөд энэ тухай өнөөдрийг хүртэл ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй хэрнээ ийнхүү шүүхэд хандаж байгаа мөн дээрх хуулийн үндэслэлд хамаарна.
МТ ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний тухайд:
Гуравдагч этгээд нь уг маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2002 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт 2**** дугаарт бүртгүүлсэн бөгөөд бүртгэлийг баталгаажуулан тус газраас 2002 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэрчилгээг олгосон.
МТ ХХК өмчлөгч болохыг нэхэмжлэгч мэдэх төдийгүй, талуудын хооронд худалдах, худалдах авах 03 дугаар гэрээ байгуулагдсан байдаг бөгөөд уг гэрээ өнөөдөр хүчин төгөлдөр байгаа болно. Улмаар уг гэрээ болон холбогдох бусад баримтыг үндэслэн улсын бүртгэл бүртгэж, түүнийг баталгаажуулан гэрчилгээг олгосон.
Тиймээс уг нэхэмжлэлийн шаардлага буюу МТ ХХК-ийг өмчлөгч биш хэмээн үзэж гомдол, нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэлгүй болно.
Ийнхүү дээрх байдлаар нэхэмжлэгчийн бүх шаардлага нь нэхэмжлэгчийн хүсэл зоригийн дагуу хийгдсэн ажиллагаа бөгөөд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн зүйлгүй, түүнчлэн маргаан бүхий актуудад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад шүүх энэхүү нөхцөл байдалд ямар нэгэн үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр орхигдуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн.
2. Шүүхийн шийдвэрийн үндэслэлийн тухайд:
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 619 дүгээр шийдвэр нь дараах байдлаар алдаатай бөгөөд хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж байна.
1/ Шүүх Төрийн өмчийн хороог 2002 оны 342 дугаар тогтоолын биелэлтэд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй хэмээн дүгнэхдээ Хуучин 2 барилгыг хувьчлах бус акталсан байна. Зүй нь маргаан бүхий 2 үл хөдлөх хөрөнгийг худалдах бус буулгах буюу нураах ёстой байжээ хэмээн дүгнэж нэхэмжлэл хангасан.
Уг дүгнэлт Төрийн өмчийн хорооны 1996 оны 50 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгийг данснаас хасах журмын 3 дугаар бүлгийн 16 дахь хэсгийг зөрчиж байна.
Учир нь Төрийн өмчийн хорооны 2002 оны 342 дугаар тогтоол нь хуучин 2 барилгыг ашиглах боломжгүй болохыг тогтоон, Дуурь бүжгийн эрдмийн театрын үндсэн хөрөнгийн бүртгэлээс хасахыг зөвшөөрсөн бөгөөд харин шууд устгах тухай заагаагүй юм. Тиймээс ашиглах боломжгүй хөрөнгийг дээрх журмын 3 дугаар бүлгийн 16 дахь хэсэгт заасны дагуу Хөрөнгө оруулалтын зардлаа төрийн байгууллагаас авч чадаагүй тул үүндээ тооцон авах хүсэлт гаргасан МТ ХХК-д шилжүүлсэн. Энэхүү процесс нь бүгд хоёр талын хүсэл зориг дагуу хийгдэж,хууль, журмын дагуу явагдсан болно. Түүнчлэн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд анхаарах ёстой байсан зүйл бол нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн тухай асуудал юм. Учир нь Төрийн өмчийн хорооны 2002 оны 342 дугаар тогтоол нь Дуурь бүжгийн эрдмийн театрын үндсэн хөрөнгөөс үл хөдлөх эд хөрөнгө хассан тухай.
Өөрөөр хэлбэл, уг тогтоолыг хүчин төгөлдөр байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь уг хөрөнгөтэй холбогдуулан өмчлөгч гэж шаардах, маргах эрхгүй юм. Улмаар шаардах эрхгүй бол түүний өмчлөх эрх хөндөгдөх тухай асуудал яригдах боломжгүй. Тиймээс шүүх хуучин 2 барилгыг данснаас хассан тогтоолын хэрэгжилт түүний эрхийг хэрхэн зөрчиж байгааг зайлшгүй тодруулах ёстой байна.
2/ Шүүх МТ ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг бус улсын бүртгэлийг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж 3 шаардлага бүхий хэргийг шийдвэрлэхдээ 4 дэх шаардлага шүүх санаачлагаар нэмж шийдвэрлэсэн нь хуулийн зөрчил юм.
Учир нь эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох болон эд хөрөнгийн улсын бүртгэлийг хүчингүй болгох 2 асуудал 2 өөр хууль зүйн үр дагаварт хүргэдэг асуудал юм. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбогдох эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлд эд хөрөнгийн улсын бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлийг заасан байдаг бол бусад тохиолдолд гэрчилгээг хүчингүй болгон өмчлөгчийн бүртгэлийн асуудлыг шийдвэрлэдэг болно. Гэтэл шүүгч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн энэ шаардлагыг тодруулж улсын бүртгэлийг хүчингүй болгосон хэмээн тайлбарлажээ.
Хэрэв нэхэмжлэгч нь улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагаа улсын бүртгэлийг хүчингүй болгуулах хэмээн өөрчлөх, эсхүл нэмэгдүүлж байгаа бол энэхүү шаардлагад тайлбар гаргах эрхийг хэргийн оролцогчид олгодог. Гэтэл уг ажиллагааг хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.
Иймд уг хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан хоорондоо зөрчилтэй хууль зүйн дүгнэлтийг үндэслэсэн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 619 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч ДБЭТ ын Төрийн өмчийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдуулсан Төрийн өмчийн хорооны 2008 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 364 дүгээр тогтоол, МТ ХХК-ийн улсын бүртгэлийн 2**** дугаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож өгөх тухай нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Төрийн өмчийн хороо нь гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох-оор нэмэгдүүлснийг шүүх хүлээн авч хэргийг хянан шийдвэрлэжээ.
Нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэх үед шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл буюу захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн, ямар шийдвэр гаргуулж зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүсэж байгаа, түүний үндэслэлийг зайлшгүй тодруулах үүрэгтэй бөгөөд тодорхой бус бол энэхүү шаардлагыг хангуулах ёстой. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд ч энэ шаардлага нэгэн адил тавигдана.
Гэтэл шүүх ДБЭТ ын МТ ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах, болон Төрийн өмчийн хороо нь гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох /ХХ-2-14/ тухай нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлийг тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүйгээс гадна нэхэмжлэлийн шаардлагууд нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн, хоорондоо зөрчилтэй гэж дүгнэх үндэслэл болжээ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байхаар тодорхой заасан байна.
Тухайлбал, Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна, 18 дугаар зүйлийн 18.1 Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгож, хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана гэх заалтуудаас үзвэл үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг улсын бүртгэлд бүртгэснийг баталгаажуулж иргэн, хуулийн этгээдэд улсын бүртгэлийн байгууллагаас олгож байгаа баримт байна. Эндээс харвал эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай шаардлага нь улсын бүртгэлтэй салшгүй холбоотой.
Тиймээс анхан шатны шүүх тухайн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулах замаар нэхэмжлэгчийн зүгээс улсын бүртгэлийн байгууллагын ямар үйл ажиллагаа буюу захиргааны актыг хүчингүй болгуулахаар шаардсаныг тодорхой болгон хэргийн оролцогчдыг тухайн маргаанд чиглүүлэх байтал уг ажиллагааг явуулаагүй, улмаар улсын бүртгэл болон бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэснээр тэдгээрт ойлгомжгүй байдлыг үүсгэжээ.
Мөн шүүх хуралдааны явцад нэмэгдүүлсэн шаардлагын талаар эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох гэж тодруулсан ч бүхэлдээ Төрийн өмчийн хорооны гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавиагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 /эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага, албан тушаалтнаас хуульд заасан хугацаанд биелүүлээгүй буюу шийдвэрлэхгүй орхисныг/, 70 дугаар зүйлийн 70.2.4 /захиргааны акт гаргахгүй байгаа явдал болон эс үйлдэхүй нь хууль бус гэж тогтоогдсон бол шаардагдах захиргааны актыг гаргахыг тухайн захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгах/ заалттай хэрхэн нийцэж байгаад шүүх нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд тулгуурлан дүгнэлт хийж, захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх маргаан мөн эсэхийг тогтоосны дараа хэргийг хянан шийдвэрлэх байжээ. Гэтэл уг асуудлыг тодруулалгүй Төрийн өмчийн хорооны тогтоолын биелэлтдээ хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.
Үүнээс гадна юуны өмнө нэхэмжлэгчээс Төрийн өмчийн хорооны 2008 оны тогтоол, МТ ХХК-ийн 2002 оны эрхийн улсын бүртгэл буюу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар шаардсан, хариуцагчаас хугацаа хэтрүүлсэн гэж маргаж байгаа тохиолдолд анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан нэхэмжлэл гаргах хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн эсэхтэй холбоотой баримтуудыг цуглуулсны үндсэн дээр дүгнэлт өгөх байжээ. Энэ ажиллагааг явуулаагүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан үүргээ зөрчсөн гэх үндэслэл болно.
Иймд дээрх ажиллагаануудыг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэж, цугларсан баримтуудын хүрээнд дүгнэлт өгөх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаахаар шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 619 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.М
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Д.БАТБААТАР