Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 3171

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С-ийн гаргасан,

Хариуцагч: Б,

Хариуцагч: Б нарт холбогдох,

2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр болон 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, өмгөөлөгч Д.Т, хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, П.Ц, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ч*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц, Л.Шагдарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Т.Соос тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Миний бие 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр М.Б*******тэй зээлийн гэрээ байгуулж, түүнээс 600,000,000.00 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 10 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон бөгөөд тухайн үед барьцааны зорилгоор өөрийн өмчлөлийн “Л” ХХК-ийн хувьцааг 100 хувь хариуцагч Б.Б*******ийн нэр дээр шилжүүлж, зээлийг сарын дараа төлж, хувьцааг буцаан авахаар тохирсон юм.

 

            Ингэхдээ би компанийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж, өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахаар тохиролцсон ба зээлсэн 600,000,000.00 төгрөгийг н.Б******* гэж хүнд арматур худалдан авах зориулалтаар өгсөн боловч түүнд залилуулсаны улмаас зээлийг буцаан төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн.

 

            Манай компани 2014 онд “Ч*******” ХХК-иас жилийн 7 хувийн хүүтэй жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн зориулалтаар 600,000,000.00 төгрөгийг зээлсэн байсан бөгөөд 1,454,182,400.00 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, Төв аймгийн Баянчандмань суманд байрлах төмөр боловсруулах үйлдвэрийг ажиллуулдаг байсан. Гэтэл хариуцагч Б.Б*******ийн зүгээс намайг компанийн үйлдвэрийн үйл ажиллагаанд оруулахаас эрс татгалзаж, чиний компани одоо минийх болсон, чи миний үгээр байгаарай гэх зэргээр ааш авир гаргаж, тохиролцоогоо зөрчиж эхэлсэн.

 

Би, анхнаасаа компанийхаа хувьцааг хариуцагчид шууд худалдах зорилгоор энэхүү хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээг байгуулаагүй, хариуцагчдын “бүгд бизнесийн үйл ажиллагааны мэдлэг, туршлагатай, компанийг хамт удирдаж, үйлдвэрийн үйл ажиллагаанаас олсон орлогоос зээл болон хөрөнгө оруулалтыг төлсний дараа буцаагаад миний нэр дээр шилжүүлнэ” гэхэд итгэж гэрээг байгуулсан.

 

   Гэрээ хийхээс өмнөх өдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 300,000,000 төгрөгийг, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр компанийн эрхийг барьцаалан эрх шилжүүлэх гэрээ хийдэггүй учир компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсаны дараа 300,000,000 төгрөгийг н.Ганбаярын дансаар шилжүүлэн авсан. Дээрх мөнгө нь н.Ганбаярын дансанд орсон даруйд “Т*******” ХХК-ийн захирал н.Б*******гийн данс руу шилжүүлсэн боловч тэрээр “арматур төмрийг удахгүй нийлүүлнэ, хүлээж бай” гээд удаашруулж, сураггүй алга болсон.

 

Энэ талаар Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст өргөдөл гаргаснаар н.Б*******д холбогдох эрүүгийн хэрэг үүсгэж, намайг хохирогчоор тогтоосон ба хариуцагч Б.Бд “н.Б*******д залилуулснаас үүдэн гарсан 600,000,000.00 төгрөгийн зээлийн өрийг хавар би өөрийн үйлдвэр ажиллуулж эхлэхээр төлье, үйлдвэр ажиллуулахад мөнгөний хэрэгцээ байгаа” гэхэд тэрээр мөнгө өгөх боломжтой гээд дүү Б.Б******* бид хэд БНХАУ руу явж үйлдвэрлэлд хэрэглэх материалыг авч ирсэн. Ингээд үйлдвэрлэл 2016 оны 05 дугаар сард эхлээд 4-5 хонож байхад Б.Бат-Эрдэнэ намайг үйлдвэр рүү нэвтрүүлэхийг хориглосон ба түүнтэй холбоо барьж яагаад намайг үйлдвэр рүү оруулахгүй байгаа талаар асуухад “чиний компани 100 хувь миний нэр дээр, миний мэдэлд байгаа юм чинь аятайхан миний үгээр байгаарай” гэсэн өнгө аястай сүрдүүлсэн.

 

Энэ үед би түүхий эд нийлүүлдэг аж ахуйн нэгж, иргэдэд өртэй байсан ба  н.М*******, н.Б*******, н.Б******* нарыг дуудаж, Б.Бат-Эрдэнэтэй уулзуулж “би энэ хүмүүст өртэй байгаа, үйлдвэр ажиллуулж байж энэ хүмүүсийн өрийг өгнө, одоо би яаж өрийг нь төлөх юм бэ” гэхэд Б.Бат-Эрдэнэ “би баталгаа бичиж өгье, сар бүрийн 30-ны өдөр би үйлдвэрийн ашгаас хувь өгөх үед та нар мөнгөө авах боломжтой, би 50 хувийн ашгийг гаргаж авна” гэж хэлээд 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр баталгаа бичиж өгсөн. 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэн М.Б*******тэй хийсэн 600,000,000.00 төгрөгийн зээлийн гэрээний барьцаанд "Л" ХХК-ийг Б.Бат-Эрдэнэд шилжүүлсэн байсныг тэрээр 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр өөрийн төрсөн ах Б.Бөд шилжүүлсэн байсан.

 

Энэ талаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст Б.Бат-Эрдэнэд холбогдуулан “Л" ХХК-ийг зээлийн гэрээгээр халхавчлан залилан авч, их хэмжээний хохирол учруулсан тухай гомдол гаргаснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай уг прокурорын газар 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 15 тоот прокурорын тогтоол гаргасан. Тус тогтоолд “...........................Б.Бат-Эрдэнэ нь Т.Сийн хүсэлтээр 600,000,000.00 төгрөгийн зээлийн оронд авсан "Л" ХХК-ийг худалдан авсан гэх боловч  компанийн гүйцэтгэх удирдлагаар Т.Сийг томилсон, үйлдвэрийн үйл ажиллагааны ашгаас 50 хувийг өгнө гэх зэрэг утга бүхий баримтуудаар "Л" ХХК-ийг 600,000,000.00 төгрөгийн өрийн барьцаанд авсан болох нь тогтоогдсон байна. Б.Бат-Эрдэнэ нь Т.Соос зээлсэн 600,000,000.00 төгрөгөөс гадна 500,000,000.00 төгрөгийг нэмж өгөөд компанийг худалдан авсан гэх боловч тус төлбөрийг төлсөн нь баримтуудаар тогтоогдоогүй байна” гэж тогтоосон.

 

Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллагаас энэхүү хэргийг мөрдөн шалгахдаа "Л" ХХК-ийг 600,000,000.00 төгрөгийн зээлийн барьцаанд байгаа болохыг тогтоосон боловч 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Б.Б нь өөрийн төрсөн ах Б.Бийн нэр дээр компанийг шилжүүлсэн ба энэ талаар нэхэмжлэгчид хэлээгүй, тэрээр мэдээгүй байсан юм. Хариуцагч Б.Бэс 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр баталгаа гаргасан ба анхнаасаа хуурч мэхлэх, төөрөгдүүлэх байдлаар компанийг шилжүүлж аваад ашиг хонжоо олох гэж байсан нь батлагддаг.

 

 Прокурорын байгууллагын шалгалтын үр дүнгээр зохигчид хоорондоо компанийг шилжүүлсэн байна, уг асуудал нь иргэний журмаар яригдах асуудал, барьцаанд тавьсан болох нь тогтоогдож байна гэснийг нотлох баримтаар үнэлэх ёстой. Талуудын хүсэл зоригийн илэрхийллийн хувьд барьцаа байсан бол эрх шилжүүлэх гэрээ хийх ямар шаардлагатай байсан бэ гэсэн. Гэтэл бодит байдал дэээр “би таниас мөнгө зээлье гэхэд би чамд мөнгө зээлье, чи надад юу өгөх вэ” гэсэн, зээлийн гэрээний дагуу хувьцааг барьцаанд тавьж болохгүй учир “чи миний  нэр дээр шилжүүлчих, хуулийн ийм зохицуулалт байдаг” гэж Т.Сийг төөрөгдүүлснээс болж энэ гэрээ, хэлцэл байгуулагдсан тул анхнаасаа хуурч мэхэлсэн байдал харагдаж байна.

 

Иймд, нэхэмжлэгч Т.Сийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Б.Бат-Эрдэнэтэй байгуулсан хувьцааг худалдах, худалдан авах тухай гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ, мөн хариуцагч Б.Бат-Эрдэнэ болон түүний төрсөн ах Б.Б нарын хооронд 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хийсэн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Б.Б*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Нэхэмжлэгч Т.С нь Б.Б******* гэх хүнтэй танилцаад Б.Б******* нь Б.Бат-Эрдэнэтэй нэхэмжлэгчийг танилцуулаад н.Б*******гаас арматур аваад мөнгөө эргэлдүүлээд буцаагаад төлөхөөр зээл хүссэн гэж тайлбарласан ба энэ талаар нотлох баримт хэрэгт авагдсан ба уг үйл баримтыг тогтоосон прокурорын тогтоол мөн хэрэгт байгаа болно. Гэвч Т.С болон М.Б******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой шаардлага байхгүй.

 

Т.Сийн хувьд М.Б*******тэй 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 600,000,000.00 төгрөгийг зээлсэн ба уг зээлийн гэрээний дагуу төлбөрийг төлөөгүй буюу залилан мэхэлсэн гэдэгтэй холбоотой эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан прокурорын тогтоол хэрэгт авагдсан бөгөөд зээлийн гэрээг 100 хувь Б.Бат-Эрдэнэ гэх хүний нэр дээр байгуулсан зүйл байхгүй. Маргааны гол зүйл болох 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэсэн шаардлагын үндэслэлийг барьцаанд "Л" ХХК-ийн хувьцааг тавьсан, шилжүүлэх гээгүй гэдэг зүйл ярьж байна. Гэтэл бид хэлцэл байгуулагдах үеийн хүсэл зоригийн илэрхийлэл байсан эсэхийг ярих шаардлагатай, өөрөөр хэлбэл, Т.С компанийн хувьцааг худалдах, бусдад шилжүүлэх хүсэл зоригийг илэрхийлсэн болохыг онцгойлон дурьдмаар байна.

 

Нэхэмжлэгч тал М.Б*******гээс зээл авчихаад урт цагаанд байрлах ажлын байран дээр ирээд Б.Бат-Эрдэнээс “та манай компанийг шилжүүлээд авчих, шилжүүлж авсан юм чинь хөрөнгө оруулаад яв, би энэ компанийг байгуулсан буюу төмөрлөгийн үйлдвэрийн чиглэлээр мэдлэгтэй учир гүйцэтгэх удирдлагаар ажиллаад явъя” гэсэн хүсэл зоригийг илэрхийлэхэд Б.Бат-Эрдэнэ хүлээн авч, тэдгээрийн хооронд гэрээ байгуулагдсан. Үүнийг нотолж 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр урт цагааны “Хаан банк” ХХК-ийн салбарын хажууд байрлах дүүргийн тойргийн нотариатч н.Оюунчимэг гэх хүн талуудад гэрээний эрх, үүрэг, үр дагаврыг тайлбарласан ба зохигчид Иргэний хуульд заасан гэрээний чөлөөт байдал, агуулгыг өөрсдөө тодорхойлж, бичгээр үйлдсэн.

 

Барьцааг Иргэний хуульд зааснаар тусдаа зохицуулдаг бөгөөд энэхүү гэрээнд анхнаасаа "Л" ХХК-ийг “Ч*******” ХХК-иас 600,000,000 төгрөгийн өртэй болохыг дурьдаж, мөн компанийн гүйцэтгэх удирдлагаар Т.Сийг ажиллуулахаар тохиролцсон. Т.Сийн өөрийнхөн хүсэл зоригийн илэрхийлэл буюу “та миний компанийг худалдаад ав, би гүйцэтгэх удирдлагаар ажиллана, хамтран ажиллаж ашиг ольё” гэсэн хүсэл зоригийг баталгаажуулаад тухайн гэрээ, хэлэлцээр байгуулагдсан юм.

 

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ямар үндэслэлээр барьцаа гэж тайлбарлаад байгаагаа тодруулаагүй, хэрэв барьцаа байсан бол тухайн үед барьцааны гэрээ хийх ёстой байсан, энэ төрлийн гэрээг бичгээр хийх зохицуулалттай. М.Б*******гээс авсан зээлийн гэрээний барьцаа шүү, буцаагаад би авна шүү, зээлийн гэрээний үүргийг биелүүлэх юм бол буцаагаад өгөөрэй гэх тохиролцоо байсныг нотлох баримт байхгүй, харин өөрийнхөн хүсэл зоригийн илэрхийлэл нь худалдах зорилго байсан бөгөөд талууд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний дагуу компанийн эзэмших эрхийг шилжүүлсэн тул эдгээр гэрээнүүд анхнаасаа хүчин төгөлдөр болно.

 

Нэхэмжлэгч тал 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 15 тоот прокурорын тогтоолыг үндэслэл болгож байна Гэтэл Прокурорын тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зааснаар прокурор нь онцгой эрх эдэлдэг, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгт тохирсон ял шийтгэлийг оноож, төрийн нэрийн өмнөөс шүүх хуралдаанд оролцох чиг үүрэг бүхий хууль цаазын зөвлөх хүмүүс байтал яагаад залиласан гэх гомдлыг шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзахдаа энэ бол барьцааны гэрээ шүү гэж үзэж байгааг ойлгохгүй байна. Прокурор иргэд хооронд үүссэн хэлцлийг мөрдөн байцаагчаар дамжуулан мэдүүлэг, нотолгоо, үзлэг хийж байгаад энэ бол барьцааны гэрээ шүү хүчин төгөлдөр бус тооцуулах гэрээ биш шүү гэх байдлаар асуудлыг шийдвэрлэхгүй юм.

 

Харин уг тогтоолд ”зээлийн гэрээ, компанийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг Т.С нь сайн дурын үндсэн дээр хийсэн, бусдад компанийн хувьцааг 100 хувь шилжүүлсэн гэдгээ мэдэж байсан, мөн зээлсэн мөнгөө буцаан авч чадаагүйгээс үүссэн иргэд хоорондын иргэний маргаан буюу гэрээгээр халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийн шинжгүй байх тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан” гэсэн байгааг анхаарах хэрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч Т.С анхнаасаа хүсэл зоригоо илэрхийлэхдээ “та хөрөнгөтэй хүн компанийг худалдаад авчих би гүйцэтгэх удирдлагаар ажиллаад таны хөрөнгө оруулалтыг хэд нугалж ашиг олж өгнө, ирээдүйд өөртөө хувь өгөх асуудал байж болно биз дээ, би өр зээлээ дармаар байна” гээд талууд тохирсныг гэрчийн мэдүүлгүүд нотолдог. Иймд, Иргэний хуульд заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байх буюу хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал ойлгоогүй, өөрөө ийм үр дүнд хүргэхийг хүсээгүй байсан, зөвхөн хэлбэрийн хувьд гадаад илрэл болгож хийсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Б.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа

 

“Хариуцагч Б.Бтэй холбогдуулсан шаардлага нь 2015 оны буюу Т.Соос Б.Бат-Эрдэнэд шилжүүлсэн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаас үүдэлтэй гэж байгаа учир Б.Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг бүхэлд нь дэмжиж байна. Энэхүү хэрэгт зохигчдын хүсэл зоригийн илэрхийллийг ярихаас өөр аргагүй. Нэгдүгээрт, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт заасан хүсэл зоригоо илэрхийлсэн боловч тухайн үр дагаварт хүрэхийг хүсээгүй байх урьдчилсан нөхцлийг шаарддаг. Гэрээ хийсэн Б.Бат-Эрдэнэ, Т.С нарын хувьд тийм байдал байдаггүй. Хоёрдугаарт, уг гэрээг хийснээс хойших үйл баримтуудаас харахад хэн, хэн нь гэрээний үүргээ хэрэгжүүлээд, гэрээгээ дагаж мөрдөөд явсан. Энэ нь хэрэгт цугларсан нотлох баримтаас хангалттай харагдана. Гуравдугаарт, хувьцаа худалдах худалдан авах гэрээ барьцаа байсан бол эрх шилжүүлэх гэрээ хийх ямар шаардлагатай юм бэ гэдгийг тодруулах ёстой бөгөөд талууд эрх шилжүүлэх гэрээний зорилго, үр дагаврыг мэдэж байсан.

 

Компанийн тухай хуулиар хувьцаанд хамааралтай эрх, үүргүүдийг шилжүүлж өгсөн, хувьцаа нь барьцаа байсан бол үүнийг шилжүүлэх ямар ч шаардлага байгаагүй, хүсэл зоригийн илэрхийлэл үргэлжлээд, хэн, хэн нь хүлээн зөвшөөрөөд явж байсан нэг чухал үйл баримт Т.Сийг гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байх үед үйлдвэрт их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Зөвхөн барьцаанд авсан байсан бол тэр хүн уг үйлдвэрт хөрөнгө оруулалт хийх шаардлага байхгүй, өөрөөр хэлбэл барьцаа байсан тохиолдолд их хэмжээний хөрөнгө оруулалтыг хүлээн авч, ашиглаад явахгүй. Үүнээс дүгнэхэд Т.Сийн хүсэл зориг анхнаасаа компанийн хувьцааг шилжүүлэхдээ барьцаанд тавиагүй болох нь илэрхий байна.

 

Хариуцагч Б.Б нь Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар компанийн хувьцааг дээр дурьдсан худалдах, худалдан авах гэрээний дагуу шударгаар олж авсан шударга өмчлөгч мөн юм. Хариуцагч Б.Бат-Эрдэнэ болон Б.Б нарын хооронд ямар нэг төлбөр тооцооны асуудал байхгүй, тэд компанийн хувьцааг 1,200,000,000.00 төгрөгөөр худалдаж, худалдан авсан үйл баримтын талаар зохигчид маргаан байхгүй.

 

Улсын дээд шүүхийн тогтоолд дурьдсанаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан буюу хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл бүхэн хүчингүй болох үндэслэлгүй. Хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх удирдлагын эрх зүйн байдал тус тусдаа ойлголт бөгөөд нэхэмжлэгч Т.С энэ компанийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байснаараа компанийн хувьцаа эзэмшигчтэй холбоотой шаардлага гаргахгүй. Хариуцагч Б.Бат-Эрдэнээс хариуцагч Б.Б рүү шилжүүлсэн хэлцэл ямар нэг байдлаар дүр үзүүлж хийгдээгүй тул хүчин төгөлдөр хэлцэл мөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

"Ч*******" ХХК-ийн хувьд компанийн эрх шилжүүлэх гэрээнд ямар ач холбогдол өгч байна вэ гэхээр эрх шилжүүлэх гэрээ 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан ба гэрээний дагуу зээлдэгч буюу “Л” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Б.Б байна гэж үзэж явж байгаа юм. "Л" ХХК буюу одоогийн хувьцаа эзэмшигч нь зээлийг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй гэж үзээд тодорхой хэмжээний төлөлт хийгээд явж байгаа, банк үүнийг хүлээж авахгүй байх боломжгүй. Яагаад гэвэл зээлийн гэрээний үүрэг зөрчигдөөд байгаа юм.

 

Бидний зүгээс тухайн зээлийг төлөх талаар санал, санаачлага гаргаж байгаа этгээдийг “зээлээ төлөхгүй байж бай” гэж хэлэх аргагүй. Компани хэний эзэмшилд шилжээд байгаа, зээлийг хэн хариуцах ёстой вэ гэдэг асуудал одоогийн байдлаар  чухал бөгөөд санаачлага гаргаж буй хүмүүсээс зээлийн төлөлт хийсэн. Нэхэмжлэгч талын хэлээд байгаа үндэслэл байхгүй. Зээл төлсөн талаарх баримтыг гаргаж өгөхөөс өөр аргагүй учир гаргаж өгсөн” гэв.     

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

    ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Т.Соос хариуцагч Б.Б, Б.Б, нарт холбогдуулан 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр болон 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба шүүхээс энэхүү хэрэгт 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчдад нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Т.С - М.Б******* нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг дуусгавар болсонд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх хүлээн аваагүй бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа “2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр болон 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” гэж тодруулсан.

 

Шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

 Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Т.С 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр М.Б*******тэй зээлийн гэрээ байгуулж, түүнээс 600,000,000.00 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 10 хувийн хүүтэй зээлэхээр, мөн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг хариуцагч Б.Бтэй байгуулж, түүнд “Л” ХХК-ийн 100 ширхэг хувьцааг 500,000,000.00 төгрөгөөр худалдахаар тохирсон байна /1-р х.х-ийн 6, 7, 8-р хуудас/.

 

Нэхэмжлэгч тал энэхүү хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, эрх шилжүүлэх гэрээг 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор байгуулсан “барьцаа” байсан хэмээн тайлбарлаж, анхнаасаа хувьцаа худалдах гэрээ, хэлэлцээр байгуулах хүсэл зориг байгаагаагүй гэж маргасан бол хариуцагчдын зүгээс зээлийн гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээг бие даасан гэрээнүүд, тухайн үед талуудад эдгээр гэрээг байгуулах хүсэл зориг байсан тул хүчин төгөлдөр гэж мэтгэлцсэн.

 

Зохигчдын хооронд байгуулсан хувьцаа худалдах, худалдах авах гэрээг үзвэл талууд Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар 1,454,182,400.00 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй компанийн 1 бүрийн үнэ 14,541,824.00 төгрөгийн үнэтэй 100 ширхэг хувьцааг 500,000,000.00 төгрөгөөр худалдаж, хувьцааг шилжүүлснийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримтын талаар маргаагүй /1-р х.х-ийн 8, 10-р хуудас/

 

Компанийн тухай хуулийн 30.2-д “Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ”, мөн 55 дугаар зүйлийн 55.1-д “Компанийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн /компанийн хувьцаа болон бусад үнэт цаасыг оролцуулан/ зах зээлийн үнэ гэж тухайн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн үнийн талаар бүрэн мэдээлэлтэй, түүнийг худалдах үүрэг хүлээгээгүй худалдагч болон эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн үнийн талаар бүрэн мэдээлэлтэй, худалдан авах үүрэг хүлээгээгүй худалдан авагч хоёрын харилцан тохиролцсон үнийг хэлнэ” гэж заасан.

 

Тодруулбал, зохигчдын хувьцаа худалдах, худалдан авах гэрээний зүйл болсон “Л” ХХК-ийн өөрийн хөрөнгө буюу эздийн өмч /ззний өмч=нийт хөрөнгө-өр төлбөр/ нь ийнхүү бусад үүрэг гүйцэтгүүлэгчид төлөх өр төлбөрийг хасаад нийт 1,454,182,400.00 төгрөгийн хэмжээтэй ба талууд компанийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн эрхийн /худалдах үнэ/ тухайн үеийн зах зээлийн үнийг өөрийн хөрөнгийн хэмжээгээр тохирч, 100 ширхэг хувьцааны 1 бүрийн үнийг 1,454,182,400.00 төгрөгөөр тогтоосон байна.

 

 Шүүхээс дараах үйл баримтыг үндэслэн зохигчид 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг нэхэмжлэгчийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэн М.Б*******тэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор байгуулсан гэж үзэв. Үүнд:

 

  •  Хавтаст хэргийн 172 дугаар хуудсанд авагдсан хариуцагч Б.Б*******ийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэгт “Т.Сийн хувьд миний танил н.Ганбаяр гэдэг залуугийн найз гээд анх надтай ирж уулзаж байсан бөгөөд тэрээр 2015 оны 10 дугаар сарын орчимд 600,000,000.00 төгрөг зээлсэн. Ингэхдээ надад хэлэхдээ энэхүү зээлээр арматурын төмөр худалдан авч, нэг компанид худалдаад ашиг гаргаад зээлсэн мөнгөө 1 сарын дараа төлнө гээд н.Ганбаярын дансаар дамжуулан зээлсэн” гэх мэдүүлэг, мөн “Т.С анх надаас мөнгө зээлснээс хойш 1 сар гаруй хугацааны дараа шиг санагдаж байна өр төлбөрөө төлж чадахгүй хүнд байдалтай байна, өөрийн эзэмшлийн “Л” ХХК-ийн үндсэн хөрөнгө болох Төв аймгийн Баянчандмань суманд байрлах төмөр боловсруулах үйлдвэрийг надад худалдахаар болсон” гэх тайлбар /1-р х.х-ийн 172-р хуудас/,

 

  • Хавтаст хэргийн 173 дугаар хуудсанд авагдсан Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай 1511 тоот дугаартай тогтоолд “н.Б*******гаас арматур төмөр худалдан авахаар гэрээ хийж, Б.Бэс мөнгө зээлэхээр ярихад бэр эгч М.Б*******тэй зээлийн гэрээ хийчих, харин барьцаанд компанийнхаа хувьцааг шилжүүл гэсний дагуу түүнд 100 хувь хувьцаагаа шилжүүлсэн” гэх тайлбар /1-р х.х-ийн 173-р хуудас/,

 

  • Хавтаст хэргийн 15 дугаар хуудсанд авагдсан хариуцагч Б.Б*******ийн сэжигтээр 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байцаагдсан мэдүүлэгт “компанийг худалдан авах үед эд хөрөнгийг хараад үнэлэх боломж байгаагүй, энгийн хүний нүдээр 400-500 сая төгрөгийн хөрөнгөтэй байх шиг байсан, би М.Б*******гээс 500,000,000.00 төгрөгийн зээлийг 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр авч, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Т.Сид бэлнээр М.Б*******гийн өрөөнд өгсөн ба энэ үед манай хуулийн зөвлөх н.Б байсан” гэх тайлбар /2-р х.х-ийн 15,16-р хуудас/,

 

  • Хавтаст хэргийн 49, 50 дугаар хуудсанд авагдсан хариуцагч Б.Бэс өгсөн гэрчийн мэдүүлэгт “Т.С гэх хүнийг 2015 оны 10 дугаар сард н.Ганбаяр гэх залуу дагуулж ирсэн. Ингээд Т.С надтай уулзаад 600,000,000.00 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлээч, би арматур аваад зараад ашиг олох гэсэн юм, би өөрөө бас арматурын үйлдвэртэй ба түүнээс гарсан арматурыг давхар зараад ашиг гаргах гээд байгаа юм гэж гуйсан. Тухайн үед надад мөнгө байсан бөгөөд зээлэх болоод гэрээ байгуулсан. Тэр үед барьцаа аваагүй, н.Ганбаяр нь надаас гуйж байсан ба арматур худалдах гэрээг үзүүлж байсан санагдаж байна. Ингээд мөнгийг шилжүүлэх гэсэн чинь Т.С өөрийнхөө нэрээр авч болохгүй гээд н.Ганбаярынхаа дансаар мөнгийг шилжүүлэн авсан” гэх тайлбар, түүнчлэн түүнээс хойш сар болоогүй байхад н.Ганбаяр нь Т.С таньд өгөх ёстой мөнгөө өөрийнхөө өртэй хүмүүст өгчихлөө гэх яриа болсон,..............................мөн ингээд надад мөнгө төгрөг байхгүй байхаар нь Т.Стой уулзаж, авлагаа ярихад Төв аймгийн Баянчандмань суманд байрлах арматурын төмрийн үйлдвэрээ ажиллуулаад таны өрийг даръяа гэсэн,..............................Ерөнхийдөө би энэ үйлдвэрт нилээн их хэмжээний  хөрөнгө оруулалт хийгээд эхэлсэн үеэс л Т.С нь үйлдвэрийг ажиллуулж чадахгүй, санхүүгийн хувьд боломжгүй юм байна гэж үзээд “Л” ХХК-ийн хувьцааг 100 хувь өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Би Т.Сид үйлдвэрийг ажиллуулаад ашгаасаа эхний ээлжинд өр ширээ дараад дараа нь ашгаа 50 хувиар хувааж авъя, би өөрөө хөрөнгө оруулалт хийнэ, харин үйлдвэрийг миний нэр дээр шилжүүл гээд ярилцаж тохирсон” гэх тайлбар /2-р х.х-ийн 49, 50-р хуудас/,

 

  • Хавтаст хэргийн 53 дугаар хуудсанд гэрч Б.Ганбаярын мэдүүлэгт “Надад Т.С нь төмрийн үйлдвэр босгоход хөрөнгө оруулалт хэрэгтэй байна гэхээр нь би түүнийг н.Бат Өлзийтэй танилцуулаад хөрөнгө оруулалт оруулах гэж байгаа талаар хэлсэн. Ингээд н.Бат Өлзий нь ах Б.Бтэй Т.Сийг холбож өгсөн.Тэгээд Т.С нь “Л” ХХК-ийг Б.Бд барьцаанд тавихаар болж, 2015 оны 10 дугаар сарын сүүлээр байх бид гурав “Тайван” төвийн дотор нотариатаар орж, зээлийн гэрээг хийсэн, тус гэрээнд яг юу гэж заасан талаар мэдэхгүй байна. Ингээд гэрээ хийсний дараа Б.Б нь Т.Сийг сайн танихгүй тул чиний дансаар дамжуулан зээлсэн мөнгийг миний данс руу шилжүүлэхээр болж тохирсон ба гэрээ хийхээс өмнө 300,000,000.00 төгрөгийг шилжүүлж, дараа дахин 300,000,000.00 төгрөгийг шилжүүлсэн.  .............................. Б.Б нь шилжүүлнэ гэсэн байсан ба гэхдээ шилжиж ирэхдээ М.Б*******гээс гэсэн утгатай орлого гэж шилжиж ирсэн,.........................сарын дараа төлөх ёстой байсан мөнгийг н.Б******* хулхидаж аваад алга болсон учраас Т.С компаниа авч чадаагүй” гэх тайлбар /2-р х.х-ийн 53, 54-р хуудас/,

 

  • Хавтаст хэргийн 51 дүгээр хуудсанд авагдсан гэрч М.Б*******гийн мэдүүлэгт “Т.С нь хямдхан арматурын төмөр олоод худалдан авах гээд байна, таньд ашиг өгнө надад мөнгө зээлчих гэж хэлээд гуйгаад байсан ба ингээд манай ажил болох урт цагаан дээр байх үедээ зөвшөөрч, гэрээг нотариатаар орж, Хаан банкны салбараас н.Ганбаяр гэх хүний данс руу 300,000,00.00 төгрөгөөр 2 хувааж хийлгэсэн юм” гэх тайлбар /2-р х.х-ийн 51, 52-р хуудас/,

 

  • Хавтаст хэргийн 51 дүгээр хуудсанд авагдсан гэрч Б.Бат Өлзийгийн мэдүүлэгт “Б.Бд үйлдвэрийг зарсан цагаас хойш Т.Стой хамт хэд хэдэн удаа БНХАУ руу явж байсан. Ингэж явахдаа Б.Бэс үйлдвэрт хэрэгцээтэй байгаа тоног төхөөрөмжийн мөнгийг бэлнээр аваад Т.Стой явдаг байсан, бид нар үйлдвэрийн талаар сайн мэддэггүй байсан тул түүний хэлснээр хэрэгцээтэй байгаа тоног төхөөрөмж болон бусад зүйлийг авах гэж явдаг байсан. Миний хамт явдаг байсан учир нь, эхэндээ бол Т.С нь Б.Бэс мөнгөө бэлнээр өөртөө авч явдаг байсан, харин би мөнгөө хэрхэн зарцуулж байгаад хяналт тавих үүрэгтэй байсан” гэх тайлбар /2-р х.х-ийн 55-р хуудас/-аас тус тус дүгнэвэл доорх үйл баримт зохигчдын хооронд бий болжээ. Үүнд:

 

Нэхэмжлэгч Т.С нь өөрийн “Л” ХХК-ийн төмрийн үйлдвэрийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хэрэгтэй байсны улмаас Б.Ганбаяраар дамжуулан хариуцагч Б.Бтэй танилцаж, түүнээс 600,000,000.00 төгрөгийг 1 /нэг/ сарын хугацаатай зээлэхээр тохирсон хэдий ч М.Б*******тэй 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, Б.Ганбаярын эзэмшлийн дансаар 600,000,000.00 төгрөгийг хүлээн авсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, түүнчлэн зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч болон хариуцагч нар бие биенээ таньдаггүй байсан бөгөөд тухайн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахын тулд нэхэмжлэгчийн өмчлөлийн “Л” ХХК-ийн хувьцааг хариуцагчийн нэр дээр шилжүүлсэн байна.

 

Тодруулбал, хариуцагч Б.Б*******ийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “Т.Сийн хувьд миний танил н.Ганбаярын найз гээд надтай уулзаж байсан тэрээр 2015 оны 10 дугаар сарын орчимд 600,000,000.00 төгрөгийг зээлсэн гэх тайлбар” нь түүний гэрчээр өгсөн “Т.С гэх хүнийг 2015 оны 10 дугаар сард н.Ганбаяр гэх залуу дагуулж ирсэн, ингээд надтай уулзаад 600,000,000.00 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлээч,.................................н.Ганбаярын дансаар шилжүүлэн авсан” гэх мэдүүлэгт дурьдсан үйл баримттай нийцэж байгаагаас гадна Б.Ганбаярын 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн гэрчээр өгсөн мэдүүлэгт дурьдсан “Надад Т.С нь төмрийн үйлдвэр босгоход хөрөнгө оруулалт хэрэгтэй байна гэхээр нь би түүнийг н.Бат Өлзийтэй танилцуулаад хөрөнгө оруулалт оруулах гэж байгаа талаар хэлсэн. Ингээд н.Бат Өлзий нь ах Б.Бтэй Т.Сийг холбож өгсөн.Тэгээд Т.С нь “Л” ХХК-ийг Б.Бд барьцаанд тавихаар болж, 2015 оны 10 дугаар сарын сүүлээр байх бид гурав “Тайван” төвийн дотор нотариатаар орж, зээлийн гэрээг хийсэн” гэх үйл баримттай таарч байна  

 

            Түүнчлэн хариуцагч Б.Б нь 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст мэдүүлэг өгөхдөө “Т.С анх надаас мөнгө зээлснээс хойш 1 сарын дараа шиг санагдаж байна өр төлбөрөө төлж чадахгүй хүнд байдалдтай байна гээд өөрийн эзэмшлийн “Л” ХХК-ийн үндсэн хөрөнгө болох Төв аймгийн Баянчандмань суманд байрлах төмөр боловсруулах үйлдвэрийг надад худалдахаар болсон” гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг байгуулсан огнооноос зөрж байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн энэхүү мэдүүлэгт дурьдснаар нэхэмжлэгч тал түүнд гэрээний зүйл болсон компанийн хувьцааг 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээг байгуулсаны 1 /нэг/ сарын дараа худалдахаар тохиролцсон юм бол ямар учир шалтгаанаар ийнхүү хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулах болсон үндэслэл, үйл баримтыг хариуцагч нар тодорхой баримтыг үндэслэн тайлбарлахгүй байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн баталгаагаар хариуцагч Б.Б болон нэхэмжлэгч Т.С нар дараах зүйлийг тохиролцсон байна. Үүнд:

 

  1. Хариуцагч Б.Бэс үйлдвэрийн үйл ажиллагаанд 1,594,391,000.00 төгрөгийн хөрөнгө оруулалт хийснийг харилцан зөвшөөрөх,
  2. Түүний энэхүү оруулсан хөрөнгө оруулалтыг үйлдвэрийн үйл ажиллагаанаас олсон 50 хувийн ашгаар барагдуулах,
  3. Ийнхүү хариуцагчийн хөрөнгө оруулалтыг түүнд буцаан төлсөн тохиолдолд компанийн 50 хувийн хувьцааг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэх,
  4. Үйлдвэрийн үйл ажиллагааны орлогоос талууд 50, 50 хувиар ашиг хүртэхээр тус тус тохиролцсон байна /1-р х.х.-ийн 19-р хуудас/.

 

Гэвч компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 3 дугаар хэсэг дэх бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүргийн төрөлд хамаарах буюу 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ бөгөөд худалдагчийн үндсэн үүрэг нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгийг хүлээн авах үүргийг хүлээх байтал маргалдагч талууд ямар үндэслэл, шалтгаанаар нэхэмжлэгч буюу худалдагч Т.Сийн нэгэнт худалдсан гэх компанийн төмрийн үйлдвэрийн үйл ажиллагаанаас олсон орлогоос түүнд ашиг хүртээх болсон нь ойлгомжгүй байна.

 

Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд харин компанийн эд хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй” гэж, мөн 32 дугаар зүйлийн 32.1-д “Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд[5] заасны дагуу компанийн хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчилнэ” гэж зааснаас гадна 34 дүгээр зүйлийн 34.1.2-т “давуу эрхийн хувьцааны ногдол ашиг төлсний дараагаар компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-өөс тогтоосон хэмжээгээр ногдол ашиг авах”, мөн 34.1.3-д “компанийг татан буулгах үед энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан журмын дагуу үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх” гэж заасан.

 

Тодруулбал, зөвхөн тухайн компанид хувьцаа эзэмшиж буй хувьцаа эзэмшигч этгээд гагцхүү хуульд заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа бусад үүрэг гүйцэтгүүлэгчийн өрийг төлсний дараах орлогоос хувь хүртэх эрхтэй байдаг. Гэтэл нэхэмжлэгч тал хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр өөрийн компанийн хувьцаагаа 100 хувь хариуцагчид шилжүүлсэний дараагаар компанийн төмрийн үйлдвэрийн үйл ажиллагааны орлогоос ашиг хүртэх, улмаар хувьцааны 50 хувийг буцаан авах тохиролцоо нь ойлгомжгүй байгаагаас гадна тэдгээрийн хооронд ямар нэгэн тодорхой ашиг сонирхол байгааг илэрхийлж байна.

 

Хэдийгээр хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн зүгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа энэхүү тохиролцоог нэхэмжлэгчийг гүйцэтгэх удирдлагаар ажиллах болсон тул түүний цалин хөлс хэмээн тайлбарласан ч тус тайлбар нь хэргийн бодит байдал болон хуульд нийцэхгүй байна. Учир нь, Компанийн тухай хуулиар тодорхой сонирхлын бүлэг бүхий этгээдүүдийн /хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага, ажилтан болон зээлдүүлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгч гэх мэт/ ашиг сонирхлыг зохицуулдаг.

 

Компанийн гүйцэтгэх удирдлага болон ажилтнууд хөдөлмөрийн гэрээ/контракт гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээгээр тохиролцсон цалин хөлсийг хувьцаа эзэмшигчид ногдол ашиг хуваарилахаас өмнө хүлээн авдаг ба үүнд хуульд заасан ногдол ашиг авахад тавигдах шаардлага хамаагүй юм. Гэтэл нэхэмжлэгч тал дээр дурьснаар компанийхаа хувьцааг бусдад худалдан борлуулж, хувьцаа эзэмшигчийн эрх, үүрэг нь дуусгавар болсон байтал тэрээр хувьцааг нь худалдан авсан шинэ хувьцаа эзэмшигчийн нэгэн адил хэмжээнд ашиг хүртэхээр болсон байна.

 

Зохигчдын хооронд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр талууд “Л” ХХК-ийн 100 ширхэг хувьцааг 500,000,000.00 төгрөгөөр худалдахаар тохирсон боловч хариуцагч талын зүгээс гэрээнд заасан төлбөрийг нэхэмжлэгчид төлөөгүй байна. Хэдийгээр хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч Б.Бэс нэхэмжлэгч Т.Сид 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэл шилжүүлсэн 297,027,000.00 төгрөгийг энэхүү гэрээний төлбөр хэмээн тайлбарладаг боловч уг шилжүүлсэн мөнгөөр маргааны зүйл болсон компанийн төмрийн үйлдвэрийн үйл ажиллагаанд шаардлагатай байсан тоног төхөөрөмжийг худалдан авахад зарцуулсан гэх төлбөрийн талаарх тооцоо нийлсэн актыг үгүйсгээгүй, үүнийг Б.Бат Өлзийгийн гэрчийн мэдүүлэг давхар нотолдог бөгөөд хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гэрээний төлбөрийг төлсөн гэдгээ баримтаар нотлоогүй /2-р х.х-ийн 21-28, 58-75-р хуудас/.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 15 тоот тогтоолд дурьдснаар нэхэмжлэгч Т.Сийн гаргасан хариуцагч Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг прокурорын байгууллагаас хянан шалгахдаа талуудын хооронд үүссэн үйл баримтыг тодруулж, хариуцагчийг 600,000,000.00 төгрөгийн барьцаанд “Л” ХХК-ийг авсан болох нь тогтоогдсон гэснийг шүүхээс шууд үнэлээгүй боловч зохигчид тухайн тогтоолд гомдол гаргаагүй болохыг үүгээр дурьдаж байна.

 

Иймд, шүүхээс дээр дурьсаныг тус тус үндэслэн зохигчдын хооронд байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг нэхэмжлэгчийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр М.Б*******тэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор байгуулсан гэрээ мөн гэж дүгнэв.

 

 Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар хэлцэл нь иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болоход чиглэгдсэн хүсэл зоригоо илэрхийлэгч этгээдийн үйлдэл, эс үйлдэл бөгөөд энэ нь өөртөө “би юу хүсч байна, үүний тулд юу хийх ёстой бэ” гэсэн  ухамсарт үйлдлийг агуулдаг. Аливаа этгээдүүд гэрээ, хэлэлцээр байгуулж, түүний хууль зүйн үр дагаврыг үүсгэхээр эрх, үүргийн хувьд холбогдохдоо тухайн гэрээ, хэлэлцээрийн жинхэнэ зорилго, мөн чанар үр дагаврыг хүсч, хэлцлийн зорилгод хүрэхийн тулд эрх, үүргийг анхнаасаа биелүүлэхийг эрмэлзэж байдаг.

 

Гэтэл зохигчид 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахдаа Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1-д заасан аргыг бус харин өмчлөх эрх шилжүүлэх тухай хэлцэл байгуулж, өөр хэлцлийг халхавчилсан байна. Тодруулбал, талууд дээр дурьдсан зээлийн гэрээний үүргийг буцаан шаардах шаардлагыг хангахад “Л” ХХК-ийн хувьцааг барьцаалах эсхүл үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/-ээр тохиролцох ёстой байтал эдгээр хэлцлийг халхавчлан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ажээ.

 

Өөр хэлцлийг халхавчлах нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус уг хэлцлийг хийх /хууль зүйн жинхэнэ үр дагаврыг үл хүсэх/ хүсэл зориг эрмэлзэлгүйгээр хэлцэл хийсэн гадаад илэрхийллийг бий болгохыг хүссэн талуудын тохиролцоо буюу хэлцлийн бодит бус гэдэг дээр санал нэгэдсэн байдаг бөгөөд талуудад гэрээ байгуулах санал гаргах, түүнийг хүлээн авах, эрх, үүргийн хувьд холбогдох болон хэрэгжих боломжтой байх зэргийг харгалзах сэдэл анхнаасаа байхгүй байсан ажээ.

 

Иймд, зохигчид 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахдаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан хэлцлийн үр дагаврыг хүсч байгуулаагүй байх тул уг хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар талуудын хооронд байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээнүүд хүчин төгөлдөр бус юм.

 

   Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д “дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Тодруулбал, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл гэдэг нь тухайн хүчин төгөлдөр бус хэлцэлтэй шалтгаант нөхцөл байдлаар салшгүй холбоотой, уг хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор эрх зүйн үндэслэл нь үгүйсгэгдэх хэлцлийг хамруулдаг.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн этгээдүүд гэрээний зүйлийг харилцан буцаах, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй бөгөөд энэхүү хэлцэл нь хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулсан хэлцэл ийнхүү хийгдсэн цаг мөчөөс эхлэн хүчин төгөлдөр бус байснаараа тэдгээрт хэлцлийн дагуу олж авсан гэрээний зүйлийг захиран зарцуулах эрх олгогдохгүй, тэдэнд ийм эрх байхгүй гэж үзэх бөгөөд хэрэв аль нэг тал захиран зарцуулсан тохиолдолд үнийг төлөх үүрэг үүсдэг байна.  

 

Хүчин төгөлдөр хэлцлийн дараа хэлцлийн зүйл болох эд хөрөнгө болон эрхийн талаар хийгдсэн худалдах, худалдан авах хэлцэл бүрийг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй бөгөөд энэ нь өмчлөх эрхийг шударгаар олж авсан этгээдийн эрхийг хамгаалах зарчимтай холбоотой юм. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй” гэж заажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д “Зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй” гэж, мөн 42 дугаар зүйлийн 42.1-д “Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж зааснаас гадна 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасан.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч Б.Б, Б.Б нар төрсөн ах, дүү бөгөөд тэдгээрийн хооронд 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “Л” ХХК-ийн хувьцааг 1,200,000,000.00 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, өнөөдрийн байдлаар тус компанийн хувьцаа эзэмшигчээр хариуцагч Б.Б бүртгэлтэй байгаа тухай зохигчид маргаагүй, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт болох уг компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг үзвэл 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр болон 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хувьцаа эзэмшигч 1 нэмэгдэж, 1 хасагдаж, 1 болж өөрчлөгдсөн бүртгэл хийгдсэн байна /1-р х.х-ийн 10, 20, 62-р хуудас/.

 

 Хариуцагч Б.Бийн хувьд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тэрээр өөрийн дүү Б.Б*******ийг нэхэмжлэгч Т.Стой төлбөр тооцооны асуудалтай байсан талаар мэдэж байсан ба хэрэгт авадсан баримтаар түүнийг “Л” ХХК-ийн хувьцааг шударгаар олж авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь, хариуцагч Б.Б нь 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр сэжигтнээр байцаагдан мэдүүлэг өгөхдөө “маргааны зүйл болох компанийн хувьцааг ах Б.Бөд 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр худалдсан, 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн баталгааг Т.Сийг гуйгаад байхад нь бичиж өгсөн” гэсэн атлаа хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа уг баталгааг дээр дурьдсан байдлаар үгүйсгээгүй бөгөөд харин Т.Сийг гүйцэтгэх удирдлагаар ажиллах болсон тул түүнд хөлс олгохоор тохиролцсон хэмээн хоорондоо зөрчилдсөн тайлбар өгдөг.

 

Хэрэв хариуцагч Б.Б*******ийн зүгээс маргааны зүйл болсон компанийн хувьцааг төрсөн ах Б.Бөд худалдсан тохиолдолд түүний өмчлөх эрх дуусгавар болж, компанийн хувьцаа эзэмшигчийн аливаа эрх, үүргийг хэрэгжүүлэх эрхгүй юм. Гэтэл хариуцагчид бие биедээ компанийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, зохих газар бүртгүүлсэн байтал хариуцагч Б.Б*******ийн зүгээс нэхэмжлэгч Т.Стой 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр баталгаа үйлдэж, компанийн хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлж байгаа нь талуудыг өнгөн дээрээ хариуцагч Б.Бөд “Л” ХХК-ийн хувьцааг шилжүүлсэн мэтээр бусдад дүр үзүүлсэн хэлцлийг байгуулсан гэж үзэхээр байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч Б.Б*******ийн хувьд өөр хэлцлийг халхавчилж хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр эд хөрөнгийг шилжүүлэн авч буйгаа мэдсээр байж гэрээний зүйлийг бусдад худалдсан түүний үйлдлийг, мөн нэхэмжлэгч Т.С болон хариуцагч Б.Б нарын хооронд үүссэн асуудлыг мэдэж байсан атлаа дүр үзүүлсэн хэлцэл байгуулсан хариуцагч Б.Бийн үйлдлийг зөвтгөх үндэслэл байхгүй юм.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т “иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, мөн Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно” гэж заажээ.

 

Тодруулбал, иргэн, хуулийн этгээд иргэний эрх зүйн харилцаанд оролцохдоо гэрээ болон хуулиар хүлээсэн эрх, үүргээ үнэнч шударгаар биелүүлж, эдийн болон эдийн бус баялагийг шударгаар олж авсан тохиолдолд түүнд уг эд хөрөнгийг өмчлөх болон эзэмших эрх үүснэ. Эд хөрөнгийг шударгаар олж авах гэдэг нь хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авахыг ойлгох бөгөөд энэ тохиолдолд иргэний эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс тус эд хөрөнгийг олж авахдаа хууль болон гэрээг зөрчөөгүй, үнэнч, шударга хандсан байхыг шаардана.

 

            Гэтэл нэхэмжлэгч болон хариуцагч нар анхнаасаа “Л” ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах хүсэл зориг байгаагүй, өөр хэлцлийг халхавчлан бодит байдлаас өөр хэлцлийг хүчинтэй мэтээр дүр эсгэж хэлцэл байгуулсан байх тул хариуцагчдыг хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр тус компанийн хувьцааг олж авсан гэж үзэхгүй.  

 

Иймд, хариуцагч Б.Бийг Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу “Л” ХХК-ийн хувьцааг шилжүүлэн авахдаа шударгаар хандсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул тэдгээрийн хооронд 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан “Л” ХХК-ийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэжээ. Өөрөөр хэлбэл, зохигчид хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу тодорхой төрлийн эд хөрөнгийг бие биедээ шилжүүлсэн тохиолдолд тэдгээрт харилцан буцаах үүрэг хуулийн дагуу үүсэх бөгөөд талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагчид гэрээний зүйл болсон “Л” ХХК-ийн хувьцааг бусдад шилжүүлээгүй байх тул эрх бүхий этгээд болох нэхэмжлэгчид буцаан өгөх боломжтой юм.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ч*******” ХХК болон “Л” ХХК-иуд 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох нөхцөлд хамрагдаж, 600,000,000.00 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцсон ба талууд уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор тодорхой нэр төрлийн үл хөдлөх хөрөнгө болон эрхийг барьцаалсан байна /1-р х.х-ийн 113-116-р хуудас/.

 

Өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 519,604,671.23 төгрөг, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 76,908,141.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,426,187.31 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувьд “Л” ХХК-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх эрхтэй юм.

 

Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д “Шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй” гэж заасан тул “Л” ХХК-нд холбогдох зээлийн гэрээтэй холбоотой маргааныг энэхүү нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хамт шийдвэрлэх боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч Т.Соос 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тус шүүхэд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4-т “гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр зааснаар төлнө” гэсний дагуу 2,657,950.00 төгрөгийг төлсөн байтал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хариуцагч Б.Б болон Б.Б нарын хооронд 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70,200.00 төгрөг төлсөн байх тул гэрээний үнэ болох 1,200,000,000.00 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 6,087,750.00 төгрөгийг /6,157,950-70,200=6,087,750.00/ гаргуулан улсын орлого болгож, хуульд зааснаар хариуцагч нарт хуваарилахаар шийдвэрлэв /1-рх.х-ийн 2, 29, 40-р хуудас/.

 

Ийнхүү шүүхээс дээр дурьдсныг тус тус үндэслэн зохигчдын хооронд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр болон 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан “Л” ХХК-ийн  хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус компанийн хувьцааг нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэхийг даалгаж шийдвэрлэв.       

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10 болон 56.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Т.С болон хариуцагч Б.Б нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан “Л” ХХК-ийн  хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг, хариуцагч Б.Б болон хариуцагч Б.Б нарын хооронд 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан “Л” ХХК-ийн  хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, “Л” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр нэхэмжлэгч Т.Сийг бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Сийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,657,950.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж 6,087,750.00 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгож, хариуцагч Б.Бэс 2,657,950.00 төгрөг, хариуцагч Б.Бөөс 6,157,950.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНДАЛБАЯР