Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2017/02829

 

 

           

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 10 өдөр      

 

 

Дугаар 181/ШШ2017/02829       

 

 

Улаанбаатархот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ....................... байрлах “ЦД ХХК” ХХК , 

Нэхэмжлэгч: .......................................тоотод оршин суух, Д.Ц нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:.................................н байранд байрлах ...........: НШГ/-т холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 4397 дугаар шүүгчийн захирамжаар “ЦД ХХК” ХХК-иас 216.881.982 төгрөгийг гаргуулж Капитал Банкинд олгохоор шийдвэрлэсэн. НШГны 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 3/16022 тоот мэдэгдэлээр “ төлбөр төлөгч “ЦД ХХК” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Д.Цын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204026533 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол Дамдинсүрэнгийн гудамж 87 дугаар байрны 37 тоот орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнэ болох 92.000.000 төгрөгийн 70 хувь 64.000.000 төгрөгөөр, мөн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024797 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуаран 1 дүгээр гудамжны 124 тоот 243 мкв талбайтай хувийн сууц, Г-2204008277 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуаран 1 дүгээр гудамжны 124 тоот 445 мкв талбайтай газрын хамт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнэ болох 160.000.000 төгрөгийн 70 хувь 112.000.000 төгрөгөөр тус тус дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд оруулах болохыг мэдэгдье” гэсэн.

Нийслэлийн шийдвэр гүйцэттэх албанаас орон сууцыг 92.000.000 төгрөгөөр, хувийн орон сууц, газрыг 160.000.000 төгрөгөөр үнэлгээний байгууллагаар зах зээлийн үнээс доогуур үнэлгээ хийлгэж төлбөр төлөгч “ЦД ХХК” ХХК болон өмчлөгч Д.Ц миний хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж, хохиролтойгоор анхны албадан дуудлага худалдаанд оруулж байгаад гомдолтой байна.

Хоёр өрөө орон сууц нь хотын А зэрэглэлд байрлалтай өндөр үнэтэй, хувийн орон сууц, газар нь төвийн шугам сүлжээнд холбогдох боломжтой, 2 давхар үйлдвэр үйлчилгээ явуулдаг, дэлгүүр, боовны цех, оёдол, нийтийн байртай, хашаандаа 2 машины гражтай хөрөнгүүд юм.  Дээрх хувийн сууцанд дэлгүүр ажиллаж байгаа бөгөөд сард 2.000.000 төгрөгний орлого олдог, түрээслэхэд 300,000 төгрөг олох боломжтой. Манайх 280 сая төгрөгөөр худалдан борлуулахаар зар тавьсан. Зарын дагуу 200 сая төгрөгөөр авах санал ирж байсныг зөвшөөрөөгүй. Энэхүү үл хөдлөх эд хөрөнгүүд нь байршил сайтай үнэ өндөртэй байхад хэзээ, хэрхэн, ямар шалгуураар үнэлгээ тогтоосон тодорхойгүйгээр зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн байна. Мөн үнийн санал аваагүй, үнэлгээ хийлгэх тухай тогтоолыг танилцуулаагүй.

Иймд НШГнаас “ЦД ХХК” ХХК-н үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Д.Цын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204026533 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Дамдинсүрэнгийн гудамж, 87 дугаар байрны 37 тоот 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 64.000.000 төгрөгөөр, мөн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024797 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуаран 1 дүгээр гудамжны 124 тоот 243 мкв талбайтай хувийн сууц, Г-2204008277 дугаарт бүртгэлтэй мөн хаягт байх  445 мкв талбайтай газрын хамт 112.000.000 төгрөгөөр тус тус албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 4397 дугаар шүүгчийн захирамжаар “ЦД ХХК” ХХК-иас 216.881.982 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгохоор шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч “ЦД ХХК” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Д.Цын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204026533 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол Дамдинсүрэнгийн гудамж, 87 дугаар байрны 37 тоот орон сууц, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуаран 1 дүгээр гудамжны 124 тоот 243 мкв талбайтай хувийн сууц, Г-2204008277 дугаарт бүртгэлтэй мөн хаягт байрлах 445 мкв талбайтай газрын хамт  2016 оны 8 дугаар сарын 23-нд битүүмжилж, 2016 оны 12 дугаар сард хураан авсан.  Үнийн саналаа ирүүлэхийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдэж, үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилж хөрөнгийг үнэлүүлсэн. Шинжээч Ү-2204026533 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол Дамдинсүрэнгийн гудамж 87 дугаар байрны 37 тоот орон сууцыг 92.000.000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024797 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улаанхуаран 1 дүгээр гудамжны 124 тоот 243 мкв талбайтай хувийн сууц, Г-2204008277 дугаарт бүртгэлтэй 445 мкв талбайтай газрын хамт 160.000.000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн. Шинжээч томилсон тогтоолыг танилцуулах үүргийг хуулиар хүлээгээгүй. Төлбөр төлөгч нь хэдийд ч шийдвэр гүйцэтгэх материалтай танилцах эрхтэй байдаг. Иймд нэхэмжлэгч нь ирээд танилцах бүрэн боломжтой байсан. Мөн төлбөр төлөгч дээрх хөрөнгийг ашиглаад сард 2.000.000 төгрөгний орлого олж байгаа бол төлбөрөөс төлж болох байсан. Гэтэл нэг ч төгрөг төлөгдөөгүй байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “ЦД ХХК” ХХК, Д.Ц нар нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /хуучнаар:НШГ/-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай  нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/04397 дугаар шийдвэрээр “ЦД ХХК” ХХК-иас 216.881.982 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгохоор шийдвэрлэжээ.

Тус алба 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 188/24 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор, Эрхийн улсын бүртгэлийн Ү-22040274797, Г-2204008277 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Улаанхуаран 1 дүгээр гудамж, 124 тоотод байрлах 243 мкв талбайтай хоёр давхар хувийн орон сууц, 445 мкв газрын хамт, мөн өдрийн 188/23 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 87 дугаар байрны 37 тоот 64.06 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг тус тус битүүмжилж, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн  хураах тогтоолоор тус тус хураан авсан байна.

Нэхэмжлэгч битүүмжлэн хураагдсан дээр дурдсан хөрөнгүүд төлбөр авагч Капитал банкны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгө гэдэгт маргаагүй байна. Мөн хураах, битүүмжлэх ажиллагаанд гомдол гаргаагүй байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн саналыг авахад төлбөр төлөгч “ЦД ХХК” ХХК-ийн захирал, өмчлөгч Д.Ц үнийн саналаа өгөх боломжгүй тухай хүсэлтийг 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр, төлбөр авагч Капитал банкнаас шинжээч томилж хөрөнгөд үнэлгээ хийлгэх тухай хүсэлтийг 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр тус тус ирүүлсэн байх тул  мөн хуулийн 37.2.2-т зааснаар талууд харилцан тохиролцоогүй үндэслэлээр хөрөнгийг үнэлүүлэхээр 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 152 дугаар тогтоолоор “Сэлэнгэ эстимэйт” ХХК-г шинжээчээр томилжээ.

Шинжээч эрхийн улсын бүртгэлийн Ү-22040274797, Г-2204008277 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Улаанхуаран 1 дүгээр гудамж, 124 тоотод байрлах хоёр давхар хувийн орон сууц, газрын хамт 160.000.000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204026533 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 87 дугаар байрны 37 тоот 64.06 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 92.000.000 төгрөгөөр тус тус үнэлснийг нэхэмжлэгч нарт 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 3/16023, 3/16022 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгч нар нь үнэлгээ  зах зээлийн ханшаас доогуур гэж маргах боловч дээрх тайлбараа баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Мөн хэрэгт авагдсан “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн хийсэн үнэлгээний тайланд хөрөнгийг үнэлэхдээ орлогын, өртгийн, жишиг үнийн аргыг хэрэглэсэн тухай дурдсан, Улаанхуаранд байрлах хувийн орон сууц, газрын хувьд үндсэн зориулалтаас гадна дэлгүүр, үсчин, халуун усны зориулалтаар ашиглаж байгаа, худаг буудалдаа ойрхон болохыг тус тус дурдсан байх тул үнэлгээг ямар аргачлалаар хийсэн нь тодорхойгүй, хөрөнгийн нөхцөл байдлыг тодорхойлоогүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч ажиллагааны явцад хийгдсэн ажиллагаа тэмдэглэл, баримт бичигтэй очиж танилцах эрх нээлттэйгээс гадна шинжээч томилсон тогтоолыг танилцуулах үүргийг хуулиар хүлээгээгүй гэсэн хариуцагчийн тайлбарыг буруутгах боломжгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 37 дугаар зүйлийн 37.3, 34 дүгээр зүйлийн 34.4-т зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /НШГ/-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай “ЦД ХХК” ХХК, Д.Ц нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Тус шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2017/09021 дүгээр шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   О.ОДГЭРЭЛ