Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2020/00504

 

О.Ё-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2019/01561 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2041 дүгээр магадлалтай,

О.Ё-ийн нэхэмжлэлтэй,

У” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч А.Энхмэндийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Чинхүсэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цээпилмаа, Б.Хулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч О.Ё шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Чинхүсэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Ё 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “У” ХХК-тай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулан Хан-Уул салбарын захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан ба гэрээний 3.2.1-д хөдөлмөрийн гэрээний хугацаа нэг жил байна, 3.3-т талуудын аль нэг талаас гэрээг цуцлах талаар санал гаргаагүй бөгөөд ажилтан нь ажлын байранд ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү гэрээг анх заасан хугацаагаар адил нөхцөлтэйгөөр сунгагдсанд тооцно гэж тус тус заасан.

Талуудын хэн аль нь гэрээг цуцлах талаар ямар нэгэн санал гаргаагүй учраас нэг жилийн хугацаагаар гэрээ сунгагдсан гэж үзэн, ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан. Банкны удирдлагын зүгээс 2018 оны 12 сард дуудаж 2018 оны 11 сарын 06-ны өдрөөс 2019 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл 8 сарын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуул, эсвэл ажлаа өг хэмээн тулган шаардсан тул аргагүй байдалд орж 2018 оны 12 сарын 13-ны өдөр гэрээнд гарын үсэг зурсан.

Гэтэл уг хөдөлмөрийн гэрээ нь 2018 оны 11 сарын 06-ны өдөр дахин нэг жилээр сунгачихсан гэрээ байсан бөгөөд сүүлд гарын үсэг зурсан гэрээнд О.Ёийн хүсэл зориг байгаагүй.

2019 оны 06 сарын 28-ны өдрийн Б/429 тоот Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох тухай гүйцэтгэх захирлын тушаалаар талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ба уг тушаалыг О.Ё 2019 оны 07 сарын 03-ны өдөр гардаж авсан байдаг.

Хариуцагч байгууллага хэвийн ажил үүргээ гүйцэтгэж байгаа ажилтныг үндэслэлгүйгээр ажил үүргээс нь чөлөөлөхийн тулд 8 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээг нөхөж байгуулсан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Мөн “У” ХХК нь О.Ётай салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч буюу туршилтын хугацааны хөдөлмөрийн гэрээг 1 жил, 8 сар сарын хугацаагаар ажиллуулж, албан тушаалын цалингийн 70 хувиар тооцон цалинжуулж байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн бөгөөд тус хугацаанд албан тушаалын цалинг 100 хувиар нь тооцон олгох байсан.

О.Ё 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл буюу 7 дугаар сард 23 хоног, 8 дугаар сард 22 хоног, 9 дүгээр сард 13 хоног, нийт ажлын 58 хоног ажилгүй байсан бөгөөд 1 сарын 2 274 000 төгрөг буюу нэг өдрийн дундаж цалин 108 285 төгрөг юм. Үүнийг ажилгүй байсан 58 хоногт тооцоход 6 280 571 төгрөг болж байна.

Иймд О.Ёийг ажил, албан тушаалд нь эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 6 280 571 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батжаргал, Э.Цээпилмаа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Ёийг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн гүйцэтгэх захирлын Б/635 тоот тушаалаар ажилд томилж мөн өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба хөдөлмөрийн гэрээний 3.1-д гэрээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 06 хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан. Уг гэрээг талууд дахин 8 сарын хугацаатай сунгасан бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн гүйцэтгэх захирлын Б/429 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг үндэслэн цуцалсан.

Орон тооны онцлогтой холбогдуулан энэ гэрээний хугацаа дууссан. Тэгэхээр нэхэмжлэгч нь хохирсон, буруу халагдсан зүйлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2019/01561 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “У” ХХК-д холбогдох ажил албан тушаалдаа буцаан томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч О.Ёийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч О.Ё нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2041 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2019/01561 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “У” ХХК-аас 9 519 068 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Ёт олгож, олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл тооцож холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг “У” ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч А.Энхмэнд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Тус хэргийг хянан шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.18-ны өдрийн 1561 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулсан Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2041 дугаар магадлалыг эс зөвшөөрч доорх үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

Нэг. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2041 дүгээр магадлалд “...Захиргаа, ажилтны аль нэг нь гэрээний хугацааг цааш сунгахгүй тухайгаа гэрээний хугацаа дуусахын өмнө мэдэгдэнэ гэж заасны дагуу ажилтанд мэдэгдэл хүргүүлээгүй байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээг 1 жилийн хугацаагаар сунгагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнээгүй” гэжээ. Мөн “О.Ёийн ... хүсэлтэд ... туршилтын хугацааг сунгаж туршиж ажиллуулахыг хүлээн зөвшөөрч байна” гэж бичсэнээс дүгнэвэл хөдөлмөрийн гэрээний хугацааг богиносгох гэрээний санал гаргасан, хүсэл зориг илэрхийлсэн гэж дүгнэхгүй юм” гэж дүгнэжээ.

Шүүхийн дүгнээгүй нэг асуудал нь ажилтан О.Ёийн хүсэлт нь зөвхөн түүний хүсэл зоригийг илэрхийлээд зогсохгүй, шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан явдал юм. Өөрөөр хэлбэл давж заалдах шүүх ажилтны хүсэлт дэх хүсэл зориг тодорхойгүй, хөдөлмөрийн гэрээний хугацаагаа “богиносгох” хүсэлт биш байна гэх боловч ажилтан уг хүсэлтийнхээ дагуу хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан байгаа нь түүний хүсэл зориг илэрхийлэгдсэн, хэлцэл хийгдсэн болохыг шүүх харгалзаж үзээгүй. Энэ байдал нь Иргэний хуулийн 42.2 дахь хэсэгт заасан бичгээр хийх хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 23.1 дэх хэсэг, 23.2.3 дахь заалтад заасан хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах зэрэг зохицуулалтыг хэрэглээгүй буюу буруу тайлбарласан гэж үзэхээр байна.

Мөн 1 харилцааг давхардуулан зохицуулсан 2 бичгэн хэлцэл байх боломжгүй, 2 дахь хэлцэл нь агуулгын хувьд өмнөх хэлцлийг өөрчлөх буюу шинээр тохиролцож байгаа нь илэрхий байгаа зэргийг давж заалдах шатны шүүх анхаараагүй, мөн хэлцэлд оролцогч нь өөрийн хүсэж гарын үсэг зурсан хэлцлийг хожим “таалагдахгүй” байна гэх үндэслэлээр хүсэл зоригоосоо татгалзах боломжтой гэх байдлаар тайлбарлаж байна.

Түүнчлэн Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс УБХБ-ны гүйцэтгэх захирлын 2019.06.28-ны өдрийн Б/429 дугаар тушаалыг хуульд нийцээгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

О.Ёийг 2017.11.06-ны өдрийн гүйцэтгэх захирлын Б/635 тоот тушаалаар ажилд томилж мөн өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба хөдөлмөрийн гэрээний 3.1-т гэрээний хугацааг 2017.11.06-2018.11.06 хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан ба хариуцагч О.Ёийн хүсэлтийн дагуу талууд гэрээний хугацааг 8 сарын хугацаатай сунгасан бөгөөд 2019.06.28-ны өдрийн гүйцэтгэх захирлын Б/429 тоот тушаалаар Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2.2, 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтуудыг үндэслэн цуцалсан.

Хоёр. Давж заалдах шатны шүүхээс мөн дуусгавар болсон, шинэ хэлцлээр өөрчлөгдсөн гэрээг үндэслэн Унаас 9 519 068 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 12 дугаар сарын 06-ны өдрийн 2041 дугаар магадлалд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.18-ны өдрийн 1561 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээх тухай өөрчлөлтийг оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч О.Ёийг “У” ХХК-ийн Хан-Уул салбарын захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхад нь Гүйцэтгэх захирлын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/429 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3.-т зааснаар ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэх үндэслэлээр ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул ажил ологчийн шийдвэр хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас 9 519 068 төгрөгийг гаргуулан олгож, олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл тооцож, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо. “...давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ...нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үндэслэл бүхий үнэлээгүй...” гэх үндэслэл зааж, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

“У” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/535 дугаартай тушаалаар нэхэмжлэгч О.Ёийг Уны Хан-Уул салбарын захирлын үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалд томилж, 2017 оны 11 дүгээр арын 06-наас 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.

Гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр зохигч №Т-290 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээний хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаагаар нөхөж байгуулсан үйл баримт тогтоогджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.-т зааснаар хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно.

 Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан гэрээний хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дуусгавар болоход ажилтан ажил үүргээ гүйцэтгэсээр байсан, ажил олгогч цуцлах санал тавиагүй тул гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж дүгнэн, гэрээний хугацаа өнгөрснөөс хойш талуудын нөхөж байгуулсан гэрээг ажилтны хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэхгүй гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн байна.

Иймд давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй боловч давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулалгүй орхигдуулсан алдаа гаргасан байх тул хяналтын шатны шүүхээс алдааг засч, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Уийг Хинд нэгтгэснийг 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь Хны Улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэгдсэн байх тул хариуцагчийг Х гэж нэрлэснийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2041 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...болгосугай” гэснийг “...болгож,” гэж өөрчлөн, шийдвэрийн 2 дахь заалтын “...хуулийн” гэсний дараа 7 дугаар зүйлийн 7.1.1.” гэж нэмж,  “...дурдсугай” гэснийг “...дурдаж,  хариуцагч “У” ХХК /“Х” ХХК/-иас 167 255 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч А.Энхмэндийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 167 256 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД