Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 007

 

 

 

 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч Б.Батхишиг,

шүүгдэгчийн өмгөөлөгч У.Дэлгэрмаа,

шүүгдэгч Б.Батзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Их ван овогт Батбаярын Батзаяад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2501 0915 дугаар хэргийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Их ван овогт Батбаярын  Батзаяа, Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байр 258 тоотод оршин суух, регистрийн ПБ94110217 дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Батзаяа нь 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 22 цагийн орчим Баянзүрх дүүрийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэ” нэртэй баарны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин ямар ч шалтгаангүйгээр хохирогч Т.Одонтунгалагийн шүд рүү нь гараараа цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

          

            Шүүгдэгч Б.Батзаяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2015 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Багшийн дээдийн гүүрний хажууд байдаг “Цэ” пабад би Дүүрэнбаяр, Отгонбаяр нартай муудалцсан. Тэгээд гараад өмнөх маргаанаасаа болж дахин маргаан үүссэн. Одонтунгалаг нь Дүүрэнбаярын найз охин нь байсан юм билээ. Би үүнийг нь мэдээгүй. Тэгээд хохирогч Дүүрэнбаяр бид хоёрыг салгах гэж байхад нь би санамсаргүйгээр уруул руу нь цохисон байсан. Би цохисноо сайн мэдэхгүй байгаа. Хохирогч өөрөө намайг цохисон гэж хэлсэн. Хохирогчид хохиролд эхлээд 300.000 төгрөг өгсөн. Сүүлд 100.000 төгрөг өгсөн. Би үйлдсэн хэрэгтээ харамсаж байна.” гэх мэдүүлэг,

            Шүүгдэгч Б.Батзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн “Би Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэ” нэртэй пабын гадаа 2016 оны 02 дугаар сарын 28-ны оройн 22 цаг 30 минутын үед иргэн Т.Одонтунгалагийг зодож, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрснаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогч Т.Одонтунгалагаас албан ёсоор уучлалт гуйж, эмчилгээний зардал болох 400.000 төгрөгийг дансаар нь шилжүүлсэн байгаа. Тухайн үед би согтуудаа тэнэг зүйл хийснээ сүүлд ойлгосон. Өөрийнхөө хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахин ийм зүйл хийхгүй тул миний ялыг хөнгөрүүлж хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна. Би уг алдсан алдаагаа дахин давтаж гаргахгүй гэдгээ амлаж байна.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 72-73 дугаар тал/

          Хохирогч Т.Одонтунгалагийн мөрдөн байцаалтад өгсөн “Би 2016 оны 02 дугаар сарын 28-ны орой 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсэрт байрлах “Цэ” нэртэй пабад орсон юм. Намайг уг пабад ороход манай найз залуу болох Дүүрэнбаяр, түүний найз Отгонбаяр 2 ирчихсэн сууж байсан. Бид 3 тэнд байхдаа хоол захиалж идсэн. Мөн хүний нэг нэг шил пиво уусан. Улмаар кино үзье гэж ярилцаад 22 цаг 10 минутын үед тооцоогоо хийгээд уг пабаас гарсан. Ингэж гарч явж байхдаа коридорт хэдэн согтуу залуучуудтай Дүүрэнбаяр, Отгонбаяр 2 маргалдсан. Тэр залуучуудын нэг нь Отгонбаярыг юугаа харсан юм бэ? энэ тэр гэж байсан чинь өөр нэг өндөр цагаан цамцтай залуу хажуунаас орж ирээд Отгонбаярыг цохиод авсан. Би биенийх нь яг хаашаа цохисныг санахгүй байна. Учир нь Дүүрэнбаяр бид хоёр түрүүлээд гарч байсан юм. Тэгсэн пабын зөөгч нар ирээд салгасан бөгөөд бид 3-ыг пабаас гараад явж байсан чинь Отгонбаяраас эхэлж хэрүүл гуйгаад байсан намхандуу шар залуу араас хүрч ирээд над руу нэг гар далайснаа цохиогүй цаашаа яваад нөгөө 2-ын нэгийг нь цохиод авсан. Би яг хэнийг нь цохисныг мэдэхгүй байна. Мөн пабаас уг залуутай цугтаа явж байгаа бололтой өөр залуучууд гарч ирээд тэр хавиар бужигнасан юм болоод байсан. Тэгсэн чинь төв зам дээр зогсож байсан нэг хар өнгийн Тоёота “Приус 20” маркийн авто машинаас тэд нарын найз нь бололтой нэг залуу бууж ирээд эхлээд салгах гэж оролдсон. Тэгсэн чинь намхан биетэй маргаан эхлүүлсэн залуу тэрнийг цохиод авсан. Би тэнд хэдэн хүн байсныг мэдэхгүй байна. Их олон хүн байх шиг байсан. Тэгж байгаад би Дүүрэнбаяр, Отгонбаяр 2-ыг салгаж аваад урагшаа аркруу явж байсан чинь араас цагаан цамцтай намхан залуу хүрээд ирсэн. Би Дүүрэнбаяр, Отгонбаяр хоёрын ард явж байсан бөгөөд эргэж хараад нөгөө залууд хандаад “боль, цаашаа яваач” гээд гараараа бие рүү нь түлхсэн чинь шууд юу ч ярилгүй миний уруул руу цохиод авсан. Улмаар би цохиулаад амаа дарсан. Тэр залуу намайг цохьчихоод нөгөө хоёр дээр очоод хэрүүл хийгээд маргаан үүсгэсэн. Мөн араас нь нөгөө залуучууд нь хүрч ирээд дахиад л бужигналдаад унасан. Тэгтэл Дүүрэнбаяр нэг автомашин зогсоосон ба уг автомашинд бид 3 суугаад тэндээс холдсон. Тэгээд төв зам дээр буугаад эргэж такси бариад замын эсрэг талаас тэд нарыг харж байгаад нөгөө автомашиндаа суугаад явсны дараа дугаарыг нь харсан юм. Манай найз залуу цагдаад дуудлага өгсөн юм.” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 21-25 дугаар тал/

          Гэрч Г.Дүүрэнбаярын мөрдөн байцаалтад өгсөн “Би өөрийн найз Д.Отгонбаяртай цугтаа Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэ” нэртэй пабад 2016 оны 02 дугаар сарын 28-ны орой 21 цагийн үед орсон. Бид 2 орох болсон шалтгаан гэвэл найз охин Т.Одонтунгалагийг хүлээж байсан юм. Ингээд манай найз охин 21 цаг 30 минутын үед ирсэн. Бид 3 хоол идсэн мөн хүний нэг шил 0,5 литрийн шилтэй Сэнгүр нэртэй пиво захиалж уусан. Улмаар бид гурав 22 цаг 40 минутаас Тэнгис кино театр дээр Египетийн бурхад нэртэй кино үзье гэж бодоод 3- уулаа хамт босоод текний хажууд очиж тооцоогоо хийсэн. Би түрүүлээд гарсан. Тэгсэн чинь 2 танихгүй залуу гарах хаалганы хажууд хоорондоо андаа чи нойлоо андуураад байна ш дээ, наадах чинь гарах хаалга ш дээ гээд энэ тэр юм яриад байсан. Би уг 2 залуугийн хажуугаар гараад явсан. Миний араас манай найз охин бас зүгээр гараад ирсэн. Тэгтэл сүүлд манай найзыг гарах гэсэн чинь нэг залуу нь яагаад муухай хараад байгаа юм бэ? гэсэн. Тэгсэн манай найз Д.Отгонбаяр хэн муухай харсан юм бэ? зүгээр яв гэж хэлсэн. Тэр үед Д.Отгонбаярын хажуу талаас өөр нэг залуу яагаад байгаа юм бэ? гээд орж ирээд Отгонбаярыг цохиод авсан. Би яг хаашаа нь цохисныг сайн анзаараагүй. Улмаар би буцаж очиж Отгонбаярыг салгаж аваад түүнийг цохисон залууг гараараа түлхээд яагаад байгаа юм бэ? гэж хэлээд найзыгаа аваад тэндээс холдсон. Ингээд бид 3 уг пабаас гараад багшийн дээд тийшээ алхсан. Гэхдээ би түрүүлээд явж байсан. Харин миний араас Отгонбаяр, манай найз охин 2 цуваад алхсан. Тэгсэн чинь “Цэ” пабаас нэг цагаан цамцтай залуу гарч ирээд манай найз охин луу гараараа далайсан. Би найз охиныг минь цохиод авч магадгүй гээд буцаад алхсан. Тэр хооронд манай найз охиныг цохилгүй Отгонбаяр дээр хүрч ирээд араас нь зуураад толгойных нь араас толгой руу нь цохисон. Би явж очоод дундуур нь орсон чинь цаана зогсож байсан хар өнгийн Тоёота “Приус 20” маркийн авто машинаас нэг хар өнгийн цамцтай залуу гарч ирснээ бид 3 дээр хүрч ирсэн. Тэгээд л тэнд бужигналдаан болсон. Тэгж байхад “Цэ” пабаас дахиад өөр танихгүй залуучууд гарч ирээд бөөгнөрсөн. “Цэ” паб дотор Отгонбаярыг цохиж авсан залуу хүрч ирээд намайг боогоод булан руу шахаад явсан. Мөн өөр нэг танихгүй залуу намайг цохиж байгаад ардаас минь куртикээр толгойг минь бүтээсэн. Ингээд би юм харахгүй байсан. Би ямар ч байсан цагаан цамцтай залууг зуураад л байж байсан. Тэгээд салахаар нь харсан чинь Отгонбаярыг бүгд тойрчихсон цохиж байсан. Би явж очоод Отгонбаярыг салгасан. Мөн “Цэ” пабаас  зөөгч нар гарч ирсэн. Тэгээд би тэд нарыг салгаач ээ гэж хэлсэн бөгөөд тэд нар бас давхар салгасан. Улмаар найз охин болон Отгонбаярыг аваад дахиад зугтаасан. Бид 3 ертөнцийн зүгээр урагшаа арк руу хурдан хурдан алхаад явж байгаад эргээд хартал пабаас гарч ирээд манай найз охин луу гар далайсан цагаан цамцтай залуу мөн манай найз охин дээр хүрч ирсэн. Манай найз охин гараараа урдаас нь тулаад “боль боль” гээд хэлтэл уг залуу шууд нүүр лүү нь нэг удаа гараараа хүчтэй цохисон. Тэгсэн чинь манай найз охин доошоо тонгойгоод суусан ба Отгонбаяр нөгөө цагаан цамцтай залууг бариад авсан. Би бас араас нь явж очоод цагаан цамцтай залууг нь бариад авсан чинь хар өнгийн цамцтай залуу хүрч ирээд намайг өшиглөсөн. “Цэ” пабын зөөгч нар дахин ирж салгаж байхад нэг хар өнгийн машин зогсож байхаар нь хаалгыг нь онгойлгоод би хэдэн хүн аваад энэ залуучуудаас холдьё гэсэн чинь за за гэж хэлсэн. Ингээд бид 3 Баянзүрх захын тэнд очоод нойтон салфетка худалдан авч найз охиныхоо амнаас гарч байсан цусыг нь арчаад эргээд бид 3 такси бариад Санхүү Эдийн Засгийн дээд сургуулийн урд талын зогсоол дээр зогсоод замын эсрэг талаас нөгөө хүмүүсийг харсан. Тэд нар гудамжинд хашгирч энэ тэр болж байгаад нөгөө хар өнгийн Тоёота “Приус 20” маркийн автомашиндаа 6-лаа суусан. Миний мэдэж байгаагаар 4 эрэгтэй, 2 эмэгтэй байсан. Тэгээд хөдлөөд Бөхийн Өргөө тал руу явсан. Бид 3 араас нь дахиж очиж байгаад автомашиных нь номерыг бичиж авсан. Уг автомашин нь 44-53 УБК гэсэн улсын дугаартай байсан. Би өөрийнхөө 99296351 гэсэн дугаараас такси авахаасаа өмнө дуудлага өгсөн юм. Цагдаа ирэхгүй удаад байхаар нь дахиад залгасан бөгөөд хэсэг хугацааны дараа цагдаа нар ирээд өргөдлөө өг гэхээр нь цагдаагийн хэлтэс дээр ирж манай найз охин өргөдлөө өгсөн.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 28-30 дугаар тал/

          Гэрч Д.Отгонбаярын мөрдөн байцаалтад өгсөн “Би өөрийн найз Дүүрэнбаярын хамт 2016 оны 02 дугаар сарын 28-ны орой 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэ” нэртэй пабад орсон юм. Бид 2-ын араас Дүүрэнбаярын найз охин орж ирээд хамт сууж хоол идэж, хүний нэг нэг шил пиво уусан. Ингээд 22 цаг 40 минутын кино үзэх гээд 22 цаг 20 минутын үед уг пабаас гарсан. Тэгэхдээ бид 3 хамт текин дээр очиж тооцоогоо хийчээд гарах гээд явж байсан чинь нойл андуураад 2 залуу үүдэн дээр зогсож байсан бөгөөд би хажуугаар нь гарахдаа хараад өнгөрсөн чинь яасан муухай хардаг юм бэ? гэхээр нь юу гэнээ, юу гээд байгаа юм бэ? гэсэн чинь цаанаас нь нэг цуг явж байсан бололтой өндөр залуу хүрч ирснээ юу гээд байгаа юм бэ? гээд дарамталсан янзтай үг хэлсэн. Тэгсэн чинь өөр нэг намхан биетэй залуу хажуугаас миний хамар луу цохиод авсан. Би яг ямархуу залуу цохисныг мэдэхгүй байна. Манай найз явъя гээд гарсан чинь араас нөгөө залуучууд гарч ирээд гудамжинд бужигналдсан. Тэгж байхад гадаа зам дээр байсан нэг хар өнгийн Тоёота “Приус 20” маркийн автомашинаас нэг залуу бууж ирсэн. Уг залууг эхлээд салгах гэж байна гэж бодсон. Хэсэг маргалдаж байгаад манай найз явъя гээд цаашаа бид 3 алхсан чинь араас цагаан өнгийн цамцтай намхан биетэй залуу хүрч ирээд манай найз Дүүрэнбаярын найз охины нүүр лүү гараагаа нэг удаа хүчтэй цохиод авсан. Тэгэхээр нь би салгах гэж гүйж очоод холдуулсан чинь надтай зууралдаад унасан. Мөн араас нь нөгөө залуучууд нь хүрч ирсэн. Дээр нь “Цэ” пабын зөөгч нар хүртэл ирээд салгах гэсэн боловч тэнд байсан өндөр нам 2 цагаан цамцтай  залуучуудыг дийлэхгүй байсан. Учир нь тэр 2 нь бусдаасаа илүү архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Манай найз нэг автомашин зогсоосон бөгөөд уг автомашинд нь бид 3 суугаад явсан. Ингээд замдаа буучихаад эргэж такси бариад замын эсрэг талаас тэд нарыг харж байгаад автомашиндаа суугаад явахаар нь автомашиных нь дугаарыг харсан юм.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 31-32 дугаар тал/

  Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн  2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 2918 дугаар:

1.2. Одонтунгалагийн биед дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулд няцарсан шарх, зүүн дээд 1, 2-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

5. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чавдар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

6.7. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт,

/хх-ийн 56 дугаар тал/

 

            Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 74 дүгээр тал/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 75 дугаар тал/

 

Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн тодорхойлт,

/хх-ийн 76 дугаар тал/

 

Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар,

/хх-ийн 77 дугаар тал/

Гэм хорын хохирлын баримт /хх-ийн 80-88 дугаар тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Б.Батзаяа нь 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 22 цагийн орчим Баянзүрх дүүрийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэ” нэртэй баарны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин ямар ч шалтгаангүйгээр хохирогч Т.Одонтунгалагийн шүд рүү нь гараараа цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батзаяагийн үйлдсэн хэргээ хүлээн өгсөн Тэгээд хохирогч Дүүрэнбаяр бид хоёрыг салгах гэж байхад нь би санамсаргүйгээр уруул руу нь цохисон байсан. Би цохисноо сайн мэдэхгүй байгаа. Хохирогч өөрөө намайг цохисон гэж хэлсэн. Хохирогчид хохиролд эхлээд 300.000 төгрөг өгсөн. Сүүлд 100.000 төгрөг өгсөн. Би үйлдсэн хэрэгтээ харамсаж байна.” гэх,

мөрдөн байцаалтад хохирогч Т.Одонтунгалагийн өгсөн “...Би Дүүрэнбаяр, Отгонбаяр хоёрын ард явж байсан бөгөөд эргэж хараад нөгөө залууд хандаад “боль, цаашаа яваач” гээд гараараа бие рүү нь түлхсэн чинь шууд юу ч ярилгүй миний уруул руу цохиод авсан. Улмаар би цохиулаад амаа дарсан. Тэр залуу намайг цохьчихоод нөгөө хоёр дээр очоод хэрүүл хийгээд маргаан үүсгэсэн.” гэх,

мөн гэрч Г.Дүүрэнбаярын өгсөн “Манай найз охин гараараа урдаас нь тулаад “боль боль” гээд хэлтэл уг залуу шууд нүүр лүү нь нэг удаа гараараа хүчтэй цохисон. Тэгсэн чинь манай найз охин доошоо тонгойгоод суусан ба Отгонбаяр нөгөө цагаан цамцтай залууг бариад авсан.” гэх,

мөн гэрч Д.Отгонбаярын өгсөн “...Хэсэг маргалдаж байгаад манай найз явъя гээд цаашаа бид 3 алхсан чинь араас цагаан өнгийн цамцтай намхан биетэй залуу хүрч ирээд манай найз Дүүрэнбаярын найз охины нүүр лүү гараагаа нэг удаа хүчтэй цохиод авсан. Тэгэхээр нь би салгах гэж гүйж очоод холдуулсан чинь надтай зууралдаад унасан.” гэх мэдүүлгүүд,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн  2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 2918 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа нь Б.Батзаяаг яллах үндэслэл болж байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Их ван овогт Батбаярын  Батзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Батзаяаг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Шүүгдэгч Б.Батзаяад ял шийтгэл оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүх шүүгдэгч Б.Батзаяагийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.

Хохирогч Т.Одонтунгалаг мөрдөн байцаалтад “Уг залуу нь надаас уучлалт гуйж миний эмчилгээний төлбөрийг төлж барагдуулсан, надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэж хүсэлт гаргасан, хавтаст хэрэгт авагдсан бичмэл баримтаар /хх-86-87/ шүүгдэгч Б.Батзаяа нь хохирогч Т.Одонтунгалагийн эмчилгээний зардалд 400.000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Батзаяа урьд цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1, 298.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Их ван  овогт Батбаярын  Батзаяаг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Б.Батзаяад 3 жил 6 сар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Батзаяад оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Батзаяа урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан Б.Батзаяад оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг тэнсэж, 1 жилийн  хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэс даалгасугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Батзаяад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ОДОНТУУЛ