Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2021/00425

 

*******-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/01953 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1820 дугаар магадлалтай,

*******-ийн нэхэмжлэлтэй,

*******-д холбогдох,

Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 2,286,760,781 төгрөг гаргуулах тухай үндсэн,

СТГ/12-184 тоот Санхүүгийн түрээсийн гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 367,294,951 төгрөгийг буцаан гаргуулах, *******, Мөнхбадар ХХК нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу төлсөн нэмэгдүүлсэн хүү, алданги 2,191,935,134 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дамдинсүрэн, түүний өмгөөлөгч Ц.Цэрэнжээ нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дамдинсүрэн, Б.Батбаяр,өмгөөлөгч Ц.Цэрэнжээ, хариуцагчийн төлөөлөгч Г.Одгэрэл, өмгөөлөгч Г.Болдбаяр, Т.Батдорж, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******-тай байгуулсан гэрээгээр 6 ширхэг тоног төхөөрөмжийг түрээслүүлэхээр харилцан тохирсон. 2012 оноос хойш тоног төхөөрөмжүүдийг ашигласаар ирсэн. Бидний хооронд байгуулсан гэрээгээр түрээслэгч тал түрээсийн зүйлийн үнэ, хүүг зохих ёсоор төлсөн тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар заасан ба гэрээний хугацаанд amity air dril загварын 460456 тоот сериал дугаартай 359,928,411.63 төгрөгийн үнэтэй үрлэгчийг буцаахаар шийдвэрлэж, уг тоног төхөөрөмжид урьдчилан төлсөн 85,694,700.00 төгрөгийг бусад тоног төхөөрөмжийн төлбөрт суутгасан.

Санхүүгийн түрээсийн тухай хуулийг үндэслэн 2012.05.24-ний өдөр 184 тоот гэрээгээр үрлэгч, челленжэр, строко гэх 3 техникийг жилийн 9 хувийн хүүтэйгээр 55 сарын хугацаатайгаар түрээслүүлсэн. Мөн 2013.07.31-нд 389 тоот гэрээгээр 4 төрлийн техникийг жилийн 12 хувийн хүүтэй 41 сарын хугацаатайгаар хариуцагчид шилжүүлсэн. Уг 2 гэрээнийхээ үүргийг хариуцагч зөрчиж, төлбөр мөнгөө төлөхгүй байсан.

Нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд нийт 2,286,761,781.81 төгрөг болгоод нэмэгдүүлсэн. Шаардлагаа бүрэн дэмжиж байгаа. Нэмэлт өөрчлөлтүүдийг бол тооцоо нийлээд гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч Вагнер ази лизинг ХХК-ийг 2018 онд *******-д нэгтгэсэн. Тэгэхээр одоо нэхэмжлэгч нь ******* болсон учраас хариуцагчаас ******* гэрээний үүргийг шаардан нэхэмжилж байгаа. Иймд санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт хариуцагчаас 2,286,760,781.81 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн зарим хэсгийг эсэргүүцэж байгаа. 2012 оноос 2016 оны хооронд 5 жилийн хугацаанд бол манайх үр шим хүртээгүй. Гэрээгээр авсан тоног төхөөрөмжүүдэд 2012 оноос хойш нэлээд эвдрэлтэй зүйлүүд гарч ирсэн. Зарим зүйлийг тастаад, гагнаад, сантехникийг сольж хийсэн. Трактор бол өөрсдийнх нь инженерүүд хийж өгсөн. Иж бүрдэл дутуу, систем ажиллуулах гэж оролдсон. 2016 онд захирлуудтай нь уулзсан. Доголдолтой талаар хэлсэн. Хохирол үр дагаврыг шийдэхгүй гэсэн учраас манайх 2016.11.11-нд Арбитрт шүүхэд өгсөн. Үүний дараа 2016.12.20-нд нэхэмжлэгч тал иргэний шүүхэд өгсөн. Арбитр бол трактор, үрлэгч, хор шүршигчийг үйлдвэрийн доголдолтой талаар шийдвэр гаргасан.

Мөн Арбитрын томилсон хөндлөнгийн шинжээчээр машиныг шинжлүүлэхэд машинаас болж, үр шим хүртэж чадаагүй талаар дүгнэлт гаргасан байдаг. Тариалалтын тухайд ургац хураасан бол аймгийн хэмжээнд ургац хураах бүрэн боломжтой талаар Монгол улсын зөвлөх инженерүүд, агрономич нар дүгнээд хэлсэн. Үр шим хүртээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй. 184 тоот гэрээний 3 төхөөрөмжийг эвдрэлтэй доголдолтой байсан учраас хүү, алдангийг төлөх боломжгүй. 389 тоот гэрээгээр авсан төхөөрөмжүүдэд үндсэн төлбөр төлөхөд татгалзах зүйлгүй. Харин үндсэн тоног төхөөрөмж 5 машины хүү алдангийг авах боломжгүй юм. Тариалалтын машиныг ашиглаж чадахгүй бол ургаагүй ургац хураалтад ашиглах боломжгүй. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компаниудын хооронд газар тариалангийн үйл ажиллагаа явуулахаар 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн СТГ12-184 тоот, 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн СТГ12-389 тоот санхүүгийн түрээсийн гэрээнүүд байгуулагдсан. Дээрх гэрээгээр нийлүүлсэн 5 нэр төрлийн 8 тоног төхөөрөмжүүд нь тусгай цаг хугацаанд, онцгой нөхцөл, агротехнологийн нарийн шаардлагад нийцэж, тусгай зориулалтаар ашиглагддаг, нэг техник нь гэмтэлтэй тохиолдолд нөгөө техник нь гэмтэлтэй техникийн гүйцэтгэх ажлыг хийх боломжгүй багц тоног төхөөрөмжүүд юм. Энэ нь жирийн автомашин болох техникүүдээс ажиллах горимын хувьд өөр гэдгийг тодруулах нь зөв байх. Өөрөөр хэлбэл үрлэгч машин 1 жилд 14 хоног ажилладаг, хор шүршигч жилд 1 cap, ангилан хадагч болон комбайнууд жилд 1 cap тус тус ажилладаг. Манай компанид эдгээр машинууд 2012-2016 онуудад нийт 5 жил байхдаа үрлэгч 7 хоног, хор шүршигч, трактор 5-н cap, комбайн болон ангилан хадагч машинууд нь 4 cap ажилласан бөгөөд зарим машинуудын үйлдвэрийн тос нь ч арилаагүй шинээрээ байгаа юм. Гэтэл зарим машин нь үйлдвэрлэлийн эвдрэл доголдолтой, зарим нь засвар үйлчилгээнээс шалтгаалсан гэмтэлтэй байсан тул гадна талаасаа эвдрэл доголдол нь илэрч харагдахгүй, улмаар үр шим олох зорилгоор ашиглах боломжгүй байсан. Энэ нөхцөл байдлыг МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний арбитрын 2018 оны 05 сарын 25-ны өдрийн 145 тоот шийдвэрээр *******-ийн шилжүүлсэн 3 тоног төхөөрөмжийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй доголдолтой үйлдвэрийн эвдрэлтэй үйлдвэрийн алдаа, биет байдлын доголдолтой, иж бүрдэл дутуу тоног төхөөрөмжүүд нийлүүлсэн болох нь нотлогдсон. 

Нэхэмжлэгч СТГ/12-184 тоот санхүүгийн түрээсийн гэрээний 5.2.1-д заасан үүргээ биелүүлээгүй. Манайх гэрээнээс татгалзах мэдэгдлээ 2016.11.01, 2016.11.07, 2018.06.28, 2018.09.05-ны өдөр тус тус мэдэгдсэн. Гэрээний дагуу нийт 367,294,950 төгрөгийг *******-иас гаргуулж *******-д олгож өгнө үү.

Мөн Мөнхбадар ХХК, ******* нарын хооронд 2013 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 2013/011 тоот зээлийн гэрээгээр 3,569,959 юань зээлсэн. Уг зээлийн дагуу алданги болон хугацаа хэтэрсэн хүүг нэхэмжлээд байгаа. Вагнер ази лизинг ХХК нь *******-ийн өмнө хүлээсэн гэрээний үүргээ биелүүлээгүй, санхүүгийн түрээсийн СТГ12/184 тоот гэрээнд заасан тоног төхөөрөмжүүд нь анхнаасаа үйлдвэрийн гэмтэлтэй байсан, СТГ12/389 тоот гэрээнд заасан тоног төхөөрөмжүүд нь явцын дунд доголдолтой байсан зэргээс шалтгаалж ашиг олж чадаагүй, алдагдалтай ажилласны улмаас манай компани Мөнхбадар ХХК-д 4,346,686,750 төгрөгийн төлбөрт Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Тайны Ам-1/3 тоотод байрлах, 1477.89 мкв талбайтай, амралт аялал жуучлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1 м.кв талбайг нь 942,916 төгрөгт тооцон 2018.03.14-ний өдөр шилжүүлж бүрэн төлсөн. Зээлийн гэрээгээр Мөнхбадар ХХК нь 3,5 сая юанийн үндсэн зээл, 2,2 сая юанийн хүү, нэмэгдүүлсэн хүү, 2015.12.30-наас 2018.03.10-ны хүртэлх хугацааны хүү гээд нийт 11,6 сая юанийн төлөлт хийсэн. 

Иймд СТГ/12-184 тоот санхүүгийн түрээсийн гэрээний дагуу төлсөн төлсөн 367,294,961 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулж *******-д олгож, *******-ийн Мөнхбадар ХХК-д нэмэгдүүлсэн хүү, алдангид төлсөн 2,191,935,134 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан манай компанид олгож өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2015.05.23-ны өдрийн санхүүгийн түрээсийн төлбөрт төлсөн 367 сая төгрөгийн манайхаас гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээ хэрэгжээд төхөөрөмжөө ашиглаад нэг нь болохгүй байна гээд талууд тохиролцоод санамж бичиг үйлдээд машинаа буцаагаад авсан. Өдий хүртэл асуудал байгаа талаар хэлэхгүй байсаар шүүхэд хандаад байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Гэрээнээс татгалзах асуудал бол 2012 онд авсан техникийг 2016 он хүртэл явагдаагүй. Дээд шүүхээс буцаад ирсний дараагаар энэ асуудлыг үүсгэж эхэлсэн байгаа. Гэрээнээс татгалзах журам бол хуульд заасан хугацаандаа хэрэглэгдээгүй гэж үзэж байгаа. Эвдэрсэн талаар ч мэдэгдээгүй. Мөнхбадар ХХК-тай гэрээ хийсэн талаар мэдэхгүй, тэрхүү компанитай эрх зүйн харилцаанд ороогүй учраас түүний үр дагаврыг манайх хариуцахгүй. Манайхтай хамааралгүй учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/01953 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 232 дугаар зүйлийн 232.6, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******-иас 1,267,469,967.06 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, үндсэн нэхэмжлэлээс 1,019,290,814.74 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******-иас 367,294,951 төгрөг гаргуулан хариуцагч *******-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 2,191,935,134 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 11,749,704 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 18,758,892 төгрөгөөс 14,432,531 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас 6,495,299 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч *******-д, нэхэмжлэгч *******-иас 7,728,311 төгрөг нөхөн гаргуулж хариуцагч *******-д, улсын орлогоос хариуцагчийн илүү төлсөн 4,326,360 төгрөгийг буцаан гаргуулж хариуцагч *******-д тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1820 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/01953 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,090,879 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дамдинсүрэн, түүний өмгөөлөгч Ц.Цэрэнжээ нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хууль буруу хэрэглэсэн тухай хяналтын журмаар гомдол гаргаж байна. нь

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт Нэхэмжлэгч дээрх хоёр гэрээний үүргийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр тооцон үндсэн төлбөр, хуү, алдангийн хамт шаардсан ба хариуцагч 2012 оны СТГ/12-184 тоот гэрээнээс татгалзсаныг шүүх үндэслэлтэй гэж үзсэн тул нэхэмжлэгчийн 2012 оны СТГ/12-284 тоот гэрээний үүрэгт 1,005,091,743.74 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож... гэсэн нь хуулийн болон бодит Үндэслэлгүй бөгөөд үүнийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй билээ. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасан Санхүүгийн түрээсийн гэрээг ******* зөрчиж, үүргээ биелүүлээгүй. Бодит байдал дээр тоног төхөөрөмжүүдийн баталгаат засварын хугацаа дууссан төдийгүй доголдлын талаар гомдлын шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийн өнгөрсөн байдаг. Өөрөөр хэлбэл хариуцагчийн зүгээс хуульд заасан хугацаанд доголдолтой холбоотойгоор гомдлын шаардлага гаргаж, гэрээнээс татгалзаагүй юм. Харин талууд харилцан тохиролцож санамж бичиг байгуулан /1хх-ийн 37/, Санхүүгийн түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан /1хх-ийн 38/ үрлэгч тоног төхөөрөмжийг буцаан авсан. Түүнээс биш хэн аль Санхүүгийн түрээсийн гэрээнээс татгалзаагүй юм. Нэхэмжлэлийн шаардлагад энэхүү техникийн ашиглалттай холбоотой түрээсийн төлбөр ороогүй болно. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс үрлэгч доголдолтой байсан нь гэрээнээс татгалзах үндэслэл болсон мэтээр нэгэнт нэмэлт гэрээ, санамж бичгээр эцэслэн шийдсэн асуудлыг гэрээнээс татгалзах үндэслэлд оруулж улмаар Иргэний хуулийг буруу тайлбарлан, нотлох баримтыг хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй талаас нь үнэлсэн байна. Манай компанийн хувьд 2012 оны СТГ/12-284 дугаар Санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн төлбөр буюу түрээсийн төлбөрт 618,650,594.52 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл шүүхээс манай компанийн нэхэмжлэл гаргах хүртэлх санхүүгийн түрээсийн төлбөрийг хариуцагчаас гаргуулахгүйн дээр хариуцагчийн санхүүгийн түрээсийн төлбөрт төлсөн 367,294,951 төгрөгийг буцаан гаргуулах нь бодит үндэслэлгүй юм. Бусдын хөрөнгийг үнэ төлбөргүйгээр ашиглаж, нэг ч төлбөр төлөхгүйгээр 7 жилийн дараа буцаан өгнө гэдэг нь бодит үндэслэлгүй төдийгүй бусдад хууль бусаар хөрөнгөжих боломж олгосон асуудал юм.

2012 онд нийлүүлсэн техниктэй холбоотой 2019 онд гэрээнээс татгалзсан тухай ярьж байгаа нь үндэслэлгүй. Манай компанийг түрээсийн төлбөрөө нэхэх хүртэл үрлэгчээс өөр техниктэй холбоотой нэг ч гомдол гаргаж байгаагүй бөгөөд энэ талаараа хариуцагч удаа дараагийн албан бичигтэй цохон тэмдэглэсэн байдаг. Шийдвэр, магадлалын дүгнэлтээс харахад Эрхэт Трейд ХХК Санхүүгийн түрээсийн гэрээнээс татгалзсан бөгөөд гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол нэхэмжилсэн гэх утга бүхий зүйлс бичжээ. Гэтэл Эрхэт Трейд ХХК нь Санхүүгийн түрээсийн гэрээнээс хуульд зааснаар татгалзаагүй бөгөөд гэрээнээс татгалзах үндэслэл, журмыг иргэний хуулиар нарийн зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл Иргэний хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн гэрээнээс татгалзаагүй, татгалзах үндэслэл ч байхгүй, доголдолтой холбоотой гомдлын шаардлага гаргах хугацаа ч хэтэрсэн тул татгалзсанаас үүдэлтэй хохирол төлбөр нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлээр Гэрээнээс татгалзах журмын талаар, 205 дугаар зүйлээр Гэрээний аль нэг тал нь гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврын тухай, 225 дугаар зүйлээр Үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзах асуудлыг тус нарийн зохицуулсан байдаг бөгөөд 2012 оны Санхүүгийн түрээсийн гэрээний талаар 2019 онд гэрээнээс татгалзан, хохирол гэх зүйл нэхэмжилж байгаа нь хуулийн болон бодит үндэслэлгүй билээ. Мөн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн Хариуцагч сөрөг нэхэмжлэлээ нотолж Монголын Олон улсын ба Үндэсний Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлтэд үндэслэлгүй зүйл бичигдсэнд дүгнэлт хийгээгүй байна. Бусад тоног төхөөрөмжүүдийн эвдрэлд Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК буруугүй бөгөөд санхүүгийн түрээсийн гэрээгээр авсан техникийн засвар үйлчилгээг цаг тухайд нь хийлгээгүй, зориулалтын бусаар ашиглаж байсан нь тогтоогдсон. Мөн шүүх хуралдаан дээр 85,694,700 төгрөгийг талууд харилцан тохиролцож СТГ/13-389 тоот гэрээний урьдчилгаа төлбөрт суутгасныг хэлж, баримтаар нотолсон байтал буруу тооцоолж 367,294,951 төгрөг нэхэмжлэгчээс гаргуулна хэмээн шийдвэрлэсэн бодит үндэслэлгүй байна. Харин нэхэмжлэгчийн зүгээс тухайн тоног төхөөрөмжүүдтэй холбоотой шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч нарыг цагдаагийн байгууллагад өргөдөл гарган өгч шалгуулж байгаа бөгөөд одоогоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Арбитрын хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч талаас хүсэлт гаргаж тоног төхөөрөмжүүдийн биет байдлын доголдол, ургац ургаагүй шалтгаан, олох байсан ашиг зэргийг шинжээчээр тогтоолгохоор хүсэлт гаргасныг арбитрын бүрэлдэхүүн хангаж шийдвэрлэсэн. Гэтэл хараат бусаар дүгнэлт гаргах ёстой шинжээч Л.Даваадорж, Т.Ганболд, О.Мөнхжаргал, нэхэмжлэгч талын сонгосон арбитрч Ч.Гүнждагва, арбитрын нарийн бичиг, бусад ажилчид болон нэхэмжлэгч компаний захирал Г.Одгэрэл, түүний хүү О.Тамир нартай хамт хар өнгийн тээврийн хэрэгслүүдээр Улаанбаатар хотоос ирж, очсон төдийгүй Чулуунхороот суманд байх Г.Одгэрэлийн хувийн байшинд буудаллан, нэхэмжлэгчийн бүрэн хяналт, үйлчилгээ, нөлөөн дор үйл ажиллагаагаа явууллаа. Өөрөөр хэлбэл шинжээч дүгнэлт гаргахад шаардагдах зардлыг урьдчилан гаргуулахаар заасан. Гэтэл хараат бусаар үйл ажиллагаа явуулах ёстой шинжээч нарт нэхэмжлэгч тээврийн хэрэгсэл, байр, хоол ундаар үйлчилж, үйл ажиллагаанд оролцсон байна. Мөн аль нэг талын сонгосон арбитрч нь хөндлөнгийн хараат бус шинжээч нартай хамт явж байгаа нь хууль бус төдийгүй ёс зүйгүй, эрээ цээргүй үйл ажиллагаа юм.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Шүүхийн шинжилгээ хийхэд дараах зарчмыг баримтална гэсний 4.1.1-д хууль дээдлэх, 4.1.3-д хараат бус байх гэж, мөн хуулийн 14.1.7-д шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд болон бусад этгээдээс хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах гэж тус тус заасан. Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлд шинжээчийг татгалзах үндэслэл журмыг заасан байдаг бөгөөд хариуцагч талд шинжээч нарыг хууль дээдлэн, шударгаар, хараат бусаар, зөвхөн өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргана гэдэг нь эргэлзээтэй юм. Түүнчлэн Арбитрын хуралдаан дээр шинжээч нар эдгээр техник тоног төхөөрөмжийг сайн мэдэхгүй тухайгаа ярьж байсан. Дээр дурдсан нөхцөл байдлуудаас үзэхэд эдгээр шинжээч нарын гаргаж буй дүгнэлт нотолгооны чанараа алдсан учраас шүүхээс нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй юм.

Эрхэт Трейд ХХК-ийн тухайн техникүүдийн түрээсийн төлбөрт төлсөн 367,294,951 төгрөгийг гаргуулснаар тухайн техникүүдийг үнэ төлбөргүйгээр ашиглах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломжийг хариуцагчид олгож байна.

Иймд 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2019/01953 дугаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1820 дугаартай магадлалд тус тус өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

******* нь *******-д холбогдуулан санхүүгийн түрээсийн төлбөр, хүү, алданги 2,286,760,781 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч, СТГ/12-184 тоот санхүүгийн түрээсийн  гэрээнээс татгалзаж, гэрээний зүйлийн үнэд төлсөн 367,294,951 төгрөгийг, мөн Мөнхбадар ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүү, алдангид төлсөн 2,191,935,134 төгрөгийг  тус тус гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

1.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, зохигчийн хооронд дараах гэрээ байгуулагдсан байна. Үүнд:

а. ******* нь *******-тай 2012.02.29-ний өдөр худалдах-худалдан авах ерөнхий гэрээ байгуулж, 1,884,998,456 төгрөгийн үнэ бүхий 7 ш тоног төхөөрөмжийг худалдан авахаар харилцан тохирчээ.

Дээрх гэрээний 1.1, 1.2-т зааснаар худалдагч нь гэрээний хавсралтад заасан тоног төхөөрөмжийг дурдсан хугацаанд шилжүүлэх, худалдан авагч нь гэрээнд заасан нөхцлөөр худалдан авах ба төлбөрийн үлдэгдэл хэсгийг Вагнер ази лизинг ХХК-тай байгуулах санхүүгийн түрээсийн гэрээнд зааснаар тус компанийн санхүүжилтээр төлөхөөр тохирчээ /1хх 226-230 тал/. 

б.Дээрх тохиролцооны дагуу Вагнер ази лизинг ХХК нь 2012.05.23-ны өдрийн СТГ/12-184 тоот санхүүгийн түрээсийн гэрээгээр 1,146,777,404 төгрөгийн үнэ бүхий Air till drill-18m загварын үрлэгч, MT965C-530HP загварын трактор, SC4660 загварын хор шүршигч, 2013.07.31-ний өдрийн СТГ/12-389 тоот гэрээгээр 1,071,000,420 төгрөгийн үнэ бүхий WR9740 загварын ангилан хадагч, CH647C 275 hp combine 7.5m rigid header загварын комбайн, N500 pick up header загварын шактыг тодорхой нөхцөл, үе шаттайгаар түрээслүүлэх, ******* нь гэрээнүүдийн Хавсралт 1-д заасны дагуу төлбөрийг төлөх, төлбөр бүрэн төлөгдсөн бол эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаар тохиролцжээ /1хх 47-52 тал/.

Түүнчлэн талууд 2012 оны СТГ/12-184 тоот гэрээнд 2012.10.31, 2013.7.26, 2013.11.12, 2013.12.26, 2015.7.08-ны өдөр, 2013 оны СТГ/12-389 тоот гэрээнд 2013.12.26, 2015.7.08-ны өдрүүдэд тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан байна /1хх 32, 34, 37-38, 40-41, 43, 55, 57, 59-60, 62 тал/.

Вагнер ази лизинг ХХК нь *******-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус компанийг *******-д нэгтгэснийг улсын бүртгэлд бүртгэсэн нь тогтоогдсон /4 хх 180-181 тал/, энэ талаар маргаагүй ба шүүх *******-ийг нэхэмжлэгч гэж үзсэн нь Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Компанийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.4, 20 дугаар зүйлд нийцжээ.

 Зохигчдын хооронд байгуулагдсан Худалдах-худалдан авах гэрээ болон санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээгээр хүлээсэн үүргээ хэн аль нь биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

 Талууд 2013.07.26-ны өдөр Харилцан ойлголцлын санамж бичиг үйлдэж, Вагнер ази лизинг ХХК нь үйлдвэрийн доголдолтой шалтгаанаар Air till drill-18m загварын үрлэгчийг буцаан авч, тус тоног төхөөрөмжийн үнэд төлсөн 85,694,700 төгрөгийн төлбөрийг СТГ/12-184 тоот гэрээний бусад техникүүдийн төлбөрт суутган тооцохоор тохирсон, энэ талаар маргаагүй байна.

Харин гэрээнд заасан бусад тоног төхөөрөмж доголдолтой байсан эсэх, хариуцагч гэрээнээс татгалзах эрхтэй эсэх талаар маргажээ.

******* нь СТГ/12-389 дугаар гэрээнд заасан тоног төхөөрөмжийг хүлээн авснаа үгүйсгээгүй, үндсэн төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба харин хүү, алдангийг эс зөвшөөрсөн тайлбараа нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 Шүүх талуудын хооронд үүссэн харилцааг тодорхойлж, үндсэн нэхэмжлэлээс СТГ/12-389 тоот гэрээний үүрэгт нэхэмжилсэн 1,267,469,967 төгрөгийг *******-с гаргуулж нэхэмжлэгчид олгох, мөн сөрөг нэхэмжлэлээс 2,191,935,134 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд зохигч гомдол гаргаагүй байна.

 2.Нэхэмжлэгч нь хариуцагчаас СТГ/12-184 дугаар гэрээний үүрэгт 1,005,091,743 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа үндсэн төлбөр 618,650,594 төгрөг, хүү 152,063,580 төгрөг, алданги 226,103,394 төгрөг, зардал 8,274,175 төгрөг гэж тодорхойлжээ.

 Хариуцагч гэрээний дагуу шилжүүлсэн MT965C-530HP загварын трактор, SC4660 загварын хор шүршигч доголдолтой байсан гэж марган, улмаар гэрээнээс татгалзаж, тоног төхөөрөмжийн үнэд төлсөн 367,294,951 төгрөгийг буцаан шаардаж сөрөг нэхэмжлэл гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд арбитрын шийдвэрийг дурджээ.

 ******* нь 2016.11.06-ны өдөр *******-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан, Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 145 дугаар шийдвэрээр *******-аас тоног төхөөрөмж нийлүүлэх FC-12/02-02 тоот гэрээнд заасан хугацааг 24 хоногоор хэтрүүлсэн болохыг тогтоолгох, ...нийлүүлсэн тоног төхөөрөмжүүд буюу Air till drill-18m загварын үрлэгч машин, MT965C-530HP загварын трактор, SC4660 загварын хор шүршигч нь үйлдвэрийн алдаа, биет байдлын доголдолтой, иж бүрдэл дутуу байсныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Ийнхүү шийдвэрлэхдээ арбитр ... трактор MT965C-530HP-ыг 2012.06.13-нд анх хүлээн авахад тракторын удирдлагын систем эвдрэлтэй байснаас ХАА-н машинуудыг холбож удирдах үүрэг бүхий гидрийн төв узелийн 4 хавхлага нь ээлжлэн ажиллагаагүй болдгоос ашиглах боломжгүй, кабины хөргөлтийн систем анхны жилдээ эвдэрсэн, 4 дугуйны хүндрүүлэгч ачаа, урд ачаа тус тус ирээгүй, хор шүршигч SC4660 нь ус татах шланкгүй ирсэн, хойд хагас голны захын дамжуулагчаас тос гоождог, ирсэн жилдээ усны насос нь эвдэрсэн, хойд хагас голны редукторыг амьсгалах нүхгүй хийсэн зэрэг техникийн эвдрэл, үйлдвэрийн гэмтэл согогтой ирсэн болох нь тогтоогдсон гэж дүгнэжээ /4хх 13-44 тал/.

Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1., 312.3., 312.4.-т зааснаар санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд түрээслэгч гэрээний хугацаа дууссаны дараа гэрээний зүйл болох эд хөрөнгийг худалдан авах буюу үргэлжлүүлэн түрээслэх эрхтэйгээс гадна гэрээний хугацаа дуусахад гэрээний зүйлийн элэгдэл, хорогдол болон нийт өртгийг барагдуулсан бол санхүүгийн түрээсийн гэрээний зүйлийг худалдан авах, эсхүл хөлслөх эрх, үүрэгтэй байж болдог.

 Хариуцагч түрээсийн зүйл болох эд хөрөнгийн үнээс 100,000,000 төгрөгийг урьдчилгаа болгон төлсөн ба түрээсийн төлбөрт нийт 367,294,951 төгрөг төлсөн талаарх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.

 Санхүүгийн түрээсийн гэрээ нь хиймэгц биелэх хэлцэл биш, урт хугацааны гэрээнд хамаарах тул энэ төрлийн гэрээг цуцлахад Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд заасан зохицуулалт хамаарна. Тодруулбал, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн  221.1., 221.3., 221.5.-д зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болох бөгөөд гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж, гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцална. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ.

Нэхэмжлэгч нь санхүүгийн түрээсийн гэрээг цуцлаагүй, хариуцагч тоног төхөөрөмжийг 7 жил эзэмшиж, ашиглаж байгаа гэж тайлбарласан боловч СТГ/12-184 гэрээний зүйл болох MT965C-530HP трактор, SC4660 хор шүршигч доголдолтой болох нь арбитрын шийдвэрээр тогтоогдсон, хариуцагч энэ үеэс сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх гэрээнээс татгалзсанаа мэдэгдсэн гэж үзсэн нь үндэслэл бүхий болжээ.

 Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.

 Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн ...хариуцагч хуульд заасан хугацаанд доголдолтой холбоотойгоор гомдлын шаардлага гаргаж, хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн гэрээнээс татгалзаагүй, ...шинжээчийн дүгнэлтэд үндэслэлгүй зүйл бичигдсэнд дүгнэлт хийгээгүй, түрээсийн төлбөрт төлсөн 367,294,951 төгрөгийг гаргуулснаар техникүүдийг үнэ төлбөргүйгээр ашиглах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломжийг хариуцагчид олгосон гэх гомдлыг хангахгүй орхив.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/01953 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1820 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дамдинсүрэн, өмгөөлөгч Ц.Цэрэнжээ нарын гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 7,090,879 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 Х.СОНИНБАЯР

 Г.ЦАГААНЦООЖ