Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2020/00513

 

Д.П-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02802 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 133 дугаар магадлалтай,

Д.П-гийн нэхэмжлэлтэй,

СЭХҮТ ТӨҮГ-т холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 6.500.000 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.П-, түүний өмгөөлөгч В.Чимгээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З-, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.П-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие Сэргээгдэх эрчим хүчний салбарт 1999 оноос эрдэм шинжилгээний ажилтан, 2005 оноос хэлтсийн дарга, 2007 оноос төслийн удирдагч, СЭХҮТ ТӨҮГ-ын захирлын 2017 оны Б/21 дугаар тушаалаар ерөнхий инженерээр томилогдон ажилласан. Ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа зөрчил гаргаж ажил тасалж байгаагүй. Гэтэл 2019 оны 05 сарын 21-ний өдөр ажилдаа очиход 2019 оны 05 сарын 15-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэсэн үндэслэлээр ажлаас халсан тухай тушаалыг өгсөн. Би уг тушаалын 4-д заасан хавсралт нь байхгүй байсан тул хавсралтгүй тушаал авахгүй гэж хэлээд тушаалыг аваагүй. Шалтгаангүйгээр ажил тасалсан гэх 2019 оны 04 сарын 18-нд Техник хяналтын ерөнхий инженер И.Ихгэрэлтэй хамт мэргэжлийн чиглэлээр Мэргэжлийн хяналтын байгууллагаас зохион байгуулсан сургалтад оролцсон. Тийм учраас хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдож байна. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан гэдгийг тогтоож, ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх, ажилгүй байсан хугацааны цалин 6.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Д.П- нь 2017 оны 04 сараас эхлэн ажиллаж байгаа. Ажиллах хугацаандаа 2019 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл ирцээ цахим байдлаар бүртгүүлж байгаагүй. Захиргаа удирдлагын хэлтсээс байгууллагын дүрэм журмыг хангуулах үндсэн дээр шаардлага тавьж, 04 сараас эхлэн бүртгүүлж эхэлсэн. Түүнээс өмнө зөвхөн гараар бүртгүүлдэг байсан. 2019 оны 04 сарын 18 болон 19-ний хоёр өдөр дараалан ажилдаа ирээгүй. 2019 оны 02 сарын 04-ний өдөр буюу цагаан сарын битүүний өдөр ажилдаа ирээгүй. Өмнө нь өглөө ирчихээд үдээс хойш гараад явдаг эсвэл үдээс хойш ирээд гараад явдаг. Гадуур ажлын гар тэмдэглэлд тухай бүр тэмдэглэл хийдэггүй. Нэхэмжлэгчийн хэлээд байгаа сургалтын талаар бол манай байгууллага дээр ахлах инженерээр ажиллаж байсан И.Ихгэрэлийн мэйл хаягт 2019 оны 04 сарын 09-ний өдөр Мэргэжлийн хяналтын улсын байцаагч н.Эрхэмбаяр гэдэг хүнээс мэйл ирсэн. Үүнд сургалт 2019 оны 04 сарын 18-ны өдөр болно, танайхаас сургалтад суух хоёр хүний нэрийг ирүүлнэ үү гэсэн байсан. Энэ сургалтын талаар И.Ихгэрэл ерөнхий инженерт танилцуулсан байдаг. Төрийн байгууллага хооронд сургалтын хөтөлбөрийн талаар зайлшгүй албан бичиг явуулсны үндсэн дээр цахим хаягаар хөтөлбөр, материалаа ирүүлэх ёстой. Ерөнхий инженер, И.Ихгэрэл хоёулаа хамрагдана гэж ярьж байсан хэдий боловч байгууллагын дарга, захиргаа хяналтын хэлтэст танилцуулаагүй. Эрчим хүчний чиглэлээр хамтран ажилладаг 7 байгууллага руу ирсэн мэйл хаягийг явуулж, сургалтад суух хүмүүсийн нэрсийг ирүүлэхийг хүссэн. Байгууллагын даргын шийдвэр чиглэлийг авахгүйгээр ерөнхий инженер, И.Ихгэрэл хоёр хамрагдахаар нэрээ өгсөн. 2019 оны 04 сарын 18-ны өдөр сургалтад хамрагдсан байдаг. Сургалт нь хаана болсон нь тодорхой биш, 2019 оны 04 сарын 17-ны өдрийн 17 цагийн үед И.Ихгэрэл залгаад сургалттай тул ажилдаа очиж чадахгүй талаар захирлын туслахад утсаар мэдэгдсэн. Маргааш өглөө нь ажил эхэлж шуурхай хурал зарлахад ерөнхий инженер, ахлах инженер хоёр ажилдаа ирээгүй. Ингэж сургалттай байгаа гэдгийг нь мэдсэн. Сургалтын талаар ерөнхий инженер байгууллагын удирдлагад танилцуулж чиглэл аваагүй учраас 2019 оны 04 сарын 18, 19-ний өдөр, 02 сарын 04-ний өдрүүдэд Д.П- нь ажлаа тасалсан. Өмнө нь ч бас ажилтныг бүртгэх цахим системд өөрийн нүүр болон давтагдашгүй өгөгдлийг хийж цагаа бүртгүүлдэггүй байсан. Нэхэмжлэгч 2018 оны 10 сарын 18-ны өдөр удирдлагын зөвшөөрөлгүйгээр Швейцарийн Хөгжлийн агентлагын хамтарсан төсөлд орж ажиллаж сахилгын шийтгэл хүлээж байсан. Энэ хугацаандаа зөрчил дахин гаргасан учраас хөдөлмөрийн гэрээг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан. Иймд нэхэмжлэлийг нь бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02802 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.П-г СЭХҮТ ТӨҮГ-ын ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т заасны дагуу нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн 35 750 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 118 950 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 133 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02802 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасан үндэслэлгүй тул хариуцагч СЭХҮТ /ТӨҮГ/-т холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6 500 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай Д.П-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн 118 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Д.П-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүхийн “нэхэмжлэгч Д.П- нь ажил тасалсан гэх 2019 оны 18, 19-ний өдөр сургалтанд суусан болохоо нотлоогүй” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч 2019 оны 04 сарын 18-ны өдөр ажил таслаагүй буюу тухайн өдөр Эрчим хүчний зохицуулах хороо, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас хамтран зохион байгуулсан сургалтанд суусан болох нь тухай өдөр хамт сургалтанд суусан гэрч И.Ихгэрэл, цаг бүртгэгч Л.Навчаа нарын мэдүүлэг, албаны цахим шууданд үзлэг хийсэн тэмдэглэл, цаг бүртгэгч Л.Навчаагийн цагийн бүртгэлийн гар бичмэл зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан хөдлөшгүй нотлох баримтуудаар давхар нотлогддог. Гэтэл давж заалдах шатны шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлэлгүй дүгнэлт хийж, хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар байгууллагын ажлын цаг ашиглалтын журмын 3.2-д зааснаар үйлчлэгч Л.Навчаа нь ажлын цагийг гараар бүртгэдэг бөгөөд уг бүртгэлд 2019 оны 04 сарын 18-ны өдөр сургалтанд суусан гэж бүртгэгдсэн нотлох баримтыг эх хувиар нь хэрэгт гаргуулсан бөгөөд цаг бүртгэлийн гар бичмэлийг үндэслэн ажлын цагийн тооцоог гаргадаг болно. Гэтэл хариуцагчаас гаргаж өгсөн 2019 оны 04 сарын “Ажлын цагийн тооцоо” нь үйлчлэгч Л.Навчаагийн ажлын цагийг бүртгэсэн гар бичмэлээс илт буруу, зөрүүтэй гарсан байдаг бөгөөд хариуцагч ажлын цагийн тооцоог өөрийн хүсэл, зорилгоор өөрчилж гаргаж өгөх бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, ажилдаа ирсэн, тасалсан гэдэг нь ажлын цагийн бүртгэлээр л харагдах бөгөөд хариуцагчийн гаргаж өгсөн ажлын цагийн тооцооны хуудаснаас харагдах боломжгүй, ажлын цагийн тооцооны хуудас нь ажлын цагийн бүртгэлийг үндэслэж сарын эцэст гаргадаг тооцоо юм. Энэ нь ажил тасалсан гэдгийг нотлох боломжгүй. Иймд давж заалдах шатны шүүх нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэлгүй хэт нэг талыг баримтлан, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Д.П-, СЭХҮТ ТӨҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 6.500.000 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргасныг, хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагч СЭХҮТ ТӨҮГ-н захирал 2019 оны 05 сарын 15-ны өдөр Б/22 дугаар тушаал гаргаж, нэхэмжлэгч Д.П-г ерөнхий инженерийн ажлаас халахдаа, сануулах сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа хоёр болон түүнээс дээш хоногоор хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гээд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, байгууллагын дүрмийн 6.7.5, хөдөлмөрийн дотоод журмын 15.3.3, хөдөлмөрийн гэрээний 6.2.3.11 дэх хэсгийг үндэслэсэн байна.

Дээрх тушаалд, Д.П- ноцтой зөрчлийг хэзээ гаргасан тухай огноог заагаагүй боловч хариуцагч тайлбартаа, түүнийг 2019 оны 04 сарын 18-19-ний өдөр ажил тасалсан гэжээ.

Үүнээс гадна Д.П-г давтан зөрчлийн улмаас бус ноцтой зөрчил гаргасны улмаас ажлаас халах шийдвэр гаргасан талаар хариуцагч тайлбарлаж, энэ маргааны зүйлийн хүрээнд зохигч мэтгэлцжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа, “...Д.П- 2019 оны 04 сарын 18-ний өдөр Эрчим хүчний зохицуулах хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хамтран зохион байгуулсан сургалтад суусан болох нь сургалтад хамт оролцсон гэрч И.Ихгэрэл, цаг бүртгэсэн Д.Навчаа нарын мэдүүлэг, цахим шууданд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон тул түүнийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй” гэсэн дүгнэлтийг хийжээ.

Давж заалдах шатны шүүх  шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлдээ, “...Д.П- нь ...2019 оны 04 сарын 18, 19-ний өдөр сургалтад суусан болохоо нотлоогүй” гэж дүгнэсэн бөгөөд тус шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ анхан шатны шүүхийн дүгнэлтийг хэрхэн үгүйсгэснээ магадлалдаа тодорхой заагаагүй нь учир дутагдалтай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан шүүх хэргийн оролцогчийн гаргасан болон тэдний хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх журамтай нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн сургалтад оролцсон тухай баримтыг хариуцагч няцааж чадаагүй тул зохигчийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3.11-т заасан “хоёр ба түүнээс дээш хоногоор хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан ...бол ноцтой зөрчил гэж ойлгох” хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцөл бүрдээгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Харин сургалтад оролцохдоо удирдлагаас зөвшөөрөл аваагүйг ажил тасалсан гэж үзэхийг хөдөлмөрийн гэрээнд болон дотоод журамд заагаагүй тул энэ үндэслэл нь ажил тасалсантай адилтгаж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх боломжгүй.

Иймээс Д.П-г ажлаас буруу халсан гэж үзэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасантай нийцжээ.

Дурдсан үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 133 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаа сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02802 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.П-гийн гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.П- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ