Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 3277

 

 

 

 

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2017/03277

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “В” ХХК-ийн гаргасан,

 

Хариуцагч: “Э” ХХК-нд холбогдох,

 

2,286,760,781.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “В” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Д.Д, өмгөөлөгч Ц.Ц, хариуцагч “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.О, өмгөөлөгч Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.

                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

           

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Д.Д, өмгөөлөгч Ц.Ц нар тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Манай компани хариуцагч “Э” ХХК-тай 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдөр, мөн 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр “санхүүгийн түрээсийн гэрээ” байгуулж, 1,146,777,404.92 төгрөг болон 1,071,000,420.50 төгрөгийн үнийн дүнтэй нийт 6 ширхэг тоног төхөөрөмжийг түрээслүүлэхээр харилцан тохирсон юм.

 

            Талууд эдгээр гэрээнд хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, үндсэн төлбөр болон хүүг төлөх хугацааг сунгаж, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, үлдэгдэл төлбөрийг баталгаажуулсан. Гэтэл хариуцагч тал гэрээний хугацаанд удаа дараагийн хүсэлтээр ийнхүү үндсэн төлбөр, хүүг төлөх хугацааг сунгаж байсан бөгөөд тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хойш ямар нэгэн төлбөр төлөхгүй өнөөдрийг хүрсэн.

 

            Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1.-д зааснаар түрээслэгч нь гэрээгээр хүлээсэн төлбөр болон хүүг хугацаандаа төлөх үүрэгтэй байтал хариуцагч тал түрээсийн зүйлийг доголдолтой хэмээн үндэслэлгүйгээр төлбөр төлөхөөс санаатай зайлсхийж, 2012 оноос хойш тоног төхөөрөмжүүдийг ашигласаар ирсэн.

 

            Бидний хооронд байгуулсан гэрээгээр түрээслэгч тал түрээсийн зүйлийн үнэ, хүүг зохих ёсоор төлсөн тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар заасан ба гэрээний хугацаанд “amity air dril” загварын 460456 тоот сериал дугаартай 359,928,411.63 төгрөгийн үнэтэй үрлэгчийг буцаахаар шийдвэрлэж, уг тоног төхөөрөмжид урьдчилан төлсөн 85,694,700.00 төгрөгийг бусад тоног төхөөрөмжийн төлбөрт суутгасан.

 

            Санхүүгийн түрээсийн үйлчилгээ нь гэрээний зүйлийг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтанд шилжүүлэхээс гадна санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг тул хүү мөн адил тооцогддог, манай компани эдгээр тоног төхөөрөмжийг бусдаас худалдан авч, үнийг нь төлсөн бөгөөд хариуцагчаас өнгөрсөн хугацаанд гэрээнд заасан үндсэн төлбөр, хүүг зохих ёсоор авч чадаагүйгээс улбаалан санхүүгийн хувьд хохирч, нийлүүлэгч, үйлдвэрлэгчдийн өмнө хүлээсэн үүргээ зөрчихөд хүрч байна.

 

            Тус нэхэмжлэлийг шүүх хүлээн авсанаас хойш хугацаанд хариуцагчийн хүсэлтээр хэргийг хэрэгсэхгүй болгох, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаах түдгэлзүүлэх тухай захирамж гаргасан боловч тухайн шатны шүүхийн тогтоолоор эдгээр захирамжийг хүчингүй болгож, хэрэг маргааныг шийдвэрлэх ёстой хэмээн үзсэн. Түрээслүүлэгч бидний хувьд санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэг болох санхүүжилт үзүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн ба эд хөрөнгийн доголдлын хувьд үрлэгч машин доголдолтой байсныг буцааж авсан.

 

            Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч талын зүгээс удаа дараа төлбөрийг төлнө, үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзэж, хугацааг хойшлуулах хүсэлт гаргаж байсныг түрээслүүлэгч тал тухай бүр хүлээн авсан байтал түрээслэгч нь одоо үндэслэлгүйгээр төлбөр төлөхөөс татгалзаж, шүүх хуралдааныг хойшлуулах арга хэрэглэсээр өдий хүрсэн.

 

            Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д тус тус зааснаар үүрэг гүйцэтгэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ үнэнч шударгаар гүйцэтгэх ёстой. Гэтэл хариуцагч тал үндсэн төлбөр, хүүг хугацаандаа төлдөггүй, “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-иас засвар, үйлчилгээ үзүүлэхээр очиход нэвтрүүлдэггүй гэх зэргээр хүндрэл учруулсан, түүнчлэн тоног төхөөрөмжид дур мэднэ өөрчлөлт “монголчлох” оруулсан ба тэдгээрийг гэрээний оролцогч биш “Эрээн цав” ХХК-нд эзэмшүүлж, ашиглуулсан гэх зөрчлийг гаргасан.

 

            Хэрэгт авагдсан баримтад үндсэн төлбөрийн үлдэгдэл, түүнд бодогдсон хүү, мөн алдангийн талаарх тооцооллыг тодорхой хавсаргасан ба хариуцагчийн 400,000,000.00 гаруй төгрөгийг үндэслэлгүй илүү нэхэмжилсэн гэх тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй, энэ талаар нотлох баримт судлах шатанд тодорхой яригдсан тул шинжээч томилох шаардлагагүй.

 

Хариуцагчийн зүгээс тоног төхөөрөмжийн доголдолтой холбоотой маргааныг байнга ярьдаг, гэтэл энэ хэрэг бол санхүүгийн түрээсийн гэрээний асуудал, тоног төхөөрөмжийг мөнгөө төлсөн тохиолдолд өмчлөлд шилжүүлж авах үндсэн нөхцөлтэй ба нэхэмжлэгчийн хувьд шаардлагатай мөнгийг олж, хариуцагчийн нэрийн өмнөөс "Вагнер Ази тоног төхөөрөмж" ХХК-нд өгсөн тул энэхүү харилцаанд мөнгө ашиглагдаж байгаа гэсэн үг.

 

Иймд, талуудын хооронд байгуулсан гэрээгээр түрээсийн зүйлийг түрээслэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохирсныг үндэслэн нэхэмжлэгчийн зүгээс тоног төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 1,304,964,481.13 төгрөг, хүү 398,443,352.34 төгрөг, алданги 560,879,702.34 төгрөг, засвар, үйлчилгээний зардал 22,473,246.00 төгрөг, нийт 2,286,760,781.81 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Г.О, өмгөөлөгч Г.Д нар тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Манай компани нэхэмжлэгч талтай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, гэрээнд заасан тоног төхөөрөмжийг хүлээн авсан үйл баримтын хувьд маргахгүй, гэвч Санхүүгийн түрээсийн тухай хууль, Иргэний хуульд зааснаар түрээслүүлэгчийн үндсэн үүрэг болох зориулалтын дагуу ашиглах боломжтой доголдолгүй эд хөрөнгө хүлээлгэж өгөх үүргээ зөрчсөнөөс шалтгаалан төлөвлөсөн ургацаа хурааж чадаагүй.

 

Энэ талаар Монголын үндэсний ба олон улсын арбитрт “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-нд холбогдуулан доголдолтой тоног төхөөрөмж нийлүүлснээс учирсан хохирол болон гэрээнээс татгалзахтай холбоотой хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан бөгөөд уг хэрэгт санхүүгийн түрээсийн гэрээний зүйл болох тоног төхөөрөмжүүд доголдолтой эсэхийг тогтоохоор шинжээч томилогдсон.

 

Гэтэл нэхэмжлэгч тал иргэний хэргийн шүүхэд тоног төхөөрөмжүүдийн үлдэгдэл үнэ, түүний хүү, алдангийг нэхэмжлэхдээ гэрээний зүйлийн доголдлыг уг хэрэгт хамааралгүй, нийлүүлсэн компанид хамааралтай мэтээр тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, талуудын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлд түрээслүүлэгчийн хүлээх үүрэгт “доголдолгүй эд хөрөнгө шилжүүлнэ” гэсэн байгаагаас үзвэл доголдлыг тогтоох арбитрын ажиллагааг хүлээх ёстой, мөн бид гэрээнээс татгалзаж, өмнө төлсөн төлбөрийг буцаан авах шаардлага гаргасан бөгөөд “Э” ХХК болон “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-иудын хооронд байгуулсан “худалдах, худалдан авах хамтран ажиллах ерөнхий гэрээ”-нд зааснаар энэхүү гэрээний салшгүй хэсэг нь санхүүгийн түрээсийн гэрээ байхаар зохицуулсан.

 

Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т “Түрээслүүлэгч, түрээслэгчийн хооронд байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний салшгүй хэсэг нь түрээслүүлэгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан түрээсийн зүйлийг худалдах-худалдан авах гэрээ байна” гэж заасан байхад үүнийг зөрчиж иргэний хэргийн анхан шатны шүүхээр хэрэг маргааныг арбитрын шийдвэр гарахаас өмнө шийдвэрлүүлэх гэж байгааг үндэслэлгүй гэж дүгнэж байна.

 

Нэхэмжлэлд авагдсан үндсэн төлбөр, түүний хүү, алдангийн тооцооллыг хүлээн зөвшөөрөхгүй, өнгөрсөн хугацаанд эд хөрөнгийн доголдлын улмаас ямар нэгэн ургац тариалалт явуулаагүй, нэхэмжлэгчийн харилцан хамааралтай компаниудын ажилтнууд ирж тоног төхөөрөмжийн компьютер дэх “чип”-ийг авч явснаас улбаалан цаашид ашиглагдах боломжгүй байснаас гадна засвар, үйлчилгээг хийж чаддаггүй байсан.

 

Гэрчийн мэдүүлж байгаагаар бүхий л тоног төхөөрөмжийг ажиллагаанд оруулдаг, чирж, гулдарч явдаг трактор нь ажилладаггүй гэж байна, маргааны гол нөхцөл төлбөр мөнгө төлөөгүй, үүнээс болоод шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэх асуудал ярьж байна. Гэтэл үүний шалтгаан нь чанаргүй бараа нийлүүлсэн, доголдолтой байснаас болоод "Э" ХХК болон “Эрээн цав” ХХК-иуд төлбөр төлөх нөхцлөө бий болгож чадаагүй. Газар тариалангийн үйл ажиллагаа явуулаад түүнээс олсон ашгаас төлбөр төлөх ёстой, гэвч анхнаасаа 2012 онд нийлүүлсэн үрлэгч машин ажиллаагүй учир үрсэлгээ хийгдэхгүй, үрсэлгээ хийгдээгүй учир ургац ургахгүй, ургац ургаагүй учир ашиг олохгүй тул төлбөр төлөх боломжгүй болж байгаа юм.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, хариуцагчийн зүгээс гаргасан зарим хүсэлтүүдийг хангаагүй, төлбөртэй холбоотойгоор талууд хамтран тооцоо нийлэх, шинжээч томилох үр дагавар үүсч байгаагаас гадна тооцоо буруу хийгдсэн.

 

Иймд, бидний гаргаж буй тайлбар, хэрэгт авагдсан баримтыг судлаад шинжээч томилох, дахин хэргийг түдгэлзүүлэх нөхцөл байдал байгааг анхаарч үзэхийг хүсч байна” гэв.

                 

             Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

             ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “В” ХХК-иас хариуцагч “Э” ХХК-нд холбогдуулан Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,018,300,892.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлэхдээ “үндсэн төлбөр 1,304,964,481.13 төгрөг, хүү 329,614,333.11 төгрөг, алданги 376,286,328.58 төгрөг, засвар үйлчилгээний зардал 7,435,696.00 төгрөг, нийт 2,018,300,892.82 төгрөг дээр нэмж 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны хүү 68,829,019.23 төгрөг, алданги 184,593,319.76 төгрөг, засвар үйлчилгээний зардал 15,037,550.00 төгрөг, 268,459,888.99 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 2,286,760,781.81 төгрөг”-ийг нэхэмжилсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчаас санхүүгийн түрээсийн гэрээний зүйлийг биет байдлаар буцаан шаардах бус харин түүний үнийг ашигласан хугацааны хүү, алданги болон засварын зардлын хамт нэхэмжилж байна.

 

            Гэвч хариуцагч тал уг нэхэмжлэлийг бүхэлд нь үл хүлээн зөвшөөрч, Монголын үндэсний ба олон улсын арбитрт “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-нд холбогдох доголдолтой тоног төхөөрөмж нийлүүлснээс учирсан хохирол болон гэрээнээс татгалзахтай холбоотой хэрэг маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө энэхүү хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй, санхүүгийн түрээсээр авсан тоног төхөөрөмжийн үндсэн төлбөр, хүү, алдангийг тооцоолохдоо 400,000,000.00 орчим төгрөгийн зөрүү гаргасан хэмээн мэтгэлцсэн.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр шүүхээс 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 101/ШЗ2017/02268 тоот захирамж, мөн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай 101/ШЗ2017/07781 тоот захирамж гаргасан боловч тухайн шатны шүүхээс эдгээр захирамжийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн /2-р х.х-ийн 1, 2, 20-23, 198-201, 223-227-р хуудас/.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “В” ХХК болон хариуцагч “Э” ХХК-иуд 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдөр, мөн 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр “санхүүгийн түрээсийн гэрээ” байгуулж, 1,146,777,404.92 төгрөг болон 1,071,000,420.50 төгрөгийн үнийн дүнтэй нийт 6 ширхэг тоног төхөөрөмжийг түрээслэхээр харилцан тохирсон байна /1-р х.х-ийн 24-29, 47-52-р хуудас/.

 

Талуудын хооронд байгуулсан СТГ/12-184 тоот гэрээгээр хариуцагч тал 1,146,777,404.92 төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмжийг түрээслэхдээ урьдчилгаанд 100,000,000.00 төгрөг төлж, үлдэх 1,046,777,404.92 төгрөг буюу тоног төхөөрөмжийг 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд жилийн 9 хувь, сарын 0.75 хувийн хүүтэйгээр ашиглаж, хүүнд 217,345,212.63 төгрөг, нийт 1,264,122,617.55 төгрөгийг, мөн СТГ/12-389 тоот гэрээгээр 1,071,000420.50 төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмжийн урьдчилгаанд 321,300,126.15 төгрөгийг төлж, үлдэх 749,700,294.35 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд жилийн 12 хувь, сарын 1 хувийн хүүтэй ашиглаж, хүүнд 165,790,011.49 төгрөг, нийт 915,490,305.84 төгрөгийг тус тус төлсөн тохиолдолд эдгээр эд хөрөнгийн өмчлөгч болох ажээ /гэрээний 1.1, 2.1.2, хавсралт 1/.

 

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээнд үндсэн төлбөр, төлөх хүүгийн хэмжээ, хугацааг дараах байдлаар тогтоосон байна. Үүнд:

 

  1.  СТГ/12-184 тоот зохигчдын хооронд байгуулсан гэрээний хавсралт 1-д зааснаар хариуцагч тал 1,146,777,404.92 төгрөгийн үлдэгдэл үнэтэй тоног төхөөрөмжийг гэрээнд заасан хугацаанд эзэмшиж, ашиглахдаа эхний түрээсийн төлбөр болон хүүг 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдөр үндсэн төлбөрт 129,498,605.59 төгрөг, хүүнд 8,001,394.41 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үндсэн төлбөрт 187,326,563.38 төгрөг, хүүнд 37,997,960.13 төгрөг гэх зэргээр хэсэгчлэн төлж, 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үндсэн төлбөрт 206,672,993.66 төгрөг, хүүнд 18,651,529.85 төгрөгийг тус тус төлж дуусгах, ийнхүү төлөхдөө үндсэн төлбөрийн үлдэгдлээс гэрээнд заасан хэмжээ буюу жилийн 9 хувиар хүү тооцохоор тохирсон байна /1,046,777,404.92x9%=94,209,966.44 “жилийн хүү”. 94,209,966.44/365=258,109.49 “өдрийн хүү”. 8,001,394.41/258,109.49=31 хоног/.

 

  1. СТГ/12-389 тоот гэрээний хавсралт 1-д заасны дагуу 749,700,294.35 төгрөгийн үлдэгдэл үнэтэй тоног төхөөрөмжийн хувьд 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үндсэн төлбөрт 200,034,789.80 төгрөг, хүүнд 28,837,786.66 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үндсэн төлбөрт 162,912,715.91 төгрөг төлөх зэргээр 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үндсэн төлбөрт 204,290,546.80 төгрөг, хүүнд 24,582,029.64 төгрөгийг тус тус төлж дуусгах, гэрээгээр тохирсон хүүг үндсэн төлбөрийн үлдэгдлээс жилийн 12 хувиар тооцохоор болжээ /749,700,294.35x12%=89,964,035.32 “жилийн хүү”. 89,964,035.32/365=246,476.80 “өдрийн хүү”. 28,837,786.66/246,476.80=117 хоног/.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар хариуцагч тал эдгээр тоног төхөөрөмжийг ашиглан үр тариа тарих, хураах зориулалтаар түрээслэсэн ба түрээслэгч тал гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1, 2 дугаар зүйлийн 2.2.-т зааснаар түрээсийн төлбөр, түрээсийн хүүг зохих ёсоор бүрэн төлсөн тохиолдолд түрээсийн зүйлийг өмчлөх эрхийг шилжүүлэн авах нөхцөлтэй байна.

 

  Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1.-д “Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 312.2.-т “Түрээслүүлэгч нь түрээслэгчийн хүсэлт, зааврын дагуу гэрээний зүйл болох эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл худалдан авах үүрэгтэй” гэж, түүнчлэн 312.4.-т “Түрээслэгч гэрээний хугацаа дуусахад гэрээний зүйлийн элэгдэл, хорогдол болон нийт өртгийг барагдуулсан бол санхүүгийн түрээсийн гэрээний зүйлийг худалдан авах, эсхүл хөлслөх эрх, үүрэгтэй байж болно” гэж заасан.

 

            Тодруулбал, санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслэгчид шаардлагатай байгаа эд хөрөнгийг түрээслүүлэгч тал өөрөө үйлдвэрлэх, эсхүл бэлэн байгаа зүйлийг бусдаас худалдан авч, түрээслэгчийн эзэмшил, ашиглалтанд шилжүүлэх, түрээслэгч нь гэрээний зүйлийг ирээдүйд өмчлөх, аль эсхүл тодорхой хугацаанд ашиглаж, гэрээний хугацаа дуусахад буцаан өгөх үүргийг хүлээх бөгөөд нөгөө талаар түрээслэгчид тухайн үед түрээсийн зүйлийг шууд худалдан авах, эсхүл түрээслэхэд шаардлагатай байгаа мөнгөн хөрөнгийг түрээслүүлэгчийн зүгээс санхүүжилдаг байна.

 

            Хэрэгт авагдсан баримтаар “Э” ХХК нь 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдөр “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-тай “худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, тус гэрээний хавсралт 1-д заасан 1,884,998,456.89 төгрөгийн үнэтэй 7 ширхэг тоног төхөөрөмжийг худалдан авах зорилгоор нэхэмжлэгч “В” ХХК-иас санхүүгийн түрээсээр авахаар тохирсон ба нэхэмжлэгч тал тухайн гэрээнд заасан тоног төхөөрөмжүүдийг ийнхүү гуравдагч этгээд болох худалдагч “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-иас худалдан авч, төлбөрийг зохих ёсоор шилжүүлсэн байна /1-р х.х-ийн 226-230, 2-р х.х-ийн 38, 98-100, 141, 142-р хуудас/.

 

            Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.-д “Санхүүгийн түрээс гэж түрээслүүлэгч нь түрээслэгчийн захиалгын дагуу энэ хуулийн 6.1-д заасан эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл түүнээс худалдан авч гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд, төлбөртэйгээр түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөхийг ойлгох бөгөөд үүнийг анхдагч түрээс гэж үзнэ” гэж, мөн 6 дугаар зүйлийн 6.1.-д “Барилга байгууламж, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл зэрэг ашиглалтын явцад үндсэн шинж чанараа алддаггүй, үндсэн хөрөнгөд хамаарах биет эд хөрөнгө санхүүгийн түрээсийн зүйл /цаашид “түрээсийн зүйл” гэх/ байж болно” гэж тус тус зааснаас үзэхэд зохигчдын хооронд байгуулсан гэрээний зүйл болох үр тариа тарих, ургац хураахтай холбоотой үйл ажиллагаанд ашиглах эдгээр тоног төхөөрөмжүүд санхүүгийн түрээсийн гэрээний зүйл байж болохоор байна.

 

            Иймд, нэхэмжлэгч “В” ХХК болон хариуцагч “Э” ХХК-иудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1.-д заасан санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан байх тул тэдгээрийн хооронд тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1.-д заасан гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

            Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.1, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.-д зааснаар энэхүү гэрээг бичгээр байгуулах шаардлагатайгаас гадна гэрээнд хуулийн 8.2.-т заасан нөхцлүүдийг тусгах ёстой бөгөөд зохигчид гэрээг бичгээр байгуулж, холбогдох нөхцлүүдийг тусгасан үйл баримтын талаар маргаагүй.

 

            Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д “Санхүүгийн түрээсийн гэрээний нийт үнэ нь дор дурьдсан үнэ, төлбөрөөс бүрдэнэ” гээд 7.1.1.-д “түрээсийн зүйлийг худалдаж авах, үйлдвэрлэх, захиалах, хүлээн авах, тээвэрлэх, суурилуулах, турших, ашиглалтад оруулах болон тэдгээртэй адилтгах үйл ажиллагаанд түрээслүүлэгчээс гарах зардал буюу түрээсийн төлбөр”, 7.1.2.-т “түрээсийн хүү” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, санхүүгийн түрээсийн гэрээний зүйлийн үнэд түрээслүүлэгчийн гуравдагч этгээдээс гэрээний зүйлийг худалдаж авсан үнэ болон түрээслэгчийн эзэмшил, ашиглалтанд шилжүүлэхэд санхүүжүүлэлт хийсний хүүгийн нийлбэрээс бүрдэх юм.

 

            Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3.2, 1.3.3, 1.3.4, 1.3.5-д тус тус зааснаар гэрээний нийт үнэд санхүүгийн түрээсийн зүйл болох тоног төхөөрөмжийг бусдаас худалдан авсан үнэ болон гэрээнд заасан хүүгийн нийлбэрээс бүрдэхээр тохирсон байх ба алдангийг түрээслэгчийн үндсэн үүрэг болох түрээсийн төлбөр, хүүгийн нийт дүнгээс тооцохоор харилцан тохиролцжээ.

 

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын хооронд 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдөр болон 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан гэрээнд талууд дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулсан байна. Үүнд:

 

СТГ/12-184 тоот дугаартай гэрээний хувьд,

 

  1. 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “түрээслэгчийн төлсөн 133,000,000.00 төгрөгийн 109,307,985.08 төгрөгийг гэрээний үндсэн төлбөрт, 23,692,014.92 төгрөгийг түрээсийн хүүнд суутгаж, түрээсийн үлдэгдэл төлбөрийг 937,469,419.84 төгрөг хэмээн тогтоож, хугацааг 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл сунгаж, үндсэн төлбөр, хүүгийн хамт хэсэгчлэн төлөх” нөхцлөөр /1-р х.х-ийн 32, 34-р хуудас/,
  2. 2013 оны 07 дугаар сарын 26-ны өдөр харилцан ойлголцлын санамж бичиг үйлдэж, “amity air dril” загварын 460456 тоот сериал дугаартай 359,928,411.63 төгрөгийн үнэтэй үрлэгчийг буцаахаар шийдвэрлэж, уг тоног төхөөрөмжид урьдчилан төлсөн 85,694,700.00 төгрөгийг бусад тоног төхөөрөмжийн төлбөрт суутгахаар тохирсон /1-р х.х.-ийн 37-р хуудас/,
  3. 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “санхүүгийн түрээсийн гэрээний хүүг 1,588,522.31 төгрөгөөр бууруулж, үндсэн төлбөр, хүүгийн нийлбэрийг 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл үндсэн төлбөр 618,650,594,52 төгрөг, хүүнд 173,725,796.13 төгрөг төлөх” нөхцлөөр /1- х.х-ийн 38, 40-р хуудас/,
  4. 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “өмнө тохирсон үндсэн төлбөр, хүүгийн нийлбэр дүн болох 792,076,390.65 төгрөгөөс үндсэн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тул хүүг 8,549,906.47 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт үндсэн төлбөр, хүүгийн нийлбэрийг 800,626,297.12 төгрөг, үүнээс үндсэн төлбөр 618,650,594.52 төгрөг, хүүнд 181,975,702.60 төгрөгийг хэсэгчлэн хувааж төлөх” нөхцлөөр /х.х-ийн 41, 43-р хуудас/,
  5. 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “өмнө тохирсон үндсэн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тул мөн адил 17,132,924.56 төгрөгийн хүү нэмж, нийт үндсэн төлбөр, хүүг 725,697,453.44 төгрөг, үүнээс үндсэн төлбөр 618,650,594.52 төгрөг, хүүнд 107,468,858.92 төгрөгийг хэсэгчлэн хувааж төлөх” нөхцлөөр тус тус өөрчлөлт оруулж,
  6. Улмаар 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, дээр дурьдсан 725,697,453.44 төгрөгийг баталгаажуулсан байна /1-р х.х-ийн 44, 46, 180-р хуудас/.

 

СТГ/12-389 тоот гэрээний хувьд,

 

  1. 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “үндсэн төлбөр болон хүүгийн нийлбэр 912,892,618.65 төгрөг, үүн дээр үндсэн төлбөрийг төлөх хугацаа сунгасны хүү 16,879,739.38 төгрөг, нийт 929,772,358.03 төгрөг буюу 518,000,000.00 төгрөгийн үлдэгдэлтэй тоног төхөөрөмж болон 231,700,294.35 төгрөгийн үлдэгдэлтэй тоног төхөөрөмж, эдгээрийн хүү 180,072,063.68 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөх” нөхцлөөр /1-р х.х-ийн 55, 57, 59-р хуудас/,
  2. 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “үндсэн төлбөрийг төлөх хугацааг сунгасны хүү 31,524,980.92 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 833,605,267.13 төгрөг, үүнээс 469,523,643.82 төгрөгийн үлдэлтэй тоног төхөөрөмж мөн 216,790,242.79 төгрөгийн үлдэгдэлтэй тоног төхөөрөмж, үндсэн төлбөрийн нийлбэр 686,313,886.61 төгрөг, хүү 147,291,380.52 төгрөг, нийт 833,605,267.13 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөх” нөхцлөөр /1-р х.х-ийн 60, 62-р хуудас/,
  3. Ингээд 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, дээр дурьдсан 833,605,267.13 төгрөгийг баталгаажуулжээ /1-р х.х-ийн 180-р хуудас/.

 

Тодруулбал, талууд харилцан тохиролцож гэрээнд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулахдаа СТГ/12-184 тоот гэрээний үндсэн төлбөр болон хүүг төлж дуусгах хугацааг 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл сунгасан бол СТГ/12-389 тоот гэрээний хугацааг сунгахгүйгээр 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байхаар хэвээр үлдээж, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ийнхүү тооцоо нийлэхдээ үлдэгдэл төлбөр тооцоог эцэслэн тохирсон байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн  208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, санхүүгийн түрээсийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч тал гэрээнд заасан үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх үүрэг хүлээх бөгөөд хэрэв тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцох ба үүний улмаас түрээслүүлэгч буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

 

Нэхэмжлэгч “В” ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл нэхэмжлэгч тал СТГ/12-184 тоот гэрээг 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө цуцалж, үндсэн төлбөрийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны хүү болон алдангийн хамт нэхэмжилж байгаа бол СТГ/12-389 тоот гэрээний хувьд гэрээний хугацаа нэгэнт дуусгавар болсныг үндэслэн үндсэн төлбөрийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны хүү болон алдангийн хамт нэхэмжилж байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т зааснаар СТГ/12-184 тоот гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгаа бөгөөд энэхүү гэрээний зүйл түүнчлэн СТГ/12-389 тоот гэрээний зүйлийг буцаан авахгүйгээр буюу гэрээнээс татгалзахгүйгээр түрээсийн зүйлийг түрээслэгчийн өмчлөлд үлдээж, гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг шаардаж байгаа ажээ.

 

Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1.-д тус тус зааснаар түрээслүүлэгчийн зүгээс түрээсийн зүйлийг буцаан авах, гэрээг цуцлах болон татгалзах үндэслэлийн талаар зохицуулсан ба түрээслүүлэгч, түрээслэгчийн аль нэг нь гэрээнээс татгалзах, эсхүл түрээсийн зүйлийг буцаан авах үед түрээслэгч түрээсийн гэрээний нийт үнийн 50 буюу түүнээс дээш хувийг төлсөн нөхцөлд түрээсийн зүйлийн өмчлөлтэй холбогдсон маргаан гарвал гэрээнд өөрөөр заагаагүй бол шүүх буюу арбитрын журмаар шийдвэрлүүлнэ. 

 

Гэвч зохигчдын хооронд байгуулсан гэрээ ёсоор гэрээний зүйлийг анхнаасаа хожим түрээслэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байх тул зайлшгүй түрээслүүлэгчид гэрээний зүйлийг буцаан авах эсхүл гэрээнээс татгалзах үр дагаврыг үүсэхгүй бөгөөд түрээслүүлэгч тал Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар санхүүгийн түрээсийн зүйлийг өртгийг ашигласан хугацааны хүүгийн хамт нэхэмжлэх эрхтэй юм.

 

Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.1-д “Түрээслэгчийн гэм буруугаар санхүүгийн түрээсийн гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд түрээслүүлэгчээс тавих шаардлагын хэмжээг тодорхойлохдоо түрээсэлсэн эд юмсын элэгдлийг тооцсон үнэ, төлөгдөөгүй төлбөр болон хэмнэгдсэн бусад зардлыг харгалзан үзнэ” гэж заасан бөгөөд талуудын хоорондын гэрээний зорилго болох тоног төхөөрөмжийн өмчлөх эрхийг түрээслэгч шилжүүлэн авах тохиролцоог үндэслэн хариуцагчийн төлбөл зохих үндсэн төлбөр, хүүг тооцоо нийлсэн азт үйлдсэн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс хойш 2017 оны 05 дугаар сарын 31-ний хүртэл хугацаагаар тодорхойлбол,

 

СТГ/12-184 тоот дугаартай гэрээний хувьд,

 

  1. Үндсэн төлбөрийн үлдэгдэл 618,650,594.52 төгрөг,
  2. Тооцоо нийлэх өдөр хүртэлх хугацааны хүү 107,046,859.44 төгрөг,
  3. 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 662 өдрийн хүү 100,984,116.22 төгрөг, бүгд 826,681,570.18 төгрөг.

 

СТГ/12-389 тоот гэрээний хувьд,

 

  1. Үндсэн төлбөрийн үлдэгдэл 686,313,886.61 төгрөг,
  2. Тооцоо нийлэх өдөр хүртэлх хугацааны хүү 147,291,380.52 төгрөг,
  3. 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 10-ний өдөр хүртэл нийт 520 өдрийн хүү 117,331,468.08 төгрөг, бүгд 950,936,735.21 төгрөг, нийт хүүгийн нийлбэр 472,653,824.26 төгрөг болж байна.

 

Иймд, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан санхүүгийн түрээсийн гэрээний дагуу үндсэн төлбөрт 1,304,964,481.13 төгрөг, хүүнд 398,443,352.34 төгрөг нэхэмжилснийг үндэслэн талуудын диспозитив зарчмын хүрээнд хариуцагчаас үндсэн төлбөр 1,304,964,481.13 төгрөг, хүү 398,443,352.34 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээнүүдийн 3 дугаар зүйлийн 3.2.-т зааснаар талууд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг хэрэглэхээр тохирсон байх бөгөөд алдангийг үндсэн төлбөр болон хүүгийн нийлбэр дүнгээс тооцохоор гэрээнд заажээ. Өөрөөр хэлбэл, талууд гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3.6-д ”гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэдгийг хугацаандаа төлөгдөөгүй түрээсийн төлбөрийн үлдэгдэл дүн болон түрээсийн хүү хоёрын нийлбэрийг ойлгоно” гэж тодорхойлсон бөгөөд алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.1 хувиар тооцохоор болжээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж, мөн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан.

 

Тус хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2.-т зааснаар санхүүгийн түрээсийн гэрээний хүү нь тухайн санхүүжилтийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон хариу төлбөр буюу үндсэн үүрэг юм. Энэ нь, түрээслэгчийн зүгээс үндсэн төлбөрөөс гадна хүүг төлөх үүргийг хүлээх ба үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагчийн хүлээсэн үндсэн үүргийг гагцхүү түрээсийн төлбөрийг төлөх гэж үзэхгүй, тэрээр нэхэмжлэгчид хүү төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д зааснаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйд тооцогдож, гэрээнд заасан алдангийг төлнө.

 

Иймд, талуудын хооронд байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний дагуу хариуцагчийн төлбөл зохих алдангийг тодорхойлбол,

 

СТГ/12-184 тоот дугаартай гэрээний хувьд,

 

  1. Тооцоо нийлсэн 2017 оны 05 дугаар сарын 31-ний хүртэл бодогдсон үндсэн төлбөр болон хүүгийн нийлбэр 725,697,453.44 төгрөг,
  2.  2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 662 өдрийн алданги 480,411,713.00 төгрөг /725,697,453.44x0.1%=725,697x662=480,411,713/.

 

СТГ/12-389 тоот гэрээний хувьд,

 

  1. Тооцоо нийлсэн 2017 оны 05 дугаар сарын 31-ний хүртэл бодогдсон үндсэн төлбөр болон хүүгийн нийлбэр 833,605,267.13 төгрөг,
  2.  2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 201 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 662 өдрийн алданги 551,846,686.84.00 төгрөг /833,605,267.13x0.1%=833,605x662=551,846.84/.

 

Иймд, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дах заалтыг баримтлан нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан санхүүгийн түрээсийн гэрээний дагуу алдангид 560,879,702.34 төгрөг нэхэмжилснийг үндэслэн талуудын диспозитив зарчмын хүрээнд хариуцагчаас 560,879,702.34 төгрөгийн алдангийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан санхүүгийн түрээсийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.6-д зааснаар засвар үйлчилгээний зардалд нийт 22,473,246.00 төгрөгийг нэхэмжилсэн ба талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар түрээслэгчийн эзэмшил, ашиглалтанд байгаа тоног төхөөрөмжид шаардлагатай засвар, үйлчилгээг “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК, “Вагнер ази индастриал” ХХК-иудын зүгээс гүйцэтгэдэг байсан байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.6.-д түрээслэгчийн хүлээх үүрэгт “түрээсийн зүйлд учирсан бүх эвдрэл, гэмтэл, түүний урсгал засвар, үйлчилгээг зохих цаг хугацаанд зөвхөн гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх ба зардлыг бүрэн хариуцах” гэж тодорхойлжээ.

 

Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.7, 8.2.8.-д тус тус зааснаар гэрээнд баталгаат хугацааны болон түүний дараах үеийн засвар, үйлчилгээ мөн ашиглалт, засвар үйлчилгээтэй танилцах журмын талаар заавал тусгах шаардлагатай бөгөөд талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримт болон зохигчдын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.6.-д зааснаар холбогдох засвар, үйлчилгээг түрээслүүлэгч биш харин гэрээний зүйл болох тоног төхөөрөмжүүдийг худалдсан “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК болон “Вагнер ази индастриал” ХХК-иас үзүүлсэн ажээ.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 316 дугаар зүйлийн 316.1-д санхүүгийн түрээсийн зүйлийг үйлдвэрлэсэн, худалдсан гуравдагч этгээдийн эрх, үүргийн талаар зохицуулсан бөгөөд 316.2-т “Гэрээнд заасан бол гуравдагч этгээд нь гэрээний зүйлд засвар үйлчилгээ хийх, түүнийг тохируулах, суурилуулах, ашиглахтай холбоотой үнэн зөв мэдээллийг түрээслэгчид өгөх үүрэгтэй” гэж зааснаас үзэхэд холбогдох зардлыг түрээслүүлэгч тал нэхэмжлэх эрхгүй байна.

 

Тодруулбал, хэдийгээр талуудын хооронд байгуулсан гэрээнд түрээсийн зүйлийн засвар, үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулсан боловч хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн засвар, үйлчилгээ хийсэн тэмдэглэл, нэхэмжлэх зэрэг баримтаар тухайн засвар, үйлчилгээг нэхэмжлэгч “В” ХХК-ийн зүгээс үзүүлээгүй, зохигчдын хооронд энэ төрлийн гэрээний харилцаа үүсээгүй байх тул нэхэмжлэгч тал 22,473,246.00 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй юм.

 

Ийнхүү шүүхээс дээр дурьдсныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 2,264,287,535.02 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 22,473,246.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг тус тус үндэслэн хариуцагч “Э” ХХК-иас 2,264,287,535.02 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “В” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 22,473,246.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,749,704.46 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 11,479,388.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНДАЛБАЯР