Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2019/02802

 

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2019/02802

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Д.П-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: СЭХҮТ ТӨҮГ-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6.500.000 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Чимгээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Зоригоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатархүү нар оролцов.

                                    

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: СЭХҮТТӨҮГ-ын захирлын 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/22 тоот тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн. Тухайн тушаал нь надад хавсралтгүйгээр ирсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хавсралттай нь танилцаж байна. Намайг ажлаас халах болсон үндэслэлдээ 2019 оны 4 дүгээр сарын 18, 19-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан учраас ажлаас чөлөөлөв гэсэн байсан. Тухайн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр бол сургалтад хамрагдсан. 4 дүгээр сарын 19-ний өдөр ажилдаа оройтож ирсэн учраас бүртгүүлэхгүй явсан. Ажилгүй байсан хугацааны цалин 6.500.000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасан гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: СЭХҮТТӨҮГ-ын захирлын 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/22 тоот тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас халсан. Үйлдвэрийн газрын захирлын тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3.13 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заасан ноцтой зөрчил гаргасан буюу шалтгаангүйгээр хоёр өдөр ажилдаа ирээгүй гэжээ. Манай талаас үүнийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Шалтгаангүйгээр ажил тасалсан гэх 2019 оны 4 дүгээр сарын 18-нд Техник хяналтын ерөнхий инженер И.Итэй хамт мэргэжлийн чиглэлээр Мэргэжлийн хяналтын байгууллагаас зохион байгуулсан сургалтад оролцсон. Тийм учраас хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдож байна. Ажлаас үндэслэлгүй халагдсан гэдгийг тогтоож, ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх, ажилгүй байсан хугацааны цалин 6.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч СЭХҮТТӨҮГ шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч нь СЭХҮТТӨҮГ-т ерөнхий инженерээр ажиллаж байгаад 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/22 тоот захирлын тушаалаар ажлаас халагдсан. Ажлаас халсан үндэслэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, байгууллагын Дүрмийн 6 дугаар зүйлийн 6.7.5, Хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.3.3, Д.Птэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3.11 дэх заалтуудыг үндэслэн ажлаас халсан байна. Нэхэмжлэгч нь 2017 оны 4 дүгээр сараас эхлэн ажиллаж байгаа. Ажиллах хугацаандаа 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ирцээ цахим байдлаар бүртгүүлж байгаагүй. Захиргаа удирдлагын хэлтсээс байгууллагын дүрэм журмыг хангуулах үндсэн дээр шаардлага тавьж, 4 дүгээр сараас эхлэн бүртгүүлж эхэлсэн. Түүнээс өмнө зөвхөн гараар бүртгүүлдэг байсан. 2019 оны 4 дүгээр сарын 18 болон 19-ний хоёр өдөр дараалан ажилдаа ирээгүй. 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдөр буюу цагаан сарын битүүний өдөр ажилдаа ирээгүй. Өмнө нь өглөө ирчихээд үдээс хойш гараад явдаг эсвэл үдээс хойш ирээд гараад явдаг. Гадуур ажлын гар тэмдэглэлд тухай бүр тэмдэглэл хийдэггүй. Нэхэмжлэгчийн хэлээд байгаа сургалтын талаар бол манай байгууллага дээр ахлах инженерээр ажиллаж байсан И.Иийн мэйл хаягт 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Мэргэжлийн хяналтын улсын байцаагч н.Эрхэмбаяр гэдэг хүнээс мэйл ирсэн. Эрчим хүчний зохицуулах хорооны газрын дарга болон Мэргэжлийн хяналтын дарга нарын хамтран баталсан сургалт болох гэж байна. Иймд сургалтын хөтөлбөрийг явуулж байна. Сургалт 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр болно, танайхаас сургалтад суух хоёр хүний нэрийг ирүүлнэ үү гэсэн байсан. Энэ сургалтын талаар И.И Ерөнхий инженерт танилцуулсан байдаг. Төрийн байгууллага хооронд сургалтын хөтөлбөрийн талаар зайлшгүй албан бичиг явуулсны үндсэн дээр цахим хаягаар хөтөлбөр, материалаа ирүүлэх ёстой. Ерөнхий инженер, И.И хоёулаа хамрагдана гэж ярьж байсан хэдий боловч байгууллагын дарга, захиргаа хяналтын хэлтэст танилцуулаагүй. Эрчим хүчний чиглэлээр хамтран ажилладаг 7 байгууллага руу ирсэн мэйл хаягийг явуулж, сургалтад суух хүмүүсийн нэрсийг ирүүлэхийг хүссэн. Байгууллагын даргын шийдвэр чиглэлийг авахгүйгээр ерөнхий инженер, И.И хоёр хамрагдахаар нэрээ өгсөн. 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр сургалтад хамрагдсан байдаг. Сургалт нь хаана болсон нь тодорхой биш, 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 17 цагийн үед И.И залгаад сургалттай тул ажилдаа очиж чадахгүй талаар захирлын туслахад утсаар мэдэгдсэн. Маргааш өглөө нь ажил эхэлж шуурхай хурал зарлахад ерөнхий инженер, ахлах инженер хоёр ажилдаа ирээгүй. Ингэж сургалттай байгаа гэдгийг нь мэдсэн. Манай байгууллагын хувьд өөрсдийн дотоодод мөрдөх дүрэм журмуудыг мөрдөж, сахилга хариуцлагатай ажиллахыг зорилгоо болгож ажилладаг. Манай байгууллагын дарга Улсын Их Хурлын Тамгын Газарт 20 гаруй жил ажилласан туршлагатай хүний хувьд ажилчдын ар гэрт нь ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд чөлөө өгөх зэргээр харилцан эргэх холбоотой, дор бүрнээ сахилга хариуцлагатай ажилладаг. Төрийн Өмчийн Хорооноос баталсан СЭХҮТТӨҮГ-ын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагааг захирал удирдан зохион байгуулж ажиллана. Захирал нь доод шатны албан тушаалтан чиг үүрэг өгөх зэрэг эрхийг дүрэмд дэлгэрэнгүй дурдсан. Сургалтын талаар ерөнхий инженер байгууллагын удирдлагад танилцуулж чиглэл аваагүй учраас 2019 оны 4 дүгээр сарын 18, 19-ний өдөр, 2 дугаар сарын 04-ны өдрүүдэд Д.П нь ажлаа тасалсан. Өмнө нь ч бас ажилтныг бүртгэх цахим системд өөрийн нүүр болон давтагдашгүй өгөгдлийг хийж ажилд ирсэн болон явсан цагаа бүртгүүлдэггүй байсан. Нэхэмжлэгч 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр удирдлагын зөвшөөрөлгүйгээр Швейцарийн Хөгжлийн агентлагын хамтарсан төсөлд орж ажиллаж сахилгын шийтгэл хүлээж байсан. Энэ хугацаандаа зөрчил дахин гаргасан учраас байгууллагад мөрдөгдөж байгаа дүрэм журмын дагуу хөдөлмөрийн гэрээг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан. Нэхэмжлэлийг нь бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.П нь хариуцагч СЭХҮТТӨҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6.500.000 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч СЭХҮТТӨҮГ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.П нь СЭХҮТТӨҮГ-ын Ерөнхий инженерэээр 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс томилогдон ажилласан байна.

СЭХҮТТӨҮГ-ын захирлын 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/22 тоот тушаалаар төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Байгууллагын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.7.5, хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.3.3, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3.11 заалтыг үндэслэн, ануулах сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа хоёр ба түүнээс дээш хоногоор хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан нь хөдөлмөрийн гэрээний харилцааг шууд зогсоохоор тухайлан заасан ноцтой зөрчил гэж үзэж, 2019 оны 5 дугаар 15-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Нэхэмжлэгч нь хоёр ба түүнээс дээш хоног ажил тасалсан зөрчил гаргаагүй тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байна.

Ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах тухай 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/22 тоот тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх буюу гаргасан зөрчлийг шалгасан материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдох ёстой.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3.11-т Хоёр ба түүнээс дээш хоногоор хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, цалинтай болон цалингүй чөлөөний хугацаа, ээлжийн амралтын хугацааг дур мэдэн хэтрүүлсэн бол ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.

Хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гэдэгт ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдлийг ойлгодог. Хөдөлмөрийн гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтойд тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийг тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх шаардлагатай.

СЭХҮТТӨҮГ нь Д.Пг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа хоёр ба түүнээс дээш өдөр ажил тасалсан гэж буруутгасан байна.

Нэхэмжлэгч Д.П нь 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Эрчим хүчний зохицуулах хороо, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газраас хамтран зохион байгуулсан Эрчим хүчний салбарын аюулгүй байдлыг хангуулах, эрсдлээс урьдчилан сэргийлэх сургалтад суусан болох нь түүний тайлбар, гэрч И.И, Д.Навчаа нарын мэдүүлэг, цахим шууданд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Улмаар хэрэгт авагдсан 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 19/05 дугаартай захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлд Д.Пгийн гаргасан зөрчлийн талаар шалгаж, хэлэлцээгүй, зөрчил гаргагчийн тайлбар аваагүй, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах талаар шийдвэрлээгүй байна. Хэдийгэээр Д.Пгийн 4 дүгээр сарын цалин хөлсийг олгохдоо 2 өдөр ажил тасалсан гэж хасч тооцсон байх боловч хэрэгт авагдсан баримтаар түүнийг 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ажил таслаагүй, сургалтад суусан болох нь нотлогдсон тул хөдөлмөрийн гэрээний 6.2.3.11-д заасан зөрчлийг гаргасан гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийг 2019 оны 4 дүгээр сарын 18, 19-ний өдрөөс гадна 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдөр ажил тасалсан гэж цагийн бүртгэлийн гар бичмэлийг өгсөн боловч 2 дугаар сарын цалин хөлсийг хэрхэн тооцож олгосноо баримтаар нотлоогүй.

Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3.11-т Хоёр ба түүнээс дээш хоногоор хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан... бол ноцтой зөрчилд тооцохоор тохиролцсон ч энэ 2 ба түүнээс дээш өдрийг дараалсан өдрөөр тооцох, эсвэл жилийн хугацаанд нийтдээ 2 ба түүнээс дээш удаа тасалсаныг тооцох нь тодорхойгүй байхаас гадна хэрэв 1 жилийн хугацаанд дараалсан биш хоёр ба түүнээс дээш өдөр ажил таслахыг ноцтой зөрчилд тооцох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэсэн заалттай зөрчилдөж байна.

Хэдийгээр хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчилд хоёр ба түүнээс дээш өдөр ажил таслахыг тохиролцсон байх боловч энэ зөрчлийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон байна гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Иймд нэхэмжлэгчийг хөдөлмөрийн харилцааг зогсоохоор ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэхгүй тул СЭХҮТТӨҮГ-ын захирал нь ерөнхий инженер ажилтай Д.Пг ажлаас үндэслэлгүй халсан гэж дүгнэж, нэхэмжлэгчийг СЭХҮТТӨҮГ-ын ерөнхий инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулан авахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нэхэмжлэгч нь нэг сарын үндсэн цалин 1.300.000 төгрөг, нийт 5 сар ажилгүй байсан гэж 6.500.000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж заасны дагуу тооцоход 2019 оны 2 дугаар сард 1.370.000 төгрөг, 3 дугаар сард 1.345.000 төгрөг, 4 дүгээр сард 1.281.818 төгрөг, нийт гурван сарын цалин 3.996.818 төгрөг, 2 дугаар сард ажлын 17 хоног, 3 дугаар сард ажлын 20 хоног, 4 дүгээр сард ажлын 20 хоног, нийт ажлын 57 хоног байх ба нэг өдрийн цалин 70.119 төгрөг 64 мөнгө байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа 2019 оны 5 сард ажлын 12 хоног, 6 дугаар сард ажлын 20 хоног, 7 дугаар сард ажлын 20 хоног, 8 дугаар сард ажлын 22 хоног, 9 дүгээр сард ажлын 21 хоног, 10 дугаар сард ажлын 11 хоног, нийт ажлын 106 хоног, ажилгүй хугацааны цалин хөлсний олговорт 70.119 төг 64 мөн х 106 хоног = 7.432.681 төгрөг 84 мөнгийг гаргуулах үндэслэлтэй байх боловч нэхэмжлэгч нь үндсэн цалингаас тооцож 6.500.000 төгрөгийг шаардсан байх тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6.500.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй хугацааны цалин хөлс болох 6.500.000 төгрөгөөс тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэгчийн төлсөн 35.750 төгрөгийг буцаан олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 118.950 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Д.Пг СЭХҮТТӨҮГ-ын ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6.500.000 /холбогдох суутгалыг хийх/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч СЭХҮТТӨҮГ-д даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн 35.750 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 118.950 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.МӨНХЦЭЦЭГ