| Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунхүүгийн Оюунсүрэн |
| Хэргийн индекс | 112/2020/0008/З |
| Дугаар | 13 |
| Огноо | 2020-07-09 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Иргэн А.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Ад холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны даргын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Б, хариуцагч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: А-ын Б би 2020 оны 07 сард аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанд бодлого зохицуулалт, дотоод ажил, орон нутаг хариуцсан ахлах мэргэжилтнээр томилогдсон. Гэтэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны даргын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар ажлаас хууль бусаар гэнэт чөлөөлсөн. Дээрх тушаал нь Монгол Улсын Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн, иргэн миний хөдөлмөрлөх эрхэд халдаж хууль бусаар гаргасан тушаал юм. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 388 дугаар тогтоолыг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр буюу тогтоол гарснаас 1 сар 17 хоногийн дараа ээлжийн амралттай байх хугацаанд намайг ажлаас чөлөөлөхдөө үндэслэн гаргажээ. Уг тушаалыг 2020 оны 02 сарын 28-ны өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын туслах Соёлмаа 1 хувийг өгсөн. Ажлаас чөлөөлөх тухай Б/08 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь заалт,Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27, 29, 40, 43 дугаар зүйл заалтуудыг тус тус зөрчжээ.
Төрийн албаны тухай хуулийн 7.1.3-д шударга ёс тэгш байдлыг хангах, төрийн албаны үндсэн зарчмыг алдуулахгүй байх гэж заасан байна. Төрийн албан хаагч нь дээрээс даалгасан хууль бус шийдвэрийг хуулийн дагуу буцааж хариу өгөх ёстой байсан. Төрийн албаны зөвлөлийн 388 дугаар тогтоолын тухайд Төрийн албаны тухай хуулийн 32, 66 дугаар зүйл төрийн албаны зөвлөл бүрэн эрхийн хүрээнд шалгалт хийсний дагуу илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, бүрэн эрхийн хүрээнд хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгохоор заасан заалтуудыг нэг ёсондоо иргэдийн хуралд өөрт нь үлдээсэн. Төрийн албаны зөвлөл 2012 оноос хойш зөв ажиллаад байсан. Сүүлийн үед төрийн албаны зөвлөл намчирхдаг болсон. Төрийн албаны зөвлөл энд ирэх болсон шалтгаан нь тамгын газрын даргаар ажиллаж байгаа Ч.Б-ийн өргөдлийг шалгах мөрөөр ирсэн. Тэгэхдээ Захиргааны ерөнхий хуульд заасан заалтыг зөрчөөд оролцогч миний эрхийг зөрчсөн. Мөн тухайн захиргааны акт гаргаснаар эрх ашиг нь хөндөгдөх хамаарал бүхий этгээдтэй уулзаагүй. Төрийн албаны зөвлөл өөрөө хууль бус шийдвэр гаргасан. Миний эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргахдаа намайг оролцуулаагүй. Тухайн тогтоол дээр заагдсан Мэргэжлийн хяналтын газрын дарга Т, Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Э, Хөдөлмөр, Халамжийн газрын дарга М.М, Хөдөө аж ахуйн газрын дарга Б.Б гэсэн иргэдийн Хурлын төлөөлөгч байж төрийн жинхэнэ албанд ажиллаж байгаа иргэдийг оруулсан байгаа юм. Тэгэхээр миний нэрийг оруулна гэдэг нь хэтэрхий нэг талыг барьсан, хэтэрхий улс төржсөн тогтоолыг иргэдийн Хурлын ажлын алба захиалгаар авсан байх магадлалтай. Тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 11.1-д заасан байгаа.
Тухайн тогтоол өөрөө хууль зүйн үндэслэлгүй байсан. Иймээс хууль зүйн үндэслэлгүй тушаал гарсан байгаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн 50.2-т Улсын дээд шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх бусад этгээд заавал биелүүлнэ. Тэгэхээр ажилд албан тушаалд тавьсан шийдвэр 3 шатны шүүхээр эцэслэн яваад 2019 оны 07 дугаар сарын 31-нд давж заалдах шатны шүүхээр М-ийн талд гараад, 2019 оны 10 дугаар сарын 14-ний шүүгчийн захирамжаар гомдлыг авахаас татгалзсан байгаа. Хуулийн хугацаа 10 хоногийн дотор давж заалдаагүй. Одоог хүртэл 10 дугаар сарын 14-нээс хойш шүүхийн шийдвэр хэрэгжихгүй байгаа юм вэ, эрх зүйн чадамжгүй болсон хариуцагч хэрэг маргаан дээр явж байна. Монгол Улсын Шүүхийн тухай хуульд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зөрчигдсөн эрхийг сэргээх эрхэм зорилго гэж байгаа. Гэтэл эрх нь зөрчигдсөн этгээдийн эрхийг сэргээхгүй өдийг хүртэл яваад байгаа юм вэ, 4.1.3-д хуульд дээдлэх шударга ёс, ардчилсан ёсыг бэхжүүлэх нь хуулийн эрхэм зорилго, 15.1-д Монгол Улсын Дээд шүүх нь хяналтын шатны шүүх мөн гээд эцэслэн гарсан байгаа. Эрх зүйн чадамжгүй хариуцагчтай тухайн гаргасан тогтоол хүчингүй болсон байхад 02 дугаар сарын 10-нд тушаал гаргахдаа эрх зүйн чадамжгүй байсан. Иймээс миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д заасанчлан хуульд үндэслээгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5, 4.2.6-г зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гаргах боломжийг хангана гэж заасан. Иймд миний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны даргын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 86 дугаар тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанд хяналт шалгалтыг зохион байгуулж Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 12 сарын 23-ны өдрийн 388 дугаар тогтоолыг ирүүлж биелэлтийг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дотор ирүүлэхийг даалгасан.
Тус тогтоолд төрийн албаны шалгалт өгөөгүй А.Бийг томилсон тогтоол шийдвэрийг хүчингүй болгож, хууль зөрчсөн зөрчлийг арилгах талаар чиглэл ирсэн.
Төрийн албаны зөвлөлийн тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны хурлыг зохион байгуулж ажлын албаны мэргэжилтнүүд болон А.Бийг байлцуулж тогтоол шийдвэрийг танилцуулан хурлын тэмдэглэлд тусгуулсан. Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх сонсгох ажиллагааг хуулийн дагуу хамт олных нь хажууд танилцуулж албажуулсан.
Тухайн тогтоолыг шууд хэрэгжүүлж шийдвэр гаргах боломжтой байсан боловч А.Б ажлаас чөлөөлөгдөхөөр бол оны эхэнд байсан ч ээлжийн амралтаа аваад гармаар байна гэсэн санал тавьсан учир ээлжийн амралтыг нь олгосон.
Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилохоор заасан бөгөөд тухайн оронд тоонд А.Б сонгон шалгаруулалтад оролгүйгээр улс төрийн шахалтаар томилогдсон. А.Б нь сонгон шалгаруулалт өгөөгүйн дээр төрийн албаны нөөцөд бүртгэлгүй, тухайн албан тушаалд томилогдох боломжгүй хүн байсан.
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн тогтоол шийдвэр нь төрийн байгууллага, алба хаагчдын хувьд зайлшгүй дагаж мөрдөж байх эрх зүйн баримт бичиг учир тус тогтоол шийдвэрийг хэрэгжүүлж тухайн албан тушаалд түр томилогдсон байсан А.Бийг ажлаас чөлөөлсөн нь хууль эрх зүйн зөрчилгүй шийдвэр болно. Би төрийн албаны зөвлөлийн 388 дугаартай тогтоолыг хэрэгжүүлж ажилласан. А.Б мэргэжилтэнг хурлын ажлын албаны ахлах мэргэжилтнээр томилохдоо аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, хурал дахь ардчилсан намын зөвлөл, аймаг дахь ардчилсан намын даргын шахалтаар авсан. А.Мтэй холбоотой ажлаас халагдаад эргээд ажилдаа томилогдсонтой энэ хүн эрх зүйн чадамжгүй акт гаргасан гэж байна. А.М нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албан нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч байсан. 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга сонгогдоод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Б дарга шүүхэд хандаад явж байхад нь А.М үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан. 2018 оны жилийн эцсээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж хурлын даргаар Л.Б болсон. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг тасалдуулж тухайн хурлын заалыг цоожилж явсан асуудал гарсан. Иймд Төрийн албаны тухай хууль болон өөрийн үндсэн чиг үүрэгтэй холбоотой аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр ажлаас чөлөөлөгдөөд эргэж шүүхийн шийдвэрээр ажилдаа тогтоогдсон. Би 2019 ны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуульд заасан шатлан дэвших зарчмаар үүрэг гүйцэтгээд явж байгаа. Миний бие нутгийн өөрөө удирдах байгууллагад 1992 онд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байгуулагдахаас эхлэн одоог хүртэл 28 дахь жилдээ ажиллаж байна. Шатлан гүйцэтгэх зарчмаар үүрэг гүйцэтгэж байсан болно. А.Б нь болзол хангаагүй байсан учир бүр авч болохгүй түр хугацаагаар авсан. аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар А.Бийг томилохын тулд Авилгатай тэмцэх газар бичиг явуулж байсан. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг хууль зүйн үндэслэлгүй гэдгийг би шүүхгүй. Монгол Улсын Төрийн албаны зөвлөл гэдэг бол Монгол Улсын төрийн бүх ажил хаагчдыг хуулийн хүрээнд үнэн зөв ажиллаж төрийн албаны зөвлөлөөс гарсан тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна. Иймээс би тушаалдаа төрийн албаны зөвлөлийн тогтоолыг үндэслэсэн. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолыг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид өөрөө хүчингүй болгоно. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан А.Мийг ажилд нь авах эсэх асуудлыг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрх учир энд яригдахгүй байх. Ингээд миний гаргасан шийдвэрийг хүчин төгөлдөр үлдээж өгөхийг хүсч байна гэв
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч нараас гаргасан тайлбар, нотлох баримт зэргийг үндэслэн Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын Албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Ад холбогдох Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын Албаны даргын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн б/08 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын Албаны даргын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч А.Б нь 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны даргын Б/24 дүгээр тушаалаар Ажлын албаны Орон нутаг, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн-ий албан тушаалд 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс түр томилжээ.
Төрийн албаны зөвлөлөөс 2019 оны 388 дугаар тогтоолын 1.5-д А.Б нь төрийн албаны шалгалт өгөлгүй томилогдсон байх тул томилсон шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэх талаар үүрэг өгчээ.
2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь заалт, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 388 дугаар тогтоолыг үндэслэн нэхэмжлэгч А.Бийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр танилцуулсан гэж маргаж байх боловч Төрийн албаны зөвлөлийн тогтоолтой 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр танилцсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон болно.
Хариуцагч нэхэмжлэгчийг ажлын байранд архи уусан, албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэж мэтгэлцэж байх боловч нэхэмжлэгчийг албан тушаалаас чөлөөлсөн үндэслэлд хамаарахгүй байна.
Харин хариуцагч А.А нэхэмжлэгч А.Бид 2020 оны ээлжийн амралтыг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс тооцож олгох тухай мэдэгдлийг хүргүүлсэн байна.
Хариуцагч энэ нь ээлжийн амралтын тооцоо хийсэн баримт болохоос амралт олгосон мэдэгдэл биш гэж маргаж байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 166 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Ээлжийн амралт олгох заавар-ын 2 дугаар хавсралтаар баталсан Ээлжийн амралтын тооцоо хийх загвартай нийцэхгүй байна. Иймээс хариуцагчаас олгосон Мэдэгдэл гэх баримтыг ээлжийн амралтын тооцоо хийсэн баримт гэж дүгнэх үндэслэлгүй болно.
А.Бийн 2020 оны ээлжийн амралт 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь хэсэгт зааснаар ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байхад хууль зөрчин албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргажээ.
Хэдийгээр захиргааны байгууллага дээд шатны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэхээр маргаан бүхий актыг гаргасан байх боловч Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан бодит нөхцөл байдлыг сайтар тодруулаагүйн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг зөрчсөн болох нь тогтоогдож байна.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасныг зөрчиж гаргасан 2020 оны 02 сарын 10-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр. Ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Шүүх Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны даргын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т ...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх ...олговрыг олгоно гэж зааснаар 2020 оны 02 дугаар сарын 10-наас 2020 оны 07 дугаар сарын 09-ны өдөр буюу шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны 104 хоногийн олговор 5,115,331 (таван сая нэг зуун арван таван мянга гурван зуун гучин нэг) төгрөгийг хариуцагчаас гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу уг олговроос эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 5 дугаар хэсэгт зааснаар хавтас хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн А.Бийн 2019 оны 11, 12 дугаар сар, 2020 оны 1 дүгээр сарын цалингаас тодорхойлсон болно.
Гурав. Ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хууль бус болох нь тогтоогдсон захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэснээр шүүхэд хандсан нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргэх учиртай хэдий ч энэ тохиолдолд нэхэмжлэгч А.Бийг төрийн захиргааны албан тушаалд эгүүлэн томилуулах үндэслэл тогтоогдохгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т төрийн захиргааны албан тушаал, төрийн тусгай албан тушаал нь төрийн жинхэнэ албан тушаал байхаар, 12 дугаар зүйлийн 12.1.7-д аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын .... ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалд хамаарахаар тус тус заажээ.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно., 33 дугаар зүйлийн 33.1-т Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор мэргэшлийн шалгалт авна, 33.2-т Төрийн жинхэнэ албаны шалгалт нь ерөнхий шалгалт, тусгай шалгалт /тухайн албан тушаалын/ гэсэн төрөлтэй байхаар хуульчлан заасан байна.
Нэхэмжлэгч А.Б нь 2015 онд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдсөн тул төрийн албаны нөөцөд бүртгэлгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 51 дүгээр албан бичгээр тогтоогдож байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны Б/28 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хууль /2002/-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалтыг үндэслэсэн байна. Төрийн албаны тухай хууль /2002/-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол төрийн албанаас чөлөөлнө, мөн хуулийн 17.7-д энэ хуулийн 24.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн хүмүүс төрийн жинхэнэ албанд эргэж ороход энэ зүйлд заасан журмын дагуу мэргэшлийн шалгалт өгнө гэж тус тус заажээ.
Түүнчлэн нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлөөс 2019 оны 11 дүгээр сард улс орон даяар зохион байгуулсан төрийн албаны ерөнхий шалгалтад ороогүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01/635 дугаар албан бичиг, Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 51 дүгээр албан бичгээр тус тус нотлогдож байна. Нэхэмжлэгч А.Б 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрийн захиргааны албан тушаалд түр томилогдсон бөгөөд төрийн албаны ерөнхий шалгалтад хамрагдах эсэх нь түүний өөрийн хүсэл зоригоос шалтгаалах нөхцөлтэй байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар төрийн албаны ерөнхий шалгалт нь төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, төрийн албан хаагчийг сонгон шалгаруулах зорилготой бөгөөд Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах зарчимд үндэслэнэ.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь хэсэгт зааснаар төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс сул орон тоог нөхөх журмыг баримтлалгүй А.Бийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны орон нутаг, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтнээр томилсон захиргааны алдааг зөвтгөх боломжгүй боловч энэ нь А.Бийг ажил, албан тушаалд нь эгүүлэн томилох үндэслэл болохгүй болохыг дурдах нь зүйтэй.
Учир нь Төрийн албаны тухай хуулийн 26.1-т Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно., 3 дугаар зүйлийн 3.1.3-т чадахуйн зарчим /мерит/ гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх ...-өөр гэж тус тус заасан байна. Үүнээс дүгнэвэл төрийн захиргааны албанд иргэнийг томилох гол шалгуур нь сонгон шалгаруулалт байна.
Нэгэнт төрийн жинхэнэ алба хаах хуулиар тогтоосон шалгуур, шаардлагыг хангаагүй А.Бийг төрийн албан тушаалд томилох, шүүхээс томилохыг даалгах боломжгүй, шүүхийн шийдвэр бодит байдлаар хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэхээр байна.
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 388 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт Төрийн албаны шалгалт өгөөгүй А.Бийг Ажлын албаны орон нутаг, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилсон шийдвэрийг Төрийн албаны тухай хууль, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгох, зөрчлийг арилгах талаар үүрэг болгосон байна. Нэхэмжлэгч шүүхэд Төрийн албаны зөвлөл 2019 оны 388 дугаар тогтоолоо гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн намайг дуудаж уулзаагүй, сонсох ажиллагаа явуулаагүй... гэсэн нэмэлт тайлбар ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч уг асуудлаараа Төрийн албаны зөвлөлд тогтоосон журмаар гомдол гаргаж түүний хариуг уул байгууллагаас түүнд хүргүүлсэн байна. Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 388 дугаар тогтоол буюу тухайн захиргааны актын улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан харьяаллын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албаны даргын түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны 104 хоногийн олговор 5,115,331 (таван сая нэг зуун арван таван мянга гурван зуун гучин нэг) төгрөгийг хариуцагчаас гаргуулж, түүнээс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж үлдсэнийг нэхэмжлэгчид олгосугай.
3 Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.1-т заасныг баримтлан ажилд эгүүлэн томилуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 35.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОЮУНСҮРЭН