Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 150

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

- шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэчимэг,

- улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын Прокурор Г.Ганбулган,

-хохирогч байгууллагын төлөөлөгч Ж.Алтангэрэл,

-шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Отгонсүрэн,

-шүүгдэгч Г.Мөнхбат, Н.Мөнхчулуун, Г.Мөнх-Эрдэнэ, Н.Мөнхгэрэл нарыг оролцуулан

  Төв аймгийн Мөнгөнморьт сумын Засаг даргын Тамгын газрын иргэний танхимд нээлттэй явуулж, Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1, 203.2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Мөнхчулуун, Г.Мөнхбат, Г.Мөнх-Эрдэнэ, Н.Мөнхгэрэл нарт холбогдох Эрүүгийн 201619000022 тоот хэргийг 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр багт ам бүл 3, эцэг, эхийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Ганболдын Мөнхбат /РД:НП84030175/,

Монгол Улсын харьяат, 1982 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хорооны Их гүний 5-6 тоотод ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Мянган овогт Нямгэрэлдоржийн Мөнхчулуун /РД:СБ82111515/,

Монгол Улсын харьяат, 1986 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймгийн Мөнгөнморьт сумын Булаг 3 дугаар багийн Булаг хорооллын 16-4 тоотод ам бүл 5, эхнэр, 5 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Ганболдын Мөнх-Эрдэнэ /РД: НП86041570/,

Монгол Улсын харьяат, 1979 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны Зүүнбаян уулын 17-24 тоотод ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Мянган овогт Нямгэрэлдоржийн Мөнхгэрэл /РД:СБ79011318/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Г.Мөнхбат, Н.Мөнхчулуун нар нь бүлэглэн Ханхэнтий улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын бүсэд хамаарах Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг "Бага аргалгын нуруу" гэх газарт 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэн ховор амьтны жагсаалтад орсон 1 тооны эр баданга хүдрийг агнаж, ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээгээр 6,000,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ нь Ханхэнтий улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын бүсэд хамаарах Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг "Их аргалгын нуруу" гэх газарт 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ховор амьтны жагсаалтад орсон 1 тооны эр хүрэн баавгайг агнаж, ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээгээр 13,000,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан, мөн Г.Мөнх-Эрдэнэ нь агнасан амьтныхаа түүхий эд болох хүдрийн заар 1 ширхэг, баавгайн арьс, толгой 1 ширхэгийг өөрийн эзэмшлийн улсын дугааргүй тээврийн хэрэгслээр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Булаг 1 дүгээр багийн 16-04 тоот хашаа руу тээвэрлэсэн, шүүгдэгч Н.Мөнхгэрэл нь Ханхэнтий улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын бүсэд хамаарах Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг "Бага улаан гуна" гэх газарт 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нэн ховор амьтны жагсаалтад орсон 1 тооны эм баданга хүдрийг агнаж, ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээгээр 7,000,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүгдэгч Н.Мөнхчулуун шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй. Хавтаст хэрэгт авагдсан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг байгаа. Нэмж ярих зүйлгүй гэв.

          Шүүгдэгч Г.Мөнхбат шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй. Хавтаст хэрэгт авагдсан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг байгаа. Нэмж ярих зүйлгүй гэв.

          Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй. Хавтаст хэрэгт авагдсан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг байгаа. Нэмж ярих зүйлгүй гэв.

          Шүүгдэгч Н.Мөнхгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй. Хавтаст хэрэгт авагдсан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг байгаа. Нэмж ярих зүйлгүй гэв.

 

  Хохирогч Ш.Алтангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Ханхэнтийн улсын тусгай хамгаалалттай газар Төв аймгийн Мөнгөнморьт суманд үйл ажиллагаагаа явуулаад олон жил болж байгаа. Энд мэдээлэл сургалт сурталчилгааны төвтэй байдаг. Манай байгууллагын хэмжэнд 4 нэгжтэйгээр мэдээллийн төв ажлуулдаг. Энэ төвөөрөө дамжуулаад арван жилийн сурагчид болон ард иргэдэд экологийн боловсрол олгох үйл ажиллагааг байнга явуулж байдаг. 2014 онд бид бүрэлдэхүүнээрээ ирж Цагдаагийн байгууллагатай хамтран айл өрхүүдээр явж галт зэвсгийн судалгаа гаргасан. Энэ судалгаанд олон айл хамрагдсан боловч харамсалтай нь Байгаль орчны эсрэг гэмт хэрэг гарсан. Уг нь сурталчилгааг манайх хангалттай хийсэн гэж үзэж байна. Цаашид ард иргэд анхаарах хэрэгтэй. Ургац муу болохоор өнгөрсөн жил 2 ч удаа тусгай хамгаалалттай газар самар, жимс түүхийг хориглосон Сайдын тушаал гарсан байдаг. Тусгай хамгаалалтын бүс рүү орохыг хориглосон. Хязгаарлалтын бүсэд ордог байтал цаашаа гүн хэсэг болох хамгаалалтын бүсийг нэвтрэн орж самар, жимс түүж, ан агнасаар байсан. Ийм гэмт хэрэг цаашид дахин гарахыг хүсэхгүй байна гэв.

 

Гэрч С.Нямдорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: "..Би 2015 оны 11 сард Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Бага аргалгын нуруу, Их аргалгын нуруу, Бага улаан гуна гэх газруудад албаны ажлаар явж байгаад баавгай хүдэр алсан хүмүүсийг илрүүлж ажилласан. Тухайн газарт 4 хүн майхан барьж буудалласан байсан. Мөн УАЗ-469 машинтай явж байсан. Дээрх хүмүүсээс яагаад хүдэр баавгай агнасан талаар асуухад бид самар түүх зорилготой энэ газарт машинтай ирсэн юм. Тэгээд самар хайгаад явж байтал бургасан дотроос баавгай гарч ирээд дайрахаар нь буудсан гэж байсан, хүдрийг хоолны махгүй болсон байсан учир буудсан гэж хэлж байсан. Тухайн газарт ямар нэгэн самар бэлтгэхэд зориулсан багаж хэрэгсэл байгаагүй, самар цайруулсан гэх ул мөр огт байгаагүй" гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шинжээч Б.Түвшинбаатарын 177 дугаартай дүгнэлтэд: "...шинжилгээнд ирүүлсэн буунуудаар буудлага үйлдэнэ..." гэх дүгнэлт /хх-ийн 33-35-р хуудас/,

 

Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шинжээч Г.Цогтжаргалын 04 дугаартай дүгнэлтэд: "Шинжилгээнд ирүүлсэн толгой бүхий баавгайн арьс, мах зэрэг нь Баавгайн овгийн Баавгайн төрөлд хамаарах Хүрэн баавгайн / Ursus arctos Linnaeus, 1758/ мөн байна. Шинжилгээнд ирүүлсэн баавгайн мах гэх зүйл нь хүрэн баавгайн мах мөн болно. Шинжилгээнд ирүүлсэн толгой бүхий баавгайн арьс, мах зэрэг нь хүрэн баавгайн мөн бөгөөд тус зүйл амьтан нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад ховор зэрэглэлээр бүртгэгдсэн болно. Хүрэн баавгайн экологи-эдийн засгийн үнэлгээ нь эр бодгаль 6,500,000 төгрөг, эм бодгаль 7,500,000 төгрөг байдаг байна" гэх дүгнэлт /хх-ийн 37-39-р хуудас/,

 

Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн шинжээч Г.Цогтжаргалын 03 дугаартай дүгнэлтэд: "Шинжилгээнд ирүүлсэн хүдрийн мах, арьс, заар гэж хаягласан амьтны эд эрхтнүүд нь Бугын овгийн Хүдрийн төрөлд хамаарах Баданга хүдрийн /Моschus mosvhiferus Linnaeus, 1758/ мах, арьс, заар мөн байна. Шинжилгээнд ирүүлсэн эд эрхтнээс харахад 1 ширхэг заар байгаа нь 1 эр бодгаль байгааг гэрчлэх бөгөөд 2 дахь бодгалийн хүйсийг тогтоох боломжгүй болно. Заар гэх зүйл нь зөвхөн эр бодгальд байдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн эд эрхтэн нь баданга хүдрийнх мөн бөгөөд тус зүйл амьтан нь Амьтны аймгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн нэн ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн болно. Баданга хүдрийн экологи-эдийн засгийн үнэлгээ нь эр бодгаль 3,000,000 төгрөг, эм бодгаль 3,500,000 төгрөг байдаг байна" гэх дүгнэлт /хх-ийн 41-43-р хуудас/,

 

   -гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-02/,

-хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4, 5-7/,

-эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-13/,

-Хан хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын албаны 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаартай албан бичиг, зургийн хамт /хх-ийн 117-119-р хуудас/,

 -шүүгдэгч Н.Мөнхчулууны ял шийтгэлийн хуудсыг шалгахад “урд ял шийтгүүлж байгаагүй” гэсэн лавлагаа /хх-91/,

-шүүгдэгч Г.Мөнхбатын ял шийтгэлийн хуудсыг шалгахад “урд ял шийтгүүлж байгаагүй” гэсэн лавлагаа /хх-90/,

-шүүгдэгч Н.Мөнхгэрэлийн ял шийтгэлийн хуудсыг шалгахад “урд ял шийтгүүлж байгаагүй” гэсэн лавлагаа /хх-92/,

-шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийн ял шийтгэлийн хуудсыг шалгахад “урд ял шийтгүүлж байгаагүй” гэсэн лавлагаа /хх-93/,

 

-шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийг 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр /хх-61/ сэжигтнээр, 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр /хх-80-81/ яллагдагчаар тус тус байцаасан тэмдэглэл,

-шүүгдэгч Н.Мөнхгэрэлийг 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр /хх-63/ сэжигтнээр, 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр /хх-71/ яллагдагчаар тус тус байцаасан тэмдэглэл,

-шүүгдэгч Н.Мөнхчулууныг 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр /хх-65/ сэжигтнээр, 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр /хх-77/ яллагдагчаар тус тус байцаасан тэмдэглэл,

-шүүгдэгч Г.Мөнхбатыг 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр /хх-68/ сэжигтнээр, 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр /хх-74/ яллагдагчаар тус тус байцаасан тэмдэглэлүүд зэргийг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч Г.Мөнхбат, Н.Мөнхчулуун нар нь бүлэглэн Ханхэнтий улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын бүсэд хамаарах Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг "Бага аргалгын нуруу" гэх газарт 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэн ховор амьтны жагсаалтад орсон 1 тооны эр баданга хүдрийг агнаж, ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээгээр 6,000,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч Н.Мөнхгэрэл нь Ханхэнтий улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын бүсэд хамаарах Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг "Бага улаан гуна" гэх газарт 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нэн ховор амьтны жагсаалтад орсон 1 тооны эм баданга хүдрийг агнаж, ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээгээр 7,000,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг , шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ нь Ханхэнтий улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын бүсэд хамаарах Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг "Их аргалгын нуруу" гэх газарт 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ховор амьтны жагсаалтад орсон 1 тооны эр хүрэн баавгайг агнаж, ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээгээр 13,000,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:  Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шинжээч Б.Түвшинбаатарын 177 тоот дүгнэлт, шинжлэх ухааны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шинжээч Г.Цогтжаргалын 04 тоот дүгнэлт, Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн шинжээч Г.Цогтжаргалын 03 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, Хан хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын албаны 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаартай албан бичиг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7, 15-16, 20/, гэрч Б.Батчулууны мэдүүлэг, гэрч С.Нямдоржийн мэдүүлэг, хохирогч Ш.Алтангэрэл, шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ, Г.Мөнхчулуун, Н.Мөнхбат, Н.Мөнхгэрэл нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байх тул шүүгдэгч Г.Мөнхбат, Н.Мөнхчулуун, Н.Мөнхгэрэл нарыг Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн 203.2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ, Г.Мөнхбат, Н.Мөнхчулуун, Н.Мөнхгэрэл нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, бүлэглэж машин механизм ашиглан гэмт хэрэг үйлдсэнг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Мөнхбат, Н.Мөнхчулуун нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлооо бүрэн төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү гэх, шүүгдэгч Г.Мөнх-эрдэнэ, Н.Мөнхгэрэл нар нь бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдлууаагүй байгаа боловч боломжийн хирээр төлж байгаа байдал, ар гэр хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Г.Мөнх-эрдэнэд баривчлах ялын доод хэмжээг, шүүгдэгч Н.Мөнхгэрэлд хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтүүдийг тус тус хүлээн авах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

     Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн баавгайн арьс, толгой, 2,480 кг хүдрийн мах, 4,640 кг баавгайн мах, хүдрийн заар, хүдрийн арьсны тасархай зэргийг 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор устгасан болохыг дурьдах,

 

Мөн 110,5 см гол төмрийн урттай 32349 замагны дугаартай, 15427 гэсэн дугаартай гол төмөр 5,6 мм калибртай, 85 см урттай, бор хүрэн өнгийн оосортой бор шаргал өнгийн суурь модон бэхэлгээтэй харааны самбарын хуваарь 250 м 1954 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн ТОЗ-8 загварын винтов буу 1 ширхэг, нийт 108,5 см урттай, гол төмөр СССР гэсэн тэмдэглэгээтэй гол төмрийн дугаар п108, замаг 34915 дугаартай, хүхээг нь 2761 дугаартай гол төмөр 8,2 мм калибрьтай 83 мм урттай үзмэн ягаан өнгийн хүрээтай, хар өнгийн оосортой, бор өнгийн суурь модон бэхэлгээтэй харааны самбарын хуваарь ЗООм, ЗХУ-д үйлдвэрлэгдсэн Мосин загварын карбин буу 1 ширхэг тус тус цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгөх,

шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ, Г.Мөнхбат, Н.Мөнхчулуун, Н.Мөнхгэрэл нар нь  цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

 

Хохирлын талаар:

Хохирогч байгууллагын төлөөлөгч Ж.Алтангэрэл 26 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүгдэгч Н.Мөнхчулуун нь 3 000 000 төгрөгийг, Н.Мөнхгэрэл нь 2 000 000 төгрөгийг, шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ нь 440 000  төгрөгийг, шүүгдэгч Г.Мөнхбат нь 3 000 000  төгрөгийг тус тус төлсөн байна. Үлдэх 17 550 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас  Н.Мөнхгэрэлийн нэр хөрөнгөөс 5 000 000 төгрөгийг, Г.Мөнх-Эрдэний нэр хөрөнгөөс 12 560 00 төгрөгийг тус тус гаргуулах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Ганболдын Мөнхбат, Мянган овогт Нямгэрэлдоржийн Мөнхчулуун, Боржигон овогт Ганболдын Мөнх-Эрдэнэ,  Мянган овогт Нямгэрэлдоржийн Мөнхгэрэл нарыг ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийг 3 / гурав / сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн 203.2 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мөнхбат, Н.Мөнхчулуун, Н.Мөнхгэрэл нарыг 3 / гурав / жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Мөнхбат, Н.Мөнхчулуун, Н.Мөнхгэрэл  нарт оногдуулсан 3 / гурав / жил, 10 / арав / хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 3 / гурав / сар 10 / арав / хоногийн хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгасугай.

5. Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Мөнхбат, Н.Мөнхчулуун нарт оногдуулсан 3 / гурав / жил, 10 / арав / хоногийн хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж хянан харгалзсугай.

6. Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Мөнхбат, Н.Мөнхчулуун нарт хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн цагдаагийн газарт даалгасугай.

7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар Г.Мөнхбат, Н.Мөнхчулуун нар нь тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг шүүгдэгч нарт тус тус мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн баавгайн арьс, толгой, 2,480 кг хүдрийн мах, 4,640 кг баавгайн мах, хүдрийн заар, хүдрийн арьсны тасархай зэргийг 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор устгасан болохыг дурьдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 110,5 см гол төмрийн урттай 32349 замагны дугаартай, 15427 гэсэн дугаартай гол төмөр 5,6 мм калибртай, 85 см урттай, бор хүрэн өнгийн оосортой бор шаргал өнгийн суурь модон бэхэлгээтэй харааны самбарын хуваарь 250м 1954 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн ТОЗ-8 загварын винтов буу 1 ширхэг, нийт 108,5 см урттай, гол төмөр СССР гэсэн тэмдэглэгээтэй гол төмрийн дугаар п108, замаг 34915 дугаартай, хүхээг нь 2761 дугаартай гол төмөр 8,2 мм калибрьтай 83 мм урттай үзмэн ягаан өнгийн хүрээтай, хар өнгийн оосортой, бор өнгийн суурь модон бэхэлгээтэй харааны самбарын хуваарь ЗООм, ЗХУ-д үйлдвэрлэгдсэн Мосин загварын карбин буу 1 ширхэг тус тус цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгөхийг шүүгчийн туслах Ш.Амарбаярт даалгасугай.

10. Ялтан Г.Мөнх-Эрдэнэ, Н.Мөнхгэрэл нар нь цагдан хоригдсон хоноггүй ялтан Г.Мөнх-эрдэнэ, Н.Мөнхгэрэл нат авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

11. Г.Мөнхбат, Н.Мөнхчулуун нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт иргэний баримт бичиг ирээгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Г.Мөнхбат, Н.Мөнхчулуун нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Г.Мөнх-Эрдэний эзэмшлийн улсын дугааргүй УАЗ-469 маркын тээврийн хэрэгслийг 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр битүүлжилсэн тогтоолыг хэвээр үлдээж улсын орлого болгосугай.

13. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Мөнхгэрэлийн нэр хөрөнгөөc 5 000 000 төгрөгийг, Г.Мөнх-Эрдэний нэр хөрөнгөөс 12 560 000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгож, шүүгдэгч  Н.Мөнхчулуун 3 000 000 төгрөгийг, шүүгдэгч Г.Мөнхбат 3 000 000 төгрөгийг,  , шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ нь 440 000  төгрөгийг тус тус төлсөн болохыг дурьдсугай,

 

14. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

15. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Г.Мөнх-Эрдэнэ, , Н.Мөнхгэрэл  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг , ялтан Г.Мөнхбат, Н.Мөнхчулуун нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ю.ЭНХМАА