Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 3326

 

 

 

 

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2017/03326

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э-ийн гаргасан,

 

Хариуцагч: Р ХХК-нд холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийн олговор 4,200,000.00 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.                                      

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч “Р” ХХК-нд 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн ажиллаж байсан боловч түүнийг 2016 оны 08 дугаар сард ээлжийн амралттай байх хугацаанд буюу 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн.

 

            Ингээд тэрээр Баянзүрх дүүргийн Иргэний анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 6895 тоот шийдвэрээр түүнийг өмнөх ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан цалин хөлсний олговорт 2,100,000.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд шүүхийн шийдвэр биелэгдээгүй.

 

            Энэхүү шийдвэр гарснаас хойш хариуцагч тал шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байсан тул нэхэмжлэгч дахин тус шүүхэд хандаж, ажилгүй байсан цалин хөлс нэхэмжилсэнийг шүүхээс хангасан боловч мөн л өнөөдрийг хүртэлх хугацаанд ажил, албан тушаалдаа томилогдоогүй байна.

 

            Бид, шүүхийн шийдвэр гарсны дараагаар хариуцагчтай уулзалт хийж, ажилдаа эргэн орох талаар шаардлага гаргахад ажил олгогчийн зүгээс шүүхийн шийдвэрээр олгосон цалин хөлсийг хэсэгчлэн олгох, цаашид ажилахад нэн хүнд буюу хүлээн авах боломжгүй санал тавьж, шийдвэрийг биелүүлэхээс татгалздаг байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурьдснаар ажилд эгүүлэн томилох тухай шийдвэрийг шуудангаар авсан, мөн хэрэгт авагдсан мессежийг хүлээн авсан үйл баримтын талаар маргахгүй боловч ажилдаа орох гэхэд өөр нөхцөл тулгаж, ажиллуулахаас татгалзсан.

 

            Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт өгөх болоход түүнд урамшууллын болон үйл ажиллагааны зардлыг төлөх боломжгүй байсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулаагүй.

 

            Иймд, хариуцагч “Р” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлс 4,200,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож өгнө үү” гэв.

 

            Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэд хэдэн удаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд өнөөдөр шүүх хуралдаанд дахин нэмэгдүүлж байгааг хүлээн авч, шууд мэтгэлцэх боломжтой ба танилцах, шинээр нотлох баримт гаргаж өгөх шаардлага байхгүй тул хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байна.

 

            Манай компани нь Баянзүрх дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 6895 тоот шийдвэрийг биелүүлж, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Б/01 тоот тушаал гаргаж, Э.Эийг өмнөх ажил албан тушаалд эгүүлэн томилсон боловч тэрээр ажилдаа ирээгүй, ажиллахаас татгалзсан юм.

           

              Тус дүүргийн шүүхийн шийдвэр гарсны дараагаар тэрээр өөрийн өмгөөлөгчтэй ирж, бидэнтэй уулзсан боловч ажилд эгүүлэн тогтоох тушаал, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгох мэдэгдлийг хүлээн авахаас татгалзсан боловч 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаан дээр Б/01 тоот тушаалыг түүнд танилцуулсан.

 

Бид, энэхүү хугацаанд нэхэмжлэгчтэй удаа дараа утсаар холбогдож, ажилдаа эргэн орох талаар сануулахад тэрээр итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчтэй минь ярь, би ярихгүй гэх зэргээр асуудал үүсгэдэг, түүнчлэн миний бие анхнаасаа энэхүү хэргийг хариуцаж байгаа бөгөөд 99002575, 88009580 тоот дугаараас нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй удаа дараа утсаар ярьж, уулзах, ажилдаа эргэн орох талаар сануулдаг байсан. 

 

            Хэрэгт үүнийг нотолсон баримтууд авагдсан, нэхэмжлэгчийн гэрийн хаягаар “Монгол шуудан” ТӨХК-иар дамжуулан тушаал, мэдэгдлийг хүргүүлдэг байсан, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүнд ажилдаа эргэн орох талаар сануулж, ярилцаж байсан боловч ороогүй тул нэхэмжлэгчийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн.

 

            Иймд, дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Эээс хариуцагч “Р” ХХК-нд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор 4,200,000.00 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа хариуцагчийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/06895 тоот шийдвэрийг биелүүлээгүй хэмээн мэтгэлцсэн бол хариуцагчийн зүгээс уг шийдвэрийг зохих ёсоор биелүүлсэн боловч нэхэмжлэгч өөрөө ажилдаа эргэн орохоос татгалзсан гэж маргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр болон 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нэмэгдүүлсэн бол мөн шүүх хуралдаан дээр дахин нэмэгдүүлж, нийт 4,200,000.00 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч тал хүлээн авч танилцаад, шинээр нотлох баримт гаргаж өгөх шаардлагагүй гэснийг үндэслэн хэргийг хэлэлцсэн болно. 

 

Шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Э.Эийн гаргасан хариуцагч “Р” ХХК-нд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 2,100,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шийдвэрлэж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан буюу эмнэлгийн орчуулагч, их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2,100,000.00 төгрөгийг олгохоор шийдвэрлэжээ /х.х-ийн 6, 7-р хуудас/.

 

Түүнчлэн тус дүүргийн шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/01494 тоот шийдвэрээр мөн нэхэмжлэгчийн гаргасан хариуцагчид холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2,800,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан байна /х.х-ийн 8, 9-р хуудас/.

 

Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2.-д зааснаар ажил олгогч “Р” ХХК нь дээр дурьдсан 101/ШШ2016/06895 тоот шүүхийн шийдвэрээр ажилтан Э.Эийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн авах үүргийг биелүүлээгүй тул ажилтанд ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2,800,000.00 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн ажээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.-д “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж, мөн 32.2.-т “Шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.6.-д зааснаар хэргийн оролцогчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх үүрэг хүлээх бөгөөд ийнхүү эс биелүүлсэн тохиолдолд тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.-т заасны дагуу албадан гүйцэтгэгдэнэ.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч “Р” ХХК-иас 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/06895 тоот шийдвэрийг биелүүлсэнтэй холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Э.Этэй уулзах тухай 61 тоот мэдэгдэл өгснийг тэрээр хүлээн авсан байх бөгөөд талууд 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр уулзсан байна /х.х-ийн 27, 28-р хуудас/.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагчийн энэхүү уулзалтаар шүүхийн шийдвэрээр олгохоор болсон ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 3 хувааж өгөх тухай мэдэгдлийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөөгүй гэж тайлбарласан боловч нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн аваагүй гэсэн тайлбараа баримтаар нотлохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч тал 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 тоот тушаалаар нэхэмжлэгчийг өмнөх ажил, албан тушаалд буцаан томилсныг тэрээр 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр болон 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр мэдсэн атлаа хариуцагчийг “өөрийг нь ажилд эгүүлэн тогтоогоогүй буюу цаашид ажиллахаас татгалзахаас аргагүй нөхцөл санал болгосон” гэх тайлбар, татгалзлаа баримтаар нотлохгүй байна /х.х-ийн 29, 30, 31-р хуудас/.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийж, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч талаас нэхэмжлэгчийг ажилдаа эргэн орох талаар утсаар мэдэгдэж байсныг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй түүнчлэн түүнийг ажилд томилсон тушаал болон ажилдаа эргэн орох тухай мэдэгдлийг “Монгол шуудан” ТӨХК-иар хүргүүлж байсан гэх үйл баримтыг эсэргүүцээгүй /х.х-ийн 35, 36-р хуудас/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж зааснаас гадна 107 дугаар зүйлийн 107.2-т “Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно” гэж түүнчлэн 107.3-т “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус заасан.

 

Тодруулбал, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй боловч нэхэмжлэгч тал, хариуцагчийг ийнхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа, ажилдаа эргэн орох гэхэд ажиллуулахаас шууд татгалздаг, ажиллахад хүлээн зөвшөөрөх боломжгүй санал, шаардлага тавьсан гэх тайлбараа тодорхой баримтаар нотлоогүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл, 25 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх үүрэгтэй боловч хэрэв биелүүлээгүй тохиолдолд тус хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1.-д заасны дагуу тухайн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлнэ.

 

Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.-д заасан журмын дагуу үндэслэлгүй ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн, өөр ажилд шилжүүлсэн ажилтныг эгүүлэн тогтоох ажиллагааг гүйцэтгэх бөгөөд нэхэмжлэгч Э.Эийн хувьд хэрэв хариуцагч “Р” ХХК-ийг шүүхийн шийдвэрийг үндэслэлгүйгээр биелүүлэхгүй байна гэж үзсэн тохиолдолд тэрээр хуульд зааснаар албадан гүйцэтгэх ажиллагааг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлэх эрхтэй юм.

 

Гэтэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “нэхэмжлэгчид уг шийдвэрийг албадан биелүүлэхийг санал болгосон ч шийдвэр гүйцэтгэгчид өгөх урамшуулал болон зардал байхгүй гэсэн үндэслэлээр татгалзсан” хэмээн мэдүүлсэн.

 

Шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх гэдэгт иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас тухайн шүүхийн шийдвэрийн өөрчлөх, хүчингүй болгох эрхгүй байдгаар тодорхойлогдох бөгөөд хэрэв хариуцагч “Р” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Э.Эийг урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилохдоо хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зааснаас өөр нөхцлийг санал болгож, цаашид ажиллахаас татгалзахад хүргэсэн тохиолдолд хариуцагчийг шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлсэн гэж үзэхгүй, энэ тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагааг явуулахад саад болохгүй.

 

  Иймд, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагчийг шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэх үйл баримт тогтоогдохгүй байгаагаас гадна нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэрийг хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгүүлэх боломжтой атал гүйцэтгүүлээгүй, ажил олгогчийн зүгээс түүнийг удаа дараа ажилдаа эргэн орох талаар мэдэгдсэн байхад ямар учир шалтгааны улмаас урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа ажиллахаас татгалзсан болохоо баримтаар нотлохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Эийн гаргасан хариуцагч “Р” ХХК-нд холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор 4,200,000.00 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118,250.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНДАЛБАЯР