Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2145

 

Магадлал

2017.09.29                                          №2145                                                                      

 

Ч ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/01641 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч  Ч ББСБ ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.Б -д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 155 462 ам.доллар буюу 386 029 246 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээний 2.1 дэх хэсэгт заасан барьцааны нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.А гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Б

Хариуцагчийн өмгөөлөгч: Ш.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.Б ыг дүү нь дагуулж ирсэн. Ээжийнх нь байр шүүхийн шийдвэрт хураагдах гээд байна гээд анх зээлийн түүх эхэлсэн. Алтны ордоо зараад мөнгөө өгнө гэж хэлсэн. Би таньдаг болохоор  мөнгөө нэхэхгүй 4 жил гарсан болсон. Гэтэл хариуцагч талаас бид хүүгээ зогсоолгомоор байна, танайх шүүхэд хандчих гэсний дагуу нэхэмжлэл гаргасан.

Зээлдэгч М.Б  нь 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 30 000 ам.долларыг 3 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлсэн юм. Мөн 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 17 800 ам.доллар, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 9 200 ам.долларыг нэмж зээлэн, нийт 57 800 ам.долларыг зээлж авсан. Зээлийн барьцаанд 3 өрөө байр, зуслангийн газар барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн хүүнд 20 640 ам.доллар төлсөн. 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 57 000 ам.доллар, зээлийн хүү 80 868,6 ам.доллар, алданги 17 593 төгрөг, нийт 155 462 ам.долларыг хариуцагч М.Б аас гаргуулж, барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр гудамжны 40 тоотын 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангаж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн зээл ба барьцааны нэмэлт гэрээний 2.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн шаардлагын хувьд зохих этгээдээс зөвшөөрөл аваагүй, газрын албанд бүртгүүлээгүй нь үнэн бөгөөд итгэлцлээр хийгдсэн тул маргахгүй бөгөөд хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч байна гэжээ. 

Хариуцагч М.Б  шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ч ББСБ ХХК-тай 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 30 000 ам.долларыг 3 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр, 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн нэмэлт гэрээгээр 17 800 ам.долларыг, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн нэмэлт гэрээгээр 9 200 ам.долларыг тус тус зээлж авсан. Тус зээлийн гэрээний дагуу би 20 640 ам.долларыг зээлийн гэрээний хүүнд төлсөн. Дээрх зээлийн гэрээний хугацааг 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 11 сараар 2 удаа сунгасан бөгөөд ингэснээр тус зээлийн гэрээ нь 2015 оны 02 дугаар сард дуусгавар болсон. Гэтэл нэхэмжлэгч нь хугацаа дууссан өдрөөс хойш огт шаардлага тавилгүй байсаар ирсэн бөгөөд бүтэн 1 жил 8 сарын дараа гэнэт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байгааг ойлгохгүй байна. Үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үздэг. Тус тохиолдолд тухайн үедээ шаардах эрхийнхээ хүрээнд үүрэг гүйцэтгэхийг шаардах үүрэгтэй байсан ч ингэж хожуу шаардаж байгаа нь Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар мөнгөн төлбөрийн үүргээс хүү авах эрхээ үүрэг гүйцэтгүүлэгч нь алдаж байна. Иймээс миний зүгээс зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон үе хүртэлх зээлийн хүүг төлөхийг зөвшөөрч байна. Мөн Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлөхөөр заасан. Иймээс зээлийн үндсэн өр болон хүүг 2012 оны Монгол банкны албан ханшаар буюу 1 400 төгрөгөөр тооцож бодох нь үндэслэлтэй байна. Иймд хариуцагчийн зүгээс зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 146 685 ам.долларыг Монгол банкны 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн албан ханш 2 269.97 төгрөгөөр тооцон 332 969 717 төгрөг гаргуулахыг хүссэн “Чойжин борс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Алтангадас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч М.Б  нь анх зээлсэн 57 000 ам.долларыг хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгч нь уг зээлийн хүүд 72 091 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 17 594 ам.доллар шаардаж байснаа 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд зээлийн хүү 8 778 ам.доллар нэхэмжилж, нийт 155 462 ам.долларыг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гол маргаж байгаа зүйл бол 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээний 1 дэх хэсэгт заасан гэрээний хугацааг 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр болгон өөрчлөх, тус гэрээний 3 дугаар зүйлийн гэрээ болон барьцааны зүйл хүчин төгөлдөр үйлчилнэ гэсэн байдаг. Үүнээс үзвэл зээлийн гэрээний хүү 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөс эхэлж бодогдох ёстой байсан бөгөөд хэрэв зээлийн хүү ингэж бодогдсон бол анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс буцсан зээлийн тооцоолол бүгд өөрчлөгдөнө. Анх нэхэмжилж байсан 146 685 ам.долларыг нэхэмжлэл гаргасан үеийн ханш буюу 2 269.97 төгрөгөөр тооцож үзвэл 332 907 549 төгрөг болж байгаа. Талууд зээлийн гэрээ 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдөр байгуулахад тухайн үеийн ам.долларын ханш 1 348.54 төгрөгтэй тэнцэж байсан. 155 462 ам.долларыг дээрх ханшаар тооцоход 209 694 712 төгрөг болно. Үүнээс нэмэгдүүлсэн хүү шаардсаныг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үндсэн зээл 57 000 ам.доллар, тухайн үед бодогдсон хүү 1 955 ам.доллар, хүүний үлдэгдэл 12 573 доллар, зээлийн гэрээгээр тохирсон 1 хувийн хүү нь энэ үед 125 ам.доллар бодогдох ёстой. Гэтэл ингэж бодоогүй, шууд үндсэн зээлээсээ бодсон. Иймд нэмэгдүүлсэн хүү болох 17 593 ам.долларыг бүхэлд нь хүлээн зөвшөөөрөх боломжгүй. Нийт нэхэмжилсэн 155 462 ам.доллараас хуулийн шаардлагыг зөрчиж бодсон 17 593 ам.долларын нэмэгдүүлсэн хүүг хасаад 137 869 долларыг төлөхийг зөвшөөрч байна. Үүнийг үүрэг үүсэх үеийн ханш 1 348.84 төгрөгөөр тооцож 185 963 222 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч М.Б  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Талуудын хооронд 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан байдаг. Үүний дараа гэрээнд өөрчлөлт оруулан 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зээл ба барьцааны нэмэлт гэрээ гэж байгуулан барьцааны зүйлийг нэмсэн. Ингэхдээ Б.Хөлөгний нэр дээр бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шаргаморьт зусланд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаанд эзэмшүүлэх эрхийн 0324287, 03244288 тоот гэрчилгээтэй 0.7 га 2 газар, М.Б ы нэр дээр бүртгэлтэй, бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шаргаморьт зусланд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаанд эзэмшүүлэх эрхийн 0324289, 0324292 тоот гэрчилгээтэй 0.7 га 2 газрыг тус тус барьцаалан гэрээ байгуулсан байна. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох хүсэлтэй байна. Учир нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.6-д энэ хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно, 38.5-д газар ээзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ гэж тус тус заасан байдаг. Гэтэл дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийгдээгүйгээс үзэхэд улсын бүртгэлд бүртгүүлэх, дүүргийн газрын албанд бүртгүүлэх зэрэг хуульд заасан шаардлагуудыг хангаагүй болох нь илэрхий байна. Мөн Б.Хөлөгнөөс зөвшөөрөл авсан эсэх нь нотлогдохгүй байх тул түүний эрх, ашиг сонирхол зөрчигдөж байна гэж үзэж байна. Нэмэлт барьцааны гэрээг М.Б  болон Ч ББСБ ХХК нар байгуулсан байдаг. Иймд №ЗГ120703-2 тоот зээл ба барьцааны нэмэлт гэрээний 2.1 дэх хэсгийг Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Ч ББСБ ХХК-ийн захирал Д.Махбал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээгээр 30 000 ам.долларыг 3 сарын хугацаатай, 3.5 хувийн хүүтэй авч, 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээгээр хугацааг 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 6 сараар сунгасан. Үүний дараа 2013 оны 01 дүгээр сарын 09-нд зээл ба барьцааны нэмэлт гэрээ байгуулан, уг гэрээгээр зээлийн дүнг 47 800 ам.доллар болгон нэмэгдүүлж, 17 800 ам.долларыг нэмж олгон, үүнтэй холбоотойгоор зээлийн барьцааны хөрөнгө нэмэгдүүлэх шаардлагын улмаас санал болгосон түүний өөрийн болон хүүгийнх нь нэр дээрх гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий 4 ширхэг эзэмших эрхтэй газрыг барьцаанд бариулахаар харилцан тохиролцож барьцаалуулсан байдаг. Тухайн барьцааны хөрөнгөнүүд нь зарим нь өөр этгээдийн нэр дээр байдаг тул эзэмшигчээс зөвшөөрөл аваагүй, энэ талаарх баримт байхгүй бөгөөд зээлдэгч зээлдүүлэгчийн харилцан итгэлцлийн үндсэн дээр тухайн эзэмшил газруудыг барьцаалж, барьцааны гэрээг бүртгүүлээгүй тул энэ талаар маргаагүй, мөн энэ нь харилцан итгэлцэл, өөрөөр хэлбэл зээлдэгч М.Б  зээлээ төлнө гэсэн итгэл байсан тул ийнхүү бүртгүүлээгүй, зохих этгээдийн зөвшөөрлийг шаардаагүй болно. Иймд 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн зээл ба барьцааны нэмэлт гэрээний 2.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч байна. Уг асуудлаар нэхэмжлэгч тал маргахгүй болно” гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Б аас 154 041.6 ам.доллар буюу 382 502 237 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 420.4 ам.доллар буюу 3 527 009 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар хариуцагчийн талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн зээл ба барьцааны гэрээний 2.1 дэх хэсэгт заасан барьцааны нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн нэхэмжлэгч Ч ББСБ ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох М.Б ы өмчлөлд бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр гудамжны 40 тоотын 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 089 825 төгрөг, хариуцагч М.Б ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б аас улсын тэмдэгтийн хураамжид 2 070 461 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч ББСБ ХХК-д, нэхэмжлэгч Ч ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 283 000 төгрөг гаргуулж хариуцагч М.Б  олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Алтангадас давж заалдах гомдолдоо: “...Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасан мөнгөний ханш гэдэг ойлголт нь хэд хэдэн улсын мөнгөний хоорондын солилцох харьцааг хэлэх бөгөөд өөрөөр хэлбэл хэдэн төгрөг 1 ам.доллартай тэнцэх вэ гэсэн харьцаа ба уг мөнгөний ханш өссөн, буурсан бол төлөх өдрийнх бус, харин гэрээ байгуулагдсан өдрийн ханшаар тооцохоор заасан байдаг. Харин шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан төгрөгийн өөрийн ханшийг тодорхойлсон гэдэг нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.2 дахь хэсэгт зааснаар мөнгөн тэмдэгтийн төрөл өөрчлөгдөх тухай ойлголт болно.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасантай нийцэх...” гэж зааж гэрээний үүргийн гүйцэтгэлийг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцсон нь хуулийг мөн буруу тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл хуулийн 63.2 нь гадаад вальютын тухай үүрэг гүйцэтгүүлэхдээ Монголбанкнаас лавлагаа авч баталгаажуулж нэхэмжлэлийн үнийг тодорхойлох процессийн шаардлагыг заасан болно. Ингэхдээ мэдээж Иргэний хуулийн 218.1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулагдах үеийн ханш буюу 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Монголбанкны албан ханш 1 348.54 төгрөгөөр тооцон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар уг өдрийн ханшийг Монголбанкнаас баталгаажуулж нэхэмжлэх нь хуульд нийцнэ.

Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 154 041.6 ам.долларыг Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар үүрэг үүсэх өдөр буюу 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ханш 1 348.54 төгрөгөөр тооцож 207 731 259 төгрөг болгон өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Ч ББСБ ХХК нь хариуцагч М.Б  холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 155 462 ам.доллар буюу 386 029 246 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн зээл ба барьцааны нэмэлт гэрээний 2.1 дэх хэсэгт заасан барьцааны зүйлтэй холбоотой заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

            Зохигчид 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, зээлдүүлэгч нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр гудамж, 40 тоотод байрлалтай 3 өрөө орон сууцыг барьцаалж, 30 000 ам.долларыг 3 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлдэгч нь төлбөрийг гэрээний хугацаанд төлөх үүргийг хүлээсэн байх ба зохигчид зээл ба барьцааны нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр зээлдүүлэгч нь 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 17 800 ам.доллар, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 9 200 ам.долларыг тус тус зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн, зээлийн гэрээг 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар сунгасан, хариуцагч нь зээлийн хүүд 20 640 ам.долларыг буцаан төлсөн зэрэг үйл баримт нь хэрэгт авагдсан нэхэмжлэл, гэрээнүүд, кассын зарлагын ордер, зохигчдын тайлбараар тус тус тогтоогдсон байна. /хх 1, 4-14, 29, 30, 61, 62, 100, 101, 152-154/

 

            Шүүх хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтыг үнэлж нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 57 000 ам.доллар, зээлийн хүү 80 868.6 ам.доллар, нийт 137 868.6 ам.долларыг гаргуулж, барьцаа хөрөнгө болох 3 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг гаргуулах тухай шаардлагыг тус тус хангаж, зээлийн болон барьцааны нэмэлт гэрээний 2.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

            Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт “Стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана” гэж заажээ.

 

            2012 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний 1.2.1-д зээлийн үндсэн хүү 4.0 хувь, .1.2.2-т хөнгөлөлттэй хүү -3.5 хувь гэж хүүгийн хэмжээг 2 өөрөөр ойлгомжгүй байгуулсан байх тул хүүг хэрэглэгч буюу хариуцагчид ашигтай байдлаар тайлбарлавал сарын 3.5 хувийн хүүтэй гэж үзнэ. 1.2.6-д нэмэгдүүлсэн сарын 0.8 хувь гэж заасан нь нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ үндсэн хүүгийн 20 хувиас ихгүй байхаар тогтоосон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 зүйлийн 24.3 дахь хэсгийг зөрчсөн байх тул уг хуульд нийцээгүй нэмэгдүүлсэн хүү тогтоосон гэрээний заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ. Иймд уг заалтад үндэслэн хүү шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй.  

 

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас зээл, зээлийн хүүд 137 868.6 ам.долларыг мөнгөн төлбөрийн үүргийг шаардсан үе болох нэхэмжлэл гаргасан 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Монголбанкны 1 ам.доллартай тэнцэх ханш /2 269.97 төгрөг/-аар тооцон 312 957 585 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба “...ам.долларын ханшийг зээлийн гэрээ байгуулсан үеийн ханшаар тооцоолох” талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Хариуцагчийн хувьд зээлийг буцаан төлөх үүргийг зөрчсөн байх бөгөөд уг үүргийг гүйцэтгэх үеийг нэхэмжлэгч талаас энэхүү үүргийг нь гүйцэтгүүлэхээр  шүүхэд хандсан үеэр тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй.

 

            Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/01641 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...154 041.6 ам.доллар буюу 382 502 237 төгрөг...” гэснийг “...137 868.6 ам.доллар буюу 312 957 585 төгрөг...”, “...1 420.4 ам.доллар буюу 3 527 009 төгрөг...” гэснийг “...17 593.4 ам.доллар буюу 39 936 490 төгрөг...” гэж өөрчлөн,

тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...2 070 461 төгрөг...” гэснийг “...1 722 738 төгрөг...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.        

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч М.Б ы давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 070 461 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосныг дурдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН