Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2471

 

Э.Э-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/03326 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Э-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Р” ХХК-д холбогдох       

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 200 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч “Р” ХХК-нд 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн ажиллаж байсан боловч түүнийг 2016 оны 8 дугаар сард ээлжийн амралттай байх хугацаанд буюу 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Ингээд шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 6895 дугаар шийдвэрээр түүнийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 100 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэр биелэгдээгүй. Энэхүү шийдвэр гарснаас хойш хариуцагч тал шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байсан тул нэхэмжлэгч дахин шүүхэд хандаж, ажилгүй байсан цалин хөлс нэхэмжилснийг шүүхээс хангасан боловч мөн л өнөөдрийг хүртэлх хугацаанд ажил, албан тушаалдаа томилогдоогүй байна.

Шүүхийн шийдвэр гарсны дараа хариуцагчтай уулзаж, ажилдаа эргэн орох талаар шаардлага гаргахад ажил олгогчийн зүгээс шүүхийн шийдвэрээр олгосон цалин хөлсийг хэсэгчлэн олгох, цаашид ажиллахад хүлээн авах боломжгүй санал тавьж, шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж, ажилдаа орох гэхэд өөр нөхцөл тулгаж, ажиллуулахаас татгалзсан. Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт өгөхөд түүнд урамшуулал болон үйл ажиллагааны зардал төлөх боломжгүй байсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулаагүй. Иймд хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 200 000 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Баянзүрх дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 6895 дугаар шийдвэрийг биелүүлж, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Б/01 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Э.Э-ийг өмнөх албан тушаалд эгүүлэн томилсон боловч ажилдаа ирээгүй, ажиллахаас татгалзсан. Тус дүүргийн шүүхийн шийдвэр гарсны дараа тэрээр өөрийн өмгөөлөгчтэй ирж, бидэнтэй уулзсан боловч ажилд эгүүлэн тогтоох тушаал, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгох мэдэгдлийг хүлээн авахаас татгалзсан боловч 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаан дээр Б/01 дүгээр тушаалыг танилцуулсан. Энэ хугацаанд нэхэмжлэгчтэй удаа дараа утсаар холбогдож, ажилдаа орох талаар сануулж байсан. Хэрэгт үүнийг нотолсон баримтууд авагдсан, нэхэмжлэгчийн гэрийн хаягаар “Монгол шуудан” ТӨХК-иар дамжуулан тушаал, мэдэгдлийг хүргүүлдэг байсан, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүнд ажилдаа эргэн орох талаар сануулж, ярилцаж байсан боловч ороогүй тул нэхэмжлэгчийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Э-ийн гаргасан хариуцагч “Р” ХХК-д холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор 4 200 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэхлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсн тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие "Р" ХХК-д орчуулагч-их эмчээр ажиллаж байсан бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс ээлжийн амралтаа биеэр эдэлж байхад 2016 оны 9 дүгээр нсарын 02-нд над руу менежер н.Э утсаар “ажлаас халсан, тушаалаа аваарай" гэж хэлсэн. Би шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхэн шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 6895 дугаар шийдвэрээр намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж шийдвэрлэсэн. Би 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс хойш ажилдаа орох гэж удаа дараа эмнэлэг дээрээ очсон боловч надтай уулзаагүй буцаасан. Ингээд дахин ажилгүй байсан хугацаань цалин болох 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх цалингаа шүүхээр нэхэмжилсэн бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оын 4 дүгээр сасын 28-ны өдрийн 1494 дүгээр шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн. Хариуцагч тал өнөөдрийг хүртэл миний ажилгүй байсан хугацааны цалин олгоогүй бөгөөд захирал нь надтай огт уулзаагүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж егнө үү  гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч “Р” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 200 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч “Р” ХХК-ийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Б/16 тоот тушаалаар нэхэмжлэгч Э.Э-ийг О эмнэлгийн их эмчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/06895 дугаар шийдвэрээр түүнийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Э.Э нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 800 0000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэртч бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/01494 дүгээр шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй. /хх 6-9/

Анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул дээрх шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч “Рендэжиүтай очирваань” ХХК-ийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 тоот тушаалаар нэхэмжлэгч Э.Э-ийг ажилд эгүүлэн томилж, түүнийг ажилдаа орохыг 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр, 2017 оны 5 дугаар сарын 08-ний өдөр, 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр тус тус мэдэгдсэн болох нь хариуцагч “Р” ХХК-ийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 61 тоот, 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 66 тоот, 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 82 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг /30,32, 38-39/-ээр тогтоогдож байх тул шүүхийн шийдвэр гарснаас хойшхи ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор олгох үүрэг хариуцагч байгууллагад үүсээгүй гэж үзнэ. 

       Иймд анхан шатны шүүх хөдөлмөрийн гэрээний харилцаанаас үүссэн маргааны үйл баримтын талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд үндэслэл бүхий дүгнэж, Хөдөлмөрийн тухай хуульд заасан зохих зохицуулалтыг зөв хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

     Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, ажилгүй байсан хугацааны цалин олговор олгоогүй, бодитоор ажлын байраар хангаагүй гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

      Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/03326 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                 ШҮҮГЧИД                                         Б.НАРМАНДАХ

                                                                                                           Д.БАЙГАЛМАА