Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2018/00064

 

Л.Э -, Э.У -, Э.Ү -,

Э.Д - нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын  07-ны өдрийн 181/ШШ2017/02784 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Л.Э -, Э.У -, Э.Ү -, Э.Д - нар

Хариуцагч: Б И Д -ББСБ ХХК, М.Б -нарт холбогдох

 

Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, барьцаанаас үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Очирхуягийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Очирхуяг, хариуцагч Б И Д -ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Очирхуягийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: М.Баасанцэрэн, Б И Д -ББСБ ХХК-ийн хооронд 2015 оны 02 сарын 04-ний өдөр №ЗГ0102150061 дугаартай Зээлийн болон Барьцааны гэрээгээр Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюушийн гудамж 11 дүгээр байр, 40 тоотод байршилтай, орон сууцны зориулалттай 40 м.кв талбайтай, гурван өрөө үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаан бариулсан. Уг хөрөнгө нь  нэхэмжлэгч нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө юм. Гэтэл эхнэр М.Б -нь барьцааны гэрээ байгуулахдаа гэр бүлийн бусад гишүүдийн буюу хамтран өмчлөгчдийн зөвшөөрлийг аваагүй. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл хамааран гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө дундын өмчид хамаарна гээд заасан Иргэний хуулийн 128.2-т зааснаар ББСБ нь гэр бүлийн гишүүдийн зөвшөөрлийг бичгээр баталгаажуулж авна.

Иймд М.Баасанцэрэн, Б И Д -ББСБ ХХК-ийн хооронд 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, барьцаа хөрөнгийг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б И Д -ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нар нь 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдөр улсын бүртгэлийн Ү-2205019162 дугаартай, №0062268 дугаарын гэрчилгээтэй Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 40 тоотын 40 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөс хасуулахаар хоорондоо харилцан тохиролцож, хуулийн хүрээнд хамтран өмчлөгчөөс хасагдах хэлцэл хийж, уг үйлдлээ Нийслэлийн Баянгол дүүргийн 136 тойргийн нотариатчаар гэрчлүүлсэн.  Зээлтэй холбоотой асуудал нь шүүхээр шийдэгдээд, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа  явагдаж байна. Өмнөх харилцаа буюу шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудал маргааны гол үндэслэл болж байгаа гэж ойлгож байна. Зээлийн барьцаанд тавихын тулд өмчлөгч бус этгээдүүдээс ямар нэгэн зөвшөөрөл, итгэмжлэл авах хууль зүйн үндэслэл байхгүй гэжээ.

 

Хариуцагч М.Баасанцэрэнгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Зөвшөөрөл аваагүй гэрээ хийсэн нь үнэн. Нэхэмжлэлийг зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Э -, Э.У -, Э.Ү -, Э.Д - нарын Бизнес-Инвест девелопмент ББСБ ХХК болон М.Б -нарын хооронд 2015 оны 02 сарын 04-ний өдрийн №ЗГ0102150061 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас 487 750 төгрөг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Очирхуяг нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т "...нэхэмжлэгч нараас 487 750 төгрөг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулсугай" гэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг төлж, үлдсэн хэсгийг төлбөрөөс чөлөөлж өгөх хүсэлтийг төлбөрийн чадваргүй болохоо нотлохоор Баянгол дүүргийн 8-р хорооны засаг даргаас олгосон "амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур" гэсэн тодорхойлолтыг хавсаргаж шүүхэд өгсөн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин нэхэмжлэлийг хүлээн авч 2017 оны 5 сарын 03-ны өдрийн 6210 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн, уг захирамждаа улсын тэмдэгтийн хураамжийг 257 950 төгрөгөөр тогтоож, нэхэмжлэгчийг 187 950 төгрөгийн тэмдэгтийн хураамжийн төлбөрөөс чөлөөлсөн. Шүүгчийн захирамжийг үндэслэлгүй болсон гэж дүгнээд нэхэмжлэгчээс 487 750 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч хуулийг буруу тайлбарлан, улсын тэмдэгтийн хураамжийг буруу хувиарлаж хариуцуулсан  байх тул уг алдааг зөвтгөж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Л.Э -, Э.У -, Э.Ү -, Э.Д - нар нь хариуцагч Б И Д -ББСБ ХХК, М.Б -нарт холбогдуулан 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 20 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 11 дүгээр байрны 40 тоот орон сууцыг бариулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхээр шаарджээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4-д гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ хэлцлийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор заажээ.

 

Хариуцагч нарын хооронд байгуулагдсан дээрх барьцааны гэрээний үнийн дүн нь 20 000 000 төгрөг байх бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 102/Ш32017/06210 тоот захирамжаар нэхэмжлэлийн үнийн дүнг 20 000 000 төгрөгөөр тодорхойлж, нэхэмжлэгч нарын төлсөн 70 200 төгрөгөөс илүү гарсан 187 750 төгрөгийн хураамжаас нэхэмжлэгч нарыг чөлөөлсөн захирамж хуулийн хүчин төгөлдөр байна. Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрт хамаарч байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй юм. Гэтэл шүүгчийн хүчин төгөлдөр захирамжаар нэгэнт шийдвэрлэгдсэн асуудлыг дахин шинээр авч үзэж, буруу дүгнэн нэхэмжлэгч нараас 487 750 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн дээрх заалтад өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх зарчимтай.

 

Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 40 тоотод байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хэлцлийн дагуу М.Баасанцэрэнгийн өмчлөлд үлдээж, гэр бүлийн насанд хүрсэн гишүүд болох Л.Э -, Э.У -, Э.Ү -, Э.Д - нар нь өөрсдийн хүсэл зоригийн дагуу хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн өмчлөх эрхээсээ татгалзсан тул дээрх орон сууцыг М.Б -нь 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 20 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөлөөс хамтран өмчлөгч хасах хэлцэл, зээл, барьцааны гэрээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 51-53, 54-58/

 

Иймд уг орон сууц нь хуульд заасан журмын дагуу 1 хүний буюу нэхэмжлэгч М.Баасанцэрэнгийн өмч болсон байх тул Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дах хэсэгт заасны дагуу гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авах шаардлагагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын  07-ны өдрийн 181/ШШ2017/02784 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “128 дугаар зүйлийн 128.3-д зааснаар” гэснийг “128 дугаар зүйлийн 128.3 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул” гэж, 2 дах заалтын “нэхэмжлэгч нараас 487 750 төгрөг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулсугай” гэснийг “шүүгчийн захирамжаар 187 750 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай” гэж тус тус өөрчлөн, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

          

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД                                                      С.ЭНХТӨР

                                                                       Ш.ОЮУНХАНД