Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
Хэргийн индекс | 181/2016/01337/и |
Дугаар | 181/ШШ2017/02402 |
Огноо | 2017-09-27 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 181/ШШ2017/02402
2017 оны 09 сарын 27 өдөр | Дугаар 181/ШШ2017/02402 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанааар,
Нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М ХХК /РД:/-д холбогдох
2015 оны 5,10,11 дүгээр сарын цалин олговорт 2.400.000 төгрөг гаргуулж, 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.У, хариуцагчийн төлөөлөгч Н.Э, Э.Э, гэрч Л.Э, нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Б миний бие 2015 оны 4 дүгээр сарын 01-нйй өдрөөс эхлэн сарын 800 000 төгрөгийн цалинтай ажиллахаар тохиролцон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Ажил олгогчийн зүгээс ажилд томилсон тушаал байхгүй, гаргаагүй гэдэг.
М ХХК нь ажилчдын цалингаа тогтмол өгдөггүй, цалин дутуу боддог, цалингаас нийгмийн даатгалын шимтгэл суутган авдаг байсан ч дэвтэрт бичилт хийдэггүй зэрэг зөрчлүүдийг байнга гаргадаг байсан. Ажилчдын зүгээс нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг шаарддаг байсан боловч компанийн удирдлагын зүгээс удахгүй төлнө гэсээр өнөөдрийг хүрсэн.
Ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй бөөгнөрүүлсэний улмаас М ХХК нь Ц.Э нартай хамтран ажиллах гэрээ хийж олсон орлогын цэвэр ашгийн тодорхой хувийг компанийн ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр ажиллаж байсан. 2016 оны 4 дүгээр сард М ХХК-ийн удирдлага нь өөрчлөгдсөн
Д.Б нь 2015 оны 12 дугаар сард жирэмсний амралтаа авч 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр охиноо төрүүлсэн одоо жирэмсний дараах амралттай байна. Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгээгүйн улмаас жирэмсний өмнөх болон амаржсаны дараах тэтгэмжээ авч чадаагүй хохирсон.
Иймд 2015 оны 5,10,11 дүгээр сарын цалин 2 400 000 төгрөг гаргуулж, 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Д.Б нь М ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 800.000 төгрөгийн цалинтай ажиллахаар тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж байгаа боловч ажил олгогчид түүнийг томилсон тушаал байхгүй байх тул түүнийг яг хэзээнээс ажиллаж эхэлснийг тогтоох боломжгүй байна.
Д.Б нь тус компанид тодорхой хугацаагаар ажиллаж байсныг үгүйсгэхгүй бөгөөд ажиллаж байх хугацаандаа тодорхой хэмжээний цалин авч байсан ч хөдөлмөрийн гэрээ байгуулж нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан удаагүй, тэр тухай баримт М ХХК-д байхгүй байна.
Д.Б нь 2014, 2015 онуудад Ногоолингранд ХХК-д ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан тухай баримт хэрэгт ирсэн байгаа, мөн 2015 онд М ХХК-иас тодорхой хэмжээгээр цалин авч байсан тэгэхээр М ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй нь нотлогдож байгаа юм. Д.Б нь одоо жирэмсний амралттай гэж байгаа боловч манай байгууллагад жирэмсний амралтаа авах тухай ямар ч өргөдөл хүсэлт өгч байгаагүй, хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байгаагүй, хөлсөөр ажиллаж байсан юм.
Одоо Д.Б 2015 оны 5, 10, 11 дүгээр саруудад цалин хөлс аваагүй гэж нэхэмжлэл гаргасан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасны дагуу Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа ажилтныг нийгмийн даатгалд хамруулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийх үүргийг ажил олгогчид ногдуулдаг. Компани болон нэхэмжлэгчийн хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй байх тул нийгмийн даатгалыг цалингаас суутган төлөх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийх үүрэг компанид үүсээгүй.
Иймд Д.Бийн тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дээр дурьдсан үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд гэрч Л.Эийн мэдүүлгийг сонсов.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Нэхэмжлэгч Д.Б нь М ХХК-д холбогдуулан 2015 оны 5,10,11 дүгээр сарын цалин 2 400 000 төгрөг гаргуулж, 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Д.Бтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж маргажээ.
Ажил олгогч М ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.-т заасны дагуу ажилтан Д.Бтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүргээ биелүүлээгүй боловч түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох үүргээ биелүүлж байсан болох нь зохигчийн тайлбар, цалин авч байсан Д.Бийн 5021291294 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, Д.Бийн 2015 оны 4,6-9, 2016 оны 2 дугаар сарын цалингийн тооцооны хүснэгт, гэрч Л.Э, С.Зоригтбаатар, Э.Энхцацрал нарын мэдүүлэг болон бусад баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 5-10, 28, 139-149, 189-192–р хуудас/
Иймд ажилтан Д.Бийг ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан гэж үзнэ.
Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 24, 49.1.дэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байгаа боловч ажилтан Б.Б нь гомдол гаргах хугацааг алдсан /өнгөрүүлсэн/ байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасны дагуу Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2.-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад, байхгүй бол шүүхэд гомдлоо гаргах эрхтэй байхад нэхэмжлэгч нь 2015 оны 5,10,11 дүгээр сарын цалин 2 400 000 төгрөг гаргуулж, 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гаргажээ. /хх-ийн 1-р хуудас/
Шүүх хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тохиолдолд сэргээн тогтоож болох боловч Д.Бийг жирэмсэн байсан, амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, нялх хүүхэд асарч байсан шалтгаануудаар түүний гомдол гаргах хугацааг сэргээх үндэсгүй байна.
Учир нь Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоосон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно.
Иймд 2015 оны 5,10,11 дүгээр сарын цалин 2 400 000 төгрөг гаргуулж, 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Д.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 47 дугаар зүйлийн 47.1.-т заасныг баримтлан 2015 оны 5,10,11 дүгээр сарын цалин 2 400 000 төгрөг гаргуулж, 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай Д.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1.-т заанаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО