Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2018/ШЦТ/294

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0294

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Иргэний хариуцагч, хууль ёсны төлөөлөгч С.Ц-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч С.Г- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С-ийн Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1818003360216 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гом суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймаг, Дархан сум, ...тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадваргүй, Б- овгийн С-ийн Г- / /.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.

 

Шүүгдэгч С.Г- нь 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 1 дүгээр баг Чулуутын 1 дүгээр гудамж 45 тоотод оршин суух иргэн Б.Д-ын  Самсунг гранд 2 загварын гар утас, жордан 1 загварын пүүз, хашаан дотор байсан иргэн Г.Г-ийн хүүхдийн унадаг дугуй зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Г- нь 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч Дархан-Уул аймгийн Дархан сум 1 дүгээр баг Чулуутын 1 дүгээр гудамж 45 тоотод оршин суух иргэн Б.Д-ын гэрээс Самсунг гранд загварын гар утас, пүүз, хашаан дотор байсан хүүхдийн унадаг дугуй зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:

Хохирогч Г.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...манай хүү гэрт орж ирээд тоглож байгаад Д- ахын хашаанд унадаг дугуйгаа тавьчихсан байсан чинь алга болсон байна” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22/,

 

Хохирогч Л.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...гадаа гудамжинд тоглож байгаад буцаад ороод ирэхэд нь гэрт байсан хүү Пүрэвбаярын Жордан 1 загварын саарал хартай пүүз, охин Оюунжаргалын Самсунг гранд 2 маркийн гар утас зэрэг зүйлс алга болсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24/,

 

Гэрч М.Дагийсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Г- улбар шар өнгийн унадаг дугуй түрчихсэн гэр хорооллын гудамжнаас гарч ирэхэд нь тааралдсан, надад гар утас, дугуй зарна гэхээр нь хаанаас авсан юм бэ гэхэд гар утас бол миний утас, дугуйг бол таньдаг ахынхаасаа авсан гэсэн. Тэгэхээр нь би утсыг нь асаагаад үзсэн чинь сим картгүй, зүгээр асч байхаар нь унадаг дугуйтай нь хамт нийлүүлээд 20,000 төгрөгт авчихсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-9/,

 

“Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн “...Жордан 1 загварын эрэгтэй хүний пүүз, гранд 2 маркийн утас зэргийн өнөөгийн үнэ цэнэ 150,000 төгрөг, ...хүүхдийн унадаг дугуйн үнэ цэнэ 70,000 төгрөг”” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36-38, 43-44/,

 

Иргэний хариуцагч С.Ц-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Энэ хэргийн хохирогч гэх Жагаатай нь манай ах найзууд. Ах маань Жагаатай нэг хэсэг хамт ажилладаг байсан. Би хохирогчид хулгайд алдсан эд зүйлийг буцааж өгсөн. Ер нь манай ах надад баригдахгүй, зугтаагаад алга болчихдог. Ахын маань нүдэнд хий юм харагддаг, шөнө хоол хийж идчихээд зуух асаатай орхичихдог болсон” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч С.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Л.Д- бид хоёр хамт барилга дээр замаскын ажил хийдэг байсан. Тухайн өдөр Л.Д-ын гэрт орж хүйтэн юм уугаад гаръя гэж бодсон. Тэгсэн Л.Д-ын гэрт хүн байхгүй байсан. Намайг Л.Д-ын гэрт ороход гар утас цэнэглэж байхаар нь гар утсыг авсан. Гэрийнх нь үүдэнд пүүз байсан. Тэр пүүзийг өмсөж гарсан. Гадаа гарсан чинь хашаанд нь нэг дугуй байсан. Тэр дугуйг унаад Л.Д-ын хашаанаас гарсан. Маргааш өдөр нь 7-ын буудлаас рабс ачна гэх найзтайгаа таараад дугуйг 10,000 төгрөг, гар утсыг 10,000 төгрөг нийт 20,000 төгрөгөөр зарсан. Дараа нь манай дүү 20,000 төгрөгийг миний дугуй, гар утас авсан хүнд өгч, эд зүйлийг буцааж аваад Л.Д-д өгсөн” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч С.Г-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч С.Г- нь “хохирогчийг таньдаг байсан, ус уухаар гэрт нь орсон” гэж мэдүүлж байх боловч түүнийг орох үед гэрт хүн байхгүй байсан, орон байрны халдашгүй эрх нь гэрт хүн байсан эсэхээс үл хамаарах ба гагцхүү өмчлөгчийн зөвшөөрөлтэйгээр бусдын орон байранд нэвтэрч болох тул хаалга онгорхой, эзэнгүй байх үед орон байранд нэвтэрч орсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-р зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” гэх хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна гэж үзэв.

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Л.Д-, Г.Г- нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж байх тул шүүгдэгч болон иргэний хариуцагч С.Ц-гаас гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч С.Г- нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 38/18 дугаартай “... Магадлуулагч С.Г- нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн бие хүний органик эмгэгтэй байсан болно. Бие хүний органик эмгэгтэй учир хэрэг хариуцах чадваргүй, албадан эмчилгээнд явуулж болно” гэх магадлагаа /хавтаст хэргийн 49/, иргэний хариуцагч С.Ц-гийн шүүхийн хэлэлцүүлэг өгсөн: Би С.Г-ын төрсөн дүү нь юм. Би эцэг, эхээс 7-лаа. Би айлын хамгийн бага охин. Намайг 10 дугаар ангид байхад буюу 1997 оноос хойш миний ах С.Г- нь хүнд зодуулан тархиндаа хүнд гэмтэл авч, сэтгэцийн өөрчлөлттэй болсон” гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнд ял оногдуулах үндэслэлгүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь өөртөө болон бусдад аюул учруулж болзошгүй болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэн судлагдсан баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэгт зааснаар С.Г-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн энгийн тасагт 1 жилийн хугацаагаар албадан эмчлүүлэхээр шийдвэрлэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 9-р сарын 21-ний өдрийн А/240, А/369 тоот хамтарсан тушаалаар баталсан журам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлд заасны дагуу эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхийг Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төв, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

 

Шүүгдэгч энэ хэрэгт 54 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон хураасан хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1, 19.3-р зүйлийн 4.2 дахь хэсэгт, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б- овгийн С-ийн Г-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хулгайлах”гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б- овгийн С-ийн Г-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн энгийн тасагт 1 /нэг/ жилийн хугацаагаар албадан эмчлүүлсүгэй.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйл, Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 9-р сарын 21-ний өдрийн А/240, А/369 тоот хамтарсан тушаалаар баталсан журамд заасны дагуу эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхийг Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төв, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгчээс гаруулах төлбөргүй, шүүгдэгч энэ хэрэгт 54 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД