Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 01561

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороолол хотхон, 16 дугаар байрны 1203 тоотод оршин суух, Хөтчин овогт Одонжилын О.Ё г ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын гудамж, 11 хаягт оршин байрлах, У ХХК  /-т холбогдох,

 

“Ажил албан тушаалдаа буцаан томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Чинхүсэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Бадамцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батжаргал, Э.Цээпилмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч О.Ё г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр У ХХК-тай №Ү-255 тоот дугаартай Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулан Хан-Уул салбарын Захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан.

2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 3.2.1-д “Хөдөлмөрийн гэрээний хугацаа нэг жил байна” гэж заасан мөн гэрээний 3.3-т “Талуудын аль нэг талаас гэрээг цуцлах талаар санал гаргаагүй бөгөөд ажилтан нь ажлын байранд ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү гэрээг анх заасан хугацаагаар адил нөхцөлтэйгээр сунгагдсанд тооцно” гэж заасан байдаг. Банк болон миний зүгээс гэрээг цуцлах талаар ямар нэгэн санал гаргаагүй учраас нэг жилийн хугацаагаар гэрээ сунгагдсан гэж үзэн, ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан.

Банкны удирдлагын зүгээс 2018 оны 12 сард намайг дуудаж 2018 оны 11 сарын 06-ны өдрөөс 2019 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл 8 сарын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуул, эсвэл ажлаа өг хэмээн тулган шаардсан тул аргагүй байдалд орж 2018 оны 12 сарын 13-ны өдөр гарын үсэг зурсан. Гэтэл уг хөдөлмөрийн гэрээ нь 2018 оны 11 сарын 06-ны өдөр дахин нэг жилээр сунгагдчихсан гэрээ байсан бөгөөд сүүлд гарын үсэг зурсан гэрээ нь миний хүсэл зориг байгаагүй, миний нөхцөл байдлыг дордуулсан гэрээнд надаар шахаж арын үсэг зуруулсан.

Гэтэл Хариуцагчийн зүгээс талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэсэн үндэслэлээр 2019 оны 06 сарын 28-ны өдрийн Б/429 тоот “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох тухай” гүйцэтгэх захирлын тушаал гаргаж, уг тушаалыг миний бие 2019 оны 07 сарын 03-ны өдөр гардаж авсан байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах талаар хуульчилсан байдаг ч ажил олгогч тал хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, мөн хэвийн ажил үүргээ гүйцэтгэж байгаа ажилтныг үндэслэлгүйгээр ажил үүргээс нь чөлөөлөхийн тулд 8 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээг нөхөж байгуулсан байгаа нь хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн.

Мөн талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 3.1-д “Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байхаар тохиролцсон” гэж заасан байна. Хэрвээ талууд харилцан тохиролцож хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах тохиолдолд хөдөлмөрийн гэрээний үргэлжлэх хугацааг хуанлийн он, сар, өдрөөр, эсхүл жил, улирал, сараар, үйл явдлаар тодорхойлохоос гадна, мөн тухайн шаардлага, шалтгааныг, талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгасан /Монгол улсын дээд шүүхийн 2006 оны 07 сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай №33 тогтоол/ байхыг шаарддаг ч энэ гэрээнд ямар нэгэн үндэслэл дурьдаагүй байна.

Иймээс У ХХК нь байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай хуулийн шаардлагыг биелүүлээгүйгээс гадна ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан гэрээг нөхөн байгуулж, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчсөн байна.

Хоёр. Мөн У ХХК нь О.Ё гтай салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч буюу туршилтын хугацааны хөдөлмөрийн гэрээг 1 жил, 8 сар сарын хугацаанд туршилтын хугацаагаар ажиллуулж, албан тушаалын цалингийн 70 хувиар тооцон цалинжуулж байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 231.2-т “Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд туршилтын хугацаа гурван сар хүртэл байна” гэснийг зөрчсөн бөгөөд мөн хуулийн 231.3.-т “Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг заагаагүй бол ажилтныг туршилтын хугацаагүйгээр ажилд авсанд тооцно.” гэснээс үзвэл тус хугацаанд албан тушаалын цалинг 100 хувиар нь тооцон олгох байсныг зөрчиж хохироосоор ирсэн байна.

Иймд үндэслэлгүйгээр халагдсан О.Ё гийг ажил, албан тушаалд нь эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт тасалдсан хугацааны бичилтийг нөхөн бичилтийг хийлгэж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч О.Ё г нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр У ХХК-ийн Хан-Уул дүүргийн салбарын захирлаар ажиллаж эхэлсэн. Ингээд 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр У ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тухайн хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд үүний дагуу нэхэмжлэгч нь гомдол, зөрчилгүй ажиллаж байсан. Ингээд гэрээнд заасны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ажилласан. Гэрээний хугацаа дуусахад талуудаас гэрээг цуцлах хүсэлт ирээгүй бөгөөд гэрээнд гэрээний хугацаа дуусахад хэрэв аль нэг талаас ийм санал гаргаагүй бол гэрээг дахин 1 жилээр сунгахаар заасан байдаг. Ингээд нэхэмжлэгч нь өөрийнхөө гэрээг сунгагдсан, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ажиллана гэж бодоод ажиллаж байсан. Хан-Уул дүүргийн ажил албан тушаал нь хүнд ажил байсан боловч ямар зөрчилгүй, сахилгын шийтгэл авч байгаагүй. 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс ажиллаж байхад 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр У ХХК-ийн удирдлагууд О.Ё гийг дуудаж уулзсан бөгөөд ингэхдээ гэрээг цуцлах талаар тайлбарласан байдаг. Ингэхэд нь нэхэмжлэгч би 2 хүүхэдтэй, цалингийн зээлтэй учраас ажлаас гарах боломжгүй байна гэхэд тийм бол чиний гэрээг 7 сарын хугацаатай байгуулна гэж хэлсэн. Ингэхэд нь нэхэмжлэгч татгалзсан боловч удирдлагаас хэрэв үүнийг зөвшөөрөхгүй бол чамайг ажлаас чинь чөлөөлнө гэсэн байдлаар гэрээнд гарын үсэг зуруулсан. Ингээд уг 7 сарын хугацаатай гэрээ дуусахад нэхэмжлэгчийг гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Цалингийн хэмжээг тооцоолохдоо ажил албан тушаалд буцаан томилох шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах хүсэлтэй байгаа. Өмнөх шүүх хуралдаанд бид цалингийн хэмжээг 2,166,000 төгрөг гэж буруу тооцоолсон байсан. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага нь ажилд албан тушаалд буцаан томилуулах, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин гаргуулахаар нэхэмжилж байгаа. Үүнд 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл буюу 7 дугаар сард 23 хоног, 8 дугаар сард 22 хоног, 9 дүгээр сард 13 хоног, нийт ажлын 58 хоног байгаа. О.Ё гийн цалин нь сарын 2,274,000 төгрөг байдаг. Өөрөөр бол ажлын 21 хоногт хуваахад өдрийн цалин нь 108,285 төгрөг. Үүнийг түүний ажилгүй байсан 58 хоногт тооцоход 6,280,571 төгрөг болж байгаа. Бусад шаардлагын хувьд өмнөх шүүх хуралдаанд гаргасан тайлбараа дэмжиж байгаа” гэв.

 

Хариуцагч У ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батжаргал, Э.Цээпилмаа нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “О.Ё гийг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн гүйцэтгэх захирлын Б/635 тоот тушаалаар ажилд томилж мөн өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба хөдөлмөрийн гэрээний 3.1-д гэрээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 06-2018 оны 11 дүгээр сарын 06 хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан. Уг талууд дахин 8 сарын хугацаатай сунгасан бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн гүйцэтгэх захирлын Б/429 тоот тушаалаар Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтуудыг үндэслэн цуцалсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар “... хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай” байгуулж болохоор заасныг үндэслэн мөн хөдөлмөрийн гэрээний 3.1-д зааснаар банкны дотоод журам, банкны үйл ажиллагааны онцлогийг харгалзан талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан болно.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. О.Ё гтай байгуулсан гэрээг Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг үндэслэн байгуулсан. Ингээд талуудын хооронд байгуулсан хүчинтэй хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгах боломжгүй болсон байгаа. Орон тооны онцлогтой холбогдуулан энэ гэрээний хугацаа дууссан. Тэгэхээр нэхэмжлэгч нь хохирсон, буруу халагдсан зүйлгүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч О.Ё г нь хариуцагч У ХХК-д холбогдуулан “Ажил албан тушаалдаа буцаан томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Нэхэмжлэгч О.Ё г нь У ХХК-ийн Хан-Уул салбарын захирлын үүрэг гүйцэтгэгчээр 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан байх бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад “Улаанбаатар хотын банк”-ны гүйцэтгэх захирлын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/429 дүгээр тушаалаар О.Ё гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Ү-255 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Т-290 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”, Улаанбаатар хотын банкны гүйцэтгэх захирлын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/429 дүгээр тушаал зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 9-13, 14-18 дугаар тал/ 

 

            Улаанбаатар хотын банкны гүйцэтгэх захирлын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/429  дүгээр “хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох” тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2.2, 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг үндэслэл болгожээ.

 

            Ажил олгогч нь О.Ё гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаалын үндэслэлээ “...Улаанбаатар хотын банкны Хан-Уул салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч Одонжилийн О.Ё гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дуусаж цаашид сунгагдахгүй болсон тул хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгосугай” гэж нэхэмжлэгч О.Ё гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Гэрээний хугацаа дуусахад талуудаас гэрээг цуцлах хүсэлт ирээгүй бөгөөд гэрээнд гэрээний хугацаа дуусахад хэрэв аль нэг талаас ийм санал гаргаагүй бол гэрээг дахин 1 жилээр сунгахаар заасан байдаг. Ингээд нэхэмжлэгч нь өөрийнхөө гэрээг сунгагдсан, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ажиллана гэж бодоод ажиллаж байсан.

2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш ажиллаж байхад 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр У ХХК-ийн удирдлагууд О.Ё гийг дуудаж уулзсан бөгөөд ингэхдээ гэрээг цуцлах талаар тайлбарласан байдаг. Ингэхэд нь нэхэмжлэгч би 2 хүүхэдтэй, цалингийн зээлтэй учраас ажлаас гарах боломжгүй байна гэхэд тийм бол чиний гэрээг 7 сарын хугацаатай байгуулна гэж хэлсэн. Ингэхэд нь нэхэмжлэгч татгалзсан боловч удирдлагаас хэрэв үүнийг зөвшөөрөхгүй бол чамайг ажлаас чинь чөлөөлнө гэсэн байдлаар гэрээнд гарын үсэг зуруулсан. Ингээд уг 7 сарын хугацаатай гэрээ дуусахад нэхэмжлэгчийг гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн...” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...О.Ё гийг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн гүйцэтгэх захирлын Б/635 тоот тушаалаар ажилд томилж мөн өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба хөдөлмөрийн гэрээний 3.1-д гэрээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 06-2018 оны 11 дүгээр сарын 06 хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан. Уг талууд дахин 8 сарын хугацаатай сунгасан бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн гүйцэтгэх захирлын Б/429 тоот тушаалаар Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтуудыг үндэслэн цуцалсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар “... хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай” байгуулж болохоор заасныг үндэслэн мөн хөдөлмөрийн гэрээний 3.1-д зааснаар банкны дотоод журам, банкны үйл ажиллагааны онцлогийг харгалзан талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан болно...” гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч О.Ё г ажлаас чөлөөлсөн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/429 дүгээр тушаалд гомдлоо 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан хугацааны дотор гаргасан гэж үзнэ.

 

Талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд хөдөлмөрийн гэрээтэй холбоотой маргааны талаарх гомдлыг харьяалан шийдвэрлэх субъект, гомдол гаргах хугацааг Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан зохицуулсан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д “ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор батлагдсан норм, үнэлгээ сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг байнгын ажлын байр” гэж тодорхойлсон байх бөгөөд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар, 23.2.2-т дээр дурдсан хугацаагүй байгуулах хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулахаар заасан байна.

 

Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байх боломжтой бөгөөд хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулдаг байна.

 

Нэхэмжлэгч О.Ё г нь Улаанбаатар хотын банкны Хан-Уул салбарын захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан нь ажил олгогч болон ажилтны хооронд байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Ү-255 дугаар хөдөлмөрийн гэрээ болон 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн т-290 дугаартай хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байна. /хх-ийн 9-13, 14-18 дугаар тал/

 

2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Т-290 дугаартай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан талаар ажилтан тухайн үед маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч О.Ё гийн ажиллах Улаанбаатар хотын банкны Хан-Уул салбарын захирлын албан тушаал нь байнгын ажлын байр боловч О.Ё г нь салбарын захирлын үүрэг гүйцэтгэгчээр 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ажил олгогч, ажилтны хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд гэрээний хугацааг “2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл” гэж зааж, талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурснаар гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар хүчин төгөлдөр болсон тул байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахаар талууд тохиролцсон гэж үзнэ.     

 

            Дээрх 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн гэрээний хугацааг талууд 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дуусахаар тохиролцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2.2-т заасан зохицуулалтад нийцжээ.

 

Ажил олгогч нь Улаанбаатар хотын банкны Хан-Уул салбарын захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажилтантай хугацаатай хөдөлмөрийн байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.2.2 дахь заалтыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг өөрийн хүсэл зоригоор байгуулаагүй, хүчээр гарын үсэг зуруулсан, мөн өмнөх хөдөлмөрийн гэрээний хугацаа үргэлжилж байсан гэх боловч хэрэгт авагдсан 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн нэхэмжлэгч О.Ё гийн Захиргаа хүний нөөцийн газарт гаргасан өргөдөлдөө 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаагаар туршилтын хугацааг сунгаж, туршиж ажиллуулахыг хүлээн зөвшөөрч байгаа талаар өргөдөл гаргасан нь баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч дээрх тайлбараа баримтаар нотлоогүй ба хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т ”зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж  тус тус зохицуулжээ.

 

Зохигчид эдгээр эрх, үүргийн дагуу нотлох баримтыг өөрсдөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээдэг.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.

 

   Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т “Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор заажээ.

 

Ажил олгогч У ХХК нь ажилтан О.Ё гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “талууд хөдөлмөрийн гэрээг хугацаатай буюу хугацаагүй байгуулж болно” гэж,  мөн хуулийн  37 дугаар зүйлийн 37.1.3-т “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэж хуульд заасан үндэслэлээр дуусгавар болгосон байх ба ажил олгогч буюу хариуцагч У ХХК-ний гүйцэтгэх захирлын Б/429 дугаартай тушаалыг хууль зөрчиж гарсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Т-290 дугаар хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дууссан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэж заажээ.

 

Ажил олгогч ажил хүлээлцэх хугацааг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байхаар тогтоосон байх тул энэ өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч О.Ё гийн хариуцагч У ХХК-д холбогдуулан гаргасан “Ажил албан тушаалдаа буцаан томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч У ХХК-д холбогдох “Ажил албан тушаалдаа буцаан томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэгч О.Ё гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч О.Ё г нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

           

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              И.АМАРТӨГС