Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2017/02784

 

 

 

 

 

 

                                  

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Л.Э

 

Нэхэмжлэгч: Э.У

 

Нэхэмжлэгч: Э.Ү

 

Нэхэмжлэгч: Э.Д

 

Хариуцагч: Б И Д ББСБ

 

Хариуцагч: М.Б нарт холбогдох

 

Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, барьцаанаас чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн нарын төлөөлөгч Ж.О, хариуцагч Б И Д ББСБ ХХК-ийн төлөөлөгч Д.Г, хариуцагч М.Б  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жаргалсүрэн нар оролцов.

Тодорхойлох нь:

           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Иргэн М.Б  болон Б И Д ББСБ ХХК-ийн хооронд 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр №ЗГ0102150061 дугаартай Зээлийн болон Барьцааны гэрээг тус тус байгуулсан байна. Дээр дурдсан этгээдүүдийн хооронд байгуулсан Барьцааны гэрээний зүйл нь Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюушийн гудамж 11 дүгээр байр, 40 тоотод байршилтай, орон сууцны зориулалттай 40 м.кв талбайтай, гурван өрөө үл хөдлөх хөрөнгө /бүртгэлийн дугаар: Ү-2205019162/ бөгөөд уг орон сууц нь нэхэмжлэгч нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө юм.

Гэтэл эхнэр М.Б  нь тухайн гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох орон сууцыг Б И Д ББСБ ХХК-д барьцаалуулан Барьцааны гэрээ байгуулахдаа гэр бүлийн бусад гишүүдийн буюу хамтран өмчлөгчдийн зөвшөөрлийг аваагүй байна. Энэ нь нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн зүйл байгаа. Мөн нөгөөтэйгүүр Б И Д ББСБ ХХК нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүухэд нэхэмжлэл гаргасны дагуу шүүхээс иргэн М.Б гээс зээлийн гэрээний төлбөрийг гаргуулах шийдвэр гаргаж улмаар уг төлбөрийг бидний гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж үнийн дүнгээр нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч нарын хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна.

М.Б  нь өөрийн гэр бүлийн гишүүдээс зөвшөөрөл аваагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

Иймд иргэн М.Б  болон Б И Д ББСБ ХХК-ийн хооронд 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан №ЗГ0102150061 дугаартай Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, барьцаа хөрөнгийг чөлөөлж өгнө үү гэж нэхэмжлэл гаргаж байна.

Хариуцагчийн хариу тайлбарт зээлдэгч М.Б  нь нэгэнт өөрт ногдох хөрөнгөнөөсөө хуулийн хүрээнд татгалзсан гэр бүлийн бусад гишүүд болох нэхэмжлэгч нараас зөвшөөрөл авах хууль эрх зүйн ямар ч үндэслэлгүй болох нь нотлогдож байна гэсэн байна. 2003 онд өмч хувьчлалаар авсан байрны гэрчилгээг шинэчлүүлнэ гээд 2014 онд гэр бүлийн гишүүдээс энэ хэлцлийг авсан байдаг. Тэгээд гэрчилгээгээ ганцхан өөрийнхөө нэр дээр бүртгүүлсэн байдаг. Үүнийг гэр бүлийн гишүүд нь мэдээгүй. Тэгээд тухайн үеэс хойш энэ гэрчилгээ нь харагдахгүй болсон ба ББСБ-ын барьцаанд байсан.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл хамааран гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө дундын өмчид хамаарна гээд заасан байгаа. Гэр бүлийн дундын өмчийг хуулиар дундын болон хуваарьт гэж 2 ангилдаг. Бид нар М.Б гийн нэр дээр байгаа боловч энэ М.Б  болон Л.Э ыг гэр бүл болсоноос хойш 1998 онд өмч хувьчлалаар эдний гэр бүлд өгсөн байр юм. Энэ маргаад байгаа орон сууц 6 хүний өмчлөлийн зүйл болж байгаа юм. М.Б  нь Иргэний хуулийн 127.2-т зааснаар зөвхөн өөрийн хуваарьт хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй. Бусад эд хөрөнгийг хуульд заасны дагуу нотариатаар гэрчлүүлсэн. Яг ямар зүйлд зарцуулах гэж байгаагаа хэлээд, гэр бүлийн гишүүдээс бичгээр зөвшөөрлийг нь авах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй. Нөгөө талаасаа ББСБ үүнийг мэдэж байсан. Тэгээд 7 хоногийн дараа гэрчилгээгээ солиулаад, зээл авсан байгаа. Энэ зээлийг тухайн үед мэдэгдээгүй. Тэр гэр бүлд амьдарч байгаа гишүүдийн амгалан тайван амьдрах нөхцөл, гэр бүлийн хэн нэгэн гишүүний хариуцлагатай, хариуцлагагүй байдлаас болоод, эрхийг нь зөрчих байдлаас хамгаалсан зохицуулалт юм гэж үзэж байгаа. Энэ гэр бүлд насанд хүрээгүй хүүхэд байдаг. Тэр хүүхдийн зөвшөөрлийг авсан уу гэдэг бас асуудалтай. Тэр хүүхдийн эрх бас зөрчигдөж байгаа. Иргэний хуулийн 128.2-т зааснаар ББСБ нь гэр бүлийн гишүүдийн зөвшөөрлийг бичгээр баталгаажуулж авна.

Ингэхдээ гэрээ хийгээд, барьцааны гэрээн дээр гэр бүлийн гишүүдээр гарын үсэг зуруулдаг. Яагаад гэхээр тэр зээлийн болон барьцааны гэрээний нөхцлийг танилцаагүй хүн хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хариу тайлбар дээр хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан. Энэ шүүх дээр барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж  маргаагүй болохоор тогтоосон байгаа болохоос үүнийг гуравдагч этгээд маргах эрх нь нээлттэй байгаа. Тэр зээлийн гэрээтэй холбоотой хэрэг маргааныг шийдсэн. Тийм хэрэг маргааныг шийдэгдсэн шүүхийн шийдвэрийг шүүх хурал дээр яриад байгаа нь шүүхэд нөлөөлөх арга хэрэгсэл юм болов уу гэж үзэж байна. Эрхээсээ татгалзах хэлцэл гэж ярьдаг. Үүнийг сайн ойлгохгүй байгаа. Тэрийг үндэслээд хүний өмчлөх эрхийг өөр этгээдэд шууд шилжүүлсэн зохицуулалт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү ” гэв.

 

Хариуцагч Б И Д ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Л.Э , Э.У , Э. Ү , Э.Д  нар нь 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр улсын бүртгэлийн Ү-2205019162 дугаартай, №0062268 дугаарын гэрчилгээтэй Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 40 тоотын 40 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөс хасуулахаар хоорондоо харилцан тохиролцож, хуулийн хүрээнд хамтран өмчлөгчөөс хасагдах хэлцэл хийж, уг үйлдлээ Нийслэлийн Баянгол дүүргийн 136 тойргийн нотариатчаар гэрээний үнэн зөвөөр гэрчлүүлсэн байна.

Зээлтэй холбоотой асуудал нь Иргэний хуульд заасны дагуу шүүхээр шийдэгдээд, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа өнөөдрийг хүртэл хуулийн дагуу явагдаж байгаа. Өмнөх харилцаа буюу шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудал маргааны гол үндэслэл болж байгаа гэж ойлгож байна. Энэ агуулгаараа Иргэний хуулийн 128 дугаар  зүйлийн 128.1-т зааснаар нэхэмжлэгч нарын шаардах эрх 2017 оны 07 сарын 29-ний өдрийн хэлэлцээрээр дуусгавар болгосон гэж ойлгож байгаа.

Тийм учраас зээлийн барьцаанд тавихын тулд өмчлөгч бус этгээдүүдээс ямар нэгэн зөвшөөрөл, итгэмжлэл авах хууль зүйн үндэслэл байхгүй. Нөгөө талаасаа тухай Иргэний хууль болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйл, 7 дугаар зүйлийн 7.2 гэх мэт хуулийн зохицуулалтаас Улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу гэрчилгээн дээрх мэдээлэл үнэн зөв гэж үзэж тус ББСБ зээл, барьцааны гэрээ байгуулсан байгаа ” гэв.

 

Хариуцагч М.Б  нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би зөвшөөрөл аваагүй гэрээ хийсэн нь үнэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                         

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Л.Э , Э.У , Э. Ү , Э.Д  нар нь хариуцагч Б И Д ББСБ ХХК, М.Б  нарт холбогдуулан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Б И Д ББСБ ХХК нь барьцааны гэрээг хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэй, өмчлөгч хасах хэлцэл хийсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Хариуцагч М.Б  нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч маргаагүй болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нар нь “Бизнес-Инвест девелопмент ББСБ” ХХК-д М.Б  нь 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр зээлийн барьцаанд тавихдаа бусад өмчлөгч нарт мэдэгдээгүй, өмчлөгч хасах хэлцэл хийсэн боловч Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хэний нэр дээр байгаагаас үл хамааран гэрлэснээс хойш бий болсон өмч хамтран өмчдөх дундын өмч байх бөгөөд гэр бүлийн гишүүд буюу хамтран өмчлөгч нарын зөвшөөрлийг аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан байна.

 

Хэргийн үйл баримтыг цаг хугацааны дарааллаар авч үзвэл:

 

1. Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 40 тоот 40м.кв 3 өрөө орон сууцыг Л.Э , М.Б , Э.У , Э. Ү , Э.Д  нарыг хувь тэнцүүгээр, дундаа хамтран өмчлөх эрхтэй гэж өмчлүүлжээ. /хх-ийн 48-50 дахь тал/

 

2. Нэхэмжлэгч Л.Э , Э.У , Э. Ү , Э.Д  нар нь 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлөөс хамтран өмчлөгч хасах хэлцэл” байгуулж, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 40 тоот 40м.кв 3 өрөө орон сууцыг М.Б гийн өмчлөлд үлдээж, хамтран өмчлөгч Л.Э , Э.У , Э. Ү , Э.Д  нар нь хүсэл зоригоо илэрхийлж хасагдсан тул уг үл хөдлөх эд хөрөнгийг М.Б гийн өмчлөлд бүртгэж, 000259354 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон байна. /хх-ийн 51-54 дэх тал/

 

3. “Бизнес-Инвест девелопмент ББСБ” ХХК болон М.Б  нарын хооронд 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч болон хариуцагч нар №ЗГ0102150061 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээ 20,000,000 төгрөгийг 1 сарын 4.5 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлдүүлж, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон ба дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож зээлдэгч өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 40 тоот 40м.кв 3 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулжээ.

 

4. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 547 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэсэн хуулийн шаардлагуудад нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.” гэж дүгнэсэн бөгөөд уг шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Б  шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 40 тоот, 40 м.кв талбай бүхий, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000259354 дугаартай, Ү-2205019162 дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай” гэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1060 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн байна.

 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө” гэж заажээ.

 

Гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгөд гэр бүлийн хамран өмчлөх дундын хөрөнгөөс бусдын дарамт шахалтгүйгээр өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хасах хэлцэл хийсэн гэр бүлийн гишүүдэд хуулийн дээрхи зохицуулалт хамаарахгүй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлийн гишүүдийн хэн алины нэр дээр бүртгэлтэй хөрөнгөнд хамаарна.

 

Нэхэмжлэгч Л.Э , Э.У , Э. Ү , Э.Д  нар нь 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлөөс хамтран өмчлөгч хасах хэлцэл” байгуулж, түүний Улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 40 тоот 40м.кв 3 өрөө орон сууцтай холбоотой өмчлөгчийн хувиар шаардах эрхээ алдсан гэж үзнэ.

 

Нэгэнт гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө биш учир Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т заасан зөвшөөрлийг бичгээр авах шаардлагагүй болно.

 

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно.” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нар нь 2013 оны 07 дугаар сарын 29-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлөөс хамтран өмчлөгч хасах хэлцэлд болон уг хэлцлийг үндэслэн улсын бүртгэлд маргаагүй тул улсын бүртгэлийг үнэн зөв гэж байна.

 

 “Б девелопмент ББСБ” ХХК болон М.Б  нарын хооронд 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №ЗГ0102150061 тоот барьцааны гэрээ нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй байх тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах эрхгүй этгээд гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр  “Бизнес-Инвест девелопмент ББСБ” ХХК болон М.Б  нарын хооронд 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №ЗГ0102150061 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийн хангахаар шийдвэрлэсэн үйл баримтыг дахин нотлохгүй.

 

Иймд Л.Э , Э.У , Э. Ү , Э.Д  нарын  “Бизнес-Инвест девелопмент ББСБ” ХХК болон М.Б  нарын хооронд 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №ЗГ0102150061 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 6210 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 4 дэх заалтаар “...нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн болохыг дурдаж, 187.500 төгрөгөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т “...Нэхэмжлэгч төлбөрийн чадваргүй болох нь түүний тайлбар, бусад нотлох баримтаар тогтоогдсон буюу хуульд заасан бусад үндэслэл байвал түүнийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлнө.” гэж заажээ.

Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхөд төлбөрийн чадваргүй болох нь хорооны нийгмийн халамжийн зорилтод бүлгийн өрхийн бүртгэл, амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэр болон бусад баримтаар тогтоогдсон ёстой байх ба Үндэсний статистикийн хороо, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хамтран баталсан аргачлалын дагуу өрхийн мэдээллийн нэгдсэн санд орсон, амьжиргааны түвшин нь тухайн үеийн ядуурлын шугамаас доогуур өрхөөс сонгогдсон өрхийн гишүүн мөн эсэх нь баримтаар тогтоогдсон байдаг болно.

Харьяалах хорооны засаг даргын амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой гэх тодорхойлолтыг үндэслэн нэхэмжлэгч нарыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

 

“Б-Инвест девелопмент ББСБ” ХХК болон М.Б  нарын хооронд 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №ЗГ0102150061 тоот барьцааны гэрээний 3.1-т зааснаар талуудын харилцан тохиролцсон үнэлгээг 80.000.000 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож, нэхэмжлэгч нараас 487.750 төгрөгийг улсын орлогод нөхөн оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.3-д зааснаар нэхэмжлэгч Л.Э , Э.У , Э. Ү , Э.Д  нарын  “Б-Инвест девелопмент ББСБ” ХХК болон М.Б  нарын хооронд 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №ЗГ0102150061 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас 487.750 төгрөг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР