| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2020/0020/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/33 |
| Огноо | 2020-01-09 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2020/ШЦТ/33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Энхжин,
Улсын яллагч Ж.Энх-Амгалан,
Шүүгдэгч Э.Н , түүний өмгөөлөгч О.Оюунчимэг,
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Н-д холбогдох эрүүгийн 1809039461085 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Э.Н нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “... ” ХХК-ний захиалгын ажилтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж “... ” ХХК-ний итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө болох билетийн мөнгийг тушаахгүй, бичсэн билетэндээ анхан шатны баримт үйлдэхгүйгээр 65.395.568 төгрөгийг завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Н.О мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Э.Н нь ойролцоогоор 2014 оноос манай “... ” ХХК-ны төв байранд захиалгын ажилтнаар ажиллаж эхэлсэн. Манай байгууллага билет худалдаалахдаа үйлчлүүлэгчээс бэлнээр болон дансаар төлбөр авч харилцагч компани руу билетийн үнийг шилжүүлдэг байсан. Энэ ажиллагаа нь үйлчлүүлэгч төлбөрөө төлсний дараа харилцагч компаниудтай байгуулсан гэрээний дагуу тооцоо нийлэх замаар билетний үнийг төлдөг байсан. Э.Н үүнийг далимдуулан өөрийн болон өөрийн найзын дансыг ашиглаж, бэлнээр мөнгө авч, эрх мэдлээ урвуулан ашиглаж манай компанид их хэмжээний хохирол учруулсан. Э.Н нь дээрх мөнгийг завшихдаа өөрийн захиалгын ажилтны дугаартай рэсэвт / бэлэн мөнгөний орлогын баримт / ашиглахгүйгээр бүртгэлгүй буюу дугаарлаж кодлоогүй рэсэвт / бэлэн мөнгөний орлогын баримт / ашиглаж үлдэх хувийг устгаж харилцагч компанитай тооцоо нийлж, илэрсэн зөрүүг дараа сарын орлогоос нөхөж төлөх замаар завшиж, улмаар энэ байдал даамжирч үйлчлүүлэгчийн билетийг захиалалгүй өөрийн дансанд болон бэлнээр төлбөрийг авч үйлчлүүлэгчдийг хохироож байсан. Манай компани 2016 оноос эхлэн нягтлан бодогчгүй үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба тайлан тооцоог би гардан хийдэг байсан боловч би зарим нэг шалтгаанаар гадаад улс болон дотооддоо явахдаа санхүүгийн тамга тэмдэг, бичиг баримт компанийнхаа дансны картаа Э.Н д үлдээдэг байсан гэжээ. / хх 43-44 /
Гэрч Т.Д мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би уг дансыг 2018 оны 7 билүү 8 дугаар сараас 10 дугаар сар хүртэл Э.Н д ашиглуулж байсан. Учир нь тухайн үед бид нар хамт зусланд гардаг байснаас гадна би Япон улсын виз гаргуулах гэж хөөцөлдөж байгаа талаараа хэлээд дансны түүх сайн байвал асуудалгүй гардаг гэж байна гэж ярихад Э.Н “Та надад картаа өгчих би ажлынхаа орж гарч байгаа мөнгийг таны данс руу оруулчихаад захирал руугаа шилжүүлчихэж байя” гэж хэлэхээр нь картаа өгчихсөн байсан. Тухайн үед миний данс руу хэдэн төгрөг орж гарсныг би мэдэхгүй бөгөөд 2018 оны 10 дугаар сард Э.Н нь ахаа би ажлаасаа гарчихсан гэж хэлээд миний картыг надад буцааж өгч байсан гэжээ. / хх 55 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 031 дүгээр дүгнэлтэд:
1. ...Билет бичигч оператороор ажиллаж байсан Э.Н гийн 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 2018 оны 09 дүгээр сарын 30-ны хоорондох хугацаанд билетийн мөнгийг тушаагаагүй, мөн бичсэн билетийн анхан шатны баримтгүй 24.256.030 төгрөгийн дутагдал гаргасан байна.
2018 оны 01 дүгээр сарын 01-ээс 2018 оны 09 дүгээр сарын 30-ны хоорондох хугацаанд Н.О , Э.Н нарын гарын үсэг нь маргаантай байгаа 14.809.800 төгрөгний билетийн мөнгөний тооцоо байна.
Билет бичигч оператороор ажиллаж байсан Э.Н гийн 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 2018 оны 09 дүгээр сарын 30-ны хоорондох хугацаанд билетийн мөнгийг тушаагаагүй, мөн бичсэн билетийн анхан шатны баримтгүй 24.256.030 төгрөгийн дутагдал гаргасан байна гэжээ. / хх 95-103 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1652 дугаар дүгнэлтэнд:
1. 2018 оны 1-2 сар гэж хаягласан бор хавтаст байх “... ” ХХК-ны 029756, 005349 дугаартай бэлэн мөнгөний баримтууд. 2018 он 3-4 сар гэж хаягласан бор хавтаст байх “... ” ХХК-ны 005411 дугаартай бэлэн мөнгөний баримтад зурагдсан шинжилж буй гарын үсгүүд нь харьцуулах загварт ирүүлсэн Н.О ийн гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна гэжээ. / хх 79-88 /
Шинжээч Д.Б мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Шинжээч нь үйлдэл тогтоодоггүй ба хийсвэрлэн боддоггүй. Анхан шатны баримтан дээр нотлогдож буй зүйлийг тооцсон. Гарын үсэг нь маргаантай гэх гарын үсэг зурж бэлэн тушаасан гэх бэлнээр авч өгсөн гэх үйлдэл бүхий дутагдлыг тогтоох боломжгүй гэжээ. / хх 104-105 /
“Нийслэл аудит” ХХК-ний хараат бус баталгаажуулах ажлын тайлан / хх 106-
119 /
Дансны хуулгууд / хх 129-148 /
Э.Н гийн ажилд томилсон тушаал / хх 152 /
Шүүгдэгч Э.Н г 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 163-164 /
Шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 197 / зэрэг болно.
Шүүгдэгч Э.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тус компанид захиалгын ажилтнаар ажиллаж байхдаа иргэдийн билет захиалсан мөнгийг компанидаа тушаалгүй өөрийн өдөр тутмын амьдралдаа хэрэглэж байсан. Гарсан төлбөрийг зөвшөөрч байна. Өр төлбөрөө хашаагаа зараад төлнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Э.Н нь манай компанид билет бичигчээр 2014 онд ажилд ороод хүүхэд гаргаад эргэж орсон. 2017 оны сүүлээс миний бие гадаадад эмчилгээ хийлгэх болсонтой холбоотойгоор Э.Н нь ганцаараа ажиллах болж, санхүү болон компанийн бусад асуудлыг хариуцан ажиллах болсон. Би Солонгос улсаас 2018 оны 07 сарын 18-нд ирэхэд түүнийг ЦБ-д өгсөн байсан. Э.Н нь зорчигчоос билетийн мөнгийг аваад анхан шатны баримтыг устгаж, мөнгийг ашиглаж байсан нь нотлогдсон. 2016 оны 09 сараас эхлэн ийм байдлаар билетийн мөнгө болох 65.385.568 төгрөгийг хувьдаа ашигласан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон тул түүнээс дээрх мөнгийг гаргуулж өгнө үү. Үүнээс болоод манай компанийн хөрөнгө дансыг битүүмжилж, үйл ажиллагаа бүрэн зогссон байгаа. Хохирол нөхөн төлөх талаар удаа дараа худлаа ярьдаг. Нөхөр нь хамт амьдарч байгаа болохыг би мэднэ гэв.
Шүүгдэгч Э.Н 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд ** дүүргийн * дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “... ” ХХК-ний захиалгын ажилтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж “... ” ХХК-ны итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө болох билетийн мөнгийг тушаахгүй, бичсэн билетэндээ анхан шатны баримт үйлдэхгүйгээр 65.395.568 төгрөгийг завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Манай байгууллага билет худалдаалахдаа үйлчлүүлэгчээс бэлнээр болон дансаар төлбөр авч харилцагч компани руу билетийн үнийг шилжүүлдэг байсан. Энэ ажиллагаа нь үйлчлүүлэгч төлбөрөө төлсний дараа харилцагч компаниудтай байгуулсан гэрээний дагуу тооцоо нийлэх замаар билетны үнийг төлдөг байсан. Э.Н үүнийг далимдуулан дансаар болон бэлнээр мөнгө авч эрх мэдлээ урвуулан ашиглаж манай компанид их хэмжээний хохирол учруулсан. Би Э.Н д тамга тэмдгээ үлдээдэг байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Н.О ийн мэдүүлэг / хх 43-44 /, ...Би Япон улсын виз гаргуулах гэж хөөцөлдөөд дансны түүх сайн байвал асуудалгүй гардаг гэж байна гэж ярихад Э.Н “Та надад картаа өгчих. Би ажлынхаа орж гарч байгаа мөнгийг таны данс руу оруулчихаад захирал руугаа шилжүүлчихэж байя” гэж хэлэхээр нь картаа өгчихсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Т.Д-ний мэдүүлэг / хх 55 /, ... 2018 оны 1-2 сар гэж хаягласан бор хавтаст байх “... ” ХХК-ны 029756, 005349 дугаартай бэлэн мөнгөний баримтууд. 2018 он 3-4 сар гэж хаягласан бор хавтаст байх “... ” ХХК-ны 005411 дугаартай бэлэн мөнгөний баримтад зурагдсан шинжилж буй гарын үсгүүд нь харьцуулах загварт ирүүлсэн Н.О ийн гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1652 дугаар дүгнэлт / хх 79-88 /, ... Билет бичигч оператороор ажиллаж байсан Э.Н гийн 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 2018 оны 09 дүгээр сарын 30-ны хоорондох хугацаанд 63.321.860 төгрөгийн дутагдал гаргасан байна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 031 дүгээр дүгнэлт / хх 95-103 /, ...“***” ХХК-ний хараат бус баталгаажуулах ажлын тайлан / хх 106-119 /, ... Дансны хуулгууд / хх 129-148 /, ...Э.Н гийн ажилд томилсон тушаал / хх 152 / зэрэг болно.
Шүүхээс Э.Н г албан тушаалын байдлаа ашиглан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, их хэмжэээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн буруутай үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд түүний асрамжинд бага насны 2 хүүхэд байдаг, хохирогч нь санхүүгийн мэдлэг мэргэжилгүй хүнд компанийн бүх ажлыг хариуцуулж үлдээснээс болж мөнгө ашиглах боломж олгосон зохих буруутай зэргийг харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Н гоос 65.395.568 төгрөг гаргуулан хохирогч “... ” ХХК-д олгож, Э.Н нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурьдав.
Шүүгдэгч Э.Н нь С.О-той баталгаатай гэр бүл бөгөөд хамтран амьдарч байгаа болохоо хүлээн мэдүүлсэн тул 2010 оны 05 сарын 16-нд төрсөн хүү О.А 2015 оны 03 сарын 24-нд төрсөн охин О.А нарыг эцэг С.О-н асрамжинд үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Э.Н-г албан тушаалын байдлаа ашиглан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Э.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Э.Н гийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Э.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Э.Н гоос 65.395.568 төгрөг гаргуулан хохирогч “... ” ХХК-д олгосугай.
6. Э.Н г цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Н д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ